Б.Билигүүдэй: Хөгжмөөр хүмүүсийг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

“Интро” олон улсын хөгжмийн наадам энэ сарын 4-нд “Монгол шилтгээн” цогцолборт болсон. Долоон улсын шилдэг дижей нарын оролцсон тус наадмыг зохион байгуулж, өөрийн уран бүтээлээ хүргэсэн Б.Билигүүдэйтэй ярилцлаа.

-Эзэмшсэн мэргэжил тань юу вэ. Мэргэжлээрээ ажилладаг уу?

-Би МУИС-ийн Гадаад хэд, соёлын сургуулийн Их Британи судлалын ангийг төгссөн. Мөн Хятадад дөрөв, Германд хагас жил суралцсан.

-Одоо голчлон хаана, ямар урсгалаар түлхүү тоглодог вэ?

-Ихэвчлэн Хятадын Бээжин, Шанхайд тоглодог. Монголд “Зу” клуб, “Cielo” лоунж, “Shangri-La”, “Наадам” төвд тоглож байна. Пропер техно, лефтфилд техно, индустриал техно, дийп, мелодик хаус зэрэг урсгалаар тоглодог.

-Хэзээнээс, хэрхэн дижей болохоор сонирхож эхэлсэн бэ?

-13 настайдаа Германд сурч байхдаа хөгжмийн энэ төрлийг анх сонирхсон юм. Харин 16-тайгаасаа дижей, продюсер болно гэж бодсон. Харамсалтай нь, манай гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Аав, авга эгч, өвөө гээд гэр бүлийнхний минь олонх нь эрдэм номын мөр хөөсөн, түүхийн ухааны профессор хүмүүс байдаг.

-Аливаа арга хэмжээнд зориулан сет бэлдэхдээ юунаас эхэлдэг вэ?

-Ямар арга хэмжээ, хэд орчим насны, хэр олон хүн оролцохоос шалтгаалан хөгжмөө бэлддэг дээ.

-Хүмүүст таны хөгжим таалагдахгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй үед яадаг вэ. Тийм тохиолдол гарч байв уу? -Яагаад ч юм монголчууд дижей нараас хип хоп хөгжим их нэхдэг. Тэр нь надад таалагддаггүй. Харин Бээжин, Шанхайд сонсогчид арай өөр, хүнд хөгжим сонсохыг хүсдэг.

-Хүмүүсийн хүсэж байгаа хөгжмийг тавих, эсвэл тэдэнд илүү шинэ содон хөгжим санал болгох хоёрын алийг нь голчилдог вэ?

-Монголд тоглохдоо их хөнгөн, аялгуу сайтай хөгжим сонгон тоглохыг хичээдэг. Хүмүүс сонсоод л “Ямар сонин юм бэ. Гэхдээ таалагдаж байна” гэж хэлмээр. Би Берлинд гурван удаа тоглож байлаа. Тэндхийн сонсогчдод миний хэв маяг их таалагдсан шүү.

-Дижей хүнд уран бүтээлчийн мэдрэмж чухал уу, эсвэл техник, технологийн мэдлэг чухал уу?

-“Би дижей болъё” гээд л болчихдог зүйл биш л дээ. Би 15 жил сонирхож, хичээж, оролдож байж л хүмүүст хөгжмөө хүргэж байна. Туршлагажих тусам хөгжмийн аль ч урсгалаар тоглох чадвартай болно. Амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин, гитарчин гээд л гишүүн тус бүр хөгжимддөг бол дижей хүн бүгдийг нь өөрөө хийнэ.

Электроник хөгжим зохиоход төрөл бүрийн хөгжмийн зэмсгийн мэдлэгтэй байх шаардлагатай. Хөгжмийн найруулга, тохируулгаа ч өөрөө хийдэг болохоор орчин үеийн техник, технологийг ашигладаг байх нь мэдээж.

-Монголд дижей нарын үнэлэмж доогуур. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Монголд мэргэжлийн түвшний, сайн дижей цөөхөн. Сүүлийн жилүүдэд харин сайжирч байна. Гадаадын дижей нараас суралцаж байгаа нь сайн хэрэг. Гаднынхан ч монгол дижей нарыг үнэлж байна. Хөгжмөөр хүмүүсийг татаж, эх орондоо авчран, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

Миний зорилго тэр. Жишээ нь, Бельгид болдог “Tomorrow land” хөгжмийн наадмыг бүр улсаас нь дэмждэг. 7-10 хоног үргэлжилдэг эл наадмаас 30-40 сая ам.доллар олдог гэсэн тоо ч байдаг юм билээ.

-Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт “Интро” олон улсын хөгжмийн наадам зохион байгууллаа. Гадаадын дижей нараас Монголынх юугаараа онцлог байв?

-Эл наадам маш амжилттай болсон. Манай дижей нар чадварлаг байлаа. Гадаадынхан ам сайтай буцсан. “Интро” хөгжмийн наадамд оролцсоны ачаар надад Япон болон Вьетнамд очиж тоглох санал ирсэн.

-Гадаадын олон дижейтэй хамтран тоглож байв уу?

-Намайг Герман, Хятадад сурч байхад хүмүүс “Нөгөө жижиг гэртээ амьдардаг уу. Танайд дижей байдаг юм уу” гээд л шоолдог байлаа. Тэгэхэд л шар хөдөлж, дэлхийн хэмжээний шилдэг дижей болохыг мөрөөдсөн, зорьсон. Apex Twin, Laurent Gar­nier, Jeff Mills нарт дуртай.

Гадаадад сурч байсан болохоор алдартай дижей нарын тоглолт үзэх боломж их олддог байв. 1000 орчим дижейн тоглолтыг үзсэн шүү. Тэдний 200 гаруйтай нь хамт тоглож үзлээ. Би хөгжмөөр дамжуулан улсынхаа нэрийг гадаадад таниулах, мөн жуулчдыг эх орондоо авчрах зорилготой ажилладаг.

-Хамтарч ажиллаж дадсан уран бүтээлч бий юү?

-Ken Ishii, Electric Rescue, Weng Weng, Mickey Zhang, Martin Eyerer, Stefan Gold­mann, Jeremy Cheung, Hu Yang, Jackson Lee, M.in.T, Nigls, The Yellow Head, Naka­dia, Bloody Mary, Sodeyama, Shin Nishimu­ra, Thomas Futoso, Ouassim, Soolee гэх мэтчлэн гадаадын дижей нартай хамт уран бүтээл хийж үзсэн.

-Та олон улсын ямар наадам, тоглолтод оролцож байв?

-“Lantern”, “Aurora”, “The Mansion”, “Celia” гэхчлэн Бээжин, Шанхайгийн хамгийн том клуб, уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, өмнөх жилүүдийн “Интро” хөгжмийн наадамд оролцсон. Эл наадмыг ихэвчлэн метрополис хотуудад зохион байгуулдгийг хүмүүс мэдэх байх.

-Таны зорилго юу вэ?

-Зорьсон зүйл олон бий. Жишээ нь, таван жилийн дараа гэхэд “Интро” хөгжмийн наадмыг жил бүр 1000 жуулчин зорьж ирдэг болгохыг хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай