Л.Оюун-Эрдэнэ: Ээлжит бус чуулган зарлатал тэмцэнэ, М.Энхболдыг ҮХЦ-д өгнө

Л.Оюун-Эрдэнэ: Ээлжит бус чуулган зарлатал тэмцэнэ, М.Энхболдыг ҮХЦ-д өгнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийж, ээлжит бус чуулган зарлатал тэмцэхээ мэдэгдлээ. Тэрбээр “Ардчилсан тогтолцоонд бүү хэл, авторитар дэглэмд ч байдаг ёс зүй, улс төрийн наад захын хариуцлага хүлээх асуудлыг би хөндсөн. Гэвч үнэнээ хэлэхгүй мэлзэж буй нь бус, үнэнийг хайсан нь буруутан болох тал руугаа явж байна.

Манай нийгэмд ёс зүйтэй, хуульт ёсыг дээдэлдэг хариуцлагатай төр биш, бурууг хаацайлдаг мэлзээ төр бий болсныг өнгөрсөн хугацааны үйл явдлууд харууллаа. Хувь хүн мэлзэж болно. Энэ бол түүний ёс зүй, ухамсрын асуудал. Харин Монголын төр түүнийг дагаж мэлзэж болохгүй. Ингэвэл тогтолцооны асуудал болно. Би өнгөрсөн хугацаанд төрийн болон намын эрх бүхий 17 байгууллагад бичгээр, биеэр хандаж “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар тайлбар авлаа.

Эрх мэдэлтэнд төр, засаг хэрхэн ялгавартай үйлчилдгийг ч харж, мэдэрлээ. М.Энхболдын оролцсон “60 тэрбум”-ын бичлэгийг эвлүүлэг болгох гэж АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтнүүд “Гиннесийн ном”-д бүртгэгдэхээр хуулийн үндэслэл зохиож ажиллажээ. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулах шаардлага өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хороо тодорхойгүй шалтгаанаар мэлзсээр өнөөг хүрлээ.

“60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын 26 гишүүн шаардсан ч “Ирц бүрдэхгүй” гэж байна. Чуулганаа зарлачихаад ирцээ бүрдүүлдэг болохоос, ирцээ бүрдүүлчихээд чуулганаа зарладаг жишиг дэлхийн хаана ч байхгүй. Энэ асуудлыг намын бага хурлаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан ч хэлэлцсэнгүй.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д өгөхөөс өөр аргагүй боллоо. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Цэц Үндсэн хуулийн асуудал гэж харах уу, аль эсвэл томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая” гэв.

Мөн тэрбээр “Хамгийн сүүлийн судалгаанд оролцсон иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тиймээс ард түмнээс сонгогдсон элчийн хувьд энэ байдалтай эвлэрч, цааш явах боломжгүй гэж үзэж байгаа. Би сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаг хүн биш. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа юм байхгүй. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго ч өвөрлөөгүй. Зүгээр л

 ийм тодорхой гэрчтэй, бичлэг нь байгаа хэргийг эвлүүлэг гээд хаачихвал цаашид гэрчгүй, бичлэггүй хэрнээ нийтийн эрх ашгийг хөндсөн, улсыг хохироосон хэргүүдийг хэрхэн шийдэж, шударга ёсыг тогтоох вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Шударга ёсны хүсэмжлэл 97 хувьд хүрсэн гэдэг бол ноцтой тоо. Төр, засаг, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл үгүй болсон гэсэн үг. Энэ үзүүлэлт 70 хувиас дээш гарвал хувьсгал болох, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх маш эгзэгтэй нөхцөл бий болсон гэж үздэг” гэлээ.

Ингээд УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа дуулгав. Тодруулбал, нэгдүгээрт, МАН-ын гишүүд, дэмжигчид, Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх, хоёрдугаарт, өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад хандаж, энэ хэргээ олон нийтийн оролцоотойгоор дахин шалгуулж, мухарлан, эргэлзээг тайлах, гуравдугаарт, ээлжит бус чуулганыг шалтаг тоочин хойшлуулж, гишүүдийн бүрэн эрхэд халдахаа зогсоох, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлахыг шаардаж буй аж.

Дээрх шаардлагыг энэ сарын 20-ноос өмнө биелүүлэхийг шаардаж буй бөгөөд дурдсан хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг авч, шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэлээ.

Тэмцлийн дараалсан хэлбэр гэдэг нь орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх, энэ нь үр дүнд хүрэхгүй бол иргэний нийгмийн байгууллага, гарын үсэг зурсан бусад гишүүнтэй нийлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах зэргээр үргэлжилнэ хэмээн тооцжээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ээлжит бус чуулган зарлахыг шаардсан бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Хэдэн гишүүн гарын үсэг зурсан, хэн, хэн гэдгийг нь тодорхой хэлэх боломж байна уу?

-Сая би УИХ-ын Тамгын газраас тодруулга авлаа. 8494 дугаартай бичиг УИХ-ын даргад очсон, тэнд 22 гишүүн гарын үсэг зурсан байна гэдэг тайлбарыг өгсөн. Надад байгаа эх хувь 8484 дугаартай, 26 гишүүн гарын үсэг зурсан. Утасдаад асуухад хэн нь ч гарын үсэг зурснаа хэлнэ.

Тиймээс ингэж тайлбарлаж байгаа нь дэндүү хариуцлагагүй алхам. Одоо УИХ-ын даргатай уулзаж, асуудлыг тодруулаад, дахин 22 гишүүн гарын үсэг зурсан гэх ташаа мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг шаардах болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

Илгээх

Энэ тухай