Амьдрал сайн уу: Дэм дэмэндээ дэнжигнэсэн хоёр

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс найман хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад оронтой харьцуулбал тун өндөр тоо юм.

Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр бидний байдал илүү тодорхой болох биз ээ. 60 гаруй сая малтай, асар их байгалийн баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлах “Амьдрал сайн уу” цуврал маань Өвөрхангай аймгаас хүрч байна.

“Ядуурлын дүр төрх” судалгаанд дурдсанаар тус аймгийн иргэдийн 41.1 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Тэгэхдээ хөдөө буйдад аж төрж байгаа малчдын амьдралд ядуурал хэрхэн тусаж буйг гаргахыг зорилоо. “Амьдрал сайн уу” гэхэд тэд юу гэж хариулах бол.


Хаа газрын зах, худалдааны төв тухайн нутгийнхаа өнгө төрх, иргэдийн аж амьдралыг харуулах толь нь байдаг. Тиймээс Арвайхээрийн захыг сурагласаар очлоо. Наадам, амралтын цаг болохоор ч тэр үү, угаас юм уу, хөл хөдөлгөөн багатай аж.

Оготнын нүх шиг тал тийшээ салаалсан нарийхан гудамж гаргаж төмөр чингэлэг эгнүүлсэн нь бүгд шахам хаалгаа дэлгэсэн ч Эрээнээс авчирсан нь тодорхой нэгэн хэвийн эрээн мяраан зуны даашинз, хямд цаасан шаахайнуудыг нь үзэж сонирхож, худалдаж авч байгаа хүн харагдсангүй. Хийх ажилгүй худалдагч нар нь хэд хэдээрээ нийлэн тас тас инээлдэж, зарим нь хөзөр тоглон цаг нөхцөөнө.

Амьдрал ямар байгаа талаар ярилцчих хүн хайн цааш хэд алхтал худалдаачдын замаас зайдуу онцын хийсэн зүйлгүй сууж буй эрэгтэй, эмэгтэй хоёр нүдэнд тусав. Наранд түлэгдэн борлож, эгэмний яс нь хэрзийсэн цээжийг нь гүйцэд халхлахгүй майк углаж, дээрээс нь хуучирч муудсан хэлхгэр хүрэм хөдөрсөн, түрий нь нугалаасаараа сэмэрч урагдсан бакаал жийсэн 60 орчим настай болов уу гэмээр эрэгтэй тамхи соронгоо ийш тийш хараачилна.

Түүнийг түшин суусан жижиг жижиг цагаан одтой шар торгон дээл өмсөж, толгойдоо алчуур зангидсан эмэгтэй юуг ч юм бэ шивнэн хэлэхэд өвгөн толгой дохиод тамхиа сорсоор суув. Онцын хийсэн ажилгүй, хэдэн үг солиход түвэгшээхгүй шинжтэй тэр хоёр руу очиж, мэнд мэдэн танилцлаа. Хэн нэгний товлож, заасан, хэлж ярихыг нь бэлдэж зэхсэн нэгэнтэй биш, санаандгүй таарсан хүнээс амьдрал ямар байгааг асуувал илүү бодитой дүр зураг гарах билээ.

Шинэ танил Н.Цогбадрах, Д.Алтанцэцэг нар гэр бүлийн хоёр бөгөөд өвгөн нь эмнэлэгт үзүүлчихээд ойр зуурын ажил олдож юуны магад хэмээн горьдож суугаа юмсанж. Нас ахиж, чадал тэнхээ харьсан тэд хэчнээн хүсэж, хайгаад ч байнгын ажил олж чаддаггүй гэнэ.

Н.Цогбадрах цус харвасан тул ачаа бараа зөөх гэх мэтийн биеийн хүчний ажил хийж чадахгүй. Хэр таарсан ажлыг бага цалингаар ч болов хийе гэхэд нас өндөр, бие муу зэргээс нь болоод татгалзсан хариу өгдөг талаар ярихдаа Н.Цогбадрах “Ажлыг нь хийж байгаад үхчихвэл гай болно гэж боддог байх. Арга ч үгүй биз” хэмээн хэн нэгэнд гомдож, ялархсан шинжгүй өгүүлсэн. Тэтгэврийн зээлээ хэдэн жилээр авчихсан, өөр ямар ч орлогогүй тул өдрийн хоолны төлөө л ажилладаг, хоолны мөнгөний төлөө ямар ч ажил хийхэд бэлэн гэнэ билээ.

Тэд өвөл, хавартаа айлын мал маллаж, төл авахад нь туслаад бор ходоодоо божийлгочихдог. Зун айлын хүүхдүүд амралтаараа ирэхээр хийх ажилгүй болж, ийн зах барааддаг аж. Албан ёсны ажил олгогчид, дэлгүүр, лангууны эзэд бус өөрсөдтэй нь адилхан ядарсан, зовлон ойлгох хүмүүс л ойр зуурын тусламжийг нь авч, 200, 300, 500 төгрөг өгсөөр идэх хоол, татах тамхиных нь мөнгийг залгуулдаг гэсэн.

Н.Цогбадрах сумандаа дунд сургууль төгсөж, цэргийн алба хаагаад аймгийн төвд суурьшжээ. Залуудаа сантехникийн слесарь, уурын зуухны галч гээд олдсон ажлаа хийсэн ч амьдралаа хөл дээр нь босгож чадалгүй, шуурганд туугдан, уруудсаар яваа олон хүний нэг нь тэр.

Иргэдийн амьдрал ямар байгааг сурвалжлах зорилготой явааг маань сонсоод Н.Цогбадрах “Бид хоёрт үүнээс илүү ярьж, үзүүлээд байх зүйл юу байх вэ. Харин нэг айлд дагуулж очъё. Аймгийн төвийн бид яах вэ. Жинхэнэ амьдрал хөдөөд л өрнөж байгаа” хэмээсээр биднийг дагуулав.

Аймгийн төвөөс арав гаруй км яваад дэрсний захад зусаж буй ганц гэрт хүрлээ. Гэрийн эзэн өндөр хар хүн нохой хорьж, биднийг гэртээ оруулаад “Мал барагдаад байхад нохой олшроод байх юм. Айлын нохой урваж ирээд, гурван идүүртэй боллоо” хэмээсээр араас орж ирэв. Түүнийг С.Цэдэндамба гэдэг аж.

Н.Цогбадрах, Д.Алтанцэцэг нар зун, зуншлагын талаар яриа эхлүүлж, мал ахуйг нь асуун, өөриймсөхөд гэрийн эзэн “Нар буцсанаас хойш бага багаар бороо орж, ган тайлагдлаа. Одоо хүн, малын зоо тэнийсэн сайхан зун болж байна. Хаврын шуурга ч хэдэн малыг маань бүгдийг нь хуулуулах нь уу гэмээр байлаа. Зургадугаар сарын дунд хүртэл хаашаа ч харсан зэвхий даагаад, газар дэлхийд өвс ногооны үндэс үлдээгүй, хуу хийсгэчихсэн мэт байсан. Дэлхий дэлэгнэдэг л юм байна. Цаг ногоо дэлгэрсэн болохоор үлдсэн хэдэн ишиг, хургаа ялгаж, хонь, ямаагаа сааж байгаа. Арваад ишиг, хориод хургатай үлдсэн. Бас ч гайгүй шүү” хэмээн хөхиүн өгүүлэв.

Н.Цогбадрах “Гурвуулаа өнгөрсөн хавар ёстой хөшиж үхэх шахсан шүү, тийм ээ. Дээлээ ч тайлах завгүй, нойр хоолгүй зүтгэж байхад мал үхэхээр урамгүй юм билээ. Бид хоёрыг явснаас хойш гайгүй юу” гэхэд “Өө их явсан. Өвөл төрсөн сэгс хурганууд бүгд үхсэн. Яагаад ч нэмэргүй, гэдэс нь цүдийж, арзайж байгаад унаад өгөх юм билээ. Осгож үхээд байна гээд гэртээ оруулж, гал түлж хонуулж хүртэл үзлээ. Нэмэргүй, үхээд хононо. Харангадаад байсан юм билээ. Хэцүү үед та хоёр минь их тус болсон шүү” хэмээгээд удахгүй намар, өвлийн бэлтгэл гээд тэдний тусламж хэрэгтэй болохыг ч сануулав. Нөгөө хоёр нь ч дуртай нь аргагүй толгой дохиж суулаа.

Хөдөөгүүр малчдын амьдрал ямархуу байгаа талаар сонирхоход С.Цэдэндамба “Сайнтай, муутай алаг цоог л байна. Олон малтай, том, жижиг машинтай, хүнийхээ тоогоор мотоциклтой айл ч байна. Цагийн хэцүүд малынх нь тоогоор зовлон нь хүндэрдэг байх. Дэлгэр сайхан цагт, малын ашиг шим хүртэх үед бол сайхан л байж таарна. Гэхдээ ийм элбэг хангалуун нь цөөхөн дөө.

Өнөө маргаашаа дөнгөн данган аргацаасан мань мэт шиг нь олонх. Би ганцаараа амьдардаг. Манайх 100-гаад ямаатай, 100 гаруй хонь, арваад үхэртэй. Өөртөө таарсан малтай, малдаа таарсан бэлчээртэй, тэтгэврийн хэдэн төгрөг авчихдаг болохоор болоод л байна. Тэтгэвэрт ороогүй, 50-иас доош насны, хүүхдүүд нь сургууль соёл гэж яваа, 300-гаас доош малтай, шинэ залуу гэр бүл болсон улс их хэцүү байдаг бололтой юм. Мал нь ч өсдөггүй, амьдрал ахуй ч дээшилдэггүй, малчны зээлээр л амьдралаа залгуулж байгаа харагддаг.

Хөдөөд мөнгө, зах зээлээс хол нь хэцүү болохоос яаж ч ядарсан өлбөрч үхнэ гэж байхгүй нь сайхан” гэв. С.Цэдэндамба Гучин-Ус сумын уугуул аж. Долоон жилийн сургууль төгсөөд Баянхонгорын барилгын ТМС-д суралцжээ. 1967 онд Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар орсон, ажиллах хугацаандаа оройгоор аравдугаар анги, эчнээгээр дээд сургууль төгсөж, дулааны инженер мэргэжил эзэмшсэн гэнэ.

1969 онд цэргийн албанд татагдаж, 1972 онд халагдаж ирээд Усны аж ахуйн мастераар орсон, тэндээ жил гаруй ажиллаад мастер, бригадын даргын албан тушаалд дэвшжээ. 1980 онд Өвөрхангай аймагт дулааны жижиг оврын станц ашиглалтад ороход инженерээр томилогдож, 1994 онд группэд орсон гэнэ.

Энэ тухай тэрбээр “Өөрийн чадвар байсан юм уу, хүнд гайгүй харагддаг байсан уу, Усны аж ахуйд орсон даруйдаа сайн хүн дагалдаж нэг жил ажиллаад, хойтон нь мастер, бригадын дарга болсон. 1978 онд барилдаж байгаад гараа хугалчихсан. Яс нь эвлэж бороолоогүй, салангид чигтээ эдгэчихсэн. Тэр маань нэг их өвдөж, хавдах юмгүй, хоёр тохойтой юм шиг явдаг байлаа. Гараа гэмтээсэн тул хөнгөн ажилд шилжүүлнэ гээд дулааны автомат зууханд цахилгаанчин болгосон.

Тэнд ажиллаж байхдаа шалгалт өгч тэнцээд, дулааны инженер мэргэжлээр оройгоор суралцсан. Ингээд 1994 онд хүртэл инженерээр ажилласан. Ажиллаж байхдаа Засгийн газрын жуухаар шагнуулж, байгууллагын болон системийн аварга 2-3 удаа болж явлаа. Одоо бодоход муугүй л ажилтан байж.

Би нам бус, тэрс үзэлтэн гэмээр хүн учраас намайг өөд нь гаргах дургүй байсан юм. ТМС, цэргийн албанд очиход МХЗЭ-д элс гэхэд нь элсээгүй. Ажил, амьдрал гайгүй явахад намд элс гэсэн. Тэгэхэд нь “Над шиг хүн намд тохирохгүй” гэж хэлсэн. Намын улаан батлах сугавчилсан хүн оройлох, манлайлах үүрэг хүлээдэг байсан байх. Тэр нь надад нэлээд хэнхэгдүү нөхөд шиг санагддаг байсан хэрэг.

Би аялдан дагалдах дургүй, зарим хүний хэт намчирхуу, хэнхэг занд дургүйгээ илэрхийлчихдэг байлаа. Нам гишүүдээ их өөд нь татна. Алдаа дутагдал гаргавал намын батлахыг нь хураагаад, хэр баргийн шийтгэлээс мултална. Таван жилийн ял авах хэрэг хийсэн хүний батлахыг нь хураагаад, тэнсэн харгалзах ял өгөөд өнгөрөхийг нүдээр харж байлаа. Тэр үед манай систем тийм л байсан.

Нам аврахдаа аварна, алахдаа ална. Намын гишүүн учраас тэгэх ёсгүй, ингэх ёсгүй гэсэн дүрэм журам их. Түүнийг нь зөрчвөл хариуцлага тооцно. Тэр нь надад таалагддаггүй байлаа. Тэгж байтал зах зээл гарч, үйлдвэр, аж ахуйн газрууд хаалгаа барьж, ажил, амьдрал бут үсэрсэн. Намайг группэд гар гэсэн. Нэг хэсэг аймгийн төвд хэцүүхэн амьдарч байгаад 2006 онд малчин болохоор шийдэж, энд буусан” хэмээн хуучилсан.

С.Цэдэндамба сайн ажилтны зэрэгцээ муугүй бөх байж. Аймгийн начин цолтой ид барилдаж байхдаа гараа гэмтээгээд зодог тайлжээ. Гар нь хоёр газраараа нугардаг ч хүнд юм өргөхөөс бусад ажлаа хүн царайчлахгүй хийчихдэг байж. Гэтэл өнгөрсөн жил мотоциклтой явж байгаад унаж, түрүүчийн хугархайны дээгүүр дахин хугалсан нь өнөө хүртэл эдгээгүй, гар нь олгойтой ус шиг гулжигнаад, ямар ч ажиллагаагүй болсон гэнэ.

Ганцаараа амьдардаг тэрбээр өрөөсөн гараараа бүх ажлаа амжуулах гэж хоёр дахин их хүч зарцуулдаг болжээ. Заримдаа хувцсаа тайлахаас түвэгшээн бүхлээрээ унтдаг гэсэн. Тэднийх дөрвөн хүү, нэг охинтой. Тус тусын амьдралыг хөөж, төв суурин бараадсан, Цагаан сар, зуны амралт гэх мэтээр жилдээ тоотойхон уулздаг хүүхдүүд нь аавынхаа ямархуу янзтай байгааг төдийлөн мэддэггүй бололтой.

“Аав аа, малчны зээл, тэтгэврийн зээл аваад өгөөч”, “Хоолны мах дууссан” хэмээн хааяа утас цохиход нь өөдөөс нь зовлон тоочихыг хүсдэггүйгээ ч аав нь хэлж байв. Тэрбээр “Бойжиж, богшоогүй болохоор нь өрөвдөөд, үгүй гэж хэлж чадахгүй юм. Би өөрөө бол комиссоос хоёр гурал, хоёр өмд аваад өмсчихөд жилээ даачихдаг. Хөдөөгийн бид дандаа өтөг бууц, шавар шавхай, үс ноос, сүү саальтай ноцолдох юм чинь гоё сайхан хувцасны ч хэрэг алга.

Өвөл, зуны хоёр тэрлэг байхад хэдэн жил болчихно. Зарлага, хэрэглээ багатай болохоор надад нэг их юм хэрэггүй. Хэдэн хүүхдийн төлөө л өөрийгөө зовоож явна. Ингэлээ гээд зовлон зүдгүүр тоочоод байх юм алга” гэсэн. Ийм гүндүүгүй, гүдэсхэн, өөрийгөө мартсан аавууд байдаг учраас үр хүүхдүүдэд нь хорвоогийн хатуу бүхэн зөөлөн тусдаг биз ээ.

С.Цэдэндамба “Төвийн хэвлэл ирсэн дээр хэлэх хэдэн үг байна. 20-30 толгой ч бай, 2000-3000 мянган малтай ч бай, яг тоо толгойн хэмжээгээр татвар ногдуулж баймаар байна, төр засаг. Малчин хүн байж, малчдаас татвар битгий ав гэхийн оронд яагаад ав гээд байна гээч. Байгалийн нөхцөл, бэлчээрийн даац гэж байна. Энэ жил манай аймагт л гэхэд хэчнээн удаа шүлхий гарав. Эмчилж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлж чадахгүй байна шүү дээ.

Малынх нь толгойгоор татвар аваад, мал эмнэлгийг хуучин системд нь оруулж, хариуцлагатай, эзэнтэй, эмчилдэг, шинжилдэг болгомоор байна. Нэг толгой малаас 100 төгрөг авлаа гэхэд 200 орчим толгой малтай манайд 20 мянган төгрөг ногдоно. Дундын үнэтэй ганц шил архины л мөнгө, би өгчихнө. Монголын мал 60-70 сая хүрч байгаа гэсэн. Бодыг нь богд шилжүүлэхээр энэ тоо улам өснө. Тэгээд бодохоор хэдэн төгрөг цуглах вэ.

Үүгээрээ хэдэн сайхан мал эмнэлэг, шинжилгээний лаборатори байгуулчихаж болмоор санагдах юм. Гадаадад мах гаргах гэхээр танай мал өвчтэй гээд авахгүй, дотооддоо идэж барахгүй, энэ олон мал баялаг болж чадахгүй байна шүү дээ. Үүнийг би ойлгоод байхад тэд (шийдвэр гаргагч, улстөрчдийг хэлэв) ойлгохгүй л байв гэж. Үүнийг яагаад хийхгүй, малчдаас татвар авахгүй байна вэ гэхээр сонгуулиа л бодож буй юм. Сонгуулиар хэдэн бор малчид, тэтгэврийн хэдэн хөгшин л саналаа яс өгдөг. Тийм учраас хүүхэд хуурч байгаа юм шиг маниусыгаа хөөрхөн аргалдаг юм” хэмээн тэрс үзлээ гаргаад авав.

Ийм нэгэн тэрс үзэлтэн илүүчлэх юмаар хомс, амьжиргааны доод түвшинд амьдардаг хэдий ч хүнд үед өөрт нь тус болдог Н.Цогбадрах, Д.Алтанцэцэг нарыг чадлынхаа хэрээр хооллож, ундлаад, дэм дэмэндээ амьдралыг туулж явна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай