“Зуун айлаас нүүсэн ч заасан газарт нь очихгүй”

Сүхбаатар дүүргийн IX, X, XI хороо, Зуун айл дахь барилгын материалын төвлөрсөн захыг нүүлгэх тухай шийдвэрийг хотын захиргаанаас анх 2011 онд гаргасан байдаг. Гэсэн ч өдий хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас эл ажлыг нэг тийш болгохоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг томилсон.

Зуун айл орчмын замын түгжрэлийг бууруулж, ачааллыг багасгах зорилгоор Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын зарим үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлснээр замын түгжрэл 20 хувь буурсан гэх тооцоо бий. Харин барилгын материалын зах амардаг пүрэв гарагт замын хөдөлгөөний ачаалал 70, амралтын өдрүүдэд 50 хувь буурдаг аж.

Тиймээс худалдаа эрхлэгчдийг Налайх, Эмээлт, Долоон буудал гэсэн гурван хэсэгт хуваарилж, Зуун айл орчмын авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам тавихаар төлөвлөөд буй.

Цемент, шавар, замаск, элс, хайрга, сантехникийн шугам, хаалга цонх гээд элдэв зүйлийг нийтийн эзэмшлийн талбайд тавьж, ойр хавьд амьдардаг иргэдийг эрүүл мэндээр нь хохироож, амьдрах орчныг бохирдуулж байгаа наймаа эрхлэгчдийг ирэх сарын 1-нээс өмнө нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд ажил ямар шатанд явааг сурвалжлахаар тус захыг зорив.

Урьдынхыг бодвол хөл хөдөлгөөн бага, зам ч сэлүүхэн байв. Нүүлгэх ажил гурван үе шаттай. Эхний ээлжинд гар дээрээс худалдаа эрхлэгч, стандартын шаардлагад нийцээгүй ТҮЦ, хоолны газрыг буулгах ёстой бөгөөд үүнийг энэ сарын 1 гэхэд дуусгаад, хоёр дахь шат руугаа орох ёстой байв. Гэтэл өдгөө хоёр дахь шат руугаа орох нь бүү хэл, гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийг ч бүрэн гүйцэт зогсоож чадаагүй байна.

Машиныхаа хойд хаалгыг онгойлгон гутал, пүүз худалдаж байсан хоёр залуутай таарав. “Энд гар дээрээс худалдаа хийхийг хориглосон шүү дээ. Албаны хүмүүс энэ талаар мэдээлээгүй юү” гэж асуухад нэг нь зугтаж, харин нөгөөх нь “Бид ямар барилгын материал худалдаж лангуу түрээслэгч нарт түвэг удаж байгаа биш. Амьдрахын эрхэнд л ингэж явна. Болно, болохгүй гэж ирж уулзсан хүн алга. Бид өнөөдөр л ирсэн” гэв.

Тэдний хажууд 4-5 шуудай хүнсний ногоо өрсөн, 50 орчим настай хоёр эмэгтэй “Биднийг хөөж туулаа гээд очих газар байх биш. Тэгсэн ч бид 4-5 жил зогсоод, тодорхой хэмжээний худалдан авагчтай болчихсон. Өөр газарт очвол дахин үйлчлүүлэгч татах гэсээр шинэ ногоо худалдах хугацаа дуусна” хэмээн уцаарлав. Харин барилгын материал зардаг жижиг дэлгүүрүүдийн үүдэнд, өөрөөр хэлбэл, явган хүний зам дээр байрлуулсан шил, цонх, хаалганы “үзүүлэн” байхгүй байв. Нүүлгэх сургаар лангуу түрээслэгч нар өөрсдөө журманд орсон бололтой.

Жижиг дэлгүүрүүдийг нүүлгэнэ гэсэн шийдвэрийн талаар түрээслэгч нар мэдэж байгаа, эсэхийг сонирхохоор цонх, хаалга, тавилгын дэлгүүр рүү орлоо. Бараа, материал гэх зүйл бараг үгүй, байгаа хэд нь ундуй сундуй харагдана. Энд нийт зургаан түрээслэгч суудаг гэнэ. Үүдэнд байсан 40 эргэм настай эмэгтэй “Нүүлгэх талаарх яриа 2-3 жилийн өмнөөс сонсогдсон. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард нийслэлийн удирдлага ирж уулзсан сурагтай байсан.

Биднийг ямар тоох биш, түрээслүүлэгч нартай л уулзсан байх. Яг хэзээ, хаашаа “хөөх”-ийг мэдээгүй л байна. Тиймээс нэмж бараа, материал авахаас эмээж, үлдсэн хэдийгээ борлуулах санаатай. Уг нь өдийд орлого олдог оргил үе. Гэтэл нөхцөл байдал тодорхойгүйгээс дорвитой хөдөлж чадахгүй сууна. Бид бараагаа хятадуудаас зээлээр авдаг.

 


...Зарим нь бүр “Тэнэг хүн л тэдний баталсан шийдвэрийг дагах байх. Сэрүүн зүүднээсээ сэрээрэй” гэх мэтээр эсэргүүцсэн юм. Харин томилогдсон ажлын хэсгийнхний байр суурийг сонсохоор очтол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар амралттай байгаа гэсэн бичиг хадсан байлаа...


Урьдынх шигээ их бараа авсны дараа албадан нүүлгэвэл зарж дуусгана гэдэг том асуудал шүү дээ. Ер нь Налайх руу нүүлээ гэхэд хэн Улаанбаатараас очиж барилгын материал авах вэ. Бүтэшгүй зүйл” гэлээ. Худалдаа эрхлэгчдийн олонх нь ийм байр суурьтайгаа хэлсэн юм.

Зуун айл дахь барилгын материалын захад хаалга, цонх, тавилгын материал зардаг 300 орчим худалдаачин бий аж. Налайх руу нүүлгэх сургаар нэг хэсэг нь Дэнжийн мянга, 32-ын тойрогт дэлгүүр нээж, “амиа бодсон” гэнэ. “Тиймээс бүгдийг нь гаргахгүй л бол дүрэм, журмаа дагаж, нүүсэн хэд нь хохирно” хэмээв.

Өнгөрсөн зургадугаар сараас таван давхар “Амо” төвийг тус захад шинээр ашиглалтад оруулжээ. “Томоохон худалдааны төвүүдийг нүүлгэхгүй” гэсэн сургаар ихэнх түрээслэгч тус төвд төвхнөсөн байна. Тэнд паркетин шал, ханын цаас, гэрлийн бүрхүүл зэрэг бараа материал худалдаж эхэлжээ.

Хадаас, эрэг боолт зардаг нэгэн лангууны эзэн тус захад 15 жил худалдаа эрхэлж буй гэнэ. Тэрбээр “Нүүлгэх захирамжийн талаар мэдсэн зүйл алга. Хэрэв үнэн бол хэцүү байна. Налайх, Эмээлт рүү нүүлгэлээ гэхэд ганц кг хадаас авах гэж бүтэн өдрийн ажлаа алдаж явах хүн байхгүй. Улаанбаатараар дүүрэн барилгын материалын дэлгүүр байдаг. Биднийг явлаа гэхэд дагаж очоод худалдаа хийх хүн олдохгүй. Аль болох ойр газраас л авна шүү дээ.

Үйлчлүүлэгч нар Зуун айл дахь зах руу ирдэг ганц шалтгаан нь бүх материал нэг дор төвлөрсөнд байдаг юм. Хайж байгаа нь нэг дор байдаг тул бүгдийг аваад, машин хөлслөөд явахад зарлага бага. Ийм шийдвэр гаргаснаар бидний амьжиргааны эх үүсвэрийг бүрмөсөн зогсоож байгаагаас ялгаагүй” гэлээ.

Тус газрын оршин суугчид болон нийслэлийн удирдлагын тэмцэж буй гол асуудал нь чулуу, будаг, төмөр, цонх зэрэг химийн хорт бодис ялгаруулдаг жижиг үйлдвэрүүдийг нэн даруй нүүлгэх. Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газраас 32-ын тойрог хүрэх зам дагуу тийм үйлдвэрлэл эрхэлдэг 10-аад цех бий аж. Цонх үйлдвэрлэгч нэгэн компаниар орлоо.

Хашааны үүдэнд байсан эрэгтэйгээс ажиллаж буй, эсэхийг нь асуухад “Одоогоор үйл ажиллагаа явуулаагүй юм шиг байна. Би хоёр ч удаа ирлээ. Уг нь байнга эднийхээр үйлчлүүдэг юм. Нүүлгэнэ гэсэн сургаар үйл ажиллагаагаа зогсоосон бололтой. Эндхийн хаалга, цонх үйлдвэрлэдэг газруудыг Налайх руу нүүлгэчихвэл худалдан авагч бидэнд хэцүү болох байх. Уг нь удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа юм. Наашаа, цаашаа явах гээд шатахуун, цаг зав өчнөөн зарцуулах нөхцөл байдал үүсэх нь” гэлээ.

Нэгэнт хотын төв хэсэгт эл төрлийн үйл ажиллагаа явуулж буй зах, дэлгүүрийг бүгдийг нь нүүлгэхгүйгээс хойш нэг хэсэгт төвлөрч, хориод жил үйл ажиллагаа явуулсан худалдаачдыг “хөөлөө” гээд асуудал шийдэгдэхгүй бололтой. Учир нь нүүлгэхгүй гээд амлачихсан том худалдааны төвүүд нь нэмэгдэж, жижиг дэлгүүрт лангуу түрээслэгч нар нь “Нүүсэн ч Налайх, Эмээлт рүү явахгүй. Өөр газарт лангуу түрээсэлнэ, эсвэл эндээ өөр бараа, бүтээгдэхүүн борлуулна” гэж байлаа.

Зарим нь бүр “Тэнэг хүн л тэдний баталсан шийдвэрийг дагах байх. Сэрүүн зүүднээсээ сэрээрэй” гэх мэтээр эсэргүүцсэн юм. Харин томилогдсон ажлын хэсгийнхний байр суурийг сонсохоор очтол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар амралттай байгаа гэсэн бичиг хадсан байлаа. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө Зуун айл дахь барилгын материалын зах нүүх нь ёстой л “сэрүүн зүүд” болж хувирах нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай