Зурхайд: Нар хиртэхэд хүмүүс гутранги болдог

Нар, сарны хиртэлтийг шинжлэх ухааны үүднээс болон сүсэг бишрэлд тулгуурлан тайлбарлах нь бий. 

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал : Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. 

Нар хиртэлтийг 4 ангилдаг:

Бүтэн хиртэлт: Нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдана.
Хүрээт хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана.
Холимог хиртэлт бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Харьцангуй ховор тохиолдоно.
Хагас хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана.  Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.

Хэдий хүн төрөлхтөн нар, сар хиртэх нь байгалийн үзэгдэл гэдгийг хэдийнэ мэддэг болсон боловч зарим соёл иргэншилд одоо хүртэл нар нь муу хүчний нөлөөнөөс үүдэлтэй гэж итгэдэг. Тэгвэл зурхайчид болон нууцад нэвтрэхийг оролдогсод  нар сарны хиртэлтийг хүнд хэрхэн нөлөөлдөг талаарх таамаглалыг сонирхъё.

Сүсэг бишрэлийн үүднээс тайлбарлавал: 

Балар эртний үеэс нар, сарны хиртэлт хүмүүст аймшиг төрүүлж иржээ. Нар, сарыг бурханчлан тахиж шүтдэг ард түмэн, үндэстнүүд ялангуяа энэ хиртэх үзэгдлийг бурхны уур хилэн, сайн юм зөгнөдөггүй гэж итгэдэг байв. Орчин үеийн хүмүүст ч нар, сарны хиртэлт үнэндээ тэнгэрийн шоу болж, өвөг дээдсээс нь дутуугүй сэтгэгдэл төрүүлсээр байгаа билээ. Нар, сарны хиртэлт дэлхийн хүмүүсийн амьдралд нөлөөлдөг үү? Эрт дээр үед одон орны олон зурхайг хийхдээ тэнгэрийн аль хэсэгт нар, сарны хиртэлт хэдэн цагт тохиож, хэдий хэр хугацаа үргэлжилсэн дээр үндэслэдэг байв. Нар, сарны хиртэлтийг үргэлж зурхайн сөрөг хүчин зүйл гэж үзэн, хувь заяанд таагүй нөлөөлдөг гэж айлддаг байсан нь үнэний хувьтай. Нар, сар хиртэлтийн үед хүмүүст таагүй үйл явдал тохиолдож магадгүй, тэгэхээр энэ талаар урьдаас мэдсэн нь дээр гэж ихэнх нь итгэдэг. 
Одон орны зурхайд үздэгээр нар бол гарагуудын оюун ухаан, харин сар бол гарагуудын сэтгэл хөдлөл. Нарыг оюуны бурхан гэж тодорхойлж болох бол сарыг сэтгэл сүнсний дагина гэж хэлж болно. Нар хиртсэн өдөр оюун ухаан жаахан самуурч магадгүй. Хүмүүс энэ өдөр оюун ухаанаа удирдахад хэцүү болж, өөрийн асуудлуудын шийдвэрлэхдээ тайван бус, сэтгэл хөдлөлд автах нь элбэг. Нар хиртсэн өдөр бол үнэндээ наргүй өдөр, өөрөөр хэлбэл оюуны гэрэл гэгээгүй өдөр.
Ийм өдөр олон хүний сэтгэл санаа тавгүйрхэж, гутранги болдог. Тэр тусмаа тийм ч сайн амьдардаггүй хүмүүс сэтгэлээр унаж, гутран бүр амиа хорлох баргар бодолд автаж болзошгүй. Нар бол хайр сэтгэл, баяр хөөр, аз жаргал, уран бүтээлч гараг билээ. Харин нар хиртэж сар биднээс нарыг нуух үед хүмүүс юм бүхнээс сөрөг, муу талыг нь олж харж, өөрийн асуудлуудыг хэтрүүлж дөвийлгөн, өөрийгөө өрөвдөн, бүтэлгүй нэгэн гэж үзэх магадлалтай. Энэ өдөр олон хүнд уран бүтээлээ туурвих гэж зовж шаналан заримдаа таагүй үйл явдалд хүргэж болзошгүй. 
Эсвэл үүрд уран бүтээлээсээ татгалзах шийдвэр гаргаж мэднэ. Нар хиртсэн өдөр хайр сэтгэлээс болж эмгэнэлт явдал болох магадлалтай, хүчтэй сэтгэл хөдлөлөөс болж ухаалаг бус, гоомой алхам хийх энүүхэнд.
Оюун ухаанд сэтгэлээ захируул: Нар бол эр гараг гэж тооцогддог, иймээс нарны хиртэлтэд ихэнхдээ эрчүүд өртдөг. Ер нь энэ өдөр бол та бидний хүч чадлын шалгалт сорилт болдог тул өөрсдийн сул тал, зан авирын онцлог, сэтгэл зүйн асуудлуудаа олж харж чадна. Тэгээд аль чиглэлд ажиллах хэрэгтэйг ухаардаг. Дээд тэнгэр яг л нарны хиртэлтээр дамжуулан “Та нарны энергийг авч байхдаа хүчирхэг байсан. Одоо түүний дэмжлэггүйгээр та ямар болох вэ?” гэж асууж байгаа мэт. Хэрэв энэ өдөр таны сэтгэл санаа тавгүй, муухай ааштай, баргар бодолд автан идэвхгүй номой байвал, эсвэл та бүгдэд сэтгэл дундуур байвал эр зоригоо чангал, сэтгэлээ барь, оюунаа дасгалжуул. Уран бүтээлч чадвараа хөгжүүлж, ямар ч нөхцөлд эерэг талыг нь олж харж сур. Оюун ухаанд сэтгэл хөдлөлөө захируул. 
Нар хиртсэн өдөр зүрх судасны систем өвдөж болзошгүй, яагаад гэвэл түүнийг алтан нар ивээдэг. Зарим хүний зүрх судасны өвчин даамжирч үгдэрч магадгүй. Энэ нь танд эр зориг дутагдаж байгааг илэрхийлж байна. Тиймээс та зоригтой, шийдмэг зэрэг эр чанаруудыг өөртөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. 
Энэрэнгүй, нигүүлсэнгүй байж сур: Сарны хиртэлт нөлөөлөл, үйлчлэлээр нарны хиртэлттэй төстэй. Сар бол сэтгэл санааны гараг, хорвоо ертөнцийг сэтгэл хөдлөлөөр дамжуулан хүлээн авах, зөн совингийн сонголтын гараг гэж тооцогддог. Саргүй өдөр буюу сар бүтэн ба хагас хиртэх үед хоёрдмол үзэгдэл ажиглагдана. Нэг талаас та бид өөрсдийн дотоод ертөнцөд хандах хандлагаас, мөн хүрээлэн буй орчинд сэтгэл хөдлөлөөр хариу барихаас чөлөөлөгдөн, сэтгэл догдлол алга болдог. Нөгөө талаас авч үзвэл тэр бүр зөв шийдвэр гаргадаггүй оюун ухаан бүрэн эрх чөлөөтэй болдог. 
Саргүй өдөр сэтгэл хөдлөлгүй учраас бид сайхан сэтгэл гаргах нь багасч, эргэн тойрондоо тийм ч анхаарал халамжтай биш. Энэ өдөр логик, эрүүл ухаанаар сэтгэн, аливаа юмаас ашиг хонжоо харж алдаа хийх магадлалтай. Олон хүн энэ өдөр өөрийгөө, өөрийн хэрэгцээг, хүрээлэн буй орчинг мэдэрч чадахгүй, иймээс бүхнийг ухаанаар ойлгох гэж хичээнэ. Сар хиртэхдээ бидний сэтгэл санаа, сүнсийг шалгаж байдаг гэж хэлж болно. Хүн хичнээн сайхан сэтгэлтэй, чин сэтгэлээсээ байна тэр ийм өдрүүдэд алдаа гаргахгүй. Хэрэв та сар хиртэх үед өөрчлөгдөж өөр хүн болж байгаа бол сэрэмжил. Та харгис алхам хийхэд бэлэн, хэтэрхий нарийн тооцоотой болж байвал сэтгэл санаа тань ядуу гэсэн үг. Иймээс өөрчлөгд, сайхан сэтгэлээр бусдад ханд, хүмүүсийг ойлгож, хорвоог байгаагаар нь хүлээн авч сур. Сайхан сэтгэл хомсдолтой байгаагийн нэг шинж нь сар хиртэх үед ходоод гэдэс хямрах. Учир нь бие организмын энэ систем сарны ивээлд оршдог.
Сар бол эм гараг, эхийн гараг, энэрэл нигүүлсэл гэсэн ойлголт. Иймээс түүний нөлөөг голдуу эмэгтэйчүүд мэдэрдэг. Сар хиртэх үед эмэгтэйчүүд өөртөө их анхаарал тавих ёстой, өөрийн дотоод төлөв байдал, бодол санааг хяна. Сарны хүчтэй нөлөөнд аль ч хүйсийн нялх хүүхдүүд өртдөг. Сар хиртэх үед хэрэв эх нь тэднийг халамжилж, зохих анхаарал тавихгүй бол хүүхдүүд тайван бус байх болно.
Нар, сар хиртэх өдөр үнэндээ манай ертөнцийн энергийн гажуудал үүсдэг. Дээд тэнгэр биднийг ямархуу төгс болохыг шалгаж, бид юун дээр ажиллах ёстойг анхааруулдаг. Хэрэв нар, сарны хиртэлтийг та их хүнд хэцүү өнгөрөөдөг бол өөрийгөө илүү төгс төгөлдөр болгохын төлөө ажиллах ёстой гэсэн үг. Та хэтэрхий сэтгэл хөдлөлтэй, өөнтөгч, сэжигч эсвэл хэт тооцоотой, хүйтэн хөндий бөгөөд өөрийн зорилгод хүрэхийн тулд ямар ч золиос гаргахад бэлэн үү? Зан авирын ийм гажуудлаас болж хүмүүс нар, сар хиртсэн өдөр зовж шаналдаг. Хэрэв та өөрийн хөгжлөө өнөөгийн түвшинд зогсоолгүй нөөц, шинэ чанар, ур чадвараа нээх гэж урагш тэмүүлдэг бол нар, сар хиртсэн өдөр төдийгүй бусад үед ч аз жаргалтай, амжилттай явах болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай