АМЬДРАЛ САЙН УУ: Нэр нь тодроогүй баатрын хань цаас түүж гал залгаж явна

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс найман хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэг хүнд ногдох ҮНО, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад оронтой харьцуулбал тун өндөр тоо юм.

Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр бидний байдал илүү тодорхой болох биз ээ. 60 гаруй сая малтай, асар их байгалийн баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ.

Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлах “Амьдрал сайн уу” цуврал маань Баянхонгор аймгаас хүрч байна. “Ядуурлын дүр төрх” судалгаанд дурдсанаар Баянхонгор аймгийн иргэдийн 38.8 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсан юм.

Дайсны шидсэн гранатыг нүцгэн гараараа шүүрч, самуурай нар руу буцаасан, чөлөөлөх дайнд монгол цэргүүдийг түүчээлсэн толгойн сэргийлэх тасгийг командлан, гарамгай гавьяа байгуулсан ч үүнийгээ зохих ёсоор нь үнэлүүлж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзсэн, нэр нь тодроогүй баатар Д.Сэдбазарын талаар цуврал сурвалжилга манай өмнөх дугааруудад гарсан.

Харин энэ удаа эх орон, тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэж, эр зориг, авхаалж самбаагаараа үлгэр домог мэт түүх үлдээгээд одсон тэр хүний ар гэр, үр хүүхдээс “Амьдрал сайн уу” хэмээн асуулаа. Тэвхийсэн бага дарга Д.Сэдбазартай танилцаж, ахмад дайчин хэмээгдэх хүртэл нь хагас зуун жил жаргал зовлонгоо хуваалцсан насны хань Г.Долгор нь Баянхонгор аймгийн IV багт зутруухан амьдарч байна.

Түүнийг аймгийнхан нь “Цаас үүрдэг эмээ” гэдгээр нь андахгүй юм билээ. 85 нас зооглосон эмээ амьдралын эрхээр өвөл, зунгүй хаягдал цаас түүж, гал залгуулдаг болохоор тэр.

-Сайхан зусаж байна уу. Амьдрал ямархуу байна даа?

-Амьсгал тасраагүй болохоор амьдрах гээд зүтгэж л явна. Санаагаар болдог сон бол амьдралд хоргодоод байх зүйл надад алга даа. Харин Долгорсүрэнгээ бодохоор гол тасарч өгөхгүй шинжтэй байдаг юм. Миний ард ороод, удвал энэ хэцүүднэ. Охин маань багаасаа бие муутай, тархи, мэдрэл нь эрүүлгүй байсан юм.

Одоо ясны сийрэгжилт, ходоодны шарх, зүрх гээд тоочихгүй өвчингүй. Эмийн хүчээр л амьд явж байгаа юм. Ясны сийрэгжилт гэдэг чинь үе мөч нь өвдөөд, хазгар доголон болчихдог өвчин юм байна. Бүр хавтгай болох царайтай байхаар нь тарваганы яс буцалгаж уугаад арай дээрдүүлчихээд байгаа нь энэ.

Гайгүй болгочих санаатай ясны сийрэгжилтэд сайн гэсэн янз янзын эм зөндөөнийг авч өгсөн ч нэг л сайн нэмэр болохгүй байна. Хүндэрчихсэн болохоор хэрийн юм тус болохгүй бололтой. Үүнээс өөр сэтгэл хоргодох юм алга.

-Та хоёр хоёулхнаа амьдардаг юм уу?

-Надаас хүүхэд гараагүй. Манайх эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд өргөж авсан юм. Хүү цэргийн албанд татагдаж яваад нас барсан. Эмэгтэй нь энэ. Баян-Овооны хөх Самбуу гэдэг олон хүүхэдтэй айлаас өргөж авсан юм. Багадаа их сульдаа, ядруу байсан хүн насаараа тэр чигээрээ явдаг юм биш үү. Долгорсүрэнг харахад тийм л юм. Гурван настай байхад нь өргөж авахад муухан явдаг, тамиргүй, арвитай идэж, ууж чаддаггүй, хариугүй амьтан байлаа. Түүнээс хойш эмчилж, сайжруулах гэж бишгүй л оролдсон. Олигтой засал аваагүй.

Долгорсүрэн таван хүүхэд төрүүлсэн. Ухаан санаа нь бүрэн бүтэн биш болохоор эрчүүд жирэмсэн болгочихоод л яваад өгдөг. Тэгэхэд нь би “Та нар ингэдэг юм байж. Би хүн гуйхгүй өсгөчихөж чадах юм чинь” гэж бодож, зүтгэдэг байлаа. Ямар ч байсан бүгдийг нь хүний зэрэгт хүргэсэн. Хоёр том нь охин. Гурван бага нь хүү юм. Хоёр охин нь нөхөртэй болохоор нь амьдралаа бод, газар ав, бие дааж амьдар гэсээр байгаад дэргэдээсээ холдуулсан.

Нөхрүүд нь бас олигтой юм таараагүй, зодож цохидог л дуулдах юм. Хоёр хүүхний нэг нь дөрөв, нөгөө нь хоёр хүүхэдтэй. Олон хүүхэд гаргаад, сүүл рүүгээ зулбаж, цус алдаад болохгүй болохоор нь би эмчийг гуйж байгаад савыг нь (үрийн сувгийг нь) боолгочихсон. Бие хаа муутай, тогтсон амьдралгүй улс үүнээс олон хүүхдээр яах вэ. Зовлонгийн нэмэр. Энэ хорвоод олон жил амьдрахад их юм үзэж, туулдаг юм байна даа, хэн минь.

Нэг хүүгийнх нь манайхтай айл байгаа. Хүүхдүүдээс ганц ажил хийдэг нь энэ. Уурын зууханд галчаар ажилладаг юм. Хараа муутай, харанхуй бүрэнхийд тэмтэрч явдаг гэсэн. Хамт ажилладаг нөхөд нь тусалж, дэмждэг тулдаа ажлаа хийдэг байх. Группэд оруулах гэхээр “Ажилласан жил цөөнтэй болохоор арвитай юм авахгүй, амьдралд хүрэлцэхгүй” гээд орохгүй юм. Авгай нь ажилгүй хүүхэн байдаг. Ажил хайгаад ч олдохгүй байгаа юм уу, мэдэхгүй.

Гурван хүүгийн нэг нь том болсон хойноо хүнд хорлогдчихлоо. Нөгөө нь Өмнөговьд амьдарч байгаад шоронд явчихсан. Тэнд бас нэг хүний бүсгүй үр долоон хүүхэдтэй үлдсэн. Яаж шүү байдаг бол гэж санаа зовж л суух юм. Санаа зовлоо гээд яаж ч чадахгүй болохоор бүр гачлантай. Иймэрхүү хэдэн хүүхэд өсгөж, эдэн дунд амьдарч байна.

Хүүхдүүд нь бүгд тус тусдаа амьдрах аядаж байгаа ч олигтой яваа хүн алга. Эрүүл саруул, бүрэн бүтэн хүн ч байхгүй, бүгдээрээ ямар нэг өвчин яриад, олигтой ажил төрөл хийж чадахгүй юм. Тийм болохоор сэтгэл амарч өгөхгүй байна. Заримдаа одоо би үүнийгээ (охиноо) аргалаад явж байвал барав гэж боддог ч нөгөө хэдийг харахаар чадлаараа зохицуулчих юм сан гэж зүтгэдэг.

Тэгээд явж чаддаг, хийдэг хүн болох гээд зүтгэж л явна. Одоо нүд юм үзэхээ байлаа. Чих ч дуулахгүй юм. Нас дээр гарахаар юм бүгд нь доройтдог юм байна. Ухаан санаа ч олиггүй. Мартаж, санаад, солиу гажуу яриад, мангар хүн шиг болж. Тэгсэн хэрнээ мангар биш юм шиг байх гэж үзнэ ээ, бас.

Хүний амьдрал гэж намтрын ч юм аа даа. Заримдаа овоо ч юм шиг, заримдаа ч арвигүй. Ер нь хамгийн хэцүү зүйл үхэл, өвчин хоёр. Бусад нь бол яах вэ. Байх, байхгүй, олдох, олдохгүйг бол даваад гарч болно.

-Бие биедээ бараа болж, хоол, цайгаа хуваах ханьтай байна гэдэг том хувь заяа байх?

-Хүний муу хүнд хань болдог гэж ёстой үнэн юм. Энэ овоохон юм байсан бол нэг юмтай нийлээд алга болоод өгөх байсан биз. Ядруу болохоороо ингээд надад хань болоод байж байна. Муу охиныхоо хүчинд жаргаж л байна. Энэ чинь гал тогоогоо бариад, хоол, цайгаа хийчихнэ. Өглөө босоод, галлачихна.

Өөрөө хань болж, намайг жаргаагаад, хэдэн хүүхэд нь намайг тойрч, “Буурай ээж, буурай ээж” гээд би хүнтэй хүн шиг л явдаг юм. Энэ муу ядруу хүүхэн л насаараа надад хань болж, хэдэн хүүхэд гаргаж, намайг хүнээр дутахын зовлонгоос ангижруулах тавилантай байж, хөөрхий.

Оромонд (гэрт) гарсан, би хүн хийсэн юм болохоор тэд маань ч надад сүрхий. “Буурай ээжийгээ мартахгүй, хаяхгүй” гэдэг юм. Юу юугүй үхүүлчихгүй санаатай. Өвдөж зовбол эмнэлэг, домнолог гээд явна. Тэгэхэд нь баярлаж л суух юм. Долгорсүрэнгийн том охины хүү нас биед хүрч байна. Бид хоёртай хамт байдаг юм. Тэр одоо амьдрал ахуй зохиох байлгүй. Тэгэхээр нь энэ муу гэрээ өгчихөөд явна гэж бодож суугаа. Өөрөөр орон гэртэй болгох чадал алга. Орох оронтой бол амьдраад явна биз.

-Таныг хүмүүс “Цаас үүрдэг эмээ” гэх юм. Цаас түүж, түлдэг юм уу?

-Би өдөр бүр зах, худалдааны төвийн гадуур хаясан цаасан хайрцгийг түүж, үүрч ирдэг. Зун гал их түлэхгүй үед түүж овоолсоор пин дүүрчихдэг. Сэрүүн болохоор дорхноо алга болно. Долгорсүрэн зун сүү цагаа гарахаар сүү зардаг юм. Түүнийгээ өчигдрөөс эхэллээ. Дулаан цагт сүү хөөрүүлэх, тараг бүрэхэд мод худалдаж аваад байж чадахгүй. Цаасаар галлачихаар зөндөө мөнгө хэмнэж байгаа шүү дээ.

Манай энэ өөрөө л дурлаад байдаг болохоос сүү зараад ашиг гаргаж чадахгүй л дээ. Тоо мэдэхгүй, өгсөн сүүнийхээ мөнгийг тооцож авч чадахгүй, хүний үгээр, өгснийг нь л авна. Олон жил яваад таньж, мэддэг болчихсон хүмүүс тулдаа мөнгийг нь ханатай өгөөд байдаг байх. Том хүмүүс нь зөв өгөөд, хүүхдүүд ашиглачихдаг шиг байгаа юм. Гэхдээ яахав ээ, ямар ч байсан алдагдалд орчихгүй, өртөггүй цай сүлүүлчихээд байдаг.

Сүүгээ зарж эхлэхэд нь би хэдэн төгрөг өгдөг юм. Тэгээд юу ч үгүй болчихгүй, бас өсгөж шалихгүй, тэгсгээд эргэлдүүлээд байдаг. Дуртай юмаа хийхээр өөрт нь ч сайхан байдаг байх.

Энэ ямар мал дээр байж, сүү, цагаан идээ хийж үзсэн биш. Би тараг бүрэхийг зааж өгсөн. Гэтэл миний зааж өгснөөс илүү сайхан тараг бүрдэг болсон. Хүмүүс тараг сайхан бүрдэг, тараг бүрээд өгөөч, бүрсэн таргийг нь авъя гээд байгаа дуулдах юм. Тэгэхээр бас овоо байгаа биз.

-Одоо та хоёр тэтгэвэр, тэтгэмж хэдийг авч байна?

-Би мал маллаж явсан, мэдлэг, мэргэжилгүй хүн шүү дээ. Тэгээд малаа сайн дураар, улаан мөнгөгүй нэгдэлд өгчихөөд, насаараа өвгөнийг дагаж явсан. Аймаг руу орж ирээд эмнэлэгт цэвэрлэгчээр орсон. Түүнээс хойш дандаа шалны мод, хувинтай зууралдаж байгаад тэтгэвэрт гарсан. Анх 50 төгрөгийн тэтгэвэр авч байлаа.

Өнөөхийг маань засаг, төр нэмсээр байгаад одоо 250 мянга болсон. Намраас 300 болох юм гэнэ. (Ингэж хэлэхдээ тэр алга хавсран залбирч, чин сэтгэлээсээ сүсэлж байв) Төр, түмний хишгийн хүртэж л явна. Охин халамж авдаг. Ажил хийж байгаагүй болохоор 100 орчим мянган төгрөгөөр тогтоогдсон.

-Та хоёр халамж, тэтгэврийн мөнгөөр под хийгээд байна биз дээ.

-Под хийхгүй юм аа. Муухан л хүрэх юм. Зарим нь шорон оронд явж байна, зарим нь өвчин зовлон ярих юм, бусад нь хоолтой, хоолгүй байх юм. Явдалтай юм аа, эд нар чинь. Тэгж сайхан юмтай амьдраад явж байгаа хүүхэд эдэн дунд алга. Тэднийг хараад зүгээр сууж чадахгүй юм байна шүү дээ. Тэгж байтал эм, тарианы мөнгө хэрэг болно. Мөчиг тачигхан л амь зууж байна.

-Танай хөгшин дайнд оролцож, гавьяа байгуулсан хүн гэсэн. Тэр тухайгаа ярьдаг байв уу?

-Ерөөсөө баатар болох ёстой хүн байсан юм гэнэ билээ. Ирсэн гранатыг барьж авч, буцааж шидсэн. Гэтэл бас өөрөө хоёрын хооронд ялихгүй тэнэг ажил хийчихээд байсан. Түүнээсээ болоод дарагдаж, үнэлэмж нь буучихаад байсан юм билээ. Хоёрын хооронд юм хийхдээ надад мэдэгдэнэ, ярина гэж ерөөсөө байхгүй. Би ч аягүй бол хангинаад унахаар хүн л дээ. Энэнд мэдэгдээд яах вэ, юм яриад унах байх гэж боддог байсан байлгүй.

Тэгээд ямар нэг их том хэрэг хийсэн биш, цаг төр ч өөр боллоо, одоо баатар цолыг минь өгөх байх гэж байтал 78-тайдаа нас барчихсан. Одоо өвгөнийг маань мэдэх хүн улам л цөөрч байна. Мэдэх хүмүүс нь нөхөн баатар болох ёстой хүн л гэцгээдэг юм. Түүнийг нь хөөцөлдөж, бичиг цаас цуглуулах гэхээр би явж чаддаггүй. Өөр явах хүн байдаггүй ингээд байж байна. Эрдэнэцогт сумынхан 2-3 жилийн өмнө хөшөөг нь босгосон.

Уг нь манай өвгөнд Цусан гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон гээд Улсын баатраас бусад нь бүгд байсан. Гэтэл өвгөн 6000 цаасны төлбөрт ороод, түүнээ төлөх гээд хамаг одон тэмдгээ зарчихсан. Одоо эсэн бусын хэдэн жижиг тэмдэг, 12 үнэмлэх л үлдсэн. Миний санаж байгаагаар Цусан гавьяаны улаан тугийн одонг нь Дорж гэдэг өвгөн аваад, хот руу явсан. Тэр хүн одоо амьд уу, үхсэн үү, тэр одонг яаж ашигладаг вэ гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан хэрэгтэй болохоор л худалдаж авсан байх.

-Та хоёр хэзээ танилцаж, гэр бүл болов?

-Таван жил цэргийн алба хааж, дайн дуусгаж ирээд, 3-4 жилийн дараа надтай нийлсэн юм. Тэгэхэд би 18-тай байлаа. Манай хүн 22-той цэрэгт яваад, таван жил болсон гэхээр надтай 30 орчим настайдаа нийлжээ. Тэгэхэд хөгшин маань багийн даргаар ажиллаж байсан.

Манайх уг нь Баян-Овоогийн айл. Дайны үед нэг их зуд болоход хэдэн малаа туугаад говь руу орсон. Одоо бодоход Эхийн гол хавь руу л очсон байх. Хонь, ямаа бэлчээрээсээ ирж чадахгүй уул хаданд үлддэг, монголын үхэр хотондоо хэвтээгээрээ үхдэг байлаа. Адуу бөөнөөрөө цасан шуурганд уруудаад алга болсон. Их хатуу өвөл өнгөрсөн дөө. Хавар нь манайх арваадхан хонь, ганц хоёрхон үнээ, тэмээтэй нутагтаа ирсэн юм.

Гэтэл нөгөө хэд маань хамуурчихдаг юм байна. Малаа барж, хотоо харлуулах шахаад, үлдсэн хэд нь ч олигтой байхгүй болохоор нь нутгийн ламаас асуухад “Нутгаа сольж, хангайгаад гар” гэсэн юм. Зуд болдоггүй, өвс ногоо сайтай сайхан нутаг гээд Эрдэнэцогтын хангайд нүүж очтол тэр нутгийн улсууд манайхаас сэжиглээд айлсах нь бүү хэл ойр ч буулгадаггүй.

Хангайхан чинь сарлаг голдуу малтай, адуу, хонь цөөнтэй улс байдаг юм байна. Сарлагаа уул өөд туучихаад оройхон дүүгүүрдээд хөөгөөд ирнэ. Тэдний дүүгүүрийн чулуу шунгинаж, исгэрээд мөн ч сүртэй шүү. Сарлаг дүүгүүрийн дуунаас нь айдаг юм уу, чулуунаас нь айдаг юм уу, савга үсээ сагсалзуулж, сүүлээ өргөж давхиад яах ийхийн зуургүй буугаад ирнэ. Мөн ч хөөрүү мал шүү.

Тэнд идээшихгүй болохоор нь жаахан доошлоод Цагаан эрэг, Номгон уул хавиар нутаглах болсон. Энэ хавийнхан чинь харин сайхан налайсан улс байлаа. Тэгээд л энэ хавьд суурьшиж, амьдарсан.

-Д.Сэдбазар агсан амьд ахуйдаа ахмад дайчны элдэв урамшуулал, тэтгэмж авч байв уу?

-Янз бүрийн тэмдэг л их өгдөг байсан. Мөнгө төгрөг нэг их өгөөд байсныг нь санахгүй юм. Энд ч уулзалттай, тэнд ч уулзалттай гээд л явдаг байлаа. Хамт тулалдаж байсан Улсын баатар Т.Дүүдэй болон бусад нөхөд нь манайхаар ирж, байлдаж явсан тухайгаа дурсаж ярьдаг байсан.

Г.Долгор гуай бид хоёр олон сэдвээр ярилцсан. Эмээ “Лам нарыг жагсааж, тууж яваад бууддаг байлаа. Эхнэр авч, хар болсон ламыг өршөөнө гэсэн юм уу, манай нутгийн Цэрэн лам ээжээс “Эхнэр яаж авдаг юм бэ” гэж асууж байсан гэнэ билээ. Таван настайгаасаа хийдэд шавилсан, эхнэр, хүүхний талаар мэддэггүй лам олон байсан гэдэг шүү” гэх юм уу, “Анхны сонгууль болж байна гээд аав, ээж, манай хотны томчууд бүгд гоёж аваад морь унаад яваад өглөө.

Тэр газар нь очиж хоноод, шөнө 00.00 цаг болохоор саналаа өгөх юм гэнэ. Гэр, малаа харж үлдсэн айлын охин бид хоёр өлсөөд болдоггүй. Гөлөг гуай гэж бүдүүн хар хүн байлаа. Тэднийд аяга гурил байхаар нь хоёулаа ярьж байгаад хулгай хийгээд зутан хийж уулаа. Тэрний сайхан амттайг яана. Өдий наслахад түүн шиг сайхан амттай хоол санаанд дахиж үлдээгүй байна. Зутан гэдэг чинь гурилыг усанд буцалгаж, сүү нэмээд болдог эд шүү дээ.

Тэр үедээ зарам биш, нарийн гурил байсан болохоор тэгж сайхан санагдаж байхгүй юу” хэмээн өнө эртний хууч дэлгэж, бас “Энэ депутат нараас хоёр даргыг шоронд хийсэн гэх юм. Яасан юм бол” (С.Баяр, С.Баярцогт нарыг хэлж буй бололтой) хэмээн зовнингуй асууж амжсан. “Тэднийг хорионоос гаргасан” гэхэд “Өө аштай юу даа” хэмээн дуу нь чангарч инээд алдаад “Зайлуул, нам, засгаа удирдаж яваад буруудууллаа гэж хийсэн юм болов уу, мөнгө идлээ гэсэн юм болов уу гэж бодоод байсан юм. Тэр хоёр ер нь яасан улс юм бол” хэмээн хэрэгт дурлахаа ч мартаагүй.

Түүний “Зээ хүүдээ гэрээ өгөөд явна” гэснийг санаж, “Тэгээд та хоёр хаачих юм бэ” гэхэд “Болдог бол асрамжийн газарт л очмоор байна. Харж хандах хүнтэй гээд авахгүй царайтай юм билээ. Долгорсүрэн одоо 65-тай, би 85-тай. Миний нас, үүний биеийг бодохоор удаан амьд явна гэхэд горьгүй л байна. Энэ маань миний өмнө орчих вий гэж боддог л юм. Миний сүүлд орохоор хүүхдүүд нь над шиг харахгүй болов уу гэж санаа зовох юм. Сайн харж, хандахгүй бол мэдрэлийн юм нь сэдрээд явчихна шүү дээ. Тэгэхээр бие биедээ бараа болж байгаад, ойрхон шиг явчихвал зүгээр юм сан” гэсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай