Мөнхийн алтан таван хошуут генерал

-Улаан кхмерүүдийн командлагч асан Хун Сен эрх барих хугацаагаа сунгалаа-

Камбожид эрх баригч намын итгэл төгс ялалтаар Үндэсний ассамблейн буюу парламентын доод танхимын сонгуулийн урьдчилсан дүнг зарлав. Ардын нам тус танхимын 125 суудлыг бүгдийг авсан нь 30 гаруй жил төрийн эрх барьсан одоогийн Ерөнхий сайд Хун Сенд улсаа дахин таван жил удирдах боломж олголоо.

Улаан кхмерүүдийн дэглэмийг халж, тэдний цэргийн дарга асан, дарангуйлагч Пол Поттой тангараг тасарсан Хун Сен төрийн эрхэнд гарснаас хойших зургаа дахь удаагийн бүх нийтийн сонгуулиа амжилттай зохион байгуулав. Харин эрх баригчид нь ардчилал яллаа хэмээн мэдэгдэж байхад цөлөгдөн амьдарч буй сөрөг хүчнийхэн сонгуулийг тус улсын хувьд хар өдөр боллоо гэжээ. Олон улсын байр суурь ч харилцан адилгүй байна.

Камбожийн сонгуулийг Хятад болон Орос өндрөөр үнэлжээ. Харин Европын холбоо итгэл үл хүлээх сонгууль боллоо гэсэн бол АНУ-ын Төрийн департаментаас шударга бус санал хураалт болсныг тэмдэглээд Камбожийн түшмэдэд тавьсан визийн хязгаараа өргөжүүлэхээ мэдэгдсэн юм.

Сайд нарын танхимын тэргүүний албан тушаалыг 1985 онд хүлээн авсан, өдгөө 65 настай Хун Сен төрийн эрхийг 33 дахь жилдээ барьж байгаа нь түүнийг дэлхийд халаагүй олон жил эрх барьж буй удирдагчдын нэг болгож байна. Сонгууль түүнд дахин таван жил улсаа удирдах эрх олгосон нь түүнийг 40 орчим жил төр барьсан Зимбабвегийн дарангуйлагч асан Роберт Мугабетэй харьцуулахаар болгож буй.

Түүний албан ёсны цолыг кхмер хэлээс орчуулбал “алдарт ялгуусан зэвсэгт хүчний сүр жавхлант дээд их командлагч” гэх. Тэрбээр өөрийгөө “мөнхийн алтан таван хошуут генерал” гэдэг.

Хун Сен 1951 оны дөрөвдүгээр сарын 4-нд Камбожийн Кампонгтям мужид хятад гаралтай чинээлэг газар эзэмшигчийн гэр бүлд мэндэлжээ. Төрөхөд нь Хун Бунал гэдэг нэр өгсөн аж. Түүний эцэг Хун Неанг буддын шашны алдартай лам байсан гэнэ. Гэвч чинээлэг гарлынхаа улмаас Хун Сений ээж Ди Йон хулгайлагдаж, оронд нь их хэмжээний хөрөнгө өгөхөд хүрч байсан түүхтэй.

Тосгондоо бага сургууль төгссөн Хун Сен 13 настайдаа Пномпений буддын шашны сургуульд элссэн гэнэ. Улс төрийн учир шалтгаанаар багш нь баривчлагдсан тул сурахаа больж, каучукийн тариалангийн талбайд ажиллах болжээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн болсон байна.

Багаасаа шаргуу, үнэнч гэгддэг тэрбээр хаан болно гэдэг байжээ. Хожим нь нийслэл Пномпень хотод улс төр судлалаар дээд боловсрол эзэмшсэн. Вьетнамын нийслэл Ханой хотын Улс төрийн үндэсний академийг 1991 онд төгсөж, улс төр судлалын докторын зэрэгтэй болсон аж.

Төрийн тэргүүн Нородом Сианук (1960-1970 онд Төрийн тэргүүн, 1993-2004 онд хаан)-ийг түлхэн унагасан, Америкийн тал баримтлагч Лон Нолын дэглэмийн эсрэг Пол Потын удирдлага дор улаан кхмерүүдийн талд 1970-1975 онд тулалдаж явжээ. Таван удаа шархдаж, нэг тулалдааны үеэр зүүн нүдгүй болсон. Вьетнамтай хил залгаа орших зүүн нутгийн аюулгүй байдлыг хариуцсан батальоны командлагч байхдаа зэвсэг барин тулалдахаа больжээ.

Төрийн эрхэнд улаан кхмерүүд гарснаас хойш хоёр жилийн дараа 1977 онд хүч хэрэглэх арга, хүмүүсийг үй олноор хөнөөхийг нь эсэргүүцэн тэднээс холбоо харилцаагаа тасалсан байна. Тэр үед Вьетнам руу зугтан гарч, партизаны жижиг отряд удирдан, 1977 оны зургадугаар сард Пол Потын дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэн аж. 1978 оны арванхоёрдугаар сард, Пол Потыг эсэргүүцэгч хүчнүүдийг нэгтгэсэн, Кампучийн Үндэстнээ аврах нэгдсэн фронтын их хурлын үеэр Хун Сен Төв хорооны гишүүнээр сонгогджээ.

Вьетнамын цэрэг улсад нь орж, 1979 оны нэгдүгээр сарын 7-нд Бүгд Найрамдах Кампучи Улс (1993 оны есдүгээр сараас Камбожийн Хаант Улс болсон) байгуулагдсаны дараа Ардын хувьсгалт зөвлөлийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд болж багтав. 1981 оны зургадугаар сард Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

1985 оны нэгдүгээр сард Сайдын зөвлөлийг тэргүүлэхдээ Гадаад хэргийн сайд хэвээр үлджээ. Тэгэхэд тэрбээр улсынхаа хамгийн залуу Ерөнхий сайд болсон гэнэ. Уг албан тушаалыг хашиж байхдаа тухайлбал, 1991 оны аравдугаар сард Парисын найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурахад хүргэсэн хэлэлцээ зэрэг Камбожийн улс төрийн үйл явцад идэвхтэй оролцсон байна. Энэ замаар хийсэн эхний алхмуудын нэг нь 1987 оны арванхоёрдугаар сард Францад Нородом Сиануктай уулзсан явдал болов.

1991 оны аравдугаар сард Камбожийн Ардын намын Төв хорооны орлогч даргаар сонгогджээ. 1993 оны тавдугаар сард болсон анхны чөлөөт сонгуулиар нам нь “Тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч, хамтын ажиллагаатай Камбожийн төлөө үндэсний фронт” гэдэг хаант засаглалыг дэмждэг намд ялагджээ. 1993 оны долдугаар сард Хун Сен шилжилтийн үеийн эвслийн түр Засгийн газрын нэг даргын албан тушаал хаших болов.

Мөн оны есдүгээр сард Камбожийн Хаант Улсын шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсны дараа аравдугаар сарын 29-нд хоёрдугаар Ерөнхий сайд болжээ. 1997 оны долдугаар сард Хун Сен эрх баригч эвслийн түнш, нэгдүгээр Ерөнхий сайд, “Тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч, хамтын ажиллагаатай Камбожийн төлөө үндэсний фронт” намын тэргүүн Нородом Ранаритыг төрийн эрхнээс зайлуулахдаа түүнийг улаан кхмерүүдийн террорист бүлэглэлтэй сүлбэлдэн, Засгийн газраа түлхэн унагах гэж байна хэмээн буруушаасан гэдэг.

Тийнхүү төрийн эрх мэдэл Хун Сенд бүрэн шилжжээ. 1998 оны парламентын сонгуульд нам нь ялж, Хун Сен Ерөнхий сайд болов. 2004 онд Ардын нам, “Тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч, хамтын ажиллагаатай Камбожийн төлөө үндэсний фронт” намын эвслийн, 2008 оны сонгуулийн дараа Ардын намын дангаар байгуулсан Засгийн газрыг тэргүүлсэн байна.

2013 оны есдүгээр сарын 23-нд хаан Нородом Сиамони сонгуульд олонхын санал авсан намын удирдагчийн хувиар ээлжит таван жилийн хугацаанд Сайд нарын танхимын тэргүүнээр Хун Сенийг томилох зарлигт гарын үсэг зуржээ.

2013 оны есдүгээр сарын 24-нд Хун Сен тангаргаа өргөв. Ёслолын үеэр үг хэлэхдээ тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний улс төрийн хөтөлбөрөө, тухайлбал, улсынхаа удирдлагын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Сөрөг хүчний Үндэстнээ аврах нам парламентын эхний хуралдаанд оролцоогүй аж.

Тэд тус парламентыг хууль бус гэж үзсэн гэнэ. Камбожийн Ардын нам парламентын доод танхимд 50 хувь дээр нэмэх нь нэг гэсэн шаардлагад нийцсэн санал авсан тул шинэ танхимаа дангаар эмхлэн байгуулжээ. 1993 онд Нородом Синанукийн зарлигаар Хун Сен таван одтой генерал гэсэн цэргийн дээд цол хүртсэн байна.

Хун Сенийг шүүмжлэгчид түүний дэглэмийг цэрэг, эдийн засгийн мафитай зүйрлэдэг. Тодруулбал, нийгмийн эсрэг бодлоготой, иргэдээсээ өмчилсөн газрыг нь хураасан, ой мод тайрдаг, цагаачлал болон Хятадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмждэг гэнэ.

Арабын хавар, Украины хувьсгал, Евромайдан Камбожийн эрх баригчдыг ихээхэн түгшээжээ. Тиймээс ч эмх замбараагүй байдал үүсгэвэл хатуу арга хэмжээ авахыг Хун Сен урьдчилан анхааруулсан байна. Сөрөг хүчний идэвхтнүүдийн эсрэг ажиллагаа ч илт ширүүссэн гэнэ. Тус улсын байдал хурцадсанд Хун Сен гадаадын зарим хүчнийг буруутгадаг.

“Сөрөг хүчнийг сулруулаад зогсохгүй тэднийг үхдэл болгоно... Хэн нэг нь жагсахыг оролдвол тийм нохойг нүдэж, торонд хийнэ” гэж Тунисийн Ерөнхийлөгч Бен Алиг түлхэн унагасан талаар 2011 оны нэгдүгээр сарын 20-нд Хун Сен хэлсэн аж. Түүний хэлсэн иймэрхүү олон үгийг хүний эрхийн төлөө тэмцэгч “Human rights watch” байгууллага 2015 онд хэвлэсэн “Хун Сений 30 жил” илтгэлдээ эш татсан байна.

Шархдаад хэвтсэн эмнэлгийнхээ сувилагч Бун Ранитай 1976 онд гэрлэж, дөрвөн хүү, хоёр охинтой болжээ. Бун Рани Камбожийн Улаан загалмай нийгэмлэгийг тэргүүлж, эрүүл мэндийн хөтөлбөр хариуцдаг. Сөрөг хүчнийхэн түүнийг нийгэмлэгийнхээ хөрөнгийг эрх баригч намын тусын тулд ашигладаг хэмээн буруушаадаг.

Хүү Манет нь Хааны Зэвсэгт хүчний дэслэгч генерал, өнгөрсөн гуравдугаар сараас Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга болсон бол Манит нь бригадын генерал, Мани нь улстөрч, парламентын доод танхимын гишүүн. Охин Мана нь хэвлэл мэдээллийн томоохон бизнес эрхэлдэг гэнэ.

Том хүү нь төрөөд удалгүй энджээ. Охин Мали (өргөмөл)-гаасаа Хун Сен 2007 онд албан ёсоор харилцаагаа тасалсан байна. Ижил хүйстнийг хэвийн явдал гэж үздэг ч, гэр бүл дотроо хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэрбээр мэдэгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай