Н.Одмөнх: Бусдаас онцгой байх гоё

Н.Одмөнх: Бусдаас онцгой байх гоё

Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүл 2016 онд Н.Одмөнхийг “Монголд төрж, Шведэд үйл ажиллагаагаа явуулдаг загвар зохион бүтээгч” хэмээн танилцуулсан. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард тус сэтгүүл “Runway” буландаа Н.Одмөнхийг дахин онцолж, түүний “House of Od” брэндийнх нь тухай редактор Лайрд Боррелли Персон нийтлэл бичжээ.

Авьяаслаг эл залуу загвар зохион бүтээхээс гадна дууны уран бүтээлээ сонсогчдод хүргэж эхлээд байна. Inda Divonne хэмээх тайзны нэрээр уран бүтээлээ туурвиж буй тэрбээр “Дууг минь”, “Butterfly language”, “Water” зэрэг дууг Youtube сувагтаа байршуулаад буй.

-Дунд сургуулиа төгсөнгүүтээ Шведийг зорьсон юм билээ. Тэнд хэчнээн жил амьдраад ирэв?

-Би III, IV хорооллын унаган хүүхэд. Дунд сургуулиа төгсөхийн өмнөхөн, 17 настайдаа Швед рүү явсан. Есөн жил тэнд амьдарчихаад, өнгөрсөн аравдугаар сард нутагтаа эргэж ирлээ. Одоо эндээ суурьшина.

-Өсвөр насандаа хүний нутагт очиход ямар санагдаж байв. Соёлын ялгаа их гардаг байв уу?

-Их сонирхолтой санагдсан. Хүмүүийн харилцаа, хандлагаас авхуулаад ялгаатай зүйлс мэдээж байлгүй яах вэ. Адаглаад л, манайхан буруу ярьж, зөв ойлголцдог хүмүүс шүү дээ. Тэнд бол хүмүүс нь маш тодорхой, товчхон ярьж ойлголцдог.

Ер нь бүх зүйл нь их цэгцтэй. Гэхдээ хүн шинэ орчинд дасан зохицох, шинэлэг зүйлд сурахдаа амархан шүү дээ.

-Эзэмшсэн мэргэжил тань юу юм бэ?

-Коллежоо хувцас загвар, худалдааны чиглэлээр төгсөөд, үргэлжлүүлэн график дизайнаар суралцсан.

 

A post shared by OD Cloud9 (@indadivonne) on

-Шведэд очоод л хувцас загварт дурласан уу?

-Үгүй ээ, багаасаа л дурласан. Зурах дуртай хүү байлаа. Ээж минь ажлынхаа хажуугаар юм оёдог байсан юм. Тэр ч их нөлөөлсөн байх. Би загвар гаргаж, ээжээрээ оёулдаг байв. Анхны загвараа бага ангийн сурагч байхдаа гаргаснаа мартдаггүй юм.

Дунд сургуульд байхад найзууд минь дэлгүүр хэсэх, шинэ хувцас худалдан авахдаа надаас зөвлөгөө авдаг байлаа.

-“House of Od” брэндээ үүсгээд жил орчим болчихлоо. Өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэхэд ямар санагдаж байна вэ?

-Энэ оны эхээр брэндийнхээ загварын анхны цуглуулгыг гаргаж, олонд танилцуулсан. www.houseofod.com вэб сайт болон БНСУ-ын гэрээт дэлгүүрүүдээр худалдаж байгаа.

-Энэ цуглуулгадаа хэчнээн нэр, төрлийн хувцас багтаасан бэ. Нэлээд сонирхолтой загварууд харагдсан.

-Гудамжны хувцас, авангард загварт хамаарах тодорхой нэг төрлийн цуглуулга биш. Харин эдгээр зүйлийг тэнцвэржүүлэн шингээсэн, өдөр тутам өмсөж болох, өсвөр насныхны эрх чөлөөтэй, тэрсүүд амин сүнсийг агуулсан брэнд болгохыг хүссэн. Мөн дуучид, хөгжимчид ч тайзан дээр өмсөх боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг миний загваруудыг хэн дуртай нь, насны ангилал үл хамааран өмсөж болно.

Анхны цуглуулгадаа найман төрлийн хувцас багтаасан. Загвар бүр өөрийн нэртэй. Тухайлбал, “Luminous traveler” буюу “Гэрэлтдэг аялагч” нэртэй юүдэнтэй цамц дөрвөн төрлийн өнгөний сонголттой, шигтгээгээр чимэглэсэн цахилгаантай. Мөн “AeroDenim” нэртэй хоёр төрлийн жийнсэн өмд бий. Нэг нь карго маягийн, сул загвартай, бэхэлгээ, тоноглолтой болохоор өөрийн дураар загварчлан өмсөх боломжтой.

Нөгөө нь сонгодог загвартай. Юүдэнтэй цамц, жинсэн өмднүүдээс гадна хээтэй богино ханцуйтай болон энгийн цамц бий. Бүх загваруудаа Турк улсад үйлдвэрлэдэг.

 

A post shared by OD Cloud9 (@indadivonne) on

-Загварууддаа ашигласан өвөрмөц хээг таныг өөрөө зохиосон гэж сонссон. “Vogue” сэтгүүлд бичсэнээр тус хээг дэлхийн загварын мэргэжилтнүүд их сонирхож буй юм билээ. Тус хээгээр та юу илэрхийлэхийг хүссэн бэ?

-Энэ төрлийн хээг камуфляж буюу цэрэг, байлдааны утга агуулгатай гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Харин би энэ хээгээрээ эх дэлхий, энхтайвныг илэрхийлэхийг зорьсон. Мөн монгол хэв маягаа тусгахыг хичээсэн юм. Монголчууд бид Бөртэ чоно, Гоо маралаас улбаатай гэдэг. Тиймээс бугын 12 салаа эвэр шиг харагддаг байхаар зохиосон. Сайтар ажиглавал хээнүүд дунд од гэх үгийг далдлан оруулсан.

 

A post shared by OD Cloud9 (@indadivonne) on

-Таны загваруудыг азиуд илүү сонирхож байна уу, эсвэл европчууд уу?

-Энд тэндээс л захиалдаг. Орос, Япон, Солонгос, Хятадаас хэрэглэгчид их ханддаг. Ихэнхдээ АНУ-гаас захиалж авдаг.

-Ихэнх брэнд, загварын товчоо шинэ цуглуулгаа хэрэглэгчдэд танилцуулахдаа загвар өмсөгчдийг нүүр царайгаар сонгон, хувцсаа өмсүүлж сурталчилгаа хийдэг.

Харин анхны цуглуулгынхаа загваруудыг та өөрөө өмсөж зургаа авхуулсан юм билээ. Тохирох загвар өмсөгч олдоогүй юм уу, эсвэл зураг авхуулах дуртай юм уу?

-Уг нь Монголоос хоёр загвар өмсөгч олох санаатай хайсан юм. Гэтэл тохирох хүн олдохгүй нэлээд цаг авсан. Сүүлдээ өөрөө өмссөн нь хамаагүй үр дүнтэй юм байна гэж бодсон. Урласан загварынхаа онцлог, хэв шинж, бусдад хүргэх гэсэн санааг би өөрөө л хамгийн сайн илэрхийлж, тод харуулж чадна шүү дээ.

-Эл цуглуулгыг тань “Vogue” сэтгүүлд “Маш шинэлэг” гэж онцолсон байсан. Тус сэтгүүлд хоёр ч удаа гарчихлаа. Анх хэрхэн холбогдсон бэ?

-Би Шведэд “Sad boys” хамтлагийнхантай хамтран ажиллаж, хувцас урладаг байлаа. Мөн хувцаснаас гадна ээмэг, бөгж, шүдний тоноглол гэх зэрэг гоёл чимэглэл худалдаанд гаргаж байв.

Ингээд 2016 оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Sad Boys” хамтлагийнхантайгаа поп-ап дэлгүүр нээсэн юм. Тэр үеэр “Vogue”-д анх гарсан. Дараа нь намайг анхны цуглуулгаа гаргах үед мөн онцолсон байсан.

-Гадаадын загварын компаниудаас хамтран ажиллах санал ирдэг үү?

-Хамтран ажиллах санал ирдэг ч одоохондоо өөрийн брэндийг илүү таниулахыг чухалчилж буй. Тэгээд ч Монголдоо суурьших гэж буй болохоор тиймэрхүү саналаас эвтэйхэн татгалзаж байгаа.

-Шведийн реппер Yung Lean “Kyoto” дууныхаа клипэнд таны урласан хувцсаар гангарсан юм билээ. Олны танил олон эрхэмтэй хамтран ажиллаж байсан уу?

-Коллежид сурч байхдаа “Drain gang” хамтлагийн реппер Ecco2K-тэй танилцаж, 2014 оноос “Sad boys” хамтлагийн гишүүн, реппер Yung Lean-тэй хамтран ажиллаж эхэлсэн. Шведийн эдгээр реппер сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, хэв маягаараа алдаршиж байгаа.

-Та бас дууны уран бүтээл сонсогчдод хүргэж эхэлсэн. Дуулж эхэлсэн нь дээр дурдсан найзуудтай тань холбоотой юу?

-Ер нь дуу хөгжимд их дуртай. Харин дуулах гэж оролдсон нь 2013 оны үе. Гэхдээ тухайн үед хувцас загварынхаа чиглэлээр компаниудтай хамтран ажилладаг байсан болохоор анхаарлаа тухтай хандуулж чадалгүй орхисон юм. Одооноос л илүү идэвхтэй ажиллаж, дуунуудаа цацаж байна.

-Дуунуудыг тань сонссон хүмүүсийн хандлага хэр байна вэ. Урмын үг болоод шүүмж сонсож байна уу?

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншдаг. Одоогоор гадаадаас ч, монголоос ч муу хэлсэн хүн алга л байна. Тэгж хүлээж явна гэж төсөөлөөгүй. Их содон санагдаж байгаа байх. Яваандаа сайн, муу, янз бүрийн л үг сонсох байх. Авахаа авч, гээхээ гээгээд л явна даа.

-Таны дуунуудыг сонсоход тийм, ийм урсгал гэж оноож хэлж мэдэхгүй юм билээ. Хөгжмийн ямар урсгалаар уран бүтээлээ хийж байгаа юм бэ?

-Би өөрөө ч хэлж мэдэхгүй юм. Надаас л гарч буй мэдрэмж. Аль болох шинэлэг зүйл хийхийг л хүсэж буйн илрэл. Ер нь ч аль нэг урсгал, чиглэлд хязгаарлагдмааргүй байна. Гэхдээ хамгийн гол нь мэдрэмж. Өөрийнхөө мэдэрч буй зүйлийг ил гаргаж чадвал түүнийг ямар нэгэн урсгалаар тодорхойлох шаардлагагүй гэж боддог.

-Тайзны нэрээ яагаад Inda Divonne гэж өгсөн юм бэ?

-In the divine гэсэн үгийн товчлол. Од нэрээрээ дуугаа хийж болох л байсан. Гэхдээ миний хувьд шинэ зүйл учраас өөрөөр эхлэхийг хүссэн. Загвар зохион бүтээгч Од дуу дуулжээ гэхээс илүү Inda Divonne гэж уран бүтээлчийн шинэ дуу гарчээ гэж хэлүүлмээр байна.

-Аль нэг студи, продакшнд харьяалагдах бодол бий юү?

-Яг одоогоор шийдээгүй л байна. Мэдээж залуу уран бүтээлчийг тоож, хамтран ажиллах санал тавибал цааргалалгүй хүлээж авна. Гол нь болзол, нөхцөл нь тохирвол шүү дээ. Одоогоор дуугаа өөрөө зохиож, бичлэг, хөгжмийн найруулга, тохируулгаа ч өөрөө хийдэг. Цаашдаа уран бүтээл тууштай хийх болохоор сурах зүйл ч их байна.

-Ямар үед шинэ санаа, сэдэл төрдөг вэ?

-Янз бүр. Хэвтэж байхад, усанд орж байхад ч төрнө. Хувцас загварын санаа толгойд үлдчихдэг болохоор дараа нь санахаараа буулгадаг. Зүүдлэх тохиолдол ч бий. Харин дууны санаа тэгж гэнэт орж ирвэл бушуухан л тэмдэглээд авдаг юм.

-Та Шведийн олон реппер, хамтлагийн хувцсыг урлаж, дотно байсан тухайгаа түрүүн ярьсан. Одоо нэгэнт дууны уран бүтээл хийж байгаа юм чинь тэдэнтэй хамтран дуулах бодол бий юү?

-Ярьж л байна. Гэхдээ яг таг шийдсэн зүйл алга. Миний дуунууд тэдэнд таалагдсанд их баяртай байгаа. Олонх уран бүтээлч, гадаад найз минь намайг дуулж чаддагийг мэдэх ч уран бүтээл хийгээд цацчихна гэж төсөөлөөгүй гэсэн.

-Таны зохиосон загварууд этгээд, авангард тал руугаа байдаг атал дуунууд тань намуухан, амар амгаланг мэдрүүлэхээр юм билээ.

-Загварууд минь этгээд ч, түүндээ мөн л амар амгалан, энх тайван байдлыг шингээхийг зорьдог. Дуундаа ч тэр. Аль болох хүмүүсийн хийж буйгаас өөр байж, тренд болсон үг хэллэгээс ч зугтдаг. Хар бараан сэдвийг дөвийлгөхгүй байхыг хүсдэг. Миний дууг өсвөр насныхан ч сонсох учраас үг, сэдвээ маш сайн бодох хэрэгтэй. Хүмүүсийн аливааг харах өнцөг өөр. Тиймээс тренд, брэнд, моод хөөхөд дургүй. Харин ч хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, түүнийгээ товойлгож чаддаг байвал хавьгүй гоё.

-Хувцас загвар, дуу зохиохын аль нь илүү ярвигтай вэ?

-Ялгаагүй ээ. Сэтгэл, ухаанаасаа ургуулдаг болохоор аль алийг нь л сайн бүтээл болгохын төлөө хичээдэг. Яах вэ, арга, ажиллагааны хувьд багаасаа зурсан болохоор загвар гаргахдаа түүртдэггүй. Харин дуулах авьяасаа улам хөгжүүлэх, дадлага хийх, бичих чадвараа сайжруулах хэрэгтэй. Хичээж л байна.

-Аль алийг нь хослуулан ажиллахад хэцүү байна уу?

-Яваандаа түүртэх шинжтэй байна. Дараагийн цуглуулгаа танилцуулах санаатай шинэ загваруудаа гаргаж байгаа юм. Түүнийхээ хажуугаар шинэ дуунуудын бичлэгт орж байгаа болохоор нэг л их завгүй хүн л явна. Хийх ажлаа маш сайн төлөвлөж, зохицуулахыг хичээж байна даа.

-Таны урласан хувцсыг хэн нэгэн өмсөөд явах, таны дууг хүмүүс сонсож байхыг харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Эдгээр тохиолдолд төрдөг мэдрэмж харин өөр шүү. Миний загварыг өмссөн хүнийг харахад “Wow, энэ хүнд миний шийдэл таалагдаж дээ” гэж боддог. Дууны талаар хүмүүс сэтгэгдлээ хэлэхэд баярладаг шүү. Миний хийсэн уран бүтээлийг дуурайх биш, сэдэл аваасай гэж хүсдэг. Загвар ч тэр, дуу ч тэр.

-Өдөр тутмын болоод тайзны бүх хувцсаа өөрөө урладаг уу?

-Ихэнхийг нь. Үнэхээр таалагдсан хувцас таарвал худалдаж явдаг. Үгүй бол өөрөө хийчихнэ. Олон хэрэггүй зүйл худалдаж авахаас илүүтэй цөөн хэдэн чанартай хувцсанд өөрийн энергийг хадгалбал зохистой гэж бий боддог юм. Тийм ч болохоор цуглуулгадаа олон янзаар загварчлан өмсөж болохуйц, маш чанартай хувцаснууд багтаасан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

Илгээх

Энэ тухай