М.Цэрэндорж: Ах нь насаараа “шүдлэн дарга” явлаа

“Хөгжим бүжгийн” захирал М.Цэрэндорж гэж ажил үйлс, ааш зан, төрх байдлаараа үлгэр болсон багш байдаг юм. Тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн. Боловсролын, урлагийн салбарынхны анддаггүй энэ буурал цагтаа 120 оюутан удирдан, найман км төмөр замын дэр мод тавилцаж явсан гэдгийг дуулсан хүн цөөн болов уу.

Адал явдлаар дүүрэн он жилүүдийнхээ тухай дурсан ярихдаа “Хүний амьдрал зүй тогтлоор явдаг байлтай. Гэтэл минийх тохиолдлоор баялаг байлаа” хэмээнэ билээ.

А.Цэрэндорж багшийнх нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Саруул” хотхонд байдаг аж. Хоёр хөгшин гэлтгүй хүүгийнх нь орчин үеийн, цэвэр, тохитой байраа “голжээ”. Үнэн хэрэгтээ байраа бус, байршлыг нь, улмаар хот төлөвлөлтийн алдаатай бодлогод шүүмжлэлтэй хандаж буй ажээ.

Өвгөн багш “Хүн гэдэг чинь амьдрах нөхцөлөө сайжруулах гээд зүтгээд байдаг юм байна. Манай хүүгийнх гоё байранд орно гээд энд ирсэн. Удалгүй мань хоёрын, Циркийн зүүн талын хуучин байр руу явсан. Энд сургууль, цэцэрлэг байдаггүй. Манай ойролцоо “Жаргалан” хотхон, “Дүнжингарав”, “Баян Монгол” хороолол бий. Гэтэл энэ олон айлын дунд нэг ч сургууль байхгүй шүү. Ийм байж болох уу. Хот төлөвлөлт гэж энэ үү.

Хувийн цэцэрлэг гэж айлын байранд хэдэн хүүхэд шахчихсан байдаг бололтой. Эрүүл ахуйн шаардлага хангадаг юм уу. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ хүрэлцээтэй юү гэдгээс авхуулаад хүүхдийн чөлөөтэй гүйж харайх, тоглох орчин байхгүй цэцэрлэг гэж юу байх вэ дээ. Сургууль, цэцэрлэг гэхгүйгээрээ хөгшин бид хоёр энд нь байж байна” хэмээн ярьж сууна. Санаж бодсоноо хэлж байж санаа амрах нь хүний араншин.

Түүнтэй санал нэг байгаагаа хэлээд Ардын багшийн туулсан замналыг сонирхож, Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийнх нь талаар мэдэх гэснээ хэлж ярилцсан юм.

-Та хоёр зүгээр суухгүй улс. Ном, бүтээл “нухаж” байна уу?

-Бид хоёр зүгээр суугаагүй ээ. Маань уншихаас бусдыг хийж байна (инээв). Арваад жилийн өмнө “Урлагийн сэтгэл зүй” гэдэг ном эхлүүлсэн. Дуусдаггүй. Уг нь их хэрэгтэй сэдэв.

Хараа муудаж байгаа болохоор эмч цаас бүү шагай, зурагт ч үзэх хэрэггүй, зөвхөн сонсож бай гэсэн. Хөгжим бүжгийн сургуулийнхаа 70 жилийн ойд зориулж сургуулийн түүх базаж ном бичсэн. Мөн сүүлд баримтат киноны зохиол бичлээ. Түүнээс хойш тааваараа байна. Хааяа шатар, даам тоглоно оо.

-Та өөрийгөө насаараа “шүдлэн дарга” явлаа гэлээ. Хэзээ, хаана тэр вэ. Ажил, амьдралынхаа түүхээс товчхон сонирхуулах уу.

-Би бага ангийн багш, Боловсролын яаманд байцаагч, тав, зургаан сургуульд хичээлийн эрхлэгч, захирал, мөн эвлэлийн хорооны болон намын дарга зэрэг ажил хийж ирсэн. Багш, сурган, сэтгэл судлалын мэргэжилтэй. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Тэндээ бага сургуульд сурч байхдаа нутгийн хүүхэд цэргийн сургуулийн сурагч болсон байхыг хараад дурлаж, аав ээждээ “Энэ сургуульд оръё” гэж хэлж зүтгэсээр хотод ирсэн юм.

Ингэж Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн сургуулийн сурагч болоод, хэдэн жил болж байтал төрөөс татан буулгачихсан. Суралцагсдыг ийш тийш нь хуваарилахад би Багшийн сургуульд орсон түүхтэй. Тэр сургуулиа 1954 онд бага ангийн багш мэргэжлээр төгсөөд байтал Эвлэлийн төв хорооноос дуудлаа. Толгойт орчмын хэд хэдэн байгууллагын эвлэлийн үүрүүдийг нийлүүлж хариуцах хороон дарга бол гэсэн үүрэг өгөхөөр нь “Би өөрийн бодолтой. Монгол хэлний заах арга зүй сонирхож, энэ чиглэлээр ажиллах бодолтой байгаа” гэж хэлтэл Пүрэвжав дарга “Гар” гэж уурладаг юм байна. Үүний дараахан намайг Туйпуун заводын сургуулийн бага ангийн багшаар томилсон байлаа. Ажлын гараагаа ингэж эхэлсэн.

Энэ үед анхны ханьтайгаа учирсан. Амьдралд минь олон талаар тус болсон Хотын намын хорооны дарга байсан Б.Алтангэрэлтэй танилцсан даа. Дараа нь 13 дугаар сургуульд ажиллахад энд тэндээс шилжүүлж авчирсан 30 хүүхэд дээр олон удаа анги улирсан 10 гаруй сурагчийг нэг анги болгоод хариуцуулж өглөө. Дөрөвдүгээр ангийн сурагчид мөртлөө уншиж чадахгүй нь ч байлаа. Тэр хүүхдүүдийг яаж сургахаа мэдэхээ байгаад Цэвэгжав багшаасаа зөвлөгөө авав. Тэгэхэд багш ангиа гурван анги мэт хувааж, эхний хэсгийн хичээлийг явуулах журмаараа, дараагийнхад нь нэмэлт хичээл өгөх байдлаар, гурав дахь хэсэгтэй нь бүр ахиу тулж ажилла гэлээ.

Зөвлөсний дагуу ажиллаж байтал нэг өдөр тухайн үеийн хотын сургуулиудын намын хорооны дарга дууддаг юм байна. Яваад очтол “За, чи яахаараа хүний хүүхдүүдийг мангар, тэнэгээр нь групп болгож хуваадаг юм” гэж асууж, загналаа. Шууд сургууль руу залгаж манай ангийн эцэг эхийн хурал зарлаж байна шүү. Аав, ээжүүд олноор иржээ. Намайг хуралд оруулахгүй гэж байснаа “За, сууж байхгүй юу даа” гэж зөвшөөрсөн юм. Дарга “Баатарын аав Дамбажав гэж хэн бэ, байна уу” гэж байна. Хоёр удаа улирч орж ирсэн хүүхдийн аав гомдол гаргажээ.

Энэ багш хүүхдүүдийг юм ойлгодог, үгүйгээр нь хувааж байна, алаг үзэж байна гэсэн байгаа юм. Тэгэхэд нь дарга нар учрыг тунгаагаад “Энэ багш уг нь өдөрт дөрвөн цагийн хичээл заах нормтой. Гэтэл та бүхний сурлагаар хоцорсон, уншиж чадахтай, үгүйтэй хүүхдүүдийг сургах гэж долоо, найман цаг ажиллаж байдаг, та нар матаас бичиж байх гэж” загнав. Үүнийг сонссон эцэг эхчүүд өнөө хүнийг загнаад сүйд боллоо. Үүний дараахнаас манай ангийн хүүхдүүдийн сурлага эрс сайжирсан юм. Эцэг эхчүүд их сайн, хүчтэй тусалбал хүүхдүүд дорхноо сайжраад ирдэг юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн.

Өнөө “нойл” хүүхдүүдийн анги арифметик, монгол хэлний сургалтаар сур гуульдаа нэг, хоёрдугаарт жагсаж, дараахан нь сурлагын үзүүлэлтээр хотод тэргүүлэв. Тэр үед “Залуучуудын үнэн” сониноос ирсэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Эрүүл саруул хүүхдийг анги улираах нь гэмт хэрэг мөн” гээд хэлчихэв ээ. Ингэж хэлснээр би нэг талаар мандаж, нөгөө талаар дарга нарын амны “бай” болсон доо. Залуу ч байж, ажилдаа дуртай ч байж. Түүнээс хойш арга зүй сайтай гэж үзсэн үү, нэг өдөр мөн л дарга дуудаж, Боловсролын яаманд байцаагч болголоо. Багшилж 440 төгрөгийн цалин авч байсан хүн 700 гаруй төгрөг авах болохдоо баярлаж, мөн л ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажилласан.

Тэндээ гурван жил болоод байтал “бүдүүн” хэмээх Д.Гомбосүрэн гэдэг хүн “Хэдий болтол байцаагч байх гэсэн хүн бэ. Сургуульд яваач” гэлээ. Би ч тийм бодолтой болоод байсан үе. Одоогийн улстөрч М.Энхсайханы аав, яамны нэгдүгээр орлогч байсан Мэндсайхан гуай дуудаж, “Чамайг ЗХУ-д явуулж орос хэлний багш мэргэжлээр сургана” гэхээр нь “Орос хэлний багш болохгүй” гээд бодлоо хэллээ.

Тэгсэн удалгүй Эрхүү хотын Багшийн дээд сургуульд сурган, сэтгэл судлалын чиглэлээр сурах уу гэхээр нь явсан. Ингээд л сурганы, сэтгэл судлалын мэргэжилтэй болсон. Гэхдээ энэ мэргэжлээрээ цөөхөн жил ажилласан. Дандаа түрүүн хэлсэнчлэн “шүдлэн дарга”-ын ажил хийж иржээ.

-Архангай аймагт ямар ажил хийж байсан юм бэ. Тамирын цагаан ааруул тэндээс явуулдаг, ажил амьдралын минь зурвас үе тэнд өнгөрсөн гэхээр тань асуулаа.

-Тэндхийн Багшийн сургуулийн захирлаар томилсон юм. Ажил сайжруул гэсэн. Тэнд жил гаруй ажиллаад тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын дээд, тусгай дунд боловсролын хороон дарга байсан Д.Цэвэгмид гуайд учир ярьж байж хотод ирсэн юм. Тэгтэл шууд Хөгжим бүжгийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилчихсон.

“Би яаж хөгжмийн сургууль удирдах юм” гэхэд “Чамайг хөгжим заа гээгүй. Сургууль удирд гэж байна” гээд илгээсэн дээ. Тэгж энэ сайхан сургуультай амьдралаа холбож 19 жил ажиллахдаа 17 жил нь захирал байлаа. Хөгжмийн сургуулийн захирлаар олон жил ажилласан болохоор намайг хөгжмийн мэргэжилтэй гэж боддог хүмүүс байдаг юм билээ. Сургуульдаа сэтгэл зүй заадаг байсан.

Заримдаа багш орлож хөгжмийн уран зохиолын хичээлийн орчуулагч багшаар ажиллана. Хөгжим бүжгийн сургуулийн захирал болох хүртэл явж ирсэн замнал адармаатай. Дандаа л яаманд, даргад дуудагдаж, ийш тийш томилогдож явлаа.

-Захирлын ажил гэдэг аж ахуй, зохион байгуулалт талын, одоогийнхоор бол менежерийн ажил уу?

-Яг тийм. Сургалтын том ажлууд тухайлбал, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлт хэр зэрэг явж байна гэдгийг хянаж явна. Сургууль, сургууль шиг байх үгүй нь аж ахуй талаас их хамаардаг.

-Арай том дарга болъё гэж бодож байсангүй юу?

-Би дарга нартай шулуун, шударга ярьчихдаг, дургүй байгаа бол хэлчихдэг хүн байсан юм. Тийм болохоор ахиулдаггүй байсан юм гэнэ лээ. Сүүлд хүмүүс хэлж байсан. Жишээ олон доо. 1959 оны хавар, Багшийн сургуулийн эвлэлийн хорооны дарга байхад намайг МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пүрэвжав дуудлаа.

Яваад очтол “Заагуур мод ав, газрын зураг дээрээс Ерөө голыг олоодох” гэж байна. Олоод, заалаа. Багадаа “Офицерийн сургууль”-д сурч байхдаа газрын зураг дээр ажиллах хичээл заалгадаг байсан хүн чинь шууд л “Энэ байна” гэлгүй яах билээ. Пүрэвжав дарга нэлээд эвгүй харилцаатай хүн байв. Олон юм ярьсны эцэст Багшийн сургуулийн 120 оюутнаа хариуцаж Ерөө гол дагуу төмөр зам тавих ажил хий гэлээ. Чулуу зөөх, дэвсэх, элс, хайрга ачих, буулгах, дэр мод өргөж тавих, тэр бүү хэл рейлсүүдийг ч өргөж тавих ажил юм.

Сонсож байгаад “Манайх багш бэлтгэдэг сургууль. Ийм ажилд оюутнуудыг дайчилж болох юм болов уу даа. Сургуулийн захиргаа эсэргүүцэхгүй бол би удирдъя” гээд гарсан. Тэр үгэнд том дарга их эгдүүцсэн шиг байгаа юм. Ингэж 1959 оны хавар “Майн 1”-ний маргааш атар газар эзэмших залуучуудын хөдөлгөөн эхэлсэн өдөр Багшийн сургуулийн төмөр зам тавих багш, оюутнууд замд гарч байлаа.

Төмөр зам тавих маш хэцүү ажил юм билээ. Багш, оюутангүй өөдгүй цагаан гартнууд гэдгээ тэнд мэдсэн. Чулууны ажил хийхэд зориулж бээлий 15 хоногийн хугацаатай тавьж өгнө. Өнөөх нь хоёр хоноод урагдчихна. Улаан гараараа зүтгэж байлаа. Багшийн сургууль гэдэг маань техникум учир долдугаар анги төгсөн хүүхдүүд элсүүлдэг. Газар газраас ирсэн 16-тай жаалууд тэр хүнд ажлын ард гарсан даа.

-Хөгжим бүжгийн сургуулийн захирлын ажлаа хэзээ өгөөд, дараа нь ямар ажил хийсэн бэ?

-1992 онд гоц авьяастай хүүхдүүдийн 93 дугаар сургуулийн захирлаар ажиллаач гэхээр нь очсон юм. Сүүлд 2001-2003 онд “Хөгжим бүжиг”-ийнхээ хичээлийн эрхлэгчээр бас ажиллаадах сан. Олон жил удирдсан болохоор тэр байх, насаараа энэ сургуулийнхаа төлөө явлаа. Үзэлцэхдээ үзэлцэнэ. Сургуулийн хаягийн тухайд элдэв яриа гарлаа гэхэд л сэтгэл хачин болж байдаг. Бараг өвчин шахуу болчихож дээ. Намайг муу хэлбэл тоодог ч үгүй, сууж л байна.

-Хөгжим бүжгийн сургууль 1987 онд “Алтан гадас” одонт болсон юм билээ. Захирлын хувьд их хөөцөлдсөн үү?

-1981 онд тусгай мэргэжлийн дунд сургуулиудын дунд улсын хэмжээнд зарласан уралдаанд манай сургууль түрүүлсэн нь нэлээд нөлөөлсөн байсан.

-Тэр жил та Гавьяат багш болсон юм билээ.

-Тэгсэн.

-Одоо бол Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болсон. Бага, дунд ангийнхныг Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллежийн сурагчид гэж байгаа юм билээ. Ингэх нь зөв үү?

-Зөв. Одоо бол дөрвөн шатны сургуулийг нэг дор шавааралдуулсан байдалтай байна. Бүжгийн, циркийн ангийг тусад нь сургууль болгох хэрэгтэй. Монгол Улсын Консерваторийн дэргэдэх Бүжгийн коллеж, Циркийн сургууль гэж зохион байгуулбал зохино. Циркийн сургууль найруулагч, багш гэж бэлтгэдэггүй, зөвхөн тусгай дунд боловсролтой хүмүүс төгсгөдөг.

Хөгжмийн бэлтгэл шатыг оросоор бол ДМШ (Хүүхдийн хөгжмийн сургууль)юм уу, ЦМШ (Хөгжмийн төв сургууль)-ийн хэлбэрээр байгуулах хэрэгтэй. ЦМШ бол бие даасан, ерөнхий эрдмийн сургалт ч явуулдаг, мэргэжлийн хичээлүүдийг ч заадаг сургууль. ДМШ нь сурагчдынхаа ерөнхий боловсролын эрдмийг жирийн сургуулиудад заалгаад, харин мэргэжлийн хичээлийг хөгжмийн сургуульдаа явуулдаг зохион байгуулалттай. Ялгаатай байгаа биз.

Тэгэхээр хөгжмийн ангиудаар бас тусгай дунд сургууль байгуулах ёстой. Энэ нь мөн Монгол Улсын Консерваторийн дэргэдэх сургууль байна. Ингээд аваад үзэхээр Консерватори дэргэдээ даруй дөрвөн тусгай сургуультай байхаар байгаа биз, уг нь номоороо бол. Би үүнийг 1975 оноос хойш ярьж байгаа юм.

Ядахдаа техникумыг нь бие даасан байртай болгочихъё, коллежийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль гэж нэрлээд ч юм уу, зохион байгуулъя гэж үзсээр, ярьсаар ирсэн. Өнөө хүртэл бүтээгүй. Тооцоо хийхэд зардал өндөр гардаг л даа. Одоогоор манай засагт мөнгө байхгүй болохоор мөддөө авч хэлэлцэхгүй байх.

-Таны хөдөлмөр, зүтгэлийг төрөөс олон жилийн өмнө үнэлж Гавьяат багш болгожээ. Хэдхэн хоногийн өмнө Ардын багш боллоо. Бидний мэдэхгүй ямар үзүүлэлт энэ цол хүртэхэд нөлөөлсөн бол?

-Боловсролын системд үр бүтээлтэй ажилласан гэж, амжилтуудыг он дарааллаар жагсаасан байна лээ. Би цагаан толгойн зохиогч юм. 1981-1992 он хүртэл улсын хэмжээнд нэгдүгээр ангийн сургалтад мөрдсөн цагаан толгой зохиох үүргийг надад өгөхөд нь би Цэвэгжав багшаа элсүүлж, чиглэлийн мэргэжилтэн Лхахүүг урьж хамтарч ажилласан.

Бид гурав манай Хөгжим бүжгийн сургуульд конторлосоор яамнаас өгсөн үүргийг биелүүлж байлаа. Нийгэм өөр замаар замнах болоход цагаан толгойн агуулгад өөрчлөлт оруул, Ленин, Сүхбаатарын тухай мэдээлэл байх ёсгүй гэхэд нь би багаас гарсан. Америк, Англид ч тухайн тухайн үеийнхээ удирдагчдын мэдээллийг цагаан толгойдоо авч явдаг, түүх түүхээрээ үлддэг гэж тайлбарлаад орхисон.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай