Үүргээ гүйцэтгэдэггүй цоожтой “авдар”-ууд

“Peace mall”-ын зүүн талд байх хогийн савнуудын дэргэд хаягдал овоорчээ

Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд өдөрт 2100-2600 тн хог “үйлдвэрлэж”, жилд дунджаар нэг сая орчим тн хаягдал хүрээлэн буй орчиндоо “нийлүүлдэг” гэсэн статитистик бий. Улаанбаатарчуудын ганц өдөрт ялгаруулдаг хогийн ердөө 200-300 тн нь хаягдал дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн мэдэлд очиж, үлдсэн нь Нарангийн энгэр, Цагаандаваа, Морингийн давааны хөрсөнд (ландфилл технологиор) шингэдэг.

Дахин боловсруулах үйлдвэр, хогийн төвлөрсөн цэг гээд зориулалтын газраа очтолоо хог нэлээд “юм үздэг”. Энд тэнд хөглөрнө, салхи шороогоор туугдан тэнүүчилнэ, зарим нь өмхий үнэр ялгаруулна. Энэ бүхэнд бухимдаж, хотын соёл ярьдаг хүн олон. “Хог хаягдлын менежмент, нэгдсэн зохицуулалт байхгүй нь Улаанбаатарыг дэндүү муухай харагдуулж байна” гэж шүүмжилдэг нь ч цөөнгүй.

Гэтэл ингэж ярьж, шүүмжилдэг шигээ зөв үйлдлээр үлгэрлэдэг хүн хэд билээ гээд бодохоор урам хугармаар. Уг нь бид жаахан сэтгэл гаргаад, дор бүртээ хичээхэд л хот маань хоггүй, цэмцгэр Улаанбаатар болох боломж харагддаг юм. Нутагшуулж, хэрэгжүүлэх гэж зүдрээд буй өнөөх менежментээс илүү чухал зүйл бол иргэдийн хандлага, санаачилга.

Сүхбаатар дүүргийн VI хороо буюу хуучнаар Мэргэжилтний 20-д байрлах “Peace mall” худалдааны төвд хэд хоногийн өмнө очлоо. Төв зам дагуу байдаг болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн ихтэй юм. Гоо сайхан, хувцас, гар утасны дэлгүүр, компьютер засвар, түргэн хоолны газар, фитнесс гээд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ тэнд бий.

“Peace mall”-ын дотоод орчин, гадаад үзэмж нь ч гологдохоор биш. Гэтэл тус төвийн зүүн талд хогон овоолго үүссэн байв. Өнгө өнгийн ууттай хог, хайрцаг хөглөрнө. Хажууханд нь “Хоггүй Улаанбаатар” гэсэн бичигтэй хог хийх зориулалтын төмөр хайрцаг зургаан ширхэг байх аж. Хачирхалтай нь, тэд бүгд цоожтой.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд түгээмэл байдаг жижиг савнуудаас 4-5 дахин илүү багтаамжтай болов уу гэмээр “агуулах”-уудад дэргэд нь ил асгасан хог өлхөн багтчихаар харагдсан. Гэтэл хэн нэг нь түүнийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болгосноос худалдааны төвийн гадна хогийн бичил цэг үүсчээ.

Энэ савнуудыг хэн хариуцаж, ямар учраас цоожилдог, байнга ийм байдаг, эсэхийг тэнд худалдаа эрхлэгч Н.Тодбаясахаас асуухад “Дүүргийн ТҮК-ийнхэн хариуцдаг юм шиг байна лээ. Өдөр цугларсан хогийг оройд ирээд хамчихдаг. Энэ төмөр хайрцагнууд нь байнга л цоожтой байдаг юм. Хогоо хадгалаад байлтай биш, гадаа гаргаад, хажууд нь ил тавьдаг. Өөр аргагүй.

Дотор бөөгнүүлчихээр эвгүй үнэр танар гараад, аягүй бол үйлчлүүлэгчид нь зугтана биз дээ. Онгорхой хаячихаар хүмүүс аваад явчихна гээд хогийн савнуудаа цоожилдог гэсэн. Одоо цаг хэцүү болсон. Нэг хадаас, сул төмөр байсан ч хүн авчихдаг гэв. Түүнтэй зэргэлдээ гоо сайхны бараа худалддаг бүсгүй ч “Өө, хогийн хоёр, гурван сав алга болсон гэсэн. Зарим нь хашаандаа аваачаад, тавьчихдаг юм байгаа биз. Тэгээд хаширлаад цоожлоод байна, цаадуул чинь” хэмээсэн.

Тус худалдааны төвд өчигдөр очиход ч өнөөх савнууд цоожтой, хажууд нь хог хөглөрсөн хэвээр байв.

Байнга “үдээтэй” байдгаас хог хийх бус, зөөх үүрэг гүйцэтгэх болсон ийм хайрцаг нийслэлд хаа сайгүй байдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа хэллээ. Тэрбээр “Хогийн савыг цоожлох гэж бус, хаягдлыг зориулалтын газар нь түр хадгалах зорилгоор тодорхой газруудад байршуулж, улсын төсвөөр худалдаж авдаг баймаар.

Гэтэл хотын төвд байршуулсан хогийн савнууд нь бүгд цоожтой, хаягдлууд нь ямар ч ангилан ялгалтгүй, ТҮК-ийн машинууд ирж ачтал орчноо бохирдуулж байна” хэмээн ихэд бухимдангуй өгүүлэв.

Манай сурвалжлах баг уржигдар цөөн газраар явахад “Peace mall”-ынхатай ижил дүр зураг харагдсан. Сүхбаатар дүүргийн X хороо, III сургуулийн хойно, Баянгол дүүргийн XV хороонд орших “Билэг” их дэлгүүрийн хажууд, Сүхбаатар дүүргийн VIII хорооны “Blue mon”, “Өргөө-2”-ын уулзварт цоожтой ийм савнууд хадгалаатай байв.

III сургуулийн ойролцоо ТҮЦ ажиллуулдаг Т.Мөнхсан “Зай талбай бага болохоор хогоо аль болох гаргаж, гадаа тавьдаг. Хогийн савнууд нь цоожтой учраас заримдаа хажууд нь, эсвэл дээр нь орхидог. Хотын төвд байдаг үнсний сав шиг “юмнууд”-ыг иймэрхүү том саваар солих хэрэгтэй. Гол нь цоожилж болохгүй” гэсэн юм. Тэнд буй цоожтой савнуудын дэргэд тийм ч их хог хурдаггүй, ойр хавийн дэлгүүрийнхэн л хоосон хайрцаг, хөөсөнцрөө хаядаг гэж тэрбээр хэлэв.

Хог агуулах савнуудад цоож зүүсэн нь ТҮК-ийнхны буруу ч монголчуудын, тэр дундаа нийслэлчүүдийн таагүй хандлага бас нөлөөлж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай гэлтгүй орц, орон сууцны хорооллуудын дунд байршуулсан бункерийн гадна иргэд хогоо ил, задгай орхих нь түгээмэл. Зориулалтын сав байсаар атал дөхүүлээд орхичихдог хойрго хүмүүст цоожтой “авдар” амар санагдаж ч болох юм.

Хэрэв иргэд “Бид хогоо зориулалтын саванд нь хийе. Хогоо ил, задгай хаяж, орчноо бохирдуулмааргүй байна” гэж шаардлага тавивал хот тохижилтынхон хүлээж авахгүй гэхгүй л болов уу. Дуугүй, хүлцэнгүй байгаа нь энэ шийдлийг нь дэмжиж буйгаас ялгаагүй.

Хог хаягдлын тухай хуулиар бол зориулалтын сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаявал иргэнийг 50, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох журамтай. Нийслэлийн тохижилт, хог хаягдал хариуцсан холбогдох байгууллагын мэргэжилтнүүд энэ хуулийн заалтыг ярих, иргэдэд сануулах их “дуртай”. Хогоо ил задгай хаявал, шатаавал ингэж ч торгоно, тэгж ч шийтгэнэ гэдэг. Гэтэл хог хийх зориулалтын савнууд нь цоожтой буйг юу гэж ойлгох вэ.

Та бүхэн нийслэлээ үнэхээр л цэвэр цэмцгэр, хоггүй байлгая гэж хүсдэг бол үүргээ гүйцэтгэдэггүй цоожтой “авдар”-уудаа эхлээд онгойлгочих. Харин иргэд хогийн савны амыг нь олоод, хаягдлаа хийгээд хэвшчих хэрэгтэй. Дараа нь хоггүй Улаанбаатар болох тухай ярьцгаая.


Энэ тухай