Жинхэнэ ахлагч

Төрөлх багтаа үнэнч байх уламжлалыг Британийн хөлбөмбөгчид ягштал мөрддөг. Тэр дундаа “Манчестер Юнайтед” клубийн тоглогчид онцгой. Энэ уламжлалыг нэр төртэй залгуулж ирсэн хүмүүсийн нэг бол Гари Нэвилл юм.

Тэрбээр МЮ-гийн хамгаалагчаар бүтэн 19 жил тоглохдоо Английн аваргаар наймантаа шалгарч, Аваргуудын лигт гурван удаа түрүүлсэн гайхалтай амжилтад хүрсэн. Түүнчлэн МЮ-гийн бүрэлдэхүүнд 602 тоглолт хийн Райан Гиггзийн рекордын дараа орох амжилт үзүүлэн, унаган клубийнхээ түүхэнд нэрээ үлдээсэн.

Тэрбээр МЮ-гийн төдийгүй Английн хөлбөмбөгт тодоор бичигдэх баруун жигүүрийн хамгаалагч юм. Улсынх нь шигшээ баг хамгаалагчийн гачаалалд орох үед гагцхүү тэр л төмөр мэт бөх, ширэм мэт бат байж, баруун жигүүрийг хамгаалж зогсдог байлаа. Тиймээс улс даяараа түүний зориг тэвчээрийг шагшин магтсаар ирсэн. Гаригийн МЮ дэх мэргэжлийн хөлбөмбөгчний замнал 1992 онд эхэлсэн.

Тэр жилийн UEFA-гийн цомын тэмцээнд Оросын “Торпедо” багтай хийсэн тоглолтоос ах дүү Нэвилл болон Бекхэм, Скоулз, Батт, Гиггз тэргүүтэй МЮ-гийн алтан жаалуудын эрин эхэлсэн түүхтэй. Тэр тоглолтоос хойш Гари клубийнхээ үндсэн тоглогч Паркерыг баруун жигүүрийн хамгаалагчийн байрнаас ховх цохиод зогсохгүй, хэдхэн сарын дараа Английн шигшээгийн үндсэн тоглогч болон дэвшлээ. Үүнд Фергюсоны оруулсан хувь нэмэр асар их билээ.

Тэрбээр Кантона тэргүүтэй хуучны одод уван цуван спортоо орхиж байгаагаас үүдэн шинэ залуусыг төрүүлэх бодлого баримтлах болсон. Энэ бодлогоо Гиггз болон Нэвилл дээр түшиглэхээр шийдэн тэднийг тоглолтод аль болох олон оролцуулахыг эрмэлзэж байв. Гари дасгалжуулагчийнхаа итгэлийг тэр дор нь олж, шинээр төрөн гарч буй залуусын туг нь болон намирах болжээ. Мэдээж тэр Гиггз шиг хурц од байгаагүй, болоо ч үгүй.

Гагцхүү хүнд үед тэнцвэрээ хадгалах, хэцүү мөчид хамт олноо аврах тал дээр онцгой байснаараа далд фронтын баатар байлаа. Жишээ нь, үе үе алдаа гаргах Бекхэмийн ар талыг найдвартай хамгаалан, Дэвид рүү чиглэх шүүмжлэлийн шуургын хүчийг сулруулах ажлыг сайн хийсэн. Тиймээс супер од болон гялалзсан Бекхэмийн өсөлт дэвшилд Гаригийн оруулсан хувь нэмэр асар их юм. Багаа удирдан жолоодох авьяас нь ийнхүү эртнээс илэрсэн тул хөгжөөн дэмжигчид түүнийг МЮ-гийн ирээдүйн ахлагч хэмээн үзэх болжээ.

Энэ ойлголт 2005 онд бодит ажил болсон. Багийг олон жил ахалсан Рой Кин явангуут дасгалжуулагч Фергюсон туузыг Невиллд гардуулсан юм. Кин сайн ахлагч байсан гэдэгтэй хэн ч маргахгүй ч Невилл түүнээс илүү ноён нуруутай удирдагч гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байлаа. Учир нь Ройг бодвол Гари асуудалд уужуу хандахыг хичээнэ. Дээр нь хамт олны дотор үл ойлголцол үүсэхэд тэр дор нь зохицуулдаг чадвараараа Фергюсоны хайрыг татав. Ийм л ахлагчийг Сэр Алекс хүсэж байжээ.

Үнэхээр ч Гари ахлагчийн тууз зүүх болсноос хойш МЮ амжилт өөд улам хүчтэй тэмүүлэх болов. Олон арван хожил авахын дээр улсын аварга, цомын тэмцээнүүдэд түрүүлсэн нь багийн ахлагчийн ур дүйтэй салшгүй холбоотой билээ. Гэвч 2010 оны есдүгээр сард багийн ахлагчийнхаа туузыг өөр хүнд шилжүүллээ. Ингэхээс ч өөр арга байсангүй. Ахлагч хүний хамгийн наад захын шалгуур бол үндсэн бүрэлдэхүүний тоглогч байх. Гэтэл тэрбээр үүнийг давахаа байжээ.

35 настай хүн 20 гарсан залуустай эн тэнцүү өрсөлдөж чадахгүй нь мэдээж тул тэрбээр ийнхүү сэлгээний тоглогчийн статустайгаа эвлэрсэн. Гэтэл удалгүй сэлгээнд суух орон зайгүй болж эхлэв. Байдал ийм байхад заавал зуны улирлыг хүлээгээд яах вэ гэж дасгалжуулагч Фергюсонтой ярилцаад 2011 оны хоёрдугаар сард спортоо орхих шийдвэр гаргасан.

Тэрбээр “Манчестер Юнайтед” клубт хамгийн олон жил тоглосон бүх үеийн үзүүлэлтийн хоёрдугаарт бичигдэж байна. Энэ бол уламжлалыг тэргүүнд тавьдаг британичуудын хувьд цол гуншингаас ч өндөр үнэлэгддэг амжилт билээ. Өдгөө тэрбээр “Sky sports” телевизэд хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж байна. Тэндээ мөн л лидер. Хамгийн мэргэн тайлбар, хурц шүүмжлэл хэлдгээрээ алдаршиж буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай