Шинэ одын “гэгээ”

Ө.Пүрэвсүрэн залуучуудын ААШТ-ээс хүрэл медаль хүртэв

Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямар байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлснээс хойш найман сар шахам хугацаа өнгөрчээ.

Өнгөрсөн хугацаанд хоёр гол баатрын маань нэг нь их спортын шинэ од болон гялалзах сууриа тавьж, бүдэгхэн гэрэл цацруулж эхэлсэн бол нөгөөх нь ацан шалаанд оруулсан хүнд сонголтын өмнө очсон ч чөлөөт бөхөд залуу насаа зориулах шийдвэр гаргалаа. Чамгүй олон үйл явдлын гэрч болж, урган төлжиж, өсөн дэвжиж буй нэгэн үеийнхний ялалт, ялагдлын мэдээг баяр, гунигийн нулимстай нь хамт хүргэсэн амжилт, бахархал, үйл явдлаар дүүрэн цуврал сурвалжилгынхаа сүүлчийнхийг хүргэж байна.

УРА, Ө.ПҮРЭВСҮРЭН ШИНЭ ДЕЛИГИЙН ТЭНГЭРТ ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ МАНДУУЛЛАА

Ура, баяртай мэдээ. Ө.Пүрэвсүрэн маань чөлөөт бөхийн залуучуудын ААШТ-ээс хүрэл медаль хүртэж, Төрийнхөө далбааг Шинэ Делигийн тэнгэрт мандуулжээ. Энэ сарын 17-22-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон уг тэмцээнд Монгол, Иран, Япон, БНХАУ, БНСУ, Узбекистан, Казахстан зэрэг 18 орны 202 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос Ө.Пүрэвсүрэн маань 59 кг-ын жинд өрсөлдсөн юм.

Зугаатай зуны улирал, баяр наадмыг үл анзааран, хөдөө амьдардаг ээждээ ч очилгүй бэлтгэлийн танхимд хөлсөө урсгаж байсан охины хөдөлмөр үр дүнд хүрсэнд би хувьдаа хөл газар хүрэхгүй баярлаж байна. Өдөр тутмын бэлтгэлийг нь нүдээр харж, түүний хэрхэн хичээж, өөрийгөө дайчлан зүтгэж байгааг сэтгэлээрээ мэдрээгүй бол “Аан, хүрэл медаль уу” хэмээн тоомжиргүй хэлээд өнгөрч мэдэх байсан байх. Гэвч түүнийг ямар нөхцөлд, хэрхэн бэлтгэлээ хийдгийг нүдээр харж, биеэр мэдрэн, уншигчдадаа дамжуулж байсны хувьд тэр их хөдөлмөр талаар өнгөрөөгүйд баяртай байна. Уншигчид маань ч баярлаж байгаа гэдэгт итгэж сууна.

Харин дасгалжуулагч С.Мөнхдуулдах нь шавийнхаа амжилтыг чамлангуй байна билээ. Арга ч үгүй биз. Тэр Ө.Пүрэвсүрэнд асар их найдлага тавьдаг бөгөөд “2020 оны олимпоос өмнө тодроод ирнэ дээ. Шаргуу, тууштайг нь яана. Миний шавь болсноос хойших зургаан жилийн хугацаанд нэг ч удаа бэлтгэл таслаагүй цөөхөн хүүхдийн нэг нь тэр” хэмээн магтдаг юм. Ө.Пүрэвсүрэн ч “Монголоос олимпын аварга эмэгтэй төрөөгүй. Би анхных нь баймаар байна” хэмээдэг том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө зүтгэж, хөдөлмөрлөж чаддаг хэрсүү охин.

Тэр түрүү жил Тайланд улсын Бангкок хотод болсон өсвөрийн ААШТ-ий аварга. Өсвөр үеийн УАШТ-д жинд нь түүнтэй өрсөлдөх хүн цөөн. Ө.Пүрэвсүрэн шиг өсвөр үеийн УАШТ-д таван жил дараалан түрүүлсэн хүн одоо ид барилдаж буй тамирчид, амжилтыг нь домог болгон хэлэлцдэг алтан үеийнхэн дунд ч байхгүй юм билээ. Их амжилт руу тэмүүлж байгаа шавийнхаа хэр хэмжээ, чадал чансааг мэддэгийн хувьд, ирээдүйд нь итгэлтэй явдгийн хувиар С.Мөнхдуулдах дасгалжуулагч Азийн аваргын хүрэл медалийг чамлаж буй хэрэг.

Тэрбээр “Миний шавь нараас Ө.Пүрэвсүрэнгээс гадна хоёр хүү энэ тэмцээнд оролцсон. Ө.Пүрэвсүрэн илүү барилдаж, медалийнхаа өнгийг өөрчлөх, нөгөө хоёр ч хоосон ирэхгүй байх боломжтой байлаа. Алдахгүй газар оноо алдаж, сул барилдсан. Бэлтгэл дутуу байгаа нь харагдлаа” гэв.

Залуучуудын ААШТ-ий өмнөхөн Хорватын нийслэлд болсон өсвөр үеийн ДАШТ-д хүүхдүүдээ авч явсан тул дасгалжуулагч хориод хоног эзгүй байжээ. Түүнийг орлох хүн байхгүй тул хүүхдүүд багшийнхаа захиж хэлсний дагуу бие даан бэлтгэлээ хийж, нэг үгээр бол өөрсдийгөө дасгалжуулсан байна. Хэдэн шавийнхаа амжилтыг ахиулчих санаатай тэмцээнээс тэмцээний хооронд амьсгаадан гүйж, замын зардалд толгойгоо гашилгасаар хөлс үнэртсэн бэлтгэлийн танхимд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг, хотын гангачуудын нэг ээлжийн гутал ч авч хүрэхгүй мөнгөөр бүтэн сарын амьдралаа залгуулдаг хэрнээ чөлөөт бөхийн спорт, өөрийг нь зорьж ирсэн хүүхдүүдэд хамаг сэтгэлээ зориулдаг багшийг хамгийн чухал үед эзгүй байсан гэж буруутгалтай биш.

Тэдний байгаа байдал, боломж нөхцөл л энэ. Ийм байхад хүрэл медаль зүүгээд ирсэн Ө.Пүрэвсүрэнгээр бахархахгүй байхын аргагүй. Угаас охины мөрөөдлийг өвлийн хүйтэн, харанхуй шөнө, хол зам, гудамжны нохой, ер нь юу ч бүдгэрүүлэхээргүй тод, бас хүчтэй юм билээ.

Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан хамгийн сүүлчийн чансаагаар тэрбээр жиндээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй. Бод доо. Хаа холын баруун аймагт, хаягдсан гээд хэлчихэж болохоор хуучин байшинд бэлтгэлээ хийдэг, зав чөлөөгөөрөө айлын хүүхэд харж, ах, эгчийндээ амьдардаг, сар бүрийн 20 мянган төгрөгөөс өөр орлогогүй, хэний ч мэдэхгүй дунд сургуулийн сурагч охин мундгуудтай мөр зэрэгцээд гараад ирлээ шүү дээ.

Түүний өмнө 59 кг-ын жинд дэлхийд чансаагаараа аман хүзүүдэж буй Б.Шоовдор бичигдсэн байна. Аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгох сорилго тэмцээн ирэх сарын 4-5-нд болно. Чансаагаараа тэргүүлж буй арван тамирчин хүч үзэж, түрүүлсэн нь ДАШТ-д оролцох эрх халааслах юм. Аваргыг давж аварга гэдэг. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй эгчийгээ, хүч түрэн гарч ирж буй үеийнхнээ давж байж, бөмбөрцгийн хүчтэнүүд цуглардаг дэвжээнд хүч үзэх болно. Ө.Пүрэвсүрэндээ амжилт хүсье.

ЯЛАГДАЛ ТҮҮНИЙГ ЗОГСООСОНГҮЙ

Реалити сурвалжилгын маань өөр нэг баатар М.Пүрэвтунгалаг энэ онд өсвөрийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Ташкентад болсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Зорилгодоо хүрэх нэг гишгүүр болох учиртай чухал тэмцээнд оролцох эрхээ халаасалсан ч зардал олдохгүй сандаргаж, эцсийн мөчид явахаа болих шийдвэр гаргахын даваан дээр мөнгө нь бүрдсэн талаар бид өмнөх сурвалжилгадаа дурдсан билээ. Охин хүсэж, зорьж очсон тэмцээндээ тавдугаар байр эзэлсэн.

Тэрбээр “Эхний тойрогт эзэн орны хүүхэдтэй таарсан. Хөгжөөн дэмжигчид нь аймаар балиашигладаг юм байна лээ. Танхимд байгаа үзэгчид бүгдээрээ өрсөлдөгчийг маань дэмжиж, орилолдоод байхаар жаахан сандарсан. Тэр нь барилдаанд нөлөөлж, 8х6-гаар ялагдсан. Дараа нь Казахстаны бөхийг оноогоор цэвэр ялсан. Уг нь түүнийг цэвэр дарсан бол хүрэл медаль авчих боломжтой байсан юм билээ. Дүрэмд тийм нарийн ялгаа оруулсныг багш, бид хоёр мэдээгүй. Мэдсэн бол дарчихаж болох л байсан байх” хэмээн харамсангуй ярьсан.

Энэ тэмцээн түүний хувьд тун эгзэгтэй үед болсон гэж хэлж болно. Охин энэ хавар арванхоёрдугаар анги төгссөн. Цаашид чөлөөт бөхөөр үргэлжлүүлэн хичээллэж, их спортод амьдралаа зориулах уу, эсвэл өөр мэргэжил сонгох уу гэдэг салаа замын уулзварт зогсож байхад нь өсвөр үеийн ААШТ болсон билээ.


...Хүүхдүүд багшийнхаа захиж хэлсний дагуу бие даан бэлтгэлээ хийж, нэг үгээр өөрсдийгөө дасгалжуулсан байна. Хэдэн шавийнхаа амжилтыг ахиулчих санаатай тэмцээнээс тэмцээний хооронд амьсгаадан гүйж, замын зардалд толгойгоо гашилгасаар хөлс үнэртсэн бэлтгэлийн танхимд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг, хотын гангачуудын нэг ээлжийн гутал ч авч хүрэхгүй мөнгөөр бүтэн сарын амьдралаа залгуулдаг хэрнээ чөлөөт бөхийн спорт, өөрийг нь зорьж ирсэн хүүхдүүдэд хамаг сэтгэлээ зориулдаг багшийг хамгийн чухал үед эзгүй байсан гэж буруутгалтай биш. Тэдний байгаа байдал, боломж нөхцөл л энэ. Ийм байхад хүрэл медаль зүүгээд ирсэн Ө.Пүрэвсүрэнгээр бахархахгүй байхын аргагүй...


Амьдралын хамгийн чухал хийгээд адармаатай сонголтыг хийхэд цаашид амжилт гаргана гэх итгэлээ лавшруулах хэрэгтэй байсан учраас л уг тэмцээнд явах нь түүний хувьд их чухал санагдсан болов уу.

Гэхдээ М.Пүрэвтунгалаг медальгүй ирсэн ч спортоо орхиогүй. Элсэлтийн ерөнхий шалгалтаа англи, монгол хэлний хичээлээр өгч, хоёуланд нь боломжийн өндөр оноо авсан, хуваарь сонгоход МУБИС-д элсэх боломж байсан ч охин татгалзжээ. Тэр их сургуульд сурахгүй, нутагтаа үлдэж, С.Мөнхдуулдах багшийнхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Одоо М.Пүрэвтунгалаг томоохон тэмцээнд бэлтгэж буй найзуудынхаа бэлтгэлийг хангахын хажуугаар өдөр тутмын сургуулилалтаа хийж байгаа. Ирэх жил их амжилт гаргахын тулд өдөр бүр өмнөхөөсөө ч илүү хичээж яваа.

Нас бие гүйцсэн эрчүүд “танкийн хар” гэгддэг зузаан хөвөнтэй, ажлын хувцастай хэрнээ бээрч байхад цасан дээр нүцгэн зогсож, нүдийг нь орой дээр нь гаргадаг, зун наранд халсан чулуун дээр тоох ч үгүй суучихдаг, нүүр, ам нь тарваганы тосонд халтартчихсан, өтгөн хар үсэнд нь тарваганы өөх наалдчихсан явдаг, нутгийнхандаа “Улаанаагийн онгорхой хар”, “Совингийн савдаг” хэмээн өхөөрдүүлдэг байсан гүдэсхэн боргил, хүнээс гуйхгүй өөрийгөө болгочих гээд чадлаараа үзэж тарж явдаг бие даасан, гүргэр охиноо амжилт гаргана, алдартай тамирчин болно гэдэгт аав, ээж нь итгэдэг. Юу юунаас илүү тэр өөрөө олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг. Тиймээс түүнд ухрах, урвах бодол төрөөгүй аж.

М.Пүрэвтунгалаг “Барилдах насаа дуустал хичээгээд хүссэн амжилтдаа хүрэхгүй бол гадаадад гарч, сурч, ажиллана. Тэр болтол ямар ч байсан барилдана” хэмээсэн. Түүнд хэн нэгэн зөвлөөгүй, өөрөө л ингэж шийджээ.

ТӨГСГӨЛ

Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болно. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ хэмээн эхлүүлсэн “Медальд хүрэх зам” реалити сурвалжилга маань найман сар үргэлжлээд ийн өндөрлөж байна.

Өнгөрсөн хугацаанд Ө.Пүрэвсүрэн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаагаа оролцож, хүрэл медаль хүртлээ. Чансааны оноо олгох “Монголиа опен”-оос медальгүй мултарч, Залуучуудын ААШТ-ээс хүрэл зүүлээ. М.Пүрэвтунгалаг өсвөр үеийн УАШТ-ий 53 кг-ын жинд алтан медалийн төлөөх барилдаанд нэг оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.

Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн тэрбээр аймгийн зүүн урд зах дахь спорт заал, баруун хойно орших гэр хоёрынхоо хооронд өдөр, шөнө, өглөө, оройг үл ажран, жим гартал алхсаны үр дүнд медалийнхаа өнгийг хувиргаж чадсан нь чамлахаар амжилт биш. Охин өсвөр үеийн ААШТ-д медальгүй үлдсэн ч урам хугарч, өөр зам сонгосонгүй. Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн шигшээ багийн хүүхдүүд эхнээсээ насанд хүрэгчдийн ангилалд шилжиж, анхны тэмцээнээсээ медаль хүртэхэд бид хамт байлаа.

Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямар байгааг харуулна гэсэн зорилгоо бид биелүүлсэн хэмээн итгэж байна. Түүнээс гадна их спортод хүч түрэн орж ирэхээр дуншиж буй шинэ үеийнхэн ямар нөхцөлд хэрхэн аж төрж, яаж хөдөлмөрлөж, зүтгэж, ялж, ялагдаж, унаж босож, зарим нь амжилтын гараагаа эхлүүлж, нөгөө хэсэг нь урамгүйхэн ялагдалтайгаа эвлэрч явааг энэ цуврал маань харуулж чадсан болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай