Хамгийн шилдэг нь ах, дүү Кличко

Их спортод амжилт гаргасан ах дүүс цөөнгүй. Мэргэжлийн боксын түүхэнд мөрөө үлдээсэн ах, дүү боксчдыг танилцуулж байна.

КЛИЧКО

Виталий Кличко 1971 оны долдугаар сарын 19-нд төрсөн. Сонирхогчийн боксын 1995 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Мэргэжлийн бокст 54 ялж, тав ялагдсан.

WBO-гийн 1999-2000 он, WBC-гийн 2004- 2005, 2008-2013 оны дэлхийн аварга.

Владимир Кличко 1976 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. 1996 оны олимпийн аварга, 1996 оны Европын АШТ-ий мөнгөн медальт. WBO-гийн 2000-2003 он, 2008-2015 он, IBF-гийн 2006-2015 он, WBA-гийн 2011-2015 оны дэлхийн аварга. Мэргэжлийн бокст 45 ялж, хоёр ялагдсан.

Ах, дүү Кличко боксын бүх үед хамгийн алдартай нь. Тэд карьераа хамтдаа босгосон төдийгүй нэг замаар амьдралын хэв маягаа урагшлуулж ирсэн. Өдгөө ах нь улстөрч, дүү нь Энтони Жошуад ялагдан, хамаг цол гуншингаа алдсанаар спортоо орхисон.

МАРКЕС

Хуан Мануэль Маркес 1973 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. Мэргэжлийн боксоор 46 ялж, гурав тэнцэн, долоо ялагдсан. WBA-гийн 2003-2006 он, IBF-гийн 2003-2005 он, WBC-гийн 2007-2008 он, WBO-гийн 2009, 2012 оны дэлхийн аварга.

Рафаэль Маркес 1975 оны гуравдугаар сарын 25-нд төрсөн. Мэргэжлийнхэд 41 ялж, ес ялагдсан. IBF-гийн 2003-2006 он, WBC-гийн 2007 оны дэлхийн аварга.

Дэлхийн дэвжээнд зэрэгцэн ноёрхож чадсан хэдхэн ах дүү байдгийн нэг нь Маркесууд. Гэхдээ ах нь илүү олон тулаан хийж, олсон туршлагаа дүүдээ өвлүүлж байлаа. Тиймээс нэр алдрын хувьд Хуан Мануэль илүү байж, Пакьяо, Баррера, Мейвейдер, Касамайор, Диас нарын алдартны эгнээнд нэрлэгдэнэ.

ПАКЬЯО

Мэнни Пакьяо 1978 оны есдүгээр сарын 17-нд төрсөн. Долоон өөр жинд дэлхийн аварга болсон цорын ганц боксчин. 2006, 2008, 2009 оны дэлхийн шилдэг боксчин. Мэргэжилд 60 ялж, хоёр тэнцэн, долоо ялагдсан.

Бобби Пакьяо 1980 оны есдүгээр сарын 12-нд төрсөн. Мэргэжилд 28 ялж, гурав тэнцэж, 15 ялагдсан.

Мэннигийн алдар суу хэт их түгсэн учир Боббигийн нэр дарагдаж ирсэн. Тэднийг зүйрлэвэл газар, тэнгэр шиг ялгаатай. Тиймээс дүү нь 2000 онд спортоо орхисон.

ПОВЕТКИН

Александр Поветкин 1979 оны есдүгээр сарын 2-нд төрсөн. Сонирхогчийн боксын 2004 оны олимп, 2003 оны ДАШТ, 2002, 2004 оны Европын АШТ-ий аварга. Мэргэжлийн боксоор 34 ялж, нэг л удаа ялагдсан. Мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин. 2011-2013 онд WBA-гийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан. Уг цолын төлөө ирэх энэ оны есдүгээр сард Британийн залуу од Энтони Жошуатай өрсөлдөнө.

Владимир Поветкин 1980 оны аравдугаар сарын 22-нд төрсөн. Мэргэжийн боксоор зургаан тулаан хийж, зургаа ялсан.

Хүнд жингийн ирээдүйн босоо аварга хэмээн олны итгэлийг хүлээдэг Александр Поветкин дүүтэй, тэр нь мөн боксчин. Владимир Александраас нэг насаар дүү боловч нэлээд хожуу боксчин болсон. Гэвч ур чадвар нь тааруу тул мэргэжлийн боксын зургаан дорой эрийг ялаад спортоо орхисон. Тэрбээр ахынхаа багийн менежментийг хариуцан ажилладаг. Түүний нөлөө Александрын өндөр амжилтад бий.

ХАТТОН

Рикки Хаттон 1978 оны аравдугаар сарын 6-нд төрсөн. Мэргэжлийн боксоор 45 ялж, гурав ялагдсан. 32 нокауттай. IBF-ийн 2005, 2007 он, WBA-ийн 2005, 2007 оны дэлхийн аварга.

Мэтью Хаттон 1981 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Мэргэжлийн рингэд 43 ялалт байгуулж, хоёр тэнцэж, долоо ялагдсан. Хагас хүнд жингийн Европын аварга.

Нэгэн үе тэдний түвшин болоод чансаа адил байлаа. Нэг өдөр ах Рикки огцом чансаа өгссөнөөр дүү Хаттоны нэрийг мэдэх хүн Манчестер хотынхноос өөр байхаа болив. Гэхдээ Рикки дүүдээ анхаарал тавьж байсан тул Мэтью чансаа ахиулах хэд хэдэн чухал тулаанд ялсан. Сонирхолтой нь, тэд анхны тулаанаас спортоо орхих хүртлээ ихэнхдээ “дайнаа” нэг өдөр зохион байгуулдаг байв. Гэхдээ Рикки нь Оросын Костантин Цзюг ялан дэлхийн аварга болж замналынхаа хамгийн том амжилтыг үзүүлсэн түүхтэй.

КОТТО

Мигель Анхель Котто 1980 оны аравдугаар сарын 29-нд төрсөн. 2000 оны олимпын оролцогч. Мэргэжилд 41 ялж, зургаа ялагдсан. WBO-гийн 2004-2006, 2017 оны, WBA-гийн 2006- 2009, 2011 оны, WBC-гийн 2014 оны дэлхийн аварга. Дөрвөн өөр жинд дэлхийн аварга болсон.

Хосе Анхель Котто 1977 оны зургадугаар сарын 22-нд төрсөн. Мэргэжилд 32 ялж, нэг тэнцэж, хоёр ялагдсан.

Алдарт боксчин Мигель Анхель Коттогийн ах муугүй боксчинд тооцогддог. Түүний нөлөөгөөр Котто боксын спортоор хичээллэж эхэлжээ. Түүнд өөр нэг ах бий. Нэр нь Хуан Мигель. Мөн л боксчин байсан бөгөөд сонирхогчийн дэвжээнд нэлээд хэдэн жил тоглосон. Мигель Анхель чухал тулаанууддаа ялан алдрын оргил өөд тэмүүлж байхад дунд ах нь шийдвэрлэх тоглолтууддаа ээлж дараалан дийлдэн чансаагаа уруудуулсаар спортоо орхисон.

ИХЭР СИДОРЕНКО

Владимир Сидоренко 1976 оны есдүгээр сарын 23-нд төрсөн. Сонирхогчийн боксын 2000 оны олимпын хүрэл, 2001 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга. Мэргэжлийн тулаанд 22 ялж, хоёр тэнцэн, гурав ялагдсан. WBA-гийн 2005- 2008 оны дэлхийн аварга.

Валерий Сидоренко 1976 оны есдүгээр сарын 23-нд төрсөн. Сонирхогчийн боксын 2000 оны Европын аварга, 2000 оны олимпод оролцсон. Мэргэжлийн тулаан хийгээгүй.

Ихэр Сидоренкогийн бусдаас ялгагдах онцлог нь ур чадварын хувьд жигд өндөр түвшинд бэлтгэгдсэн. Гэвч Владимир л мэргэжлийн боксын спортод хөл тавьсан байдаг. Тэд мөр зэрэгцэн сонирхогчийн боксын олон тэмцээнд оролцсон бөгөөд олон тохиолдолд хоёулаа түрүүлж байв. Гэхдээ өөр жингийн тамирчид байлаа. Зарим спорт сонирхогчид ах, дүү хоёрын жигд амжилтыг “Нэг нь нөгөөгийнхөө оронд тоглож ялаад байна” хэмээн хардах ч үе байв. Ихрүүд амжилтынхаа дүнд олимпод хамтдаа оролцсон нь боксын төдийгүй спортын түүхэнд ховорт тооцогдох баримт болсон. Гэхдээ Владимир мэргэжлийн боксын WBA-гийн дэлхийн аварга цолыг хүртэж, цолоо гурван жилийн турш нэр төртэй хамгаалсан.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай