Нийтийн сонсгол зохион байгуулсан ч нэг талдаа гарч чадахгүй

УИХ энэ долоо хоногоос ээлжит бус чуулганд бус, нийтийн сонсголд бэлтгэж эхлэх сурагтай. “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдуулан нийтийн сонсгол, эсвэл ээлжит бус чуулган зарлахыг шаардаж буй хүмүүст УИХ-ын дарга М.Энхболд юутай ч нийтийн сонсголоор “бэлэг” барья гэж шийдсэн бололтой. Эрх бүхий хүмүүс нь ийнхүү нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн тал руу хэлбийж буй тул энэ долоо хоногт багтаан товоо зарлаж мэдэх нь.

Тодруулбал, сонсгол зохион байгуулах хүсэлтийг хэлэлцэн товлосноо долоо хоногийн дотор нийтэд зарлах ёстой юм. Улмаар товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдээлэхээр хуульчилсныг баримталбал, наймдугаар сарын эхний хагаст амжуулах магадлал байна.

Гурван жилийн өмнө баталснаас нь хойш УИХ бараг хэрэглээгүй шахам уг хуулийг өөрийнх нь амин сүнс болсон “ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх” зарчмыг удирдлага болгон зохион байгуулж чадах уу.

ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЭГҮЙ ХУУЛЬ

Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсголын зургаан хэлбэр бий. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн шаардаад буй сонсгол ерөнхий хяналтынх. “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна” хэмээн хуульд тодорхойлсон байна.

Уг сонсголыг Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол холбогдох дэд хороотой хамтран зохион байгуулах ёстой бөгөөд тэд бэлтгэл ажлыг бүрэн ханган, хууль, тогтоомжид заасны дагуу хариуцан ажиллах үүрэгтэй. Ингэхдээ сонсголын товыг зарлан мэдээлэх, оролцогчдыг бүртгэхээс авхуулаад даргалагчийг сонгох, түүний эрх үүрэг, дэгтэй холбоотой харилцаа, зохион байгуулалтын бүхий л асуудлыг тэд журам батлан нарийвчлан зохицуулах юм. Тухайлбал, УИХ-аас зохион байгуулах сонсголд холбогдох байнгын, дэд болон түр хорооны гишүүдийн олонх нь оролцоогүй тохиолдолд хүчингүйд тооцох заалт ч бий.

Мөн албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг УИХ-ыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар хаалттай явуулахыг хоригложээ. Хуульд заасныг хөөж, романтикаар төсөөлбөл нэг иймэрхүү.

Төрийн шийдвэрийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийнхээ санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусгах гэсэн “сонсгол” гэх ойлголт, үйл ажиллагааны хэлбэр нь нэг үеэ бодвол бидэнд харьцангуй танил болсон ч тусгайлсан хууль баталснаас хойш УИХ сонсгол зохион байгуулсан туршлага үгүй. Өнгөрөгч оны сүүлчээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсгол (томилгооны) хийх санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулсан ч хийж чадаагүй.

УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй буюу 19 нь гарын үсэг зурсан гэж байсан ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй. Эцэст нь тэд нийтийн сонсгол бус, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын нэг нь өдгөө “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбогдуулан сонсгол хийхийг шаардаж буй Л.Оюун-Эрдэнэ гишүүн. Сонирхолтой нь, тэрбээр Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныхаа төлөө АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийхээ дараа УИХ-ын даргатай “дайн зарлаж” буйгаа мэдэгдсэн юм.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2009 онд “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсгол зохион байгуулсан нь Монголын парламентын түүхэнд анхных байв. Дараа жил нь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар сонсгол зохион байгуулсан. Улмаар ардчилал өндөр хөгжсөн орнуудын хууль тогтоох үйл ажиллагааны нэг чухал хэрэгсэл хэдийнэ болж чадсан “сонсгол” гэх нэр томьёо дөнгөж 2011 оноос УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон. Үүнээс хойш ядуурал хийгээд эрүүл мэнд, агаарын бохирдлын талаар сонсгол тус тус зохион байгуулсан. Үүнээс гадна орон нутгийн түвшинд ч нээлттэй сонсгол хийсэн нь нэг бус. Харамсалтай нь, өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд “сонсгол”-ыг ёс төдий оруулж ирсэн мэт, тийм, ийм гэх төсөөлөл алга.

ГОГЦОО ТАЙЛАГДАХ УУ

Хэрэглэх боломжтой, хэтэрхий ойлгомжтой хуулиа ч “мухардал”-д оруулчихдаг парламентаас юу ч гарч мэднэ. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдуулан сонсгол зохион байгууллаа гэхэд хуулиа дээдлэн, талуудын оролцоог тэгш хангаж, үр дүнд хүрэх, эсэх нь эргэлзээтэй. Уг нь сонсголын явцад хэлэлцүүлэгт оролцдогоос хамаагүй олон хүн байр сууриа илэрхийлэх боломж бүрддэг нь түүний давуу тал.

Тухайлбал, “60 тэрбум”-ын гэх хэргийн гол нотлох баримт болсон бичлэгт дуу хоолойгоороо “холбогдсон” УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй албан тушаалтнууд нээлттэй сонсголд оролцох болов уу. Нөгөө талд алдарт бичлэгийг задалсан Г.Доржзодов ба уг хэргийг шалгасан хууль, хяналтын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэх биз. Тэглээ гээд төрийн албыг наймаалцсан гэгдэж байгаа хүмүүсийн “эвлүүлэг” гэх тайлбар өөрчлөгдөх үү.

Тэдний хэлснийг бататгаж, уг хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосноо нэгэнт зарласан хууль, хяналтынхан өмнөхөөсөө өөр зүйл хэлнэ гэж үү. Харин энэ бүхэнд эргэлзэж, гэмтнүүдийг илчлэхийн төлөө гар, сэтгэл нийлж буй хүмүүс сонсголоор шинэ “хөзөр” дэлгэх юм уу. Эсвэл улиг болсон зүйлээ давтаж, орилж, хашхичаад дуусах уу. Энэ хэргийг гогцоог тайлах ганц ч болов сэжим гарч ирэх болов уу.

“Ямар ч байсан сонсгол зохион байгуулсан” гэж хэлэх үгтэй үлдэх нь гарцаагүй. Мөн хэрхэхээ шийдэж ядан, арга, мэх хайж байгаа хүмүүст цаг хожих арга байхыг үгүйсгэхгүй. Харин нийтийн сонсгол зохион байгуулсан ч нэг талдаа гарч чадахгүй бол АТГ-ын одоогийн удирдлагыг муу ажиллаж байна гэж буруутгах хангалттай үндэслэл бүрдэхгүй, хэвээр үлдэнэ. Магадгүй тэр нь ээлжит бус чуулган хуралдуулах “эрэлт”-ийг тарамдуулах хөшүүрэг болж мэднэ.

Гэвч “60 тэрбум”-ынхантай “дайн” зарласан талынхан ч зүгээр хараад хоцрохгүй нь мэдээж. Нэг талаас Төрийн тэргүүн, нөгөө талаас түшээдийн “нэгдэл” зүгээр ч нэг шударга ёсны төлөөх, “жирийн бус” хамтрал биш гэдэг нь эхнээсээ танигдаж буй. Юутай ч сонсголоо хийг. Нэг талдаа гарч чадах, эсэхийг нь харах л хэрэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай