Д.Энхсайхан: Миссүүд маань мөнгөгүй үедээ саван ч болтугай хийгээд асрамжийн газарт очдог

Хүн бүрийн харах өнцөг харилцан адилгүй тул  сайхан бүсгүйг тодруулна гэдэг хамгийн их маргаан дагуулдаг. Тэгвэл “Монголын сайхан бүсгүй” улсын уралдаан 11 жилийн дараа эргэн ирэхдээ бүсгүй хүний дотоод гоо сайхан болон тэдний бүтээж буй хүмүүнлэг үг, үйлдлийг чухалчилж байна.“Эмэгтэйчүүд гар гараасаа” атган нэгдвэл юунд хүрч болохыг харуулахаар зорьж буй “Монголын сайхан бүсгүй” улсын уралдааны ерөнхий шүүгч Д.Энхсайхантай ярилцлаа. Тэрээр Монголын сайхан бүсгүйчүүдийн хүч хөдөлмөрийн талаар юу гэж ярьсныг сонирхоорой.

-Та хамгийн анхны Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулагчдын нэг. Тухайн үеийн уралдаан одоогийнхоос хэр ялгаатай болдог байсан бэ?

-Ардчилсан нийгэм рүү шилжих үетэй зэрэгцэн Монголын сайхан бүсгүй шалгаруулах улсын уралдаан зохиож эхэлсэн. Монголын Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн захирал С.Лунаа агсны санаачлагаар 1989 онд Улаанбаатар хотод сайхан бүсгүй шалгаруулах хөдөлгөөн үүсч 1990 онд албан ёсоор Монголын Сайхан Бүсгүй шалгаруулах улсын уралдаан болон зохион байгуулагдсан юм. Улмаар 1992 онд нийслэлийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Ж.Чинбатын санаачлагаар Монголын Хатан Эрдэнэ Холбоо үүсгэн байгуулагдсан түүхтэй. Эх хүн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн авъяас чадвар оюун билгийг дээдэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг тээсээр өнөөг хүрсэн. Тухайн үед сайхан бүсгүйн тэмцээнийг үзэх гэж  хаалгаар нь багтахгүй арай гэж ордог байлаа.

-Орон орон миссүүд сайн үйл хийдэг уламжлалтай. Тэд өөрсдөө санаачлан хүмүүнлэгийн ажилд хэр их хийдэг вэ?  

-Cайхан бүсгүйчүүдээр дамжуулж энх тайван эв нэгдэл хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлсийг бүтээж эх орноо дэлхий дахинд сурталчлах нэгэн үүд хаалга болдог. Дэлхийн миссд оролцогчид өөрсдийн гараар хийсэн бэлгийг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг. Миний бодлоор үүнд л "Гоо сайхан ертөнцийг аварна" гэдэг үгийн үнэ цэнэ оршиж байна гэж боддог. 

-"Монголын сайхан бүсгүй" уралдааны төгсгөлд охидоос “Өрсөлдөгчид хэр хүчтэй байна вэ” гэж асуухад минь “Бид нар бие биенийгээ өрсөлдөгчид гэж хардаггүй, эгч дүүс шиг л байдаг юм” хэмээн инээмсэглэн хэлж байсан.  Эерэг сайхан үйлийг санаачлан явуулдаг ч өөрсдөө яриад байдаггүй юм билээ. Харин та тэдний сайн үйлсийн талаар  уншигчидтай маань хуваалцаж болох уу?

-Үе үеийн миссүүдийн маань хүмүүнлэгийн ажлыг баяр болгоноор хийдэг болохоор тэр болгоноо зарлаад байдаггүй. Тиймээс байнга очдог асрамжийн газартай, жил бүр очсоор байгаад хүүхдүүд нь хүлээдэг болсон гээч. Заримдаа санхүүгийн боломжгүй үедээ тэд өөрийн гараар саван, түлхүүрний оосор шөнөжин нойргүй хийгээд сууж байгааг хараад хайр хүрэхгүй байхын аргагүй санагддаг. Хийж байгаа зүйлээсээ таашаал авч байгааг нь олон удаа харж байсан болохоос биш өөрсдөө зарлаж явсныг мэдэхгүй. Манай зарим миссүүд цахим хуудсандаа зургаа ч хийдэггүй тийм даруухан хүмүүс.

Энэ жил хийсэн зарим ажлаас дурдвал Орхон аймгийг зорьж, Эрдэнэт хотын "Мэдипас" эмнэлэгтэй хамтран "Энэрэл" төвийн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлсэн юм.

Мөн Дархан-Уул аймгийн Нарны хүүхдүүдийг зорин очиж, "Монгол өв соёл" төслийн хүрээнд "Монгол гэр" ашиглалтад оруулж, Монгол ёс заншил, уламжлалт наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ таниулан уламжлуулах буянтай үйлсэд гар бие оролцсон. 

Монголын сайхан бүсгүйгээс хэдхэн хоногийн өмнө алдарт эхийн одонтой ээжүүд дунд гоо бүсгүй шалгаруулсан. Өр нимгэн ээжүүд маань нэгдэн нийлж 10 хүүхэдтэй Н.Энхтуулд цоо шинэ байр бэлдэж авч өгсөн. Тус уралдаанд 38 настай найман хүүхэдтэй ээж хүртэл орсон нь зүүдлэж ч байгаагүй тохиолдол байлаа. Үр хүүхдээ өсгөнө, хүмүүжүүлнэ, айл гэрийг өнгөтэй өөдтэй авч явах, өөрөө сурч боловсроно, нийгэмдээ хөдөлмөрлөнө гээд энэ их ажлын хажуугаар өөрсдийгөө ийм сайхан авч яваа сайхан ээжүүдээр бахархаад баярлаад догдлоод барахгүй байлаа. Үнэхээр монгол эмэгтэйчүүд, монгол ээжүүд л ингэж чадна гэсэн бахархлыг өөрийн эрхгүй төрүүлсэн. 

-Тэргүүн байранд шалгарсан Б.Энхриймаа шагналын мөнгөө хандивласан гэж дуулсан.  

-Яг нэр шигээ охин гэвэл Б.Энхриймааг л хэлнэ. Шагналын бүх мөнгөө хандивлах зориг айлын энхрий охиноос гарна гэж бодоогүй. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой болсон. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б. Азбилэгийн маань эгч /агсан/ 6 дугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм. Тухайн өдөр “Эгч нь очиж уралдааныг нь үзнэ” гэж ярьж байгаад таалал төгсөж, таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр юм.  Уралдаан маань “Эмэгтэйчүүд гар гараасаа” гэсэн уриатай. Энэ уриаг бодож олохдоо оролцогч охид маань хоорондоо тэмцэлдэлгүйгээр ур ухаанаа уралдуулан оролцоосой, гар гараасаа атган эвтэй байгаасай гэж хүсэн юм. Тиймээс ч энэхүү наадмаа тэмцээн биш “Уралдаан” шүү гэдгийг оролцогч охиддоо дахин дахин анхааруулж байлаа. Хүсэл минь ёсоор болж өнөөдөр олон охид бүсгүйчүүд гар гараасаа атгаж, бие биендээ тус дэм боллоо. 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай