Нэртэй уран гулгагчийн аминд хүрсэн этгээдүүдийн нэгийг баривчиллаа

Уран гулгалтын ганцаарчилсан төрлөөр 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2013 оны мөнгө, 2015 оны хүрэл медальт Казахстаны уран гулгагч Денис Тэн гэмт этгээдүүдийн гарт амь үрэгдсэн. Гэгээн өдрийн цагаар хоёр этгээд машиных нь толийг хулгайлах гэж байхыг харсан Тэн тэднийг барих гэж оролдсон ч цээжин тус газар хутгалуулсан. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн боловч их хэмжээний цус алдсан тул нас баржээ. Алма-Аты хотын цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж гэмт хэрэгтнүүдийг хот даяар эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн шөнө Тэний аминд хүрсэн хоёр этгээдийн нэгийг баривчилсан болохыг Алма-Аты хотын прокурор Берик Жуйриктаев мэдээллээ. 1994 онд төрсөн Нуралы Киясов гэгч тус этгээд Тэний аминд хүрсэн болохоо хүлээгээд байгаа гэнэ.

Олимпоос медаль хүртсэн тамирчны араас уран гулгалтын ертөнц эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр ОХУ-ын уран гулгалтын школоор суралцаж, тэндхийн шилдэг мэргэжилтэнүүдтэй ажиллаж, манлай тамирчид нь дотно нөхөрлөдөг байжээ. Тиймээс алдарт дасгалжуулагч Тарасова, нэртэй гулгагчид Сотникова, Медведева, Липницкая тэргүүтэй олон алдартан түүний дурсгалыг хүндэтгэж байна. Тэн Казахтсан улсын бахархал болсон тамирчин байсан бөгөөд улсынхаа түүхэнд олимп, ДАШТ, Азийн наадмаас медаль хүртсэн орын ганц уран гулгагчаар тодорсон. Түүнчлэн олимп, дэлхийн аварга Солонгосын алдарт гулгагч Ким Ю Натай үзүүлэх тоглолтод хамтран гулгадаг төдийгүй түүнтэй хамтран спортын менежментийн салбарт хөл тавиад байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай