Гурван хурц, 17 шинэ арслантай боллоо

Одоогоор 18 аймаг наадмаа зохион байгуулснаас хурц арслан гурав, аймгийн арслан 16 (цол олгодог хоёр дүүргийн наадамд түрүүлсэн бөхчүүд багтсан) төрлөө. Тэдний ес нь аймгийн заан, дөрөв нь харцага, хоёр нь нэмэх начин, нэг нь начин нэг, хоёр нь сумын заан (Д.Эрдэнэтулга, Б.Орхонбаяр) цолтой байсан төдийгүй хамгийн залуу нь 20 настай Н.Өсөхбаяр, Б.Орхонбаяр байлаа. Аймгийн цол олгодог Налайх, Багануур дүүрэгт түрүүлсэн бөхчүүдээс гадна өөр аймгийн наадамд манлайлсан хоёр бөх бол Б.Зоригтбаатар, М.Бямбадорж нар юм. Шүлхийн улмаас архангайчууд аймгийн наадмаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бол Булган 80 жилийн ойтой, Дорноговь зүүн бүсийн даншигтай. Өнөө жил аймгийн наадамд хэн, хэн түрүүлж, шинэ цол хүртээд буйг сонирхуулъя.

Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛИЙН ОЛНЫ ХҮЛЭЭЛТ ТАЙЛСАН ТҮРҮҮ

Аймгийн наадмын салхийг налайхчууд хагалан, хамгийн түрүүнд наадсан. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан тэргүүтэй 256 хүчтэн зодоглосон Налайх дүүргийг байгуулсны 96 жилийн ойд зориулсан барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, даншгийн болон цэргийн заан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, аймгийн арслан болов. Аймгийн наадамд гурван удаа үзүүрлэн, өнөө жил Бүх цэргийн наадамд түрүү булаалдахдаа өвдөг шороодсон тэрбээр олон жилийн дараа зорилгодоо хүрэв. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, энэ жил чөлөөт бөхийн УАШТ-д түрүүлсэн Б.Зоригтбаатар үзүүрлэн, аймгийн заан болсон бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын бөх Б.Өлзийсайхан харцага, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Д.Дэмиддорж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ч.Баасандорж, Шарга сумын Б.Дагва, Налайх дүүргийн С.Пүрэв-Очир нар начин цол хүртлээ.

Б.ЗОРИГТБААТАР ДУТУУГАА ГҮЙЦЭЭЖЭЭ

Налайхын наадамд арслан цолноос атгаад алдсан Б.Зоригтбаатарын зорилго Орхон аймагт биелсэн. Тэрбээр үзүүр, түрүүнд Булган аймгийн Тэшиг сумын харьяат О.Мөнх-Ирээдүйг өвдөг шороодуулав. Тус наадамд Завхан аймгийн Б.Хүдэрчулуун аймгийн харцага, Говь-Алтайн О.Одсүрэн, Ховдын О.Цэрэнчимэд, Орхоны Ш.Билгүүндалай нар начин болжээ.

Өнөө жил улсын наадмын түрүү хүртсэн Увс аймгийн наадамд Тэс сумын харьяат, аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ түрүүлж, Наранбулаг сумын харьяат, сумын заан Т.Хайдав үзүүрлэжээ. Эл барилдаанд сумын заан М.Улаанхүү аймгийн харцага болсон бол Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуугийн хүү Бат-Оргил, улсын начин Б.Эрдэнэбилэгийн хүү Гантогтох нар начин цол хүртэв.

БАЯН-ӨЛГИЙД БОКСЧИН Т.ЕРБОЛАТ ШУУГИУЛЛАА

Энэ жил хамгийн дуулиантай болсон нь Баян-Өлгий аймгийн наадам байв. 256 хүчтэн зодоглосон наадамд Дэлүүн сумын харьяат, боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Т.Ерболат түрүүлж, шуугиулав. Өмнө нь аймгийн начин цолтой байсан тэрбээр боксын УАШТ-ий дөрвөн түрүүтэй. Наадмын өмнө 14-хон хоног үндэсний бөхийн бэлтгэл хийгээд аймгийн арслан болсон гэнэ. Түүнд унан, үзүүрлэсэн аймгийн заан М.Аманбек цолоо баталсан бол С.Заманбек харцага болжээ.

Төрийн наадмын түрүү бөхийн таамагт багтсан хүчтнүүд нь доор даваанд өвдөг шороодон, улсын шинэ цолтон төрөөгүй Ховд аймгийн наадамд улсын харцага Г.Алтангэрэл, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, И.Мөнхбаатар нарын тэргүүтэй 256 бөх барилдсанаас Алтай сумын харьяат Г.Хишигбат түрүүлж, Үенч сумын харьяат Б.Уртнасан үзүүрлэлээ.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ АРСЛАН АЛТАЙЧУУДЫГ БАЯСГАЖЭЭ

2017 онд улсын наадмын гурвын даваанд Н.Батсуурь аваргад амлуулсан улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ энэ жил зодоглолгүй өнжин, Говь-Алтай аймгийн наадамд хүч сорьсон нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг нэлээд татаж байна. Зарим нь “Арслан гомдсондоо улсын наадамд зодоглоогүй” гэлцэж буй. Түүнээс гадна улсын заан Б.Соронзонболд, начин С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, Д.Батбаяр нарын тэргүүтэй 256 бөх барилдсан Говь-Алтай аймгийн наадамд Төгрөг сумын харьяат, сумын заан Д.Эрдэнэтулга түрүүлж, арслан, Цээл сумын Х.Ариунбаатар үзүүрлэн, заан цол хүртэв.

Завхан аймгийн наадамд улсын харцага Дармбаабазар тэргүүтэй 256 бөх барилдсанаас Ургамал сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, чөлөөт бөхийн ОУХМ П.Өсөхбаатар түрүүлж, Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүүгийн шавь Б.Лхагвагэрэл үзүүрлэв. Энэ жил улсын харцага болсон Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү, цэргийн харцага Дүгэрдорж аймгийн харцага цолоо баталсан бол Т.Хайдавдорж, Т.Амарсанаа, Д.Батбаатар нар начин болжээ.

ХУРЦ ЧИМЭГ ХҮРТСЭН БӨХЧҮҮД ХААНА БОСОО БАЙВ

Монгол Улс аймгийн хурц арслан гуравтай болсон нь Ганболдын Өсөхбаяр, Сүрэнжавын Очирбат, Эрдэнэбилэгийн Ууганбаяр нар байлаа. Төв аймгийн наадамд Баянчандмань сумын харьяат Э.Ууганбаяр Эрдэнэсантын М.Тэгшбаярыг, Багануур дүүргийнхэд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Өсөхбаяр Өмнөговь аймгийн Номгон сумын У.Анхбаярыг, Дархан-Уул аймгийн наадамд Хонгор сумын харьяат С.Очирбат аймгийн арслан С.Ерөөлтийг унагаан түрүүлж, хурц чимэг авав. Сонирхуулахад, С.Очирбат ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэгийн найз залуу юм.

Говьсүмбэр аймгийн наадам 7-8-нд болж, 256 бөх өрсөлдсөнөөс Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн заан М.Бямбадорж түрүүлж арслан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Ж.Жавхлан үзүүрлэж, заан болжээ. Их шөвөгт шалгарсан Төв аймгийн Жаргалант сумын харьяат, Б.Содхүү харцага цол хүртсэн бол Э.Мөнхбаатар чимэг нэмлээ.

Ш.ДАРХАНБАТЫН ДАВХАР ЦОХИЛТ

Өмнөговь аймгийн наадамд Мандал-Овоо сумын харьяат, аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлсэн бол түүнд өвдөг шороодсон хурц арслан Ш.Дарханбат энэ жил улсын начин цол хүртсэн юм. Эл барилдааны их шөвөгт шалгарсан М.Адъяахүү гурав дахь удаагаа зургаа давжээ.

Сүхбаатар аймгийн наадамд Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх Н.Өсөхбаяр, Дорнодод Халх гол сумын харьяат, аймгийн начин Б.Батдорж, Дундговьд Адаацаг сумын бөх, аймгийн харцага Б.Ариунбуян, Өвөрхангайд Хархорин сумын харьяат, аймгийн харцага О.Наранбаатар, Баянхонгорт Баян- Өндөр сумын уугуул, аймгийн заан Л.Батцэнгэл, Сэлэнгэд Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх, сумын заан Б.Орхонбаяр, Хөвсгөлд Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн заан Г.Хишигбат, Хэнтийд Дэлгэрхаан сумын харьяат, аймгийн заан Б.Аззаяа тус тус түрүүлж, арслан боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай