Жуулчид 1.2 тэрбум доллароор ДАШТ үзжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-ын Европын хэсэгт гадаадын иргэд, жуулчдын зарцуулсан нийт мөнгөний хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Сбербанк” мэдээлэв.

“2017 онд болсон Холбоодын цомын тэмцээнтэй харьцуулахад ОХУ-д ирсэн жуулчид хоёр дахин их мөнгө зарцууллаа. Энэхүү мөнгөн дүнд карт, бэлэн мөнгөний гүйлгээ болон гадаад валют солиулсан нийт дүн багтсан болно. Өнгөрсөн жилийн тэмцээнтэй харьцуулахад хамгийн их өсөлт ажиглагдсан хотоор Саранск (18 дахин өссөн) тодорсон бол удаах байрт Краснодарын хязгаар (4.9 дахин), Самара муж (4.6) орлоо” гэж тус банкны мэдээлэлд дурджээ.

Түүнчлэн ДАШТ-ий үеэр Москвагийн төсөвт 13 тэрбум рублийн орлого төвлөрсөн бөгөөд гадаадын жуулчид тус хотод 96.6 тэрбум рубль зарцуулсан талаар хотын дарга С.Собянин нь мэдээлсэн байна.

“Манчестер Юнайтед” хорват тоглогчдод 100 сая евро зарцуулах уу

“Russia-2018”-д онцгой тоглож, хүрэл медаль хүртсэн Хорватын багийн хоёр тоглогчийг Английн “Манчестер Юнайтед” баг сонирхож байгаа тухай “The Sun” мэдээлэв.

Эх сурвалжид дурдсанаар, “Интер”-ийн хагас хамгаалагч И.Перишич, “Айнтрахт”-ын довтлогч А.Ребич “Улаан чөтгөрүүд”- ийн төлөө ирэх улиралд хүчин зүтгэж магадгүй аж. Тэмцээний үеэр телевизийн шинжээчээр ажилласан “Манчестер Юнайтед”-ийн дасгалжуулагч Ж.Моуриньо хорват тоглогчдыг авахын тулд 104 сая евро зарцуулах хүсэлтэй байгаа гэнэ.

И.Перишич “Russia-2018”-ын долоон тоглолтод оролцохдоо гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн бол А.Ребич зургаан тоглолтод нэг гоол оруулсан юм.

Польшийн телевизийн орлого өсөв

Польшийн үндэсний телевиз энэ удаагийн ДАШТ-ийг шууд дамжуулснаар 2.7 сая ам.долларын ашигтай ажилласан тухай TVP-ийн захирал Я.Курски мэдэгдэв. “Тийм ээ, бид энэ тэмцээнээс ашиг олсон. Манай орлого 77 сая злот (20.8 сая доллар) байлаа. Харин зарлага маань 67 сая злот болсон” гэж тэрбээр ярьжээ. Зар сурталчилгаа, ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалт, интернэтээс олсон орлого, фэнүүдэд лицензийн эрх олгосон зэрэг нь тус телевизийн орлогын дийлэнхийг бүрдүүлсэн байна. Польшийн шигшээ баг “Rus­sia-2018”-д амжилт муутай оролцож, Сенегал, Колумбын багт хожигдож, Японы багийг ялснаар “Н” хэсэгт сүүл мушгисан билээ.

Медаль хүртсэн багуудыг ингэж урамшуулав

ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, түүхэн дээд амжилтын эзэн болсон Бельгийн шигшээ багийн тоглогч тус бүр 358 500 еврогийн бонус хүртэх болжээ. “Derniere Heure”-гийн мэдээлснээр 313 500 еврогийн үндсэн шагналаас гадна тоглогчид гэрэл зураг, бичлэгт орсны төлөө 45 мянгыг нэмж авна. Харин ерөнхий дасгалжуулагч Р.Мартинес тамирчдаас хоёр дахин их буюу 750 мянган евро хүртэх юм.

Дэлхийн дэд аварга буюу мөнгөн медаль хүртсэн Хорватын хөлбөмбөгч тус бүрт 9 500 еврогийн шагнал олгохоор тус улсын Засгийн газар шийдвэрлэсэн байна. Багийн дасгалжуулагч З.Далич 8 000 еврогийн бонус авах нь. Түүнчлэн дасгалжуулагчийн баг, арын албаныханд зориулж 13 мянган евро төсөвлөсөн гэнэ.

Харин Францын шигшээ багийн тамирчид тус улсын хөлбөмбөгийн холбоонд дэлхийн аварга болсны урамшуулал болгож FIFA-гаас олгох 38 сая долларын 30 хувийг хүртэх бололтой. Зарим мэдээллээс үзвэл, финалд шалгарсны урамшуулалд тоглогч бүр 330 мянган доллар авах аж.


Бэлтгэсэн: Н.Энх

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай