УЛААН араатан

“Эмч, яруу найрагч, оюунлаг боловсролтой хүн тэмцэгч” хэмээн зүүний суртал нэвтрүүлэгт магтан дуулдаг Че Гевара 90 жилийн өмнө мэндэлжээ. Олонд танил болсон түүний зураг, хөрөг бүхий хувцсыг үймээн дэгдээгч, хувьсгалчид худалдан авахдаа гар татдаггүй. Тэгвэл Че Гевара гэж хэн байв, үнэхээр сайн сайхны бэлгэ тэмдэг болох хүн мөн байв уу, хамгийн ойрын байсан нөхөд нь сүүлдээ түүнээс яагаад нүүр буруулсан юм бол?

Харагдах байдлаараа 14 наснаасаа хэтрээгүй болов уу гэмээр жаалхүүг сөгдөхийг тэрбээр тушаав. Тэр хүү Эрнесто Че Геварагийн отрядын алуурчид хэдхэн цагийн өмнө эцгийг нь алах гэхэд саад хийхийг оролдсон аж. Гэсэн ч үхэх аюул одоо түүнд өөрт нь заналхийллээ. Гэлээч хүү сөгдөх нь битгий хэл Геварагийн нүүр рүү эгц харж байгаад “Та нар намайг алах гэж байгаа бол би босоогоороо үхнэ. Эр хүн ингэдэг юм” гэж хашхирсан байна. Ихэд хилэгнэсэн Че тэр даруйд гар буугаа хуйнаас нь сугалаад хүүгийн ар шилэнд тулгаж байгаад гохыг нь дарж орхив.

Эрнесто Гевара газрын баян эзний гэрт өссөн, Испани, Ирландын язгууртны удмын хүн байв. Хожим тууштай коммунист гэгдэх болсон тэрбээр хувьсгалч болсон хойноо ч ийм удамтайгаараа бахархахаас нэрлэхдэггүй байлаа.

Че бүр хүүхэд байхаасаа багтраа өвчтэй болж, түүгээр насан туршдаа шаналж явсан аж. Есөн нас хүртлээ гэртээ ээжээрээ багшлуулан, гүн ухаан, яруу найргийн ном уншиж хэдэн цагаар хэвтдэг, шатар тоглох дуртай байж.

Сургуулийн захирлынх нь ярьснаар Че ухаалаг ч гэлээ сурлагаар тэргүүлдэггүй, харин тэр хавьдаа манлайлагч, хүүхдүүдийн гайхлыг төрүүлэх дуртай, шохой идэж, бэх уухаас буцахгүй, өөрийгөө бухтай тулалдан ялагч болгон харуулахыг хичээдэг байв.

Олон түмний танил болсон Че Геварагийн зургийг Альерто Корда гэгч 1960 онд авсан юм байна. Дэлхийн хүүхнүүдийн дурыг булаасан тэр зураг нэг ёсондоо түүнийг гэмгүй сайхан төрхийг илэрхийлэл болсон юм.

Геварагийн хэрцгий араншин бүр хүүхэд байхад нь илэрдэг байжээ. Мань хүү зодоонд оролцож, өрсөлдөгчөө цусанд нь хутгаж орхидог байжээ. Түүнээс гадна амьтан тамлах их дуртай байсан гэнэ. Тэрбээр бусдын гайхашралыг төрүүлж, анхаарлыг нь татахын тулд аливаа үйлдлээ түмний нүдэн дээр хийхийг хичээдэг байж. Найз Альберто Грандо нь “Түүнийг “Галзуу” Гевара гэдэг байсан. Аятайхан амьтан гэгдэхгүй байх нь түүнийг санаанд нийцдэг. Жишээ нь, гар нүүрээ хааяа угаадаг гэдгээрээ ихээхэн омойтно. Үүнийх нь төлөө түүний сhancho (гахай) гэдэг байв. Өмсөж буй цамцаа угаагаад 25 долоо хонож байна гэж байсхийгээд ярина” гэж дурссан байдаг.

Гэлээ ч тэрбээр охидын сонирхлыг ихээхэн татдаг, доод давхаргын, тэр тусмаа зарц хүүхнүүдтэй энгэр зөрүүлэхдээ дуртай байсан гэнэ. Залуудаа Фрейд, Бертран Расселл, Бенито Муссолини, Иосиф Сталин, Карл Маркс, Франц Кафка, Жан Поль Сартр нарын зохиол бүтээлийг уншдаг байж. Энгельс, Лениний үгээс эш татдаг байв.

Хайртай эмээ нь нас барж, багтраа өвчнөө эдгээх хүсэл зэрэг нь Гевараг эмч болоход нөлөөлсөн гэж үздэг. Тэрбээр Буэнос-Айресын их сургуульд орж, анагаах ухаан судалж эхэлсэн байна.

Гевара 1952 оны нэгдүгээр сард ахтайгаа хамт мотоциклоор Өмнөд Америкаар явж, энэ тухайгаа “Мотоциклчийн тэмдэглэл”-дээ дэлгэрэнгүй бичжээ. Тэд Чили, Перу, Колумб, Венесуэлд очсон байна. Их сургуулиа төгсөөд хойтон жил нь Болив, Перу, Эквадор, Колумб, Панам, Сальвадорт аялжээ. 1954 онд Мехикод очиж, эмнэлэгт ажиллав. Чухам тэр үед л “Че” хэмээх алдарт нэр авчээ. Энэ нь испани хэлний “Тэгээд юу гэж” гэх утгатай үг юм. Уг үгийг Гевара их хэрэглэдэг байсан аж.

Мексикт байхдаа танилуудаараа дамжуулан Рауль Кастротой танилцаж, улмаар Фидельтэй нь холбогдсон байна. Тэр уулзалт Геварагийн цаашдын амьдралыг тодорхойлж өгчээ. Тэр үед ах, дүү хоёр Фульхенсио Батистын дэглэмийг унагаах хоёр дахь оролдлогоо хийхээр зэхэж байлаа. 1956 онд “Гранма” хөлөг онгоц Кубын эрэгт хүрч ирэв. Чегийн намтрын Кубатай холбоотой хэсэгт түүнийг партизаны суут удирдагч байсан мэтээр хөөрөгдөж, магтаалаар дүүргэсэн байдаг.

Тэгвэл тулалдааны ихэнх үеийг Че багтраа өвчиндөө шаналан өнхөрч өнгөрөөсөн гэж америкчууд нотолдог. Че өөрөө ч байлдааны арга тактикийн талаар төсөөлөлгүйгээ нууж байсангүй. Тиймээс дайн байлдаанд гаргасан гавьяаных нь тухай яриа зохиомол зүйлээс өөр юу ч биш байв. Батистыг дэмждэггүй улстөрчид, Америкт амьдардаг чинээлэг куба хүмүүстэй Фидель ярилцаад тэднээс мөнгө авч түүний тусламжаар Батистын армийнхныг өөрийн талд татахаар тохиролцсон нь Кубын хувьсгалчид ялахад тус болжээ.

1957 оны нэгдүгээр сард Че “Би Кубад эрүүл саруул байж байна. Цус урсгах хорхой хүрээд болдоггүй” хэмээн гэргийдээ бичиж байжээ. Энэ “хорхойгоо” тэрбээр хэдхэн долоо хоноод дарсан байна. Эутимо Герра гэдэг тариачин, партизаныг урвасан, Батистын цэрэгтэй хам тарч ажилласан гэж буруутган цаазлахыг Фидель тушааж, түүнийг гүйцэтгэхийг өөрийн хувийн бие хамгаалагч Универо Санчест даалгажээ.

Тухайн үед жирийн эмч, цэрэг байсан Че Гевара хамт явах болов. Универо Санчес очих газартаа хүрээд тал тал тийш харан, байдлаас нь ажихад “ялтны” амийг хэлтрүүлчих арга чарга хайх гээд байгаа нь илт. Гэтэл Че Гевара гар буугаа гаргаж ирээд партизаны шанаанд тулгаж байгаад буудаж орхидог байгаа. Хожим нь эцэгтээ илгээсэн захидалдаа “Аав минь, хүн алах нь миний санаанд ихэд нийцэж буйг тэр агшинд мэдэрснээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэж бичсэн аж.

Фидель Кастро үүнд ихээхэн анхаарал хандуулжээ. Удалгүй “цэргийн гэмт хэрэгтэн”, “оргодол босуул” гэх мэт хувьсгалын эсэргүү этгээдүүдийг цаазлах үйл хэрэгт Че Гевара идэвхтэй оролцох болов. Батистын армийн 17 настай цэрэг босогчдын талд олзлогдож л дээ, нэг удаа. Гевара түүнийг байцаахад хүний ганц хүү учраас бэлэвсэн ээждээ тус нэмэр болох гэж л цэрэгт явсан гэж итгүүлэхийг оролдсон аж. Че Гевара хүүгийн үгийг ер сонсолгүй гарыг нь хүлээд, ухсан нүхний аман дээр аваачаад буудах тушаал өгчээ. Че өөрийн гараар хувьсгалчид, хүүхэд, эмэгтэйчүүдийг олон удаа алсан, түүгээр ч барахгүй өчнөөн айлын голомтыг самарсан байна. Хүмүүсийг гудамжинд барьж аваад л буудчихдаг байсан гэдэг.

Че Гевараг сайн мэдэх Камило Сьенфуэгос “Time” сэтгүүлд “Дайсны армийн шархадсан цэргийг эмчилж байсан өгөөмөр сэтгэлтэй Че энэ мөн гэж үү. Чөтгөр ав гэж, Че энэ хотыг цусанд хутгасан. Гудамж болгоны өнцөгт цаазлуулсан хүмүүсийн цогцос байх болж” хэмээн босогчдын хяналтад байсан Санта-Карла хотын тухай бичиж байжээ.

Хувьсгалчид Гавана хотыг эзэлж авмагц Че Гевара хамгийн чамин тансаг байранд эзэн суусан байна. Хажууханд нь онгоцны зогсоол, том усан сан байх бөгөөд сууц нь угаалгын долоон өрөө, саунтай. Хүнийг буудахад түүний буруутай болохыг нотлох баримт хэрэггүй, харин түүнийг цаазлах шаардлагатай, эсэх нь чухал хэмээн тэрбээр сайрхана. 1959 оны 1-6 дугаар сард Че Гевара ихэнх цагаа хоригдлуудыг тамладаг төхөөрөмжтэй шорон болгож хувиргасан Сан-Карлос-де-ла-Кабинья гэдэг цайзад өнгөрөөжээ. Тэнд 22 жил хоригдсон Армендо Вальядерасын ярьснаас үзвэл “Viva Cuba Libre”, Viva Cristo Rey”, (Эрх чөлөөт Куба мандтугай, Христос мандтугай) гэж хашхиралдах, араас нь тачигнах автомат бууны дуунд эндхийн хана доргиж байжээ.

Че “Хоригдлуудыг шөнө байцаасан нь дээр байдаг юм. Энэ үед хүний сэтгэлийн тэнхээ суларч, буулгаж авахад амар байдаг” хэмээн доод хүмүүстээ сургадаг байв. Тэрбээр хэдэн хүнийг нөгөө ертөнц рүү явуулсныг бүү мэд. Че Гевараг 1956 оноос мэдэх Кубын сэтгүүлч Луис Ортега “Би-Че” номондоо түүний гарт 1892 хүн амиа алдсан гэж бичсэн аж.

Дэниел Жеймс “Че Гевара. Намтар” номдоо Фидель Кастро засгийн эрхэнд гарсны эхний жилд хэдэн мянган цаазын ялд гарын үсэг зурсан талаараа Че ярьсан хэмээн бичсэн байна.

Гевараг Боливд мөрдөхөд тусалсан АНУ-ын ТТГ-ын ажилтан Фомикс Родригес ч мөн ийм баримт өгүүлж байжээ. Тэрбээр Чег буудуулахынх өмнө байцаасан байна. Тэгэхэд Кубын хувьсгалч “Хоёр мянга орчим хүн” үхэл рүү илгээснээ хүлээж, “Тэд бүгд империалист тагнуулч, ТТГ-ын ажилтан байсан” гэж нэмж хэлжээ.

Че 1960 онд Гуанаакабибес гэдэг хойг дээр хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх лагерь гэгчийг байгуулав. Сталины бий болгосон шоронгийн систем түүнд ийм сэдэл төрүүлсэн аж. Түүний ярьснаар, “хувьсгалт” ёс суртахууны эсрэг гэмт хэрэг” үйлдсэн, сэжигтэй хүмүүсийг тийш аваачдаг байжээ. Тэнд очсон хүмүүсийн олонх нь эргэж ирдэггүй байв. Үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар бол дайснуудаа алах нь Фидель Кастрогийн хувьд эрх мэдлээ хадгалахад хэрэгтэй байсан бол Че түүнээс сэтгэлийн таашаал авдаг байлаа.

Че Гевараг Кубын удирдагч Аж үйлдвэрийн сайдаар томилов. Энэ шийдвэр Кубын эдийн засагт ихээхэн уршиг тарьжээ. ЗХУ-аас өгсөн санхүүгийн асар их дэмжлэг ч тус улсыг аврахад нэмэр болж чадахгүй байлаа. Сүүлдээ Фидель нь Геварагаасаа залхаад “Түүнийг Санто-Доминго руу явуулахаар төлөвлөсөн байна. Доминиканы дарангуйлагч түүнийг алж дөнгөх нь үү, үгүй юү, харья” гэж ярьдаг болжээ.

Тэгэхдээ сонголт Болив улс дээр буусан байна. Ингээд тэндхийн босогчдод туслуулахаар 1966 оны арваннэгдүгээр сард тийшээ явуулав. Харин Кубын эрх баригчдын зүгээс түүнд ямар ч дэмжлэг үзүүлсэнгүй. Боливчууд Гевараг 1967 оны аравдугаар сард олзлон авч, хэсэг байцаагаад буудаж хороожээ. Буудсан хүн нь Боливын цэргийн алба хаагч Марио Теран гэдэг хүн байв. Тэрбээр АНУ-ын ТТГ-тай хэлхээ холбоотой байсан гэсэн яриа гарч байлаа.

Че Геварагийн шарилыг 1995 онд олжээ. Хоёр жилийн дараа түүнийг нь Кубад авчирч Санта Кмара хотын бунханд “нутаглуулсан” аж. Чег амиа алдмагц Кубын суртал нэвтрүүлэг үлгэр дуурайл авбаас зохистой цогт хувьсгалчийн дүр бүтээж, хөргийг нь мөнгөн тэмдэгт дээрээ мөнхлөв.


Бэлтгэсэн: Р.Жаргалант

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай