“Онь холбосон” улс төр байндаа тусах уу

Сонгуулийн жил л биш бол жил бүрийн зуны улиралд улс төр нам амардаг. Харин энэ жил улстөрчид наадмын өдрүүдэд ч амсхийлгүй “хор найруулав”. Хүй долоон худагт хурдан морины тоос босон, унаач хүүхдийн гийнгоо хадаж, наадмын талбайд сур, шагайн харваа ид дундаа байхад улстөрчид ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бичигт гарын үсэг цуглуулан, хөлсөө урсгаж явлаа.

 Улсын наадам эхэлж, аймаг, сумдын наадам дуусах тийшээ хандсан долдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьж буйгаа зарласан. Тэрбээр “60 тэрбум”- ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардсан 19 гишүүний гарын үсэгтэй бичгийг УИХ-ын даргад зургадугаар сарын 28-нд өргөн барьсан ч үүнийг нь хэрэгсэхгүй байгаа тул ээлжит бус чуулган зарлахыг шаардаж буй, өөрийг нь дэмжиж УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурсан хэмээсэн.

УИХ-ын залуу гишүүний энэ “тэмцэл” Ерөнхийлөгчийн зүгээс шидсэн чулуу, түүний дэглэж буй улс төрийн жүжиг гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ “УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсголыг 14 хоногийн дотор заавал зохион байгуулах хуулийн зохицуулалттай.

Гэтэл үүнийг хийхгүй байгаа нь АТГ болон бусад байгууллага хүнээ хамгаалж буйн илэрхийлэл. “60 тэрбум”-ын гэх тодотголтой авлигын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”, “Хадгаламж” банк, “Чингис”, “Самурай” бондтой холбоотой замхарсан хэргүүдийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүд сонсох нь зүйтэй. Нээлттэй сонсголд АТГ-ын дарга Х.Энхжаргал мэдээлэл өгөх учиртай.

Хуулийн дагуу АТГ жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигын хэргийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж би үзэж байна. Авлигатай тэмцэх ажилд үр дүн огт гарсангүй. “60 тэрбум” болон авлигын бусад хэргүүд ийм байдалтай байхад түүнд энэ албыг хаших ёс зүйн үндэслэл үгүй. Энэ асуудлыг нээлттэй чуулганаар ард түмнийхээ өмнө нь тайлбарлах нь зүйтэй” гэсэн.

Түүний шаардлагад Ерөнхийлөгч Х.Баттулга хүч нэмж, ээлжит бус чуулган зарлахыг шаардсан албан бичгийг УИХ-ын даргад илгээсэн. Уг бичигт “Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын дүгнэлт бүрэн харуулсан. УИХ-ын гишүүд үүнтэй санал нэгдэж, ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм” хэмээсэн байв.

Энэ нь тэдний “онь холбон буудсан” анхны тохиолдол биш. Өмнө нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагаа УИХ-ын даргад гардуулсан өдөр Ерөнхийлөгч “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан байна. Үүнийг хэлэлцээд ээлжит чуулганыг завсарлуулаарай” гэж хэлэхийн тулд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байв.

Энэ бүхэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгчийн хатгаасаар явж байгаа хэмээн хардах үндэслэл болж буй юм. Учир нь АТГ-ын даргыг солих сонирхол Ерөнхийлөгчид маш их байгаа нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан. Тэрбээр “Олон нийтийн санал” гэдэг сайхан үгээр түрээ барих гэж АТГ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах санал асуулга хүртэл явуулсан. Иргэдийн саналаар сонгогдсон хүн гэдэг үгээр бамбай хийж томилуулах санал хүргүүлсэн хүнийг нь УИХ дэмжээгүй билээ. Түрүүчийн оролдлого нь бүтэлгүйтсэн тул энэ удаа өөрөөр үзэж буй

бололтой. Намын бүлгээ дотор нь хагалаад зогсохгүй сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн гар, хөл болж яваа Л.Оюун-Эрдэнийг намын нөхөд нь “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой” хэмээн шоглох болсон байна билээ.

ЭНЭ ЗУНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОВЛОНО

УИХ-ын тухай хуульд парламентын нийт гишүүний гуравны нэгээс (25-аас дээш) дээшхийн шаардсанаар, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган хуралдуулахаар заасан. Мөн Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг өргөн мэдүүлбэл УИХ-ын дарга хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргахаар хуульчилсан. Эрх бүхий гурван субъектийн хоёр нь ээлжит бус чуулган зарлахыг шаардаж буй тул үүнээс бултах газар үгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх долоо хоногт ээлжит бус чуулганыг товлон зарлаж, ойрын хугацаанд хуралдуулах бололтой.

Энэ удаагийн ээлжит бус чуулганы гол бай нь АТГ-ын дарга болох нь тодорхой байна. Эвгүйтвэл УИХ-ын дарга ч тэнэсэн суманд оногдож мэдэхээр байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнэ “19 гишүүн гарын үсэг зурчихаад байхад нээлттэй сонсгол явуулахгүй бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан хэрэг гэж үзэж, ҮХЦ-д хандана. Эсэргүүцлийн өөр хэлбэрийг сонгоно. “60 тэрбум”-ын асуудлаар би тултал нь явж мухарлана” хэмээн мэдэгдээд буй. “60 тэрбум”-ын асуудал бол УИХ-ын даргын эмзэг цэг.

Үүнийг М.Энхболдын эсрэг тавих сум болгох нь алга урвуулахтай адил амархан билээ. Тэгэхээр хэлэлцэх асуудлыг томьёолохдоо маш бодолтой, болгоомжтой хандах шаардлага УИХ-ын даргад тулгарах биз. Ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг л хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт түүний толгой хоргодох нөмөр болох юм.

Халуун зунаар өрнөж буй улс төр АТГ-ын даргыг “авч хаяснаар” өндөрлөх үү, цааш үргэлжлэх үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

Дашрамд дурдахад, ирэх долоо хоногт товлогдох ээлжит бус чуулган энэ зуны сүүлчийн ээлжит чуулган биш байх магадлалтай. Намрын чуулганы өмнө, ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх талаар эртнээс ярьж буй юм.


ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Ц.ЦОЛМОН: Хууль зүйн байнгын хороогоор ээлжит бус чуулганы товыг тогтооно

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах саналаа УИХ-ын даргад гаргасан гэсэн. Албан бичиг нь Тамгын газарт ирсэн үү?

-Ирсэн.

-Ээлжит бус чуулган хуралдах уу?

-Долдугаар сарын 18-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган зарлах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр болсон. Хууль зүйн байнгын хорооны дарга хуралд оролцсон. Ойрын үед байнгын хороо хуралдах болов уу. Түүний дараа товыг зарлах байх.

-Байнгын хороо, ээлжит бус чуулган хуралдуулахад гишүүдийн ирц хүрэх үү?

-Гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байна. Зарим гишүүн амарч байгаа. Ирц бүрдүүлэхэд амаргүй л байх.

-Ээлжит бус чуулган хуралдлаа гэхэд Тамгын газар бэлэн үү?

-Тамгын газар бэлэн байна. Техник хэрэгсэл, хүн хүч, гүйцэтгэх ажил үүргийн талаас ямар ч асуудал байхгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай