Ж.Чинбүрэн: Манай эмнэлгийн асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын гадна болон дотор хуримтлагдсан усыг онцгой байдлынхан соруулж, цэвэрлэжээ


Хавдар судлалын үндэсний төвийн хуучин болон хүлээж аваад жил ч хүрээгүй өргөтгөлийн барилгын дээврээс борооны ус гоожсоны улмаас эмч, ажилтнууд нь нарийн мэргэжлийн зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйд хүрээд байгаа билээ. Үүний зэрэгцээ өргөтгөлийн барилгын хонгил нь усанд автаж, гамшгийн байдал үүссэн юм. Харин “Өнөөдөр” сонины долдугаар сарын 17-ны дугаарт хэвлэгдсэн “Хавдрын эмнэлэг гамшгийн байдалд хүрчээ” нэртэй нийтлэлийн мөрөөр багагүй ажил өрнөж, холбогдох газрууд нь шуурхай арга хэмжээ авч буй талаар тус эмнэлгийн хамт олон бидэнд мэдээлэв.

Дээврээс гоожих усыг хувин саванд тосож, өртөг ихтэй аппаратуудаа шатаахгүйн тулд ажиллуулж чадахгүй суугаа хавдрын эмнэлгийнхний дүр төрх ядруухан амьдралтай айлыг санагдуулам байсныг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Ийм өрөвдөлтэй байдлыг шуурхай арилгах, аль байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ашиглалтад ороод жил ч хүрээгүй өргөтгөлийн барилгын хонгил усанд автсаныг тодруулахаар холбогдох газрууд нь шуурхай ажиллаж буй аж. Ингэж ажиллахыг салбарын сайд нь ч үүрэг болгожээ.

Аадар бороо, үерийн улмаас хүнд байдалд орсон, хортой, хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг III шатлалын ганц эмнэлгээ хэрхэн “аварч” буй талаар бид ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас тодруулснаа өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Тэгвэл энэ удаа ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнтэй ярилцсан юм.

Ж.ЧИНБҮРЭН


-Танай эмнэлгийн нөхцөл, байдал сайжирч байна уу. Хонгилын усыг бүрэн соруулж дууссан гэв үү?

-Юуны өмнө энэ асуудлыг анх хөндөж, олон нийтэд хүргэсэн “Өнөөдөр” сонины хамт олонд талархал илэрхийлье. Өргөтгөлийн барилгын хонгилын усыг шавхаж дууссан. Гадна талын авто замаас орж ирж буй усыг нэвтрүүлэхгүй хашлага хийсэн учраас дотогш ус нэвтрэхгүй болсон. Эмнэлгийн эргэн тойронд олон зам тавьж өгсөн нь сайхан. Гэвч борооны ус зайлуулах суваггүй тавьснаас хонгилын давхар руу ус орсон гэж үзэж байгаа.

Үүнийг мэргэжлийн байгууллагууд тодорхой болгох ёстой. Бид өргөтгөлийн барилгадаа туяа эмчилгээний шинэ төхөөрөмжүүдийг суурилуулахаар ажлаа эхлээд байсан юм. Харамсалтай нь, тэр хэсэг усанд автсан. Тиймээс мэргэжлийн компанийн заавраар тоног төхөөрөмж суурилуулахаар зэхэж янзалсан суурийг (аппаратын доод хөдөлгөөнийг бэхлэх хэсэг) бүгдийг салгаж, зэврэхээс сэргийлэн тосолж, цэвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн уржигдар ирж нөхцөл байдалтай танилцлаа. Юунаас болж ус алдсан, барилгаас уу, замаас шалтгаалсан уу гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа. Буруутай этгээдийг олж тогтоох нь чухал. Хэн нэгний мууг үзэхдээ биш, усанд автсанаас үүссэн хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас шуурхай арга хэмжээ авч, хийн шахуургатай машинаар бүх усыг соруулсан. Эмнэлгийн зарим хэсэгт цахилгаан тасалдсаныг хэвийн ажиллагаанд орууллаа. Одоо үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Гэхдээ маммографийн аппаратаа ажиллуулж чадахгүй байгаа биз дээ?

-Тийм ээ. Дээврээс ус гоожихгүй болсон тохиолдолд л ажиллуулах боломжтой.

-Дээврийг иж бүрэн засахад хэчнээн төгрөг шаардлагатай вэ?

-Иж бүрэн завсар хийхэд 600 орчим сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг 2019 оны төсөвт тусгахаар ЭМЯ шийдсэн. Гэхдээ бид үүнээс өмнө ажил эхлүүлэх гаргалгаа хайж байна. Засварын ажлыг урьдчилан хийгээд дараа нь санхүүжилтээ авах компани бий, эсэхийг судалж байна.

-Анх барьснаас хойш их засвар хийгээгүй гэсэн үг үү?

-1982 оны барилга шүү дээ. Түүнээс хойш их засвар ер хийгээгүй. Хэсэгчлэн зассан.

-Усанд автсан хэсэгт туяа эмчилгээний шинэ аппарат суурилуулахаар ажиллаж байсан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр туяа эмчилгээний хоёр төхөөрөмж суурилуулахаар болсон. Тэр хэсэгт ус нэвчиж байгаа учраас гурван сая ам.долларын үнэтэй хоёр төхөөрөмжөө суурилуулж чадахгүй байна. Туяа эмчилгээний тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж буй ч шинэ төхөөрөмжөө нэмээд суурилуулчихвал иргэдэд хэрэгтэй.

-Хонгилын хэсгийн усыг соруулж, дахин нэвчихээргүй болгосон гээгүй бил үү?

-Түр зуур аргалсан хэрэг. Гадна талын авто зам ус зайлуулах системгүй учир дахиад ийм аюул болох эрсдэлтэй. Энэ бол том сургамж. Харин яаж үнэтэй төхөөрөмжөө угсраагүй байсан юм. Хэдэн сая ам.долларын үнэтэй шүү дээ. Шинэ барилга хэрнээ яагаад ханаар нь ус нэвчээд хонгил нь усанд автдаг, дээврээс нь дусаал гоожиж байгааг мэргэжлийн байгууллагуудаар тодорхойлуулна. Баримт, дүгнэлт байхгүй бол бусдыг гүтгэсэн болно биз дээ.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Туяа аппаратын суурь буюу хөдөлгөөн бэхлэх хэсгийн хохирлын хэмжээг тогтоох амаргүй. Ямар, ямар сэлбэг солих вэ гэдгээс шалтгаалах учраас. Одоо усанд норж хууларсан хулдаасыг хуулж хатаах, шинээр наах, чийгийг бууруулах зэрэг олон ажил хийж байна.


...Энэ асуудлыг Цөмийн энергийн комисс анхааралдаа авч, Засгийн газар, ОБЕГ-ын хэмжээнд ярьж байна. Мөн Ерөнхий сайд анхааралдаа авч холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Түүнчлэн олон улсын болон хөрш зэргэлдээ сайн санаат хүмүүс, байгууллагууд тусламжийн гараа сунгаж эхэллээ...


-Замын болон барилгын компани уялдаа холбоогүй ажилласнаас ийм асуудал үүсэв үү гэж харж байна. Санал нийлж байна уу?

-Үүнийг мэргэжлийн байгуулагууд шалгаж тогтооно. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн хөгжлийн газар руу албан бичиг явуулсан.Замын ажлыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа.

-Өргөтгөлийн барилгын ажил 2011 оноос л эхэлсэн. Гэтэл долоон жил болоход ажил нь бүрэн дуусаагүй, хэл ам их татлах юм. Анх “Суурь” гэдэг компани барьж эхэлсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-2011 онд “Суурь” компани барилгын ажлыг эхлүүлсэн. Зарим ажлыг гүйцэтгээгүй хэрнээ хийсэн гээд 450 сая төгрөг аваад дампуурлаа зарлаад алга болсон байдаг. Өөрсдөө гарын үсэг зурсан, бүх зүйл нь баримттай. Тиймээс бид уг компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Дампуурсан юм уу?

-Харин яасан нь тодорхойгүй. Хэрэг үүсгэх гэж жил хөөцөлдсөн. Энэ хэрэг дээр манай хуулийн зөвлөх ажиллаж байгаа.

-Барилгыг үргэлжлүүлэн барьсан “Зүр” компанийн ажил мөн дутуу байгаа гэв үү?

-Улсын комисс уг барилгыг хүлээж аваад “ийм ийм ажил гүйцэтгэ” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Түүнийг нь гүйцэд биелүүлэхгүй байна. Юу хийсэн, хийгээгүйгээ бичиг баримтаар л гаргаж ирэх хэрэгтэй. Барилгын хийц, дотор нь байрлуулах тоног төхөөрөмжтэй холбоотойгоор анх 2011 онд гаргасан зураг төсөлд багагүй өөрчлөлт орсон. Зарим тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах асуудал барилгын явцын дунд гарч, санхүүжилт нь шийдэгдсэн юм.

Тухайлбал, туяа эмчилгээний төхөөрөмжийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тавина гэсэн асуудал яригдаагүй. Барилгын ажил гүйцэтгэж буй компанид шаардлага тавихаар зураг төслийн дагуу л барьж байна гэдэг. Энэ ажилд хамааралтай байгууллага, хариуцсан хүн нь бүдгэрсээр эцэстээ гол эзнийг нь олоход амаргүй болсон. Бид туяа эмчилгээний аппаратаа л шуурхай суурилуулж ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Мөн хуучин барилгад рентген аппарат суурилуулахаар зэхсэн ч тус өрөөнд дээврийн ус гоожсон. Хуучин барилгын дээврээс ус гоожсон, хонгилд үерийн ус орж ирсэн нь хоёр өөр асуудал.

“Суурь” компани В хэсгийн дээврийн ажлыг гүйцэтгэсэн гэж “Зүр”-ийнхэн ярьдаг. Дээврийн хучилт нь одоо дутуу байна. “Зүр” компани дутуу хийсэн үү, “Суурь” компанийн буруу юу гэдгийг бид мэдэхгүй. Ажлыг нь хүлээн авдаг, хянадаг тусгай байгууллага манай улсад бий. Эдгээр байгууллага давхар хяналт хийсний төлөө ажлын гүйцэтгэлийн нийт төсвийн таван хувийг авч байгаа шүү дээ.

-Хэзээ шинэ аппаратаа суурилуулах боломжтой болох бол?

-Манай эмнэлгийн усанд автсан явдал үерт урссан айлыг шинэ газар нүүлгэн шилжүүлэхтэй адил хэрэг биш. Бүх ажлыг үе шаттай, дараалалтай хийх хэрэгтэй. Туяа эмчилгээний аппаратыг олон жил ажиллуулах учраас ус нэвчихгүй найдвартай болсны дараа суурилуулах ёстой. Замын ус зайлуулах системтэй болохгүй бол дахиад л усанд автана. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага, Авто замын хөгжлийн төв хамтран буруутай эзнийг нь тогтоож засаж залруулна.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх тасгийг уг өргөтгөлд байрлуулахаар төлөвлөсөн байх аа?

-Тийм ээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бид одоогийн байдлаар хуучин байрандаа дөрвөн удаа хийсэн. Шинэ өргөтгөлийн цахилгааны холболтыг хийж, агааржуулалтын системийг ажиллуулахаар тасгаа нээхээр хүлээж байна. Эмнэлгийн болон орон сууцны барилга барих хоёр адилгүй.

Тоног төхөөрөмж суурилуулах, барилга байшин, зам зэргийг цогцоор нь шийдвэрлэхгүй бол ийм явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн бага үнэ хэлсэн компани тендерт ялж, гэрээ байгуулдаг нь ийм асуудал үүсэхэд нөлөөлж байгаа. Хямд өртөгтөө нарийн багаж төхөөрөмж суурилуулах зэрэг зардлыг тусгадаггүйгээс санхүүгийн маргаан, зөрчил байнга гардаг. Харамч хүн долоо дахин төлнө гэдэг шүү дээ. Шинээр хэрэгжих томоохон төслүүд эл алдааг дахин битгий гаргаасай гэж хүсэж байна.

Энэ асуудлыг Цөмийн энергийн комисс анхааралдаа авч, Засгийн газар, ОБЕГ-ын хэмжээнд ярьж байна. Мөн Ерөнхий сайд анхааралдаа авч холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Түүнчлэн олон улсын болон хөрш зэргэлдээ сайн санаат хүмүүс, байгууллагууд тусламжийн гараа сунгаж эхэлсэнд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай