СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан. 

Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд цахилгаан тасарсан мэдээллийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүллээ. 

Хор уршгийг арилгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нэмэлтээр Орхон аймгаас 22 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр гараад байна" гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай