Google том толгой гаргаад 5 тэрбумаар торгуулжээ

Өрсөлдөөний асуудал эрхэлсэн Европын комисс түүхэнд хамгийн өндөрт тооцогдох хэмжээний торгуулийг Google компанид ногдууллаа. Google монополын эсрэг хууль, тогтоомжийг зөрчсөн хэмээн тус комисс үзэж 5 тэрбум долларын торгууль ногдуулаад, гаргасан зөрчлөө 90 хоногийн дотор засч залруулах үүрэг өгөв. 5 тэрбум доллар нь Нидерланд улс Европын холбооны төсөвт жил бүр тушаадаг мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм.

Өрсөлдөөний асуудал эрхэлсэн Европын комиссийн дүгнэснээр Google нь Android зах зээл дэх давамгай байдлаа ашиглан интернет хайлтын системд илт ноёрхох бодлогыг барьж буй бөгөөд үүний тод илрэл нь Play Store-т бүтээгдэхүүнээ байршуулахыг хүссэн хэрэглэгчдэд Google search, Google Chrome-г заавал суулгах болзлыг тулгаж байгаагаас харагдаж байна. Үүний зэрэгцээ, хэрэв утсан дээрх тэргүүн зэргийн эрх бүхий хайлтын аппликэйшнээрээ Google-г суулгасан тохиодолд утас үйлдвэрлэгч болон үүрэн телефоны компаниудад мөнгө төлөх тухай шалгуурыг тавьсаар иржээ. Харин татгалзсан байгууллагуудын Google Play-д нэвтрэх эрхийг нь хаадаг ажээ.

Түүнчлэн интернет төлбөр, тооцооны зах зээлийн аварга тоглогчдод Google Search-г ашиглах шахалтыг тулгадаг байна. Энэ мэтчилэн олон ээдрээтэй асуудал Google-ийн барьж буй бодлогоос хөврөн гарсаар байгаа тул энэ процессыг мэргэжилтнүүд “Шийдвэрлэхэд хамгийн хэцүү хэрэг” хэмээн тодорхойлж байна. Тухайлбал, Европын парламентын гишүүн, Германы хуульч  Андреас Шваб “Монополын эсрэг мөрдөх ажиллагаанууд дотроос хамгийн хүнд, хамгийн ярвигтай нь Google-ийн хэрэг юм. Гэлээ ч Европын комиссийн гаргасан дээрх торгууль бол бодит байдалд дөхсөн шийдвэр юм” гэлээ.

Өдгөө дэлхийн интернет хэрэглэгчдийн 90 хувь нь Google-ийн хайлтын системийг ашиглаж байна. Хайлтын системээрээ дамжуулан тус компанийн мөнгө олдог гол арга нь баннер байршуулж, видео зар түгээх ажиллагаа бөгөөд зар сурталгаагаа дамжуулах суурь платформ нь Android төхөөрөмж ажээ. eMarketer судалгааны байгууллагын мэдээлсэнээр 2018 оны байдлаар дээрх төрлийн рекламын дэлхийн зах зээлийн 1/3-ийг Google дангаараа эзэлж байгаа бөгөөд АНУ-ыг эс тооцоход 40 тэрбум долларын орлогыг жилд олж байна. Google үүнээс өмнө буюу 2017 онд монополын эсрэг хуулийг мөн зөрчөөд 2.7 тэрбум долларын торгууль төлж байсан бол Intel компани дээрх хэргээр 2009 онд 1.9 тэрбумын торгуульд унасан нь өнөө цагийн хамгийн аварга торгуулиуд болон тэмдэглэгджээ.

Google-ийг Ларри Пэйж, Сергей Брин хоёр 1998 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Тэд Стэнфордын их сургуулийн оюутан байхдаа BackRub хэмээх хайлтын системийг анх 1996 онд туршиж байсан. Эртний найзууд хөл дээрээ босох хүртлээ компаниа олон газарт нүүлгэн явсаар 2003 онд Маунтан Вьюд суурьснаар Google-ийн мандан бадрал эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхий даяар байрлах өгөгдлийн төвүүддээ сая гаруй сервер ажиллуулж, өдөрт тэрбум гаруй хайлт, хэрэглэгчдийн бүтээсэн гуч гаруй петабайт мэдээлэл боловсруулдаг аварга компани болжээ.

 


Энэ тухай