Я.СОДБААТАР: АТГ-ын удирдлагыг өөрчлөх талаар Ерөнхийлөгчтэй ойлголцох ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Хаврын чуулган хэр үр дүнтэй хуралдсан гэж хэлэх вэ?

-Нэлээд ачаалалтай чуулган болж өнгөрлөө. Хэд хэдэн томоохон хууль баталсны дотор банкны системийг эрүүлжүүлэх багц хууль бий. Ялангуяа зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг Монголбанк батлахаар бэлтгэж буйг онцолмоор байна. Бид зээлийн хүүг 3-4 жилийн дотор хүүг 5-7 пунктээр бууруулах зорилго дэвшүүлсэн. Тиймээс мэргэжлийн байгууллага нь эдийн засгийн болон захиргааны аргыг хослон хэрэгжүүлж, зохих түвшинд буулгах төлөвлөгөө боловсруулж байгаа. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ер нь улсын хэмжээнд хамгийн их үгүйлэгдэж буй зүйл нь хариуцлага. Үүнийг төрийн эрх барих дээд байгууллагаас эхэлье, гишүүдийг хариуцлагажуулах замаар парламентын үйл ажиллагааг боловсронгуй болгоход сая баталсан өөрчлөлт ахиц болох учиртай. Гишүүд хурууныхаа хээгээр санал өгч, ирцийг нь илүү нарийн бүртгэх гэх мэт олон заалт нэмсэн.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад ирц нь хуулиар заасан босгонд хүрэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах гэх мэт заалт анхаарал татаж байсан. Гэхдээ тэдгээрийг батлаагүйд олон нийт болон зарим гишүүн сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн. Та юу гэж бодож байна вэ?

-Улс төрийн намуудын ойлголцлын хүрээнд хэд хэдэн заалтыг батлаагүй. Тухайлбал, гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой заалтыг батлаагүй нь нэг талаас хариуцлагын харилцааг бүрэн оруулаагүй хэрэг. Гэхдээ нөгөө талаас парламентын дархлаа алдагдах вий гэсэн болгоомжлол байсан учраас оруулаагүй. Мөн зарим заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд авч үзэх ёстой гэх байр сууринаас хандсан.

-Түшээд, өндөр албан тушаалтнуудын хариуцлагаас гадна төрийн албаныхны сахилга, ёс зүйг бүхэлд нь дээшлүүлэхийн тулд Засгийн газар хуулийн төсөл боловсруулсан сурагтай. Төрийн албан хаагчдад мөрдөж ирсэн ёс зүйн дүрэм, хариуцлага уг нь бий. Дүрмээр бус, бие даасан хуулиар төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй юү?

-Иргэд юуны түрүүнд хариуцлага нэхэж байгаа талаар өмнө нь хэлсэн. Тэр дундаа төрд тангараг өргөсөн, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүсийн хариуцлага нэгдүгээрт тавигдаж буй. Тиймээс тусдаа хууль баталж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Үүний хамт тэдний нийгмийн баталгааг ч хуулиар хангах ёстой. Төрийн албан хаагчдын цалин, хангамж, нийгмийн баталгааг өнөөдөр салбар салбарын хуулиар зохицуулж байгаагаас хариуцлага хийгээд хангамж нь харилцан адилгүй байдаг. Төрийн тусгай албан хаагчид нэг өөр. Багш нар бас өөр. Уг нь нэгэнт төрд тангараг өргөсөн бол сахилга болон баталгааг нь нэгдсэн байдлаар тэнцвэртэй авч үзэх ёстой.

-Төрийн албаны тухай хуулийг өнгөрсөн өвөл шинэчлэн баталсан. Ирэх оны эхнээс хэрэгжинэ. Тус хуульд төрийн албаныхны нийгмийн баталгааг хангалттай сайн тусгасан талаар онцолж байсан. Бие даасан хууль шаардлагатай гэж үү?

-Сайн туссан нь үнэн. Гэхдээ нийгмийн баталгаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахгүй бол зарим нь тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авч байхад соёлын салбарынханд 12 сарынхыг өгөх жишээтэй. Тодорхой урамшуулал авдаг нэг хэсэг байхад авдаггүй нь ч бий. Хил дээр ажиллаж байгаа хил, гааль, гадаадын харьяат, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилчид гэхэд л дөрвөн өөр хангамжтай байна. Нэг нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс салбар салбарынхаа хуулиар харилцан адилгүй хангамж авч байна шүү дээ. УИХ аль нэг салбарын хуулийг хэлэлцэх явцад хэр лоббидсоноос хамаарч хангамж, баталгаа нь ямар байх вэ гэдэг нь шийдэгддэг тал ч бий.

-Сая чуулган хаахын өмнөхөн прокурорын байгууллагынхны цалинг нэмж, шүүгчдийнхтэй бараг эн тэнцсэн байна лээ.

-Харин тийм. Прокурор, шүүгчид хамгийн багадаа хоёр сая төгрөгөөс дээш цалинтай ажиллаж байхад эмч, багш нар сард 500 мянган төгрөг авч байна шүү дээ. Төрд ажиллаж л байгаа бол жишиг нь ойрхон байх ёстой. Ингэхгүйгээс болоод нийгмийн бухимдал газар авч байна. Үүнийг ирэх чуулганаар хэлэлцэх Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд бас ярих ёстой. Би тодорхой санал гаргаж, ажлын хэсэгт хүргүүлсэн. Тухайлбал, хөдөлмөрийн цахим дэвтэртэй болгож, нийтэд нь хариуцлагажуулах тухай заалт оруулсан.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэгт та багтсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Бид хууль, хүчний байгууллагын шалгалтын явцыг хүлээж, мэдээлэл авах түвшинд ажиллаж байна. Мөн Засгийн газарт санал хүргүүлсэн. Ер нь шалгалтын явцаас харж байхад “Жаст” компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарсан гэрээ байгуулж, “Стандарт” банкнаас зээл аваад, түүнийгээ хаачихсан байгаа юм. Дараа нь яг тэр гэрээгээ хуурамчаар үйлдээд, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч, тэр нь дуусаагүй байгаа юм байна гэсэн ерөнхий ойлголт надад төрсөн. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр гэрээнд байгаа нийт гарын үсгийн 90 хувь нь хуурамч гэдгийг тогтоочихсон. Тиймээс буруутай этгээдээр мөнгийг төлүүлэх ёстой. Тэр мөнгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргаж болохгүй. Шинэ нөхцөл байдал үүсэж байгаа гэдгээ олон улсын шүүхэд ойлгуулж, арбитрын маргааныг дахин сэргээх ёстой гэж бодож байна.

-Та мөн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гишүүн. Шинэ мэдээлэл байна уу?

-Ажлын хэсэг дэд хэсгүүдэд хуваагдан, чиглэл чиглэлээр ажиллаж байна. Хувь гишүүний үүднээс хэлэхэд, байгаль орчны асуудалд бид онцгойлон анхаарал хандуулах ёстой. Мөн тэнд ажиллаж байгаа монгол хүмүүсийн хөдөлмөрийн харилцаа, эрх ашгийг хөндөх шаардлагатай. Нэг байран дээр ажиллаж байгаа гадаад, дотоод хүмүүсийн цалингийн зөрүү ойрхон байх ёстой. Санхүү, хөрөнгөтэй холбоотой асуудалд хэрхэн хяналт тавих ёстой вэ гэдгээ мөн ойлголцох учиртай. Монгол Улс, “Рио тинто” хоёр “Оюутолгой” гэсэн завин дээр нэгэнт хамтдаа суусан. Аль алийгаа чадах гээд завиа хөмөрчихөж болохгүй шүү дээ. Харин хамгийн том хийх ёстой ажил бол уул уурхай, тэр дундаа Оюутолгойтой холбоотой ойлголтыг ард иргэдэд зөв, бодитой өгөх явдал. Сэтгэл хөөрөлд хэт автагдсан мэдээлэл иргэдийн дунд давамгайлж байх шиг. Эцэст нь ажлын хэсэг дүгнэлтээ гаргах байх. Хувь гишүүний байр суурь гэвэл бид 34 хувиасаа татгалзах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн 34 хувиа роялтигаар солих хэрэгтэй.

-Ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын удирдлагыг өөрчлөхийг нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн хамт шаардаж байна. Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагыг өөрчлөх саналаа өмнө нь хүргүүлэхэд байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед хэлэлцээгүйг нь зөв гэж байна уу?

-Эхлээд хуулийн маргаантай зүйлээ цэгцлэх хэрэгтэй. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан уу, үгүй юү, тэгж үзэх ямар үндэслэл байна вэ. Хоёрдугаарт, тэднийг солих үндэслэл, шалтгаан нь юу юм, энэ нь хуульд нийцэж байна уу гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол нийгэмд шударга ёс тогтоох гол байгууллагын удирдлага нь ямар нэг хардлага, сэрдлэгтэйгээр томилогдвол юу болох билээ. Мэргэжлийн байнгын хороо нь дүгнэлт гаргаад, хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг дахин ярихдаа тулбал Ерөнхийлөгчтэй сайтар ойлголцож, нэг мөр шийдэх ёстой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай