АТГ Ерөнхий сайд асан С.Баярыг дайлж байгаа бичлэг алдагдсан

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдэгдэл хийлээ.

Тэрээр болсон явдлын талаар мэдэгдэхдээ "Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан" гэв. 

 АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулжээ. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халжээ. 

Мөн тэрээр нэмж тайлбарлахдаа АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг гэв. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай