FLA:Тайзан дээр байхдаа “Би цагаа дэмий үрээгүй юм байна” гэж боддог

Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгстэй цөөн хором ярилцлаа.

-Юун түрүүнд нэрийн тань тухай асуумаар байна. Ямар утга агуулсан юм бэ?

Бие даасан уран бүтээл хийхэд тайзны нэр яах аргагүй хэрэг болсон. Fly гэдэг үгтэй утга ижил. 

-Хип хоп хөгжимд хэрхэн татагдав. Анх дуу хийх болсон түүхээсээ хуваалцаач?

-Их багаасаа сонссон шүү. Анхандаа ч ахынхаа сонсдог хамтлаг, репперүүдийн дуунуудыг дагаж сонсдог байлаа. Сүүлдээ өөрөө хөгжмийн энэ урсгалд дуртай болж, дурлах болсон. Наймдугаар ангийн сурагч байхдаа хоёр найзтайгаа нийлж, дуу хийх гэж оролдсон. Гэхдээ бүтэлтэй юм болоогүй. Түүнээс хойш бусдын уран бүтээлийг сонсож, нэлээд судалж байгаад дуунуудаа дахин хийж эхэлсэн дээ. Хамгийн анх реппер Lil Tug E-тэй хамтарсан “Rolloin” дууг “цацсан”. Ганцаар­ чилсан дуу гэвэл “Trap sensei”.

-Нэлээд олон жилийн өмнөөс хип хоптой “зууралдсан” гэлээ. Юу нь таныг ингэтлээ өөртөө татсан юм бэ?

-Ая, хэмнэл гээд бүх л зүйл нь намайг эзэмддэг.

-Хөгжмийн бусад төрлөөр уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучдаас репперүүдийн ялгардаг гол онцлог, давуу тал нь дууны үгээ өөрсдөө бичдэг. Хэзээнээс бичиж эхэлсэн бэ?

-Хип хоп сонирхож эхлэх үеэс л. Тэр талын авьяас жаахан бий шүү. Гэхдээ дуу хийж эхэлсэн үеэс л бичих чадвар минь илүү сайжирсан байх. Дуу болгоогүй ч, бичсэн шүлэг, санаа маш их бий. 

-Ямар үед сүүл, толгой холбох, бичих сэдэл төрдөг вэ?

-Гоё ая сонсохоор л юм бичмээр санагддаг. Шууд л “ороод ирдэг” юм. Заримдаа гэнэт гоё бодол, санаа, мөртүүд орж ирнэ. Тухайн үед нь гялс тэмдэглээд авчихдаг. Тэгж тэмдэглэснээ нийлүүлбэл 60 хуудастай дэвтэр дуусах байх шүү.

-Уран бүтээл хийх явцад сэдэв давхцах зэрэг тохиолдол гардаг. Үүнээс хэрхэн “зугтдаг” вэ?

-Би харин ч зугтахыг хүсдэггүй. Харин ч бүр одоо уран бүтээлээ хийж буй сэдвүүдээрээ дагначихсан ч яах вэ дээ. Монголын хип хоп гэхээр л хайр, эсвэл нийгмийн хар барааныг дуулдаг. Тэртэй, тэргүй нийгэм асар их бухимдалтай байгаа энэ үед тийм сэдвээр дуу хийж сонсогчдыг нэмж дарамталж яах юм бэ. Гэтэл дэлхий даяар л репперүүд шоу, зугаа цэнгэлийн талаар дуу хийж байна. Би болоод манай “Loi4ixcoн” бүлэг энэ сэдвээр, трап урсгалаар түлхүү дуу хийж байна. Сонсогчдын бухимдлыг нь тайлж, жаргалтай мэдрэмж төрүү­ лэх дуу хийх хэрэгтэй гэж боддог.

-Анх хэрхэн тайзан дээр гарсан бэ. Тайзан дээр дотоод ертөнцөө дуу болгон үглэхэд ямар санагдаж байв?

-Миний гарсан хамгийн “том” тайз бол XMF хөгжмийн наадам. Өнгөрсөн жил тус наадамд оролцож, дуугаа үзэгчдэд хүргэсэн. Энэ жил мөн дахин оролцлоо. Тайзан дээр гарахад их гоё мэдрэмж төрдөг. Тэр үед “Би цагаа дэмий үрээгүй юм байна” гэж бодогддог. Хүмүүс хашхиралдаж, миний дууг дагаж дуулахыг харах гоё шүү дээ.

-Та “Loi4ixcoн” бүлгийнх. Хэзээнээс энэ бүлгийн гишүүн болов. Бүлгээ яагаад ингэж нэрлэсэн нь сонин санагдаж байна.

-2009 онд ижил зорилго, сонирхолтой залуус нэгдэн эл бүлгийг байгуулсан юм билээ. Би 2010 онд энэ бүлэгт нэгдсэн. Арав гаруй дотнын найзууд энэ бүлэгт бий. “UB comedy”-гийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг, реппер Ginjin нар энэ нэрийг өгсөн. Дүүрсэн тэнэг, хөлдүү гэсэн утгатай шүү дээ. “Доёолоод” л өгчихсөн гэх юм уу даа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би эдийн засагч мэргэжилтэй.

-Мэргэжлээрээ ажилладаг уу. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ цалгардуулахгүй байх амаргүй л байх.

-Мэргэжлээрээ ажилладаггүй. Өөр ажил эрхэлдэг. Зөвхөн уран бүтээл хийн, түүгээрээ амьдрах боломж манайд хомс шүү дээ. Тиймээс аль, алийг нь орхигдуулахгүй байхыг л хичээж байна.

-Дуу хийж, түүнийгээ дүрсжүүлээд хүмүүст хүргэхэд хөрөнгө төсөв их хэрэгтэй юм шиг санагддаг. Үүнийгээ яаж шийддэг вэ. Давхар ажил эрхэлдэг болохоор энэ асуудалд түүртдэггүй юү?

-Өөрийн орлогоос гадна, тоглолт, “халтуур” хийж мөнгө олно. “Loi4ixcoн” бүлэг, найз нөхдийн дэмээр болдог л юм. Ивээн тэтгэгч байхгүй юм чинь бор зүрхээрээ зүтгэхээс яах билээ.

-Хип хоп сонирхож, цаашлаад уран бүтээл хийж эхлэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. Дургүйцсэн үү, эсвэл дэмжсэн үү?

-Олон юм хэлээгүй ээ. “Боль” гэж ч эсэргүүцээгүй. Миний клипүүдийг үзсэн, үгүйг ч хэлж мэдэхгүй юм.

-Дуунуудаа Youtube болон бусад цахим хуудсанд байршуулсныхаа дараа хүмүүсийн хандлагыг танддаг уу. Бусдын шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг хааяа уншдаг л юм. Магтах хүн ч байна, муулах нэг нь ч бий. Хүмүүсийн хэлсэн үгэнд авах, гээхийн ухаанаар л хандахыг хичээдэг. Авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй шүү дээ. Хэр баргийн хатуу үгэнд эмзэглэдэггүй, тоодоггүй. Магтаалд ч ташуурч, онгирдоггүй.

-Сүүлийн үед уран бүтээлчид Youtube-д байршуулсан дууныхаа үзэгчдийн тоо, хандалтад их анхаардаг болж. Таны клипийг хэр олон хүн үзсэн байгааг анзаарч хардаг уу?

-Хааяа л сонирхож хардаг. Реппер Ginjin, Lil Tug E-тэй хамтарсан “Get money” дууг 700 мянга орчим хүн үзсэн байсан. Сүүлд гаргасан “Wishy washy”-г бас овоо олон хүн үзсэн байх.

-Танд үлгэр дуурайл авдаг реппер бий юү?

-Нэрд гарсан, гараагүй маш олон реппер мэднэ. Бүгд өөр өөрийн онцлогтой. Тийм болохоор тэрнээс, энэнээс үлгэр дуурайл авдаг гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ 50 cent, “G unit”-ийг сонсож өссөн.

-Нээрэн, “Гиннесийн ном”-д хамгийн хурдан үглэгчээр АНУ-ын Сиэтлээс гаралтай реппер NoClue бичигдсэн байдаг нь юм билээ. Тэрбээр 51.27 секундэд 723 үг хэлсэн байдаг. Та иймэрхүү туршилт хийж үзсэн үү?

-Түүний бичлэгийг үзсэн. Бас л авьяас шүү дээ. Харин би тийм оролдлого хийж үзээгүй ээ. Чадах ч үгүй.

-“Trap star” нэртэй цомог гаргахаар төлөвлөж байгаа гэсэн үү. Цомог чинь ямар онцлогтой вэ?

-Ирэх наймдугаар сарын сүүлчээр цомгоо сонсогчдод хүргэнэ. 12 орчим дуутай байхаар төлөвлөсөн. Аливааг харж буй миний өнцөг л энэ цомгоос “үнэртэнэ”. Ая, үглэх хэв маягаа аль болох сонирхолтой байлгахаар хичээж буй.

-Орчин үед сонсогчид Spotify, iTunes гэхчлэн цахим дэлгүүрээс хүссэн дуу, цомгоо биет бус хэлбэрээр худалдан авдаг болсон. Ийм үед цомог гаргах хэрэг байна уу?

-Ингэж хэлж буй хүн олон байна. Гэхдээ биет зүйл гэдэг өөр шүү дээ. Цуглуулах, хадгалах боломжтой. Бие даасан анхны цомог болохоор ч тэр үү, заавал гаргамаар байгаа юм.

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юү?

-“Tonight” дуу минь зориулсан эзэнтэй.

-Дуунууддаа гадаад үг, хэллэг их оруулдаг юм билээ. Та гадаадын хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Би “Русская гимназия”, “Шинэ монгол” ахлах сургууль төгссөн. Унаган орос хэлтэй. Англиар ярьдаг. Япон хэлийг гурван жил сураад, орхисон.

-“Vibe 105.5” богино долгионы радиод хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан бил үү?

-Реппер Ginjin бид хоёр тус радиод хип хоп хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Гэхдээ нэг их удаагүй.

-Цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцахгүй юү?

-“Loi4ixcoн” бүлгийн гишүүд тус тусдаа цомог гаргахаар төлөвлөсөн. Түүний дараа бүлгийнхээ цомгийг гаргахаар ярилцаж байна. Бид уран бүтээлээ улам чанаржуулж, Азийн сонсогчдод хүргэхийг зорьж байгаа. Хятадын “Higher brothers” гэж трап урсгалаар уран бүтээлээ хийдэг хамтлаг их амжилттай яваа. Бидэнд тэднээс дутах юу ч байхгүй.

-Танд зорилгоосоо ухармаар, шантармаар үе гарч байв уу?

-Тийм үе байхгүй ээ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор улам хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай