Монгол Улс дотор улс байгуулна гэнэ үү!

Монголчууд маань үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Увс аймгийн Ховд сумын харьяат Г.Намсрайжавын хүү Батсуурь түрүүлж, улсын аварга цол хүртэн нутгийн зон олноо баярлуулсан. Гурван үеэрээ нэрээ бөхийн дэвжээнд дэвж буй аатай аавын жаатай хүү ийнхүү аварга болсонд монгол түмнээрээ бахархаж амжилтдаа эзэн болж чадна хэмээн итгэсэн байна. Нутгийн хүү нь улсын аварга болохыг хараад хамрын самсаа шархирч аанай л өөрөө хүртчихсэн мэт баярлах сэтгэгдэл төрдөг. Баярлаж буй тус нутгийн зон олныг буруутгах аргагүй. Харин зарим нэг нөхөд баяр наадмынхаа тунг хэтрүүлсэн бололтой олон хүний дургүйцлыг хүргэжээ.

Увс аймгийн харьяат Г "Бүгд найрамдах Увс Улсыг байгуулъя. Халхуудад 500 жил хоорондоо дайтсан гашуун түүхээ мартсан өмхий Халхуудтай нэгэн тугийн дор байснаас тусгаар улсаа байгуулъя. Салан тусгаарлах үзлийг дэмжиж байгаа хүмүүс байвал Ойрдын Нэгдсэн Холбоонд элсэж, тугийн дор нэгдмүй" гэж 500 мянга орчим дагагчтай сошиал грүүпд нийтэлсэн байх юм. Өвөр зуураа тоглоом болгон ярьж,  ганц нэг хүн ярьсан бол хэн ч тоохгүй байсан биз. Гэтэл энэ асуудлаа сошиалд дэлгэж байгаа нь жалга довны үзлээ хэтрүүлсэн явдал болжээ. 

Хэдэн зураг эвлүүлчихдэг хэн ч энэ мэт маргааныг өдөөж, гал дээр ус нэмж чадахаар болоод байна. Гэтэл цаана нь улс үндэстний эв нэгдлийн асуудал явж байгаа шүү дээ. Гуравхан сая хүн амтай монголчууд маань эвлэлдэн нэгдэж чадахгүй "Улс дотор улс байна" гэж төсөөлж бодоход ч бэрх. Харин залуус маань цаад учрыг нь тооцоолж үзэлгүй даан ч хөнгөн хандаж байна. Биднийг томруулдаг шилээр хардаг бол их л инээдтэй дүр зураг үзэгдэж байгаа нь тодорхой. 

Тиймээс хоосон хийрхээд авсан  нөхдөд Т.Галсан гуайн "Монгол хүний зүрхний бичээс" шүлгийн нэгэн бадгийг сануулъя. 

...Эвдэрвээс бид хуваахын хүрд ээ
Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд ээ
Энэ бол миний зүрхний бичээс
Эвлэрсэн цагтаа Монголчууд бид хүчтэй... 

Тийм ээ бид "Эвлэрвээс үржүүлэхийн хүрд" юм. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

Илгээх

Энэ тухай