Амьдрал сайн уу: Гэдэс цатгалан ч зүрх “өлсгөлөн”

Тэвшнээс нь тал талаараа илүү гаран унжиж, зарим газраа овойж, зарим хэсэгт нь хонхойсон хааш яйш ачаатай жижиг оврын ачааны машин Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгаар дайран өнгөрөхөд жир биш олон тааралдав. Бороотой өдрүүд байсан тул ус чийгнээс хамгаалан гялгар цаасаар хулдаж, хучсаныг үзвэл тийм ч хэрэггүй эд биш баймаар, ачсан байдлыг нь харвал бас ч нандигнасан шинжгүй иймэрхүү ачаатай машиныг эхэн үед анзаараагүй ч ойр ойрхон тааралдаад байсан нь эрхбиш анхаарал татлаа.

Наадамчид, аялж, амрахаар хөдөөг зорьж яваа хүмүүс бол суудлын тэрэгтэй, баярын бэлтгэл хангаж, чихэр, жимс, ундаа, ус зөөж яваа бол арай нямбай, бас том машинтай байдаг сан. Нутгийнхан ойр зуурын ажлаа амжуулж яваа гэхэд ийм олноороо тааралдахгүй дээ хэмээн урд яваа “Портер”-ын ачааг ахиулан ажвал утаа тортогт идэгдсэн тооно гялгар цаасны цаанаас гэрэлтэж харагдав. Дөрвөн нүдтэй халтар нохой хэлээ унжуулан, шүлсээ савируулж, машины араас хамаг тэнхээгээрээ давхина.

Нүүдэл аж. Морьтой, явган, мотоциклтой, олон, цөөн мал туусан хүмүүс тааралдаад байсан нь ч нүүдэл байжээ. Нар буцсанаас хойш нийт нутгаар бороошиж, ган тайлагдсан тул хэдэн малдаа хоол хайж, хангай бараадсан говийнхон нутаг буцаж буй нь энэ юмсанж. Өнгөрсөн жил ган болж, өвөл, хавар хүндхэн өнгөрсөн. Ган, зудын дараа хөдөө, орон нутгийн байдал, малчдын амьдрал ямархуу байгааг сурвалжлахаар Өвөрхангай аймгийг зорьж явахад нүдэнд туссан дүр зураг нь энэ.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс найман хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэг хүнд ногдох ҮНО, ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад оронтой харьцуулбал тун өндөр тоо юм. Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр бидний байдал илүү тодорхой болох биз ээ.

60 гаруй сая малтай, асар их байгалийн баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ гэдэг асуулт биднийг хөтөлж буй юм. “Ядуурлын дүр төрх” судалгаанд дурдсанаар Өвөрхангай аймгийн иргэдийн 41.1 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсан нь харьцангуй өндөр үзүүлэлт тул тус аймгийг сонгосон хэрэг. Тэгэхдээ хөдөө буйдад аж төрж байгаа малчдын амьдралд ядуурал хэрхэн тусаж буйг гаргахыг зорилоо. “Амьдрал сайн уу” гэхэд тэд юу гэж хариулах бол.

Хэзээ нэг цагт, хэн нэгэн аварга биетэн хормойлж ирээд асгачихсан мэт том том үхэр чулуутай хөндийг туулж Арбулан хэмээх газарт зусаж буй Б.Батсүхийнд буулаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул тэднийхийг цөөхөн малтай, амьжиргаандаа хүрэхгүй орлоготой, тэр хавьдаа л хамгийн хүнд амьдралтай айл гэж нутгийнхан нь зааж өгсөн юм.

Биднийг очиход тэднийх хонио ноосолж байж таарав. Онги голын хөвөөний их дэрсний нэгээхэн чөлөөнд, таван ханатай гэрийн бууринаас жаахан том, мод, төмөр, чулуу холин барьсан хашаанд цөөн бог оруулжээ. Сурвалжилга бэлтгэх ажилтай явааг минь дуулаад эзэгтэй “Гэрт орж ярилц” хэмээн өвгөндөө “чөлөө өгөв”. Гэрийн эзэн ч хяргаж дуусаж байсан хониныхоо хүлгийг тайлж, өмд, гуталд наалдсан малын баас, шороо тоосыг гараараа гүвэн унагаад гэрийн зүг алхангаа “Сүүлийн хэдэн өдрийн бороо ган тайлж, овоо болоод байна.

Хэдхэн хоногийн өмнө л энэ хавь үнс шиг цагаан шороо хийссэн газар байлаа. Өдөр бүр шуурна. Мал хамар хатгах юмгүй, энэ дэрс чинь хувхай цагаан болчихсон, хэцүүхэн байсан шүү” хэмээсээр босго давав. Угаас хөдөөгийнхний хувьд цаг агаар, газрын гарц, зуншлага ямар байгаа тухай яриа мэндчилгээнийх нь салшгүй хэсэг билээ.

Хатуу өвөл, хахир хаврыг хэрхэн давсан, малчдын амьдрал ахуй ямар байгаа тухайд яриаг чиглүүлээд “Амьдрал сайн уу” гэж асуухад Б.Батсүх гуай “Зуу гаруй богтой байснаас 50-иадыг нь тавиад туучихсан. Олон малтай бол тоохгүй. Цөөхөн болохоор хорогдол айхтар мэдрэгдэнэ. Харамсмаар. Насны бөгсөнд шөлний хоньгүй болох нь уу л гэж айж суулаа. Төл огт аваагүй. Хоёрхон ишигтэй. Ууттай юм уруугаа, дэлэнтэй юм дээшээ гэж, хэдэн ямаагаа хайдагшуулсны хүчинд арай ч хар цай уучихгүй сууна. Би одоо 77 хүрч байна. Нас өндөр, бие өвчтэй, хэрэг байхгүй. Бүх биеэр юм туурчихдаг байсан нь энэ жил гайгүй шүү байна.

Дотогшоо орчихсон юм уу, яасан юм. Хүүхдүүд том болоод, тараад явчихсан. Би хоёр хүү, нэг охинтой. Нэг нь Улаанбаатарт, нөгөө нь Баян-Өндөрт, гурав дахь нь аймгийн төвд байдаг. Тэд маань намайг асарч, тэжээх бүү хэл өөрсдийгөө дөнгөн данган авч яваа. Амьдрал амаргүй л байна. Тэтгэврийн зээлтэй” хэмээн зовлон тоочив. Бас “Орон нутгийн удирдлага хэн хаана, яаж шүү амьдарч байгааг огт мэддэггүй. Багийн дарга, эмч нь ч үзэгддэггүй” гэж “матаад” авлаа. Түүний талаар болон өнөө цагийн малчдын талаар илүү бодитой мэдээлэл авахын тулд бид нэлээд яриа өрнүүлж, наадах, цаадхыг нь ухаж, төнхөв.

-Танайх энэ хавиар л нутагладаг айл уу. Холын отор, нүүдэл хийх үү?

-Би энэ булангийн буг болж байгаа хүн. 1990 оны хавар энд буусан гэхээр 28 жил өнгөрчээ. 1990-ээд оны эхээр Баян-Өндөр рүү нүүгээд, таних ч хүнгүй хэцүү байхаар нь буцаад ирсэн. Тэнд ганц дүү минь байдаг юм. Түүнээ бараадаж очсон ухаантай. Гэтэл тэр намайг харах нь бүү хэл өөрийгөө яая гэж байхаар нь дараа болоод яах вэ гэж бодсон. Түүнээс хойш энд нутаглаж байна. Энүүхэн урагшаа өвөлжчихдөг. Хол нүүх хүн хүч, чадал тэнхээ аль аль нь алга.

Хэдэн жилийн өмнө энд амралтын газар байгуулж, аймгийн дарга (байсан) Тогтохсүрэн намайг “Нүү” гэж хөөсөн. Би өөдөөс нь “Чам мууг дарга болоогүй байхад би энд нутаглаж байсан юм” гэж үзэлцэж байгаад нүүлгүй үлдсэн. Гэтэл удалгүй амралтын газрыг нь үер хамаад явчихна лээ. Манай нутгийнхан тэр үерт урсдаг амралтыг Ерөнхий сайд Батболд гэдэг хүний харьяаных гэж ярьдаг байсан. Тэндээс үлдсэн чулуун хананы үлдэгдэл, хаалгыг ашиглаж хэдэн ямаандаа хашаа барьчихаад байгаа нь энэ.

-Үер орж ирдэг юм бол аюултай газар биш үү?

-Энүүхэнд жаахан товгор юм. Түүнийг нь тааруулаад гэрээ барьчихсан. Энд ус орж ирэхгүй ээ.

-Та хоёр хоёулаа тэтгэвэрт суусан уу. Тэтгэврээс гадна ямар тэтгэмж авч байна вэ?

-Би сумандаа дөрөвдүгээр анги төгссөн. Цэргийн алба хааж ирээд курст явж, сантехникийн слесарь болсон. Газутай (газов) нэлээд хэдэн жил ноцолдоод 1990 онд овоо өндөр тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл нас болоогүй, будилаантай байна гэж тэтгэврийг маань хасаад, түрүүнд авсныг нь төлүүлэхээр шүүхэд өгчихсөн. Ингээд шүүхдэлцэж, дөрвөн жил тэтгэвэргүй яваад эцэст нь малчны тэтгэвэр тогтоолгосон. Одоо сард 300 мянган төгрөг авдаг.

Үүнийгээ 2020 оны долдугаар сар хүртэл зээлчихсэн. “Насны хишиг” авдаг. Өөр ч юмгүй шив дээ. Уг нь түлшний хөнгөлөлтөд хамрагдмаар байдаг. Гэтэл надад өгдөггүй юм. Түлшээ өөрөө бэлдээд түлэх чадалтай гэж үздэг юм байлгүй. Ноолуур өндөр үнэтэй жил хэдэн ямааны ноолуур овоо хэдэн төгрөг болчихдог ч уг суурь муутай болохоор тэр дор нь үрчих юм. Энэ хавар л гэхэд хоёр сая гаруй төгрөг аваад идчихлээ.

Хань минь (Хоймрын авдар дээрх, өмнө нь тахил өрсөн жаазтай зураг руу заав) ойчоод нэлээд хэдэн жил өнгөрч байна. Би цайгаа чануулах гэж энэ хүнийг (Гадаа хонь ноослох ажлаа үргэлжлүүлээд үлдсэн эмэгтэйг хэлж буй нь илэрхий, үүд рүү харцаа шилжүүлэв) авсан юм. Улаанбаатарын хүн. Ирээд зургаан жил болох гэж байна. Энэ маань тэтгэвэрт гарах болоогүй. Энэ жил 51-тэй бил үү, 52 хүрч байна уу.

-Танай гол орлого таны тэтгэвэр л юм аа даа.

-Тэгэлгүй яах вэ.

-Амьжиргаанд чинь хүрэлцэж байна уу?

-Яах вэ, хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна. Болохгүй гээд ч яах билээ. Хүүхдүүдээсээ юм зулгаахгүй болгох гээд л зүтгээд байна. Үнэнийг хэлэхэд ганц хүний тэтгэвэр хүрэлцээ муутай. Айл л юм болохоор гэр орондоо юм наамаар болох юм. Энэ хүнийг (цайны хүнээ хэлж байна) чинь гоёж гоодоход нь юм авмаар болно. Хүний хүнийг хоосон байлгаад байлтай биш. Мөнгө төгрөг их л хэрэг болох юм. Хөдөө ус, түлш үнэгүй, хог, цахилгааны мөнгө гэхгүй, малын буянд мах, сүүнд өрдөх нь бага тулдаа л өлсөж, цангахгүй байна.

-Ер нь орон нутагт иргэдийн амьдрал ямархуу байна вэ?

-Аймгийн төвд л ядуус олон байх шиг харагдах юм. Манайх цөөхөн малтай болохоор тэр бүр мал хагалж идээд байж чаддаггүй. Заримдаа төв суурин орохдоо гэдэс, цувдай худалдаж авч, хоног төөрүүлдэг. Одоо цувдай 4000-5000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл үүнийг авч чаддаггүй хүн олон юм билээ. Хөдөөгийн бид бүр аргаа барлаа гэхэд хэдэн ямааныхаа сүүг ууж, тараг бүрж идээд байхад өлбөрч үхэхгүй. Малын буян их. Төв суурин газарт бол гуйлга л гуйх байх даа.

-Хөдөөд ядуурал газар авлаа, малчдын амьдрал хэцүү байна гэж ярьдаг. Танай үүгээр мал хуйгүй, үгээгүй айл байдаг уу?

-Харин тэгээд л байдаг юм. Манай энэ хавьд л лав малгүй, яахаа алдсан, хоолгүй хонохдоо тулсан айл байхгүй. Хамгийн цөөхөн малтай нь л манайх байх. Мань мэт нь муухан шиг амь тээглүүлээд л байна. (Инээв)

-Та дээр тэтгэврээ хасуулсан гэлээ. Нас болоогүй байхад тэтгэвэр тогтоолгочихсон юм уу, алдаа эндүүрэл гарсан юм уу?

-Тэр үед чинь байгууллагууд тарж бутраад, хүмүүсийг тэтгэвэрт гаръя л гэвэл гаргаад байсан шүү дээ. Олон хүүхэдтэй гээд залуухан эмэгтэйчүүдийг хүчээр шахам тэтгэвэрт суулгаж байсныг хүмүүс мартаагүй байх. Тэр дүйвээнд би хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгочихсон юм. Гэтэл миний пасспорт будилаантай байхгүй юу. Энэ жил би жинхэнэ насаараа 77 хүрч байгаа. Засгийн дансанд 73, 74-тэй гэж яваа байх.

-Насаа яагаад дарчихсан юм бэ?

-Аав, ээжийн хийсэн ажил. Хөдөөгийнхөн хүүхдээ сургуульд сургахгүй гэж элдэв арга сэддэг байсны гэрч, хохирогч нь би. Тэр үед иргэний бүртгэл одоогийнх шиг боловсронгуй байсан биш. Хэлснээр нь л бичдэг байсан хэрэг.

Бидний яриа ийн үргэлжилж, Батсүх гуайн ам ч халлаа. “Та Улаанбаатарын хүнийг “уруу татаад” аваад ирсэн гэчихэв үү дээ. Хотын хүнийг яаж нааш нь авчрав?” гэхэд тэрбээр “Би чинь их панаалтай хүн шүү дээ. Ямар сайндаа “мөнгөн панаал” гэдэг хочтой байх вэ. Одоо шүд ойчоод, шүлс үсрээд ярьж чадахаа болиод байгаагаас биш Элбэгдоржтой л ойролцоо “бурдаг” байлаа” хэмээн наргиа болгож, пар пархийн инээлээ.

Тэгснээ дуугаа төв болгоод “Манай аймагт “алтан панаал”, “мөнгөн панаал” гэж хоёр Батсүх байсны нэг нь би. Бид нэг дор ажилладаг байв. “Алтан панаал” маань бурхны оронд явчихсан. Би ханиа талийгч болсноос хойш ганцаараа 2-3 жил болсон. Ганцаараа хүн чинь хэцүү юм билээ. Бүр барахаа байгаад, хэдэн малаа айлд хөлсөөр тавьж, хотын хүн болох гэж ч үзсэн. Хэзээнээсээ айлд мал тавих олигтой биш. Тарганыг нь солиод авчихна, алаад идчихнэ, үхсэн гэж хэлнэ.

Алаг нүдээр хараагүй, арван хуруугаар бариагүй болохоор “Өө тийм үү” гээд л өнгөрөхөөс аргагүй. Хотод жил болсон ч утаа, угаадас үнэртсэн тэр газарт дасаагүй. Хэдэн малынхаа дэргэд байх нь жаргал гэдгийг ойлгоод буцаж ирсэн дээ. Тэгэхдээ цай чанах хүн олж ирсэн юм. Манай энэ говийн хүн. Хотод олон жил болсон юм билээ. Хань нь ойчиж, бас над шиг зовлон үзэж явахад нь таарсан юм. Зовлон үзээгүй хүн бол над шиг өвгөнтэй ярихгүй шүү дээ. Зовлон үзсэн хүн гэдэг өөр л дөө. Аймгийн төв ороход залуудаа надтай хамт ажиллаж байсан хүмүүс хажуудахаа тохойгоороо ёворч, нэгэндээ “Батсүхийн хүүхэн энэ шүү дээ” гэцгээж байгаа нь мэдрэгддэг.

Зарим нь хэрэг болгож зорьсон болов уу гэмээр манайхаар ирцгээдэг л байсан. Тохуурхсан нэгэнд нь би “Та нар над шиг явж чадахгүй” гээд хэлчихдэг юм. Өвчтэй өвгөн, өтөлж чадахгүй, юу л гэнэ, дураараа болог. Хэн ч бид хоёрын амьдралаар амьдраагүй учраас бидний зовлон, жаргалыг мэдэхгүй шүү дээ. Амьдрал гэдэг таахын аргагүй. Утсан чинээ улаан амь тасраадхаасай гэсэн ч тасарч өгдөггүй юм. Ийм үед яаж ийгээд амиа аргалахгүй гээд яах юм бэ. Амиа аргалахын тулд хүн яаж ч мэднэ шүү, хүүхдүүд минь. Хүнийг битгий шүүж баалж байгаарай. Одоо энэ хэдэн малыг маллаж, гэр орныг янзалж байгаа хүн нь энэ.

Би хүүхдүүддээ “Хэдэн мал, гэр орон энэ хүүхнийх шүү. Та нарт хувийг чинь өгчихсөн. Намайг нүд анихын цагт булаацалдаж нүдний булай болов” гэдэг юм” хэмээн ярьж байтал цайны хүн нь орж ирлээ. Түүнийг Ш.Цогзолмаа гэдэг бөгөөд “Говь” компанид ажиллаж байсан гэнэ. Өвгөнийх нь “булуу” нэлээд халсныг анзаарсан тэрбээр “Амьдрал ахуй, мал хуйгаа л ярихгүй, хамаагүй юм яриад” хэмээн зэмлээд “Та нар цаг, ногоо наашилж, хүн малын зоо тэнийж, сэтгэл тавирсан үед ирлээ. Цагийн хатууд ирсэн бол юун ингэж инээж, ханиагаад суух. Хэцүү шүү дээ. Малчид их тэвчээртэй улс юм.

Цаг хатуурахаар хамаг амьдрал нь барайгаад, дэлгэр цагт сэтгэлд арай гэгээ татаад байж шүү л байх юм. Хөдөө ерөөсөө хүн бүл байхгүй болчихож. Энэ хавийнхан л гэхэд ихэвчлэн ганц бие хөгшид, ихдээ л хоёр хүн. Зун хэдэн “тарагны” хүүхэд ирвэл бөөн баяр болно. Залуучууд нь бүгд төв суурин газар бараадаад явчихсан. Мал гэхээр манасхийж, мах гэхээр ухасхийнэ гэдэг чинь яг одоо болж байна. Ямар сайндаа хөгшид нь хань бүл хайж явах вэ дээ” хэмээн ярианд оролцов.

Ийн байтал тэнгэр нижгэнэж, юу юугүй бороо асгах шинжтэй болов. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр “Сая ноосолсон, цочроо нь гараагүй байгаа хэд маань осгочих вий. Өвөлжөөний саравч руу оруулъя” гэцгээн өндийснөөр бидний яриа ч өндөрлөлөө. Тэднийхээс дөнгөж хөдөлтөл баруун хойноос гарч ирсэн том хар үүл эрхийн чинээ мөндрөөр “галлаж” эхлэв. Зузаан хувцас, олигтой цув ч үгүй гарсан айлын эзэгтэйн явсан зүг хараачилбал хэдэн хонь, ямаагаа ширүүн мөндөр, хүчтэй салхинд уруудуулчихалгүй арай ядан тогтоож буй бололтой, наагуур цаагуур нь гүйж байгаа харагдана.

Малын тоос нь хүртэл тос гэдэг үнэн аж. Мал дагасан хүн лав өлсөж, харангадахгүй, амь зогоогоод л байна. Хүн амьд явахад анхдагч хэрэгцээ нь хоол учраас аж байдлын доройтол, хомсдолыг тодорхойлоход хүнс тэжээлээ авч чадаж буй, эсэхийг голлох үзүүлэлт болгодог. Энэ өнцгөөс харвал Монголын хөдөөд, малчдын дунд үгээгүй ядуус байхгүй. Тэд өлсгөлөнгөөр нас барж буй мянга мянган хүнээс азтай юм.

Гэвч зөвхөн бор ходоодоо хоолтой байлгах нь амьдралын утга учир, туйлын зорилго мөн бил үү. Хайрлаж өсгөсөн үр хүүхдүүд нь “хүний хүн” болж, амьдралын эрхээр хот суурин бараадаж, тэдэндээ ачаа дараа болохгүй гэсэндээ ээж, аав нь хээрийн мухарт, хэдэн малын дэргэд торойж үлдэх нь манай хөдөөгийн түгээмэл дүр зураг. Хүнд гай болохгүй амиа тээх, үхэхийн өмнө хоосон хонохгүй байх гэсэн ганц бодол л хөгшдийг тэнд нь уяж байгаа.

Соёлт ертөнцийн хүний маш энгийн, хором тутмын хэрэгцээ болох эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, гэрэл цахилгаан тэдэнд холын хол сонсогдож, тансаг хэрэглээнд тооцогдож байна. Хамгийн гол нь тэдний сэтгэл, зүрх “өлсөж үхэж” байна. Голыг нь дэвтээж, хөлийг нь хучих үргүй мэт, хаа холоос хань бараа хайж яваа хөгшид маань шувуу ганганан буцаж, ямар ч хүний сэтгэлийг эзгүйрүүлдэг намрын орой юу эсийг бодож суудаг бол. Халаалттай байшингийн хооронд явахад л эрүү тачигнатал дагжуулдаг өвлийн урт, хүйтэн шөнийг хэрхэн чичирч давдаг бол. Гэдэс өлсөхөөс сэтгэл өлсөх нь гаслантай, үгээгүй амьдрал биш үү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай