Б.Мэргэн: Цэцийн гишүүдийн томилгоог хэдэн хуульч л эсэргүүцээд байгаа юм биш

Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан гурвыг нь Ерөнхийлөгч, нэгийг нь УИХ дэвшүүлэн батлаад бараг хоёр сарын нүүр үзэж байна. Харин тэдгээр гишүүнийг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нэр бүхий хуульчид Цэцэд хандсан. Мөн тэд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд мэдээлэл гаргаад буй. Цэцэд мэдээлэл гаргасан хуульчдын нэг, өмгөөлөгч Б.Мэргэнтэй энэ тухай ярилцлаа.

-Цэцийн нэр бүхий дөрвөн гишүүнийг томилохдоо Үндсэн хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн бэ?

-Цэцэд мэдээлэл гаргасан бидний хэдэн хуульч л энэ томилгоог эсэргүүцээд байгаа юм биш. Иргэд, тэр дундаа хуульчид нийтээрээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тийм ч учраас 400 орчим хуульч эсэргүүцлээ илэрхийлэн гарын үсгээ зурж, нэгдсэн. Тэдгээрийг Цэцэд гаргасан мэдээлэлдээ хавсаргасан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн “....хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх заалтыг зөрчиж байна. Цэц иргэдийн өргөдөл, мэдээлэлд үндэслэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэр болон тодорхой албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан, эцэслэдэг учраас нэгэн төрлийн шүүх, гишүүд нь шүүгч гэсэн үг. Тиймээс гишүүд нь шүүгч болохын хувьд Үндсэн хуульд зааснаар хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан иргэнийг Дээд шүүхийн, гурваас доошгүй жил ажилласан хүнийг бусад шүүхийн шүүгчээр томилдог шалгуурыг хангах ёстой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд ч ийм шаардлага бий. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, гэрчилгээ авсан хүн л шүүгчээр ажиллаж болохоор заасан. Эдгээр шалгуураар аваад үзвэл, сүүлд томилогдсон гишүүдийн хэн нь ч шаардлага хангахааргүй байгаа юм. Ш.Солонгын хувьд 1984 оноос эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээс тэргүүн дэд дарга хүртэл 30 гаруй жил ажилласан ч хуульд заасан “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн шаардлагатай нийцэхгүй. Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нар нь нэг өдөр ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин Г.Туулхүү нь 1990-1998 онд Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд ардын шүүгчээр ажилласан гэх боловч хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхээргүй байгаа юм. Мэргэжлээрээ ажиллаж, мэргэшээгүй, бизнес эрхэлсэн хүн шүү дээ.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн “Ардчилсан ̧ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн. Тэднийг үндсэндээ дөрөв, тавхан хоногийн дотор л томилчихсон. УИХ-ын холбогдох байнгын хороод болон иргэд, мэргэжлийнхний дунд ямар ч хэлэлцүүлэг хийгээгүй нь аливааг хамтын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэдэг, ардчилсан ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэхэд хүргэж буй юм. Төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохдоо тэдний талаар хэлэлцэхийг зохицуулсан Нийтийн сонсголын тухай хууль гэж ч бий шүү дээ.

Гуравдугаарт, Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийг нэг заалтаар, эсвэл зөвхөн үгчлэн тайлбарлаж болохгүй л дээ. Үндсэн хуулийн өөрийнх нь зорилгод нийцүүлэн бусад заалттай нь уялдуулж тайлбарладаг. Энэ үүднээс харвал өмнө хэлсэнчлэн Цэцийн гишүүн нь бусад ердийн шүүгчийн адил хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан байх шаардлагатай. Мөн Цэц нь зөвхөн эрх зүйн маргаан шийдэх бус, Үндсэн хуульд заасан улс төрийн дэглэм, суурь зарчимтай холбоотой улс төрийн шийдвэр гаргадаг учраас нэмээд улс төрийн өндөр мэргэшилтэй байхыг шаарддаг. Тэд уг шаардлагыг хангаагүй. өөрсдөө ч УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд хууль зүйн өндөр мэргэшилтэй байх нь битгий хэл Үндсэн хуулийн хяналтын талаар ямар ч ойлголтгүй болохоо харуулсан.

-Тухайлбал, “Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүн” гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд таныхаас өөрөөр тайлбарлаж байсан л даа.

-Цэцийн гишүүнийг бараг томилох бүрт л ингэж маргадаг. Гэхдээ энэ удаагийнх илүү маргаан дагуулж байна. Хууль зүйн мэргэжил эзэмшсэн буюу дипломтой хүн бүр хууль зүйн өндөр мэргэшилтэй байх боломжгүй. Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан хүнийг шүүгчээр томилохоор Үндсэн хуульд зааж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацааг нь шүүгчид тавигдах шаардлагад тусгасан. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Хуульч нь нэг чиглэлээрээ дагнан ажилласан тохиолдолд мэргэшсэн гэж үзнэ” гэх зохицуулалт бий. Цэц нь Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг цорын ганц субъект учраас гишүүн нь Үндсэн хуулийн эрх зүйгээр өндөр мэргэшсэн байх ёстой. Я.Цэвэлийн болон бусад монгол хэлний тайлбар толиноос харсан ч “Мэргэших гэдэг нь тэр мэргэжлийнхээ нэг салбарыг сонгон, түлхүү судалсан байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг шүү дээ. Харин хууль зүй, эсвэл улс төрийн аль нэг салбараар өндөр мэргэшсэн байх тухайд ялгаатай саналууд байдаг ч хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Жанцан “Хууль зүй, улс тoрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь уг хоёр мэргэшлийн аль нэгийг биш, хоёуланг нь нэгэн зэрэг эзэмшсэн байх гэсэн утга юм. Гэхдээ Цэцийн гишүүний хувьд тухайн хүний суурь мэргэжил нь хуульч байгаад зогсохгүй мэргэжлээрээ олон жил ажилласан, мэргэшсэн байх ёстой. Харин улс төрийн мэргэшлийн тухайд энэ чиглэлээр заавал тусгайлан дипломын боловсрол эзэмшсэн байхыг шаардахгүй бөгөөд тухайн хүний урьд өмнө нь хашиж байсан албан тушаал, сонирхол, улс төрд оролцож байсан зэргийг хамааруулан ойлгож болох талтай” гэж тайлбарласан байдаг.

-Засгийн газрыг Цэцэд өгсөн үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Засгийн газар болон төрийн бүх байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлэхгүй гэсэн утгатай өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулахаар хуулийн төсөл санаачилчснаа Засгийн газар хэлэлцүүлж буй. Уг төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн, Засгийн газрын 2018 оны 25 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд мэдээлэл гаргасан юм. Мөн Хууль зүйн сайдын талаар ч Цэцэд мэдээлэл гаргасан. Хэд хэдэн үндэслэл дурдаж болно. Юуны өмнө уг хуулийн төслийг боловсруулахдаа хууль дээдлэх зарчмыг хангаагүй. Тодруулбал, хуулийн төсөл боловсруулах, өргөн барих үйл явц нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд байх ̧ёстой. Үүний дагуу хуулийн төслийг өргөн барихын өмнө 30 хоногийн хугацаанд төрийн байгууллагын саналыг авч, цахим хуудсанд байрлуулан, багадаа 15 хоногийн хугацаанд иргэдийн саналыг сонсох ёстой. Саналуудаа нэгтгэн мөн л 30 хоног цахим хуудсандаа байрлуулах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, хуу лийн төслийг УИХ-д өргөн барих хүртэл багадаа хоёр сар гаруй хугацаа шаардлагатай атал ердөө долоо хоногийн дотор л өргөн барьчихсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт бий. Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газар хариуцагчаар оролцож байгаа 10 орчим хэрэг байна. Гэтэл шүүхэд хариуцагчаар татагдан, шалгагдаж байгаа Засгийн газар шийдвэрээ Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэхгүй, одоо шүүхийн шатанд буй бүх маргаанаа хүчингүй болгох хууль санаачлаад, хэлэлцүүлж буй нь шүүхэд шууд нөлөөлж байгаа хэрэг гэж үзэхээс аргагүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх хянах гээд байгаа учраас энэ төслийг боловсруулсан гэдгээ Ц.Нямдорж сайд ч өөрөө ил цагаан зарлачихсан шүү дээ. Тэгээд үүнийг нь эсэргүүцсэн бүхнийг өөр рүүгээ дайрч байгаа нохой гээд олон нийтийн өмнө нэрлээд байгаа юм.

-Цэцэд хандсан эдгээр асуудлаар үр дүнд хүрнэ гэх итгэл хэр байна вэ?

- Үр дүнд хүрэхийн төлөө л ажиллаж байна. Боломж бий, уг нь. Бидэн рүү хувь хүний үүднээс дайрсан зүйл үгүй ч “Та нар яасан их эсэргүүцдэг юм. Хуульчдын холбоог нь татан буулгаад яамандаа авчихъя л даа” гэх яриа гарч байгаа тухай чих дэлсэж л байна. Бүр сайдын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцсэн гэх сураг ч гарсан шүү.

-Та бүхний гаргасан мэдээллийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ?

-Иргэдээс мэдээлэл гаргасан тохиолдолд Цэц хүлээж аваад 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэхээ шийдвэрлэнэ. Хэрвээ маргаан үүсгэвэл 30 хоногийн хугацаанд хуралдаанд бэлтгэнэ. Шаардлагатай тохиолдолд 30 хоног сунгана. Хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл энэ тухай УИХ-д мэдэгдэх хуулийн зохицуулалт бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай