“Экскаваторынх нь шанаганд сууж, манаж хоносны үр дүнд үйл ажиллагааг нь зогсоолоо”

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэд болон “Эко алтан Заамар” компанийн хооронд өрнөж буй тэмцэл, зөрчилдөөний тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд эрчээ авлаа. Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, урьд нь олборлолт явуулсан талбайгаа нөхөн сэргээгүй орхисон зэрэг зөрчилтэйг БОАЖЯ болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тогтоож, техник хэрэгслийг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Гэтэл “Эко алтан Заамар”-ынхан Өгөөмөрийн тохой хэмээх газарт наадмын үеэр хулгайгаар ажиллан, хөрс хуулж, Туул гол руу бохироо нийлүүлж байсан гэнэ. Малчид, ажлын хэсгийнхэн тэднийг эсэргүүцэн тэмцсэний үр дүнд өчигдөр 04.00 цагт “Эко алтан Заамар”-ынхан техник хэрэгслээ хураан, үйл ажиллагаагаа зогсоосон тухай “Мөнх ногоон хас” төрийн бус байгууллагынхан мэдээлэв. “10 гаруй эмэгтэй тус компанийн экскаваторын шанаганд сууж, тэмцлээ.

Шөнийн цагаар ажиллаад байхаар нь ээлжээр манасан. Бүр ажиллахаа больсон уу, эсвэл түр зогссон уу мэдэхгүй. Ямартай ч өнөө өглөө техникүүдээ татаж авлаа. Нөгөөдөр “Эко алтан Заамар”-тай холбоотой асуудлаар Хайлааст багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж, цаашид хэрхэхийг шийднэ” гэж “Мөнх ногоон хас”-ынхан өчигдөр 19.00 цагт дуулгасан юм. Мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс бид “Эко алтан Заамар” компанийнхантай холбогдохоор цахим хуудсанд нь байрлах хэд хэдэн дугаар руу залгасан ч хариу өгсөнгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай