Хавдрын эмнэлэг гамшгийн байдалд хүрчээ

 Хувийн эмнэлгийг эс тооцвол улсын хэмжээнд ХСҮТ-д л ганц байдаг маммографийн төхөөрөмжөө гялгар уутаар хучжээ

-Дээврээс нь дусаал гоожсоны улмаас зарим төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байна-

 


 Бүхий л төрлийн хортой болон хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг улсын хэмжээнд ганц байдаг Хавдар судлалын үндэсний төв гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд хилсдэхгүй болжээ. Маммографи буюу хөхний рентген зураг авах шинжилгээ хийлгэхээр ХСҮТ-д хандсан олон хүн “Аппаратаа ажиллуулах боломжгүй” гэсэн хариу сонсчээ. Учир шалтгааныг тодруулахаар тус төвийг зорив.

ХСҮТ-ийн II давхарт байрлах рентген болон маммографийн өрөө усанд автсан байлаа. Дусаал гоожиж буй хонгилын хэсэгт хувин, сав зэрэгцүүлэн тавьсныг харахад тарчиг амьдралтай, гэр хорооллын айлын төрх сэтгэлд буув. Хувин, савны хажуугаар хальж урссан усыг хэчнээн арчаад ч нэмэргүй байгааг үйлчлэгч, ажилчид нь учирлав. Өвчнөө эмчлүүлэх гэж ирсэн биш, нойтон шалан дээр халтирч унаад, гэмтэж мэдэхээр байгаа талаар хүмүүс гомдоллож байлаа.

Зэрэгцүүлэн тавьсан савнуудыг тойрч, “Маммографи” гэсэн хаягтай өрөөнд оров. “Дээврээс борооны ус гоожсоны улмаас зургадугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байна. Өнгөрсөн жил бас цас, борооны ус гоожоод нэг хэсэг ажиллуулж чадаагүй. Бид ЭМЯ-нд асуудлаа олон удаа танилцуулсан ч төсөв мөнгө нь шийдэгдэхгүй байна. Дусаал гоожиж буй хэсгийг тэр хавьд нь засаад нэмэргүй. Гялгар уутаар битүү хучаад ч ус нэвчээд байна. Их засвар хийж байж л асуудлыг шийднэ” хэмээн хариуцсан эмч нь ярив.

Маммографийн аппарат нь хувийн эмнэлгийг эс тооцвол улсын хэмжээнд Хавдар судлалын үндэсний төвд л ганц бий. Хөхний хортой, хоргүй хавдрыг оношилдог уг төхөөрөмжөөр өдөрт 20-25 хүн үйлчлүүлдэг аж. “Сул зогсолт” хийсэн энэ хугацаанд 600 орчим хүнд үйлчлэх байв.

Гэтэл борооны ус гоожиж, тааз, хана, шал, цахилгааны утас бүгд норсон учраас үнэтэй, ганц аппаратаа шатаачихгүйн тулд асааж, ажиллуулж зүрхлэхгүй байгаа гэсэн. Тиймээс зураг авхуулах шаардлагатай өвчтөнүүдийг хувийн эмнэлэг рүү явуулж буй аж.

Борооны балаг гэхээс илүү үнэтэй тоног төхөөрөмж ажиллуулдаг, ачаалал ихтэй эмнэлгийнхээ дээврийг засаж чадахгүй өдий хүрсэн төр, засгийнхны “ачаар” иргэд хохирч байна. Ийм нөхцөл байдал үүссэнийг мэдэлгүй хөдөөнөөс ирсэн иргэд цаг зав, санхүүгээрээ хохирч буйг эмч нар учирласан. “Улсын эмнэлэг иймэрхүү дүр төрхтэй байгаа нь харамсалтай” гэж халаглах үйлчлүүлэгч цөөнгүй таарлаа. Дээврийг нь иж бүрэн засах санхүү нь бүрдээгүй, хэзээ, хэн хийх нь тодорхойгүй учраас өвчтөнүүддээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй нөхцөл үүсжээ. Тус аппаратыг 2012 оны эхээр Мянганы хөгжлийн сангийн тусламжаар суурилуулсан аж.

“Амралтын өдрөөр бороо орлоо гэхэд цахилгааны монтаж, дээврээ хатаахын тулд 3-4 хоног шаардлагатай. Хатахын хооронд дахиад л бороо орчихно. Аппарат нь хэвийн ажиллагаатай, ажиллах боловсон хүчин нь байна, даанч усанд норсон. Асаавал шатах аюултай учраас зураг авч чадахгүй байна” хэмээн тэндхийн эмч нар хүмүүст учирлаж, тайлбарлаж байлаа. Дусаал гоожоогүй өөр өрөөнд шилжүүлэх боломжтой, эсэхийг лавлахад “Дүрс оношилгооны том аппаратыг үйлдвэрлэсэн компанийн инженер нь ирж суурилуулдаг. Нарийн мэргэжлийн төхөөрөмж учраас өндөр хүчин чадалтай цахилгаан хэрэглэдэг. Өөр газарт зөөвөрлөх боломжгүй” гэв.

Мөн эндхийн Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүдийн рентген зураг угаах аппаратыг ажиллуулж чадахгүй байгаа юм билээ. Харанхуй орчинд байрлуулах ёстой төхөөрөмж суурилуулсан өрөө усанд автсан учраас тэр. Гялгар уутаар битүү хучсан уг аппаратын эргэн тойронд ус тунарч харагдав. Тиймээс өртөг ихтэй төхөөрөмжөө шатаахаас эмээгээд зураг угааж чадахгүй байгаа аж. Баяр наадмын өдрүүдэд хүртэл амарч чадалгүй борооны ус шавхаж, цэвэрлэсэн талаар техникчид нь ярив.

Шинэ рентген аппарат суурилуулахаар маммографийн хажуугийн өрөөг тохижуулсан ч ус гоожсоны улмаас мөн л гацаанд оржээ. Үүгээр ч зогсохгүй хэдэн жил дуншиж дуншиж “мэндэлсэн” шинэ өргөтгөлийн барилгын хонгилын хэсэг нь усанд автчихсан байна. Гаднаас борооны ус орж ирсэн тул тэндхийн эмч, ажилтнууд далан шуудуу татаж, шуудайтай элс тавьжээ. Тус төвийн дарга Ж.Чинбүрэн болон эмч нар нь эмнэлгийнхээ нөхцөл байдалтай танилцаж байв. Өргөтгөлийн барилгын хонгилд юуны улмаас ус орж ирснийг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, тодруулсны дараа хариуцлага тооцох талаар ярина хэмээн Ж.Чинбүрэн эмч хэлэв.

Өргөтгөлийн барилгад Хими, туяа эмчилгээний тасаг, тэр ч бүү хэл, элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж буйгаа эмнэлгийн дарга ярьж байсан. Гэвч хүлээлгэж өгөөд жил ч болоогүй хугацаанд ийм байдалд хүрлээ. Тус өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Суурь” гэх компани хийгээгүй ажлын мөнгө болох 450 сая төгрөгийг урьдчилж аваад алга болсон талаар Ж.Чинбүрэн дарга хэвлэлд ам нээсэн удаатай. Харин уг барилгын ажлыг “Зүр” гэдэг компани дуусгасан бололтой.

Хавдрын эмнэлэгт үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас тодруулахад “Маргааш (өнөөдөр) газар дээр нь очиж танилцана. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулах болсон” гэв.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, тус эмнэлгийн дээврийн засварт 400 сая төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх болсон гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай