Наадамчдын 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадам үздэг

Монгол түмний их цэнгэл наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “PRESS ROOM” буюу мэдээлэл хүргэх өрөө ажиллалаа. Монголчуудын дөнгөж нэг хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэж, 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан наадмаа үзэж баярладаг гэдэг. Баяр наадмын нээлт, бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа уран бүтээлчдээс гадна мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчдад зориулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс “PRESS ROOM” ажиллуулсан нь баяр наадмаар тасралтгүй ажилладаг хэвлэлийнхнийг баярлуулсан ажил боллоо.

“PRESS ROOM”-ийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” “Мобинет” зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгчээ. “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” компаниуд ус, ундаа, витамин зэрэг бүтээгдэхүүнээрээ хэвлэлийнхнийг дэмжжээ.

Хүй долоон худагт ажиллаж хурдан морины уралдааны тухай мэдээллийг шуурхай дамжуулдаг хэвлэлийнхэнд мөн мэдээ мэдээллээ бэлтгэн дамжуулах интернэт бүхий гэр ажилласан бөгөөд интернэтийн үйлчилгээг нь “Мобинет” компани үзүүлсэн байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай