Дөрвөн настай эрэгтэй хүүхэд голд осолджээ

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 14-ний өдөр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос дөрвөн настай эрэгтэй хүүхэд голж живсэн байдалтай олджээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Өнөөдөр 14.00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос 4 настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон. Хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бол 18.00 цагийн байдлаар хүүхдийн ар гэрийнхнийг олж тогтоосон байна. Голын ойролцоо амьдардаг айлын хүүхэд тул гэрийнхэн нь гадаа тоглож байгаа гэж бодож байсан бололтой. Одоогоор цочролд орсон байдалтай байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг анхааруулж байна" гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай