"Спиннинг эмэгтэйчүүдэд төсөөлснөөс нь ч илүү үр дүн үзүүлдэг"

Хуушуурны харвин, пивоны гүзээнээсээ хэрхэн салахаа мэдэхгүй байгаа уншигчиддаа зориулан эрчимтэй дасгал хөдөлгөөний ач тусын талаар UB Spinning studio-ын спиннингийн багш, Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, Спортын мастер  Т.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Сайхан наадаж байна уу? Баяр наадмын үеэр хүмүүс жин их нэмдэг. Залуус пивоны гүзээ суугаад, бүсгүйчүүд хуушуур идэн бас л гэдэстэй болдог. Тэгвэл эдгээр асуудлыг дасгал хөдөлгөөний ачаар хэрхэн давж гарах бололцоотойг уншигчидтай маань хуваалцана уу? 

-Сайхан наадаж байна. Наадмын амралт гэдэг бидэн шиг спиннингийн багш нарын хувьд ховорхон олддог амралтын үе юм. Харамсалтай нь энэ үеэр овоо сайхан биетэй болж байсан шавь нар маань биеийнхээ формыг нэлээн алдчихаад ирсэн байдаг.  Ер нь суугаа ажилтай хүмүүс өвчнөөс салдаггүй. Хуян хөөрдөг, толгой өвддөг, гэдэс гүзээ нь унждаг гээд нийтлэг асуудалтай ирдэг. Тэгвэл эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээрээ нүдэн дээр л өөрчлөгдөөд эхэлдэг. Эмч мэргэжилтэй хүн хүртэл гарсан үр дүнгийнхээ талаар бидэнтэй баяртайгаар хуваалцаж байсан удаатай. 

-Та олон төрлийн бүжгээр хичээллэж байсан гэсэн. Яагаад заавал спиннингээр багшлах болсон бэ?

-Миний хувьд сонгодог бүжгээс бусад бүх бүжгийг зааж чадна. Монгол, Латин америк бүжиг гээд бүх төрлийн бүжгээр хичээллэдэг. Би арван жилд байхаасаа бүжгийн багш хийж эхэлсэн. Одоо 10 орчим жил багшилж байна. Багаасаа эдийн засгийн хувьд эцэг эхээсээ хараат бус болсон. Өөрөөсөө ахмад хүмүүсд хичээл заадаг учраас багаасаа л  настай хүний амьдрал руу орсон доо. (инээв) Монголд спиннинг хөгжиж эхлэх үед манай захирал Б.Уранжаргал энэ төрлийн эрчимтэй дасгал хөдөлгөөн эмэгтэйчүүдэд хэрэгтэй юм байна гэдгийг соргогоор ажигласан. Тэгээд л гурван жилийн өмнө энэ салбарт хөл тавьж байлаа. Спиннинг гэдэг нь суурин дугуй гэсэн үг. Хөл яг тэгш хэмтэй ажиллуулдаг. Манайд аарцагны гажилт хүмүүс их ирдэг. Хэвийнээс хэтэрвэл эмэгтэй хүнд муу, жирэмсэн болох магадлалыг багасгах талтай. Спиннинг маань тэгш хэмтэй жийж байгаа учраас аарцагны гажгийг засдаг. Олон жишээгээр үүнийг баталж чадна. Эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй хүмүүс хүртэл аарцгаа засаж чадсан. Эмэгтэйчүүд жингээ хасъя, хөдөлгөөн хийе л гэж ирдэг болохоос аарцагны гажиг засах байх гэж ирээгүй нь лавтай. Энэ мэт төсөөлөөчгүй үр дүнг үзүүлдэг болохоор, эмэгтэй хүнд тулгардаг олон асуудлыг шийддэг болохоор  спиннингийн багш болсон.

 

-Хүмүүс үр дүн хүлээгээд, баталгаа нэхээд байдаг. Та тэдэнд юу гэж хариулдаг вэ? 

-Гадуур манай цайг уувал баталгаатай тэдэн кг хасна гэж амлаж байгаа харагддаг. Хэзээ ч баталгаатай тэдэн кг хасна гэсэн тоо байдаггүй. Учир нь хүн бүрийн хүлээн авах чадвар нь өөр. Илүүдэл жинтэй болоод удаж байгаа, дөнгөж таргалж эхлээд байгаа хүн хүлээж авахдаа ч бас ялгаатай. Энэ бүхнийг харгалзаж үзэхгүйгээр зарим газар сард тав, арван кг хасна гэж амлаад байдаг. Одоогоор манайд нэг сарын хугацаанд 14 кг хассан хүн байдаг. Нэг сарын хугацаанд хоёр кг нэмсэн ч хүн байна. Илүүдэл жинтэй болоод удсан хүмүүс эхлээд хөөдөг. Малын махыг халуун усанд хийхээр хөөдөгтэй адилхан. Илүүдэл жинтэй болоод удаагүй бол шууд жингээ хаяна.  Тэгэхээр бид амладаггүй. Учир нь хүн болгон өөр өөр томъёотой. 

-Тэгэхээр үндэс сууриас нь засаж өгдөг байх нь ээ? 

-Тэгэлгүй яахав. Зүгээр ханиад хүртэл дотроо олон янз шүү дээ. Хатгаа авхын наагуур ханиалгаж байна уу, зүгээр ханиад тусах гээд хөнгөн ханиалгаж байна уу гээд ялгаатай. Спиннингийн багш зарим тохиолдолд эмчийн үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Спортын эрүүл мэндийн талаар ч бас мэдэх үүрэгтэй. Хэн нэгэн ухаан алдахаас сэргийлж, ачааллыг нь тааруулна гээд учир бий. Төрөөд удаагүй хүн спиннингээр хичээллэх гэж ирвэл биеийнх нь байдлаас хамаарч авах эсэхээ шийднэ. Ээж хүн хүүхдээ хөхний сүүгээрээ тэжээдэг. Спиннинг хийснээрээ уургаа алдаж, хөлс ялгаруулснаас болж сүү нь татрана. Тухайн хүүхэд зөвхөн хөхөөрөө хооллож байгаа тохиолдолд тэр хүнийг спиннигт авахгүй. "Уучлаарай та хүүхдээ бор хоолонд оруулсныхаа биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх боломжтой" гэж хэлдэг. Бөөрний дутагдал, элэгний хатуурал гэх зэрэг олон өвчний шинж тэмдэгтэй хүн манайд орж ирнэ. Тэр болгоны талаар мэдэж байх ёстой байдаг. Бид цаанаа ямар амьдралтай, ар гэр нь яадаг гээд тухайн хүний нөхцөл байдлыг мэдэж байх ёстой. Тэгж байж хүссэн үр дүнд нь хүргэж чадна. Манайд хүн болгоны хийх дасгал нь тусдаа байдаг. Спиннинг дэлгэрч байгаа өнөө үед маш их багш нар гарч ирсэн. Энэ нарийн учрыг мэдэхгүй, зөвлөгөө өгөхгүйгээр зааж болохгүй. Энэ бол хэр баргийн хүн хийчих ажил биш. Дуртай нь хийдэггүй.

Спиннингийн багш эмч, сэтгэл зүйч, хоол зүйч байх ёстой. 

-Эмэгтэйчүүд гадаад төрхөөсөө хамааран сэтгэл зүй нь хувьсаж байдаг.  Та олон эмэгтэйчүүдтэй тулж ажилладагийн хувьд тэдний сэтгэл зүйч, зүрхний эмч шиг нь болжээ. Тэгэхээр эмэгтэй хүнд ер нь юу хэрэгтэй байдаг талаар туршлагаасаа хуваалцаач?

-Зөвхөн дугуйгаа жийж сурчихаад өөрийгөө багш болчихлоо гэж бодож болдоггүй юм билээ. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг судалсаар л байна. Тэднийг дэмжиж аз жаргалтай болж байгааг нь харах нь миний ажлын үр дүн юм уу даа. Олон эмэгтэйчүүдтэй ажилладагийн хувьд туршлагаасаа харахад эмэгтэй хүнд заримдаа өөр орчин хэрэгтэй байдаг. Нэг төрлийн маршрутаараа удаан явбал амьдрал нь сонирхолгүй санагдана. Жижиг зүйл дээр уурладаг болно. Идэвхтэй амьдрах хэрэгтэй. Хүний булчин ажиллаж амьсгаадсанаараа эрүүлжиж байгаа. Ингэснээрээ хүний бүх эд эс сэргэж эхэлдэг. Тэгэхээрээ хоолонд сайн, нойронд сэргэг болдог. Эд эс нь сэргээд ирэхээр нь хүний хандлага нь өөр болоод ирдэг.

Дасгал хөдөлгөөн ид шидтэй. Эрчимтэй дасгал хөдөлгөөн гэвэл Спиннинг үр дүнтэй.    

 Дугуйгаа зөвхөн арагшаагаа л жийж чаддаг байсан хүн зүгээр жийж сурсан. Зүрхний хэм алдагдалттай хүн манайд ирээд хоёр жилийн турш тасралтгүй дугуйгаа жийж байна. Ер нь манай спинниг шөнийн цэнгээний газар шиг л байдаг. Гэрэл анивчсан,  эрч хүчтэй цоглог ая явсан, би өөрөө тэнд дижэй шиг л сууж байна. 

-Спиннинг хийхээр гуя бүдүүрэх үү, хөлс их гараад байна яах уу гэх асуултуудыг хүмүүс асууж өгөөрэй гэж гуйсан. Энэ тал дээр та юу гэж хариулах вэ? 

-Усанд орохоор булчин амралтын байдалд ордог. Тийм учраас шүршүүрт орохыг зөвлөдөггүй. Хүсвэл дүүшэнд орж болно л доо. Гэхдээ булчинг нь чангалчихсаны дараа буцаад сулруулчихдаг болохоор алчуураар арчдаг ч юм уу эсвэл хатаагаад гарахыг зөвлөнө. Харин гуя бүдүүрэх тал дээр дасгалыг багш нь зохицуулж өгөх ёстой. Зөв жийж байна уу, буруу хийж байна уу ялгаж салгах хэрэгтэй. Зарим тохиолдолд орилох үе ч гардаг. Яагаад гэвэл энэ спорт учраас.

-Ажлын хажуугаар амжихгүй, ядрах байх гэж ихэнх хүмүүс боддог. Хэр ядардаг вэ? 

-Ажлын хажуугаар дасгал хэцүү гэж боддог бол энд харин ч сэргээж өгдөг юм шүү. Өглөө эрт эсвэл ажил тарсны дараа хичээл ордог болохоор асуудал багатай. Би өдөрт 3-4 цаг унтах нормтой. Өглөө зургаагаас хичээлтэй болохоор таван цаг гэж босдог. Өглөө эрт босно гэдэг тухайн өдөр ямар урт вэ гэдгийг мэдрүүлдэг. Өдөрт маш их зүйл амжуулж болдог. Шавь нарыгаа идэвхжүүлэх зорилгоор ууланд гардаг. Богд уул руу бүтэнсайны өглөө болгон маш эрт гардаг. Хүмүүс ууланд гарахдаа оройтож гараад байгаа юм шиг санагддаг. Навчин дээр бөнжигнөх шүүдэр нар тусаад ууршиж байх явцад ууланд гарах хамгийн сайхан. Жинхэнэ утгаараа модны үнэр ямар байдгийг мэдэхийг хүсвэл тэр цагт гарах хэрэгтэй. Монголчууд ууршаад дуусаад нэлээн хожим гарч байгаа харагддаг. Манай шавь нар бол яг цагтаа гардаг. Хоцорсон хүн байвал араас нь гарч ирнэ. Энэ үед шинэхэн өглөөний нарнаас хүч авчихаар бүтэн өдрөө дааж байгаа юм. Богд уулын оройд тэгшхэн талбай байдгийг гардаг хүмүүс мэдэх байх. Тэнд бид дасгалаа хийдэг. Асуудал тоочихыг хэн ч чадна. Харин хийгээд үзвэл арай өөр мэдрэмж төрүүлдэг учраас туршаад үзээрэй гэж хэлмээр байна.   

 

 

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай