Дэнж хотойсон наадам ба дээвэр нь төмбийсөн хөлбөмбөгийн асар

Тэмдэглэл

Наадмын өглөө дээл гоёлоо өмсөөд, өнгө зүсээ сэргээгээд төв цэнгэлдэхийг зорилоо.  Жилийн жилд наадмаар нарших дөхөөд гэртээ ирдэгсэн. Харин энэ жил хүйтэн байсныг үл ажран дан дээлтэй явах наадамчин олон. Цэнгэлдэх орох зам зуур наадамлаж яваа олон сонирхолтой хүмүүстэй дайралдлаа. Наадмын нээлтийн талаар ах дүү хоёрын ярилцахыг санамсаргүй сонсчихов.

Насаар арай ахмад бололтой хүү “Нээлтэн дээр яг сайхан огшоод ирж байтал цагаан өнгийн портер гэнэт гараад ирдэг нь юу вэ. Тэрийгээ тэгээд хучиж болоогүй юм байх даа

Дүү нь “ Манай өвөөгийн ачааны машинтай адилхан юм байна лээ тиймээ. 12 жилийн амьтад дотор нь орчихсон гоё л юм байна лээ шүү дээ” гэв. Наадмын нээлт маань ч онцын сонирхолтой, адал явдалтай болж байгаа бололтой гэж бодон цааш явлаа.

Замд Оросоос ирсэн гурван жуулчин хөгжим тоглон дуулж байгаа харагдав. Тэдэнд задгай мөнгө өгөнгөө аялалын сонин сайхных нь талаар ярилцлаа. Дэлхийг тойрон аялах мөрөөдөлтэй залуусын ирж буй ес дэх орон Монгол гэнэ. Үүргэвчээ үүрэн, юкилили хөгжмөө эгшиглүүлэн, зураг зуран аялдаг залуус мөрөөдлийнхөө төлөө энэ хүртэл ирсэнийг харахад бахархахгүй байхын аргагүй.  

Цааш явахад автобус дотор хажууд сууж байсан нүдэнд дулаахан эгчийн охиндоо хэлсэн захиасыг хэсэг бодов. Тэрээр хэлэхдээ “Наадмаар хүний хараалыг идэж болдоггүй юм аа миний охин, чиний зөв байсан ч гэсэн буулт хийчих л дээ. Ухаантай хүн бол ойлгоно” гэв. Нээрэн л бид үндэснийхээ баяраар хүнтэй хэзээ муудалцаж байлаа даа гэж бодон явлаа.

Автобуснаас буун наадамчин олныг холоос харахад эрээн мяраан цэцэг шиг харагдана. Гэр бүлээрээ ижилхэн дээл өмсөж, залуус нь загварын дээлээр гоёжээ. "Хүүхэд нь биш" гээд хэлчих вий гэсэн шиг царай зүс, өмссөн дээлээрээ хүртэл аав ээжтэйгээ адилхан хүүхдүүд наадмын бас нэгэн чимэг байлаа. Гадаадын жуулчид ч ялгаагүй үндэсний маань хувцсыг анх удаа өмсөж үзсэн бололтой. Очсон орныхоо үндэсний хувцсыг өмсөнө гэдэг хүндэтгэл, биеэ сайхан авч яваагийн илрэл мэт.

 

Жуулчдаас сэтгэгдэл авч, хүүхдүүдийн зургийг даран явахдаа хуушууранд очер захичихлаа. Хоёрхон хуушуурны төлөө хоёр цаг очерлож байж идэх бас л амттай шүү. Харин худалдаачид энэ хүйтэн өдөр зайрмаг, хөргөгчний ундаа, нарны малгай зарж байгаа нь хүйтнийг тооцоолоогүй гэнэдсэнийх биз. 

Цэнгэлдэхээ хоёр гурван удаа бүтэн тойрч, "нүд хийж" явсаар харих цаг боллоо. Одоо харин хүмүүс хаачих бол. Наадмаа гялалзуулчихаад хөлбөмбөг рүү яарч байгаа олон хүн байлаа.

Айргаа биш пиво уугаад

Наадам биш хөлбөмбөг үзээд

Дэнж биш дээвэр хотойтол

Наадамчин олон минь найрлаад байгаа юм биш биз.

Наадмын нээлт үзсэн болоод

Хуушуурнаас амссан болоод

Загварын дээл өмссөн болоод

Сайхан наадлаа гэчихээд гоол хүлээгээд байгаа юм биш биз

Дөрвөн жилд ганц болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд давхцан болж байгаа наадам маань дарагдаад байгаа нь үнэн ч харьцуулах боломжгүй зүйлс учир аль алийг нь үзэж байгаа буруутгах аргагүй. Гэхдээ энэ маягаараа "Архангайн бөх унах нь яах вэ Английн хөлбөмбөгч цаана чинь гоол хийчихлээ" гээд явж байж магадгүй л наадам болоод байна даа.   

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай