Сүмогийн дэвжээнд монгол хүү заларч, япон бүсгүй морин хуур тоглож байна

Морин хуурын олон улсын их наадмын цар хүрээгээ тэлж, арав орчим орноос оролцогчид зорин ирэх болжээ. Хөгжимчдийн дунд Кимоно өмссөн Япон бүсгүй морин хуур тоглож байгааг харах нэн содон байлаа. Монгол дээл, морин хуур хоёр л нэг дор эвцэлдэх ёстой гэх хязгаарлагдмал ойлголтыг минь тэр бүсгүй эвдэж чадсан юм. Хүн болгон морин хуурч байх албагүй байх. Гэхдээ монгол хүн бүр үндэснийхээ хэл, соёл, хөгжмийг энэ Япон бүсгүйн дайтай хүндэлж, мэдэрч чаддаг бил үү гэж ярилцлагынхаа явцад бодоход хүрлээ. Ингээд та бүхэндээ морин хуурч Ёоко Мияахаратай хийсэн ярилцлагаа хүргэж байна.  Тэрээр морин хуур хөгжим болон монголчуудын тухай юу гэж ярьсныг сонирхоорой.

-Юуны түрүүнд Морин хуурын олон улсын наадамд хүрэлцэн ирж амжилттай оролцож байгаа явдалд баяр хүргэе. Морин хуур тоглодог Япон эмэгтэй гэхээр сонирхолтой байна. Та анх морин хууртай танилцаж байсан түүхээ хуваалцаж болох уу?

-Одоогоос 20 жилийн өмнө би анх морь унахаар Монголд ирж байлаа. Тухайн үед яагаад ч юм монголчууд сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан. Явахаасаа өмнө нэг хуурцаг аваад явсан юм. Гэртээ очсон хойноо сонсоход “дин дин дин ди ди ри ди” гээд эгшиглэж байгааг сонсоход морины хэмнэл мэдрэгдсэн. Яг ямар хөгжим гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор барааг нь харах юмсан гэж бодоод өнгөрсөн.

-Та монгол хэл сайн сурч, морин хуурыг ч муугүй тоглодог юм байна. Хэн танд зааж өгсөн бэ?

-Эхлээд монгол хэл л суръя гэж бодсон. Японд байдаг Монголын элчин сайдын яамтай холбоотой байсны ачаар Г.Жамьян,  Н.Амартүвшин, н.Болдбаатар гээд олон мундаг багш нарыгаа олсон. Монгол хэл шамдан сурч байгаа намайг хараад Н.Амартүвшин багш “Морин хуур тоглож сурмаар байна уу” гэж санал тавьсан юм. Би ч дуртай зөвшөөрсөн. Анх удаа морин хуур хөгжмийг харахад нөгөө гайхалтай аялгуу гаргаад байсан хөгжим чинь хоёрхон утастай юм байна шүү дээ. Энийг яаж дуугаргах юм бол оо гэж бодоход хүрч, улам ч сонирхол татсан. Харин одоо би морин хуур тоглож эхлээд 15 жилийг ардаа үджээ.

-Морин хуураас өөр хөгжим тоглодог уу?

-Багадаа төгөлдөр хуур тоглодог байсан. Гитар бас жоохон тоглоно. Гэхдээ аль алийг нь морин хуур тоглосон шиг удаан цаг зарцуулж байгаагүй.

-Та морин хуурчдын олон улсын их наадамд оролцож шилдэг 10-ын нэг боллоо. Энэ наадамд ямар уран бүтээлээрээ оролцов?

-Хоёрдугаар шатанд шалгарч үлдэн, шилдэг арван оролцогчийн нэг болсондоо баяртай байна. Бид бүгд адилхан хөгжим тоглосон. I шатанд “Дөрвөн цагийн эргэлт” уртын дуу, “Уйланч шарын явдал”-ыг тоглохоор болсон. Мөн өөрийнхөө сонгосон нэг аялгууг тоглох ёстой байснаас би “ Хотон татаргаа”-г тоглосон. Тоглох ёстой дуунуудын маань нот байхгүй байсан учир өөрөө сонсголоороо тоглосон.

- Монголчууд морин хуураа хэр сайн эзэмшсэн байна?

-Хуучин ямар байсныг нь би сайн мэдэхгүй юм. Миний анзаарснаар залуу хүүхдүүд харин ч чадварлаг тоглож байгааг хараад бахархсан. Монгол хүний цусанд нь байдаг болохоор тэр юм уу богино хугацаанд мундаг тоглож сураад байна уу даа  бодоход хүрсэн шүү.   

-Та хэдэн морин хууртай вэ? Хуурын чавхдасаа солиулдаг уу?

-Манайд морин хуурын чавхдас байхгүй шүү дээ. Тиймээс монголд ирэх болгондоо ирж солиулаад явдаг. Монголчуудтай их л барилдлагатай юм шиг байгаа юм. Нэг удаа морин хуурын маань эх бие эвдрээд хийлийн урлаач дээр очиж янзлуулж байсан юм байна. Хийлтэй адил модоор хийж болдог юм билээ.

-Та морин хуур тоглохдоо хэр их цаг зарцуулж байна?

-Анх сурч эхэлж байхдаа өдөрт нэг цаг орчим бэлддэг байсан. Хэрвээ завтай байвал өдөр болгон алгасалгүй бэлдэхийг хичээдэг.

-Монгол, Японы цаг төлөвлөлт багагүй ялгаатай.  Уралдааны зохион байгуулагчид товлосон цагтаа ирэхгүй таны удаан хүлээлгэж байгаа харагдсан. Цагийг ягштал барьдаг та нарын хувьд бидний хэв маяг ондоо санагдаж байна уу?  

 -Манай ард түмэн ямар нэг юм хийнэ гэж ярьсан бол хагас жилийн өмнөөс ярилцаж тохирон бэлддэг. Харин монголчууд цагийг нь тулгаад л дайраад ордог юм билээ. За яахав хийнэ дээ гэж явсаар байгаад санд мэнд хийсэн мөртлөө жин тан бүтээчихсэн байгааг нь хараад гайхдаг шүү. Монголчууд “Зүгээрээ битгий санаа зовоорой, бүтээнээ” гэж байгааг хараад эхэндээ аймар санагдаж байсан ч сүүлдээ харин ч давуу тал  юм шиг санагдах болсон. 

-Японд монголчууд маань ажиллаж амьдрах нь цөөнгүй. Манайхан биеэ хэрхэн авч явдаг вэ?

-Монголчуудад бидэнтэй төстэй нэг зүйл байдаг. Би монгол хүн учраас нэрээ бодох хэрэгтэй, муу зүйл хийж болохгүй гэж өөрийгөө хянацгаадаг. Ичих нүүртэй хүмүүс гэх юм уу даа. Барууны зарим орныхон ирэхээрээ “Би тэгмээр байна”, “Манайд ингэдэг” гээд зүтгээд байдаг. Харин монголчууд бусдын эрх ашгийг бас бодолцож “Та нар яамаар байна, боломжоороо бүтээе” гэж байгаа нь таалагддаг.

-Япончууд таны морин хуур тоглож байгааг хэрхэн хүлээж авдаг вэ?

-2011 онд газар хөдөлж манай улс гамшигт нэрвэгдсэн. Морин хуур хөгжмийн аялгуу жавар үргээж, байгаа орчноо ариусгадаг гэж би боддог. Тиймээс би ард түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор морин хуур тоглож байсан удаатай. Хүмүүсийн сэтгэл санаа үймэрсэн байсан болохоор хүмүүс нэг их ач холбогдол өгөөгүй юм болов уу гэж бодсон. Гэтэл цаг тайван болсны дараа олон хүн талархлаа илэрхийлж байсан.

Гамшгийн дараа олон хүн амиа алдсаны нэг нь манай найзын ээж байсан. Түүний ярьж байснаар “Ээж минь гэнэт нас барсан тул сүнс нь төрлөө олж чадахгүй байх шиг байна. Нүдэнд минь үе үе үзэгдэх боллоо. Гэхдээ бүр ганцхан ээж ч биш  60 орчим сүнс харагдаад шөнө унтаж чадахгүй юм” гэнэ. Нэг удаа би тэдний гэрт зочлохдоо морин хуураар “эхийн сэтгэл” дууг тоглож өгөх завшаан тохиосон юм. Найз минь тэр шөнөдөө ээжийгээ зүүдлэхэд царайнд нь цус гүйж байна уу гэлтэй туяа татан алга болсон гэдэг. Тэр өдрөөс хойш түүний ээж болон бусад сүнс дахиж үзэгдээгүй бөгөөд бүтэн нойртой хонох болсон талаараа хожим надад талархан өгүүлсэн. Би энэ явдлыг өөрийн минь чадалтайд бус морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн увдис болов уу гэж боддог юм. 

Сүмогийн дэвжээнд монгол хүү заларч, Япон бүсгүй морин хуур тоглож байна. Даяарчлал гэдэг нь энэ үү

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай