Швед консервийг задлах Англи арга, Бразилийн толгойг эргүүлэх Бельги ромб

Франц, Уругвайн тоглолт ч яах вэ, байдал тодорхой байсан. Каванитай, Каванигүй баг газар, тэнгэр шиг ялгаатай. Тэрбээр сэлгээгээр талбайд гараагүйг бодоход гэмтэл нь нэлээд хүнд байжээ. Түүний үгүйд баг нь найруулагчгүйдэж, Суарес ганцаардсанаар Уругвайн шигшээ хожигдож нутаг буцав. Эдисон ямар хэрэгтэй байсны наад захын баримт бол Францын хаалганд хийсэн Суаресын 0 тооны цохилт. Гэхдээ Уругвайн хамгаалалтыг магтах нь зүй. Хэсгийн тоглолтуудад хурдаар аагласан Мбаппег тоглолтоос бүрэн гаргасан,  довтлогч Жиругийн 16-гийн талбай дахь орон зайг хаасан гээд тактикийн нарийн боловсруулалтыг дасгалжуулагч Табарес хийсэн. Гэлээ ч Франц бол Франц л байдаг юм байна. Гоол оруулахаар яарсангүй, довтлох гэж улайрсангүй. Олдсон орон зайд ямх ямхаар урагшилж, айлын хамгаалалтыг хэсэг хэсгээр мэрсээр учраагаа баавартай хожлоо. Ухаалаг ялалт. Хагас шигшээд шалгарсан багуудаас тактикийн хувьд хамгийн сайн бэлтгэгдсэн нь тэд байна. Нэг хүн тоглолтоос гарлаа гэхэд нөгөөдүүл нь багаа чирээд явдаг арга барил нь Францын шигшээгийн давуу тал юм. Жишээ нь, Павар, Эрнандез хоёр 22-хон настай атлаа хамаг хүнд ачааг үүрч байна. Хамгаалалтаас мултрахад Гризманн, Мбаппед хэрхэн тусалж, хамгаалалтаас довтолгоонд шилжихэд Канте, Погбад яаж дэм болж байгааг нь харахад үнэхээр гайхалтай. Анхны том тэмцээн нь шүү дээ.

Харин Бразилийн шигшээ Бельгид харамсалтай хожигдлоо. Фернандиньогийн автогоол л дасгалжуулагч Титегийн хамаг төлөвлөгөөг нураав. Довтлох барилтай багийн хамгаалалтын зохион байгуулалт ийм тохиолдолд алдагддаг. Онгорхой зай олдож, нээлттэй тоглогчид элбэгшинэ. Угаасаа хамгаалахаар гарч ирсэн, дээр нь топ хамгаалагч, хагасуудтай Бельгийн шигшээ яг энэ байдлыг анаж байлаа. Хамгийн гоё нь дасгалжуулагч Мартинес довтолгооны гайхалтай уран хувилбарыг боловсруулжээ. Ромб.  Холбогч Де Брюйне төвийн довтлогчоор тоглосон. Феллайни, Витсель нар түүнийг бөмбөгөөр хангамагц зүүн, барууны вингерээр тоглосон Азар, Лукаку хоёр айлын 16-гийн талбайд хумиж орон  довтолсоноор Бразилийн хамгаалалтыг бүтэн будлиулах үндэс болсон. Үүний дүнд, хурдан довтолгоог дөрвөн замаар үргэлжүүлэх боломж Де Брюйнед нээгдэж байлаа. Энэ бол “ДАШТ-2018”-д тохиосон хамгийн уран тактик юм. Бельгүүд олдсон зай бүрийг ингэж ашиглаж байхад бразилчууд бөөн хүчээр довтолж яахан чадах билээ. Дээр нь тоог тэнцүүлэх боломжоо өөрсдөө ашиглаагүй. Эхлээд Коутиньо цохиод алдсан, дараа нь Фирмино нэмээд чадаагүй.

Тактикийн уран шийдлийг бүтээсэн удаахи дасгалжуулагч бол Гарет Саутгэйт. 3-1-4-1-1 бол Английн үндсэн барил нь. Шведийн бүрэн автоматчлагдсан 4-4-2-ыг сэтлэхэд хамгийн тохиромжтой хувилбар. Гэхдээ үүнийг яаж ашигласан нь сонирхолтой. Саутгэйт тоглолтын санаачлагыг айлд санаатай өгсөн. Өгөөд сөрөг дайрах төлөвлөгөөг боловсруулахдаа зүүн, барууны Янг, Трипперт тулгуурлахыг зорив. Энэ нь ч гайхалтай хэрэгжлээ.  Бөмбөг таслагдсан тохиолдолд Янг, Триппер нар довтолгоонд хурдтай шилжиж байсан бөгөөд энэ тохиолдол бүрт Хендерсон тэднийг бөмбөгөөр хангалттай хангав. Харин Кэйн, Стрелинг хоёр идэвхтэй тоглолтоороо айлын хамгаалагчдыг өөртөө чирч байсан нь довтолгоо жигүүрээр амжилттай өрнөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Саутгэйтийн өөр нэг шийдэл нь стандарт цохилт. Энэ байдлаас хэрхэн довтлох тухай  олон төрлийн зэвсгийг англичууд бэлдэж. Бөмбөгийг заавал хаалганы алсын буланд цохидог тэдний барилыг өрсөлдөгчид нь мэдэж байгаа авч яалт ч үгүй алдчихаад байна. Дархан мэхээ гэж. Консервний лааз мэт бат бөх Шведийн хамгаалалтыг ураан гэгч нь задалсан баг Англиас өөр байсангүй. ДАШТ-ий урьдчилсан шатанд чадаагүй, нэмэлт тоглолт ч бараагүй. Дэлхийн аваргад оролцох эрхийг Нидерланд, Италиас булаасан шигшээ шүү дээ.

Оросууд бол хол явсаан, явсан. Холоор барахгүй өндөрт дүүллээ. Тэр дороос ингэж гарч ирнэ гэдэг хөлбөмбөгийнхөө хөгжилд оруулсан аварга хөрөнгө оруулалт байлаа. Испанитай тоглохдоо барьсан тактикаа 4-2-3-1 болгож өөрчилсөн ч гэлээ тоглолтын хэмнэлд нь бодит дэвшил гараагүй. Хамгаалж байгаад гоол гэдэг хувилбараа л хэрэгжүүлэхийг оролдсон. Хэрэгжүүлж ч чадлаа. Хаалганд 4 цохиод 2 гоол. Бас нэг ололт нь Ракитичийг бөмбөгөнд цөөн хүргэж, Модричийг 16-гийн талбайгаасаа хол байлгасан явдал. Үүний дүнд айлын хүчирхэг довтолгоог 90 минут тэсч дийлсэн юм. Ийм хүнд 90 минутын дараа тэнцээний гоол оруулах хүчийг олно гэдэг оросуудаас л гарах тэсвэр тэвчээр биз ээ. Гэтэл нэг бус хорват тоглогч нэмэлт цагийн тоглолтын үеэр өвдөг сөхрөн унаж байв. Хэрэв штатный пенальтистууд Головин, Дзюба, Черышев нь талбайд байсан бол цуврал пенальтад ёндойрох л байсан байх. Гэвч хүчтэйг нь хөлбөмбөгийн аз ивээж Хорватын шигшээ хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын үндсэн зохион байгуулалтаа айлын багт эвдүүлж, хамаг тоглогчид нь нэмэлт цагт цуцсан ч гэлээ тоглолтын өрнөлийг гартаа бат барьж чадсан нь хорватуудад хожим хэрэг болох чухал туршлага боллоо.

 


Энэ тухай