Дээд монголчуудын шүмэр амттай, сахачуудын үйсэн сав үзэмжтэй

Улсын төв талбайд гурван өдрийн турш үргэлжилсэн монгол туургатны соёл, урлагийн “Мөнх тэнгэр” наадам өндөрлөх өдөр хөрш орнуудаас тус наадмыг зорин ирж, айл хөрш буусан монгол туургатнуудын гэрээр орж танилцсан юм.

Баруун талын том цагаан өргөөнд БНХАУ-ын Хөх нуур мужийн Алтан дэлхий хотоос ирсэн дээд монголчууд байрлажээ. Хоймортоо бурхан тахилаа залж, өмнө нь ахмад настнуудаа суулгасан байна. Идээ ундааны ширээнд шүмэр хэмээх, хуурсан арвайн гурилыг зориулалтын тавагт хийж овоолго үүсгэн, дөрвөн зүгийг бэлгэдэн, дээрээс доош цөцгийн тосоор зам татуулан чимсэн хүндэтгэлийн таваг тэргүүтэн байх аж.

Шүмэрийг манай улсын буриадууд шамар гэх нь бий. Амсуулж байна. Амт гэж янзтай. Дээд монголчуудын хэрэглэж заншсан, уламжлалт модон таваг, халбаганаас авахуулаад хаанаас нь ч харсан монгол угсааны эдлэл хэрэглэлүүд нүд хужирлана. Дээд монголчуудын дунд ажил үйлсээрээ алдаршсан гэрэл зурагчин Үдбарын Уушилын бүтээлийн үзэсгэлэн энэ гэрийн онцлох үзмэр байлаа. Тэр зүгийн монголчуудын аж амьдрал, байгаль, орчны тухай гэрэл зургаар өгүүлсэн бүтээлүүд ихэвчлэн түүнийх байдаг гэнэ.

 

Үдбарын Уушилтай товч ярилцахад “Ийм сайхан наадамд заллагатай ирсэндээ туйлаас баяртай байна. Хотоосоо бид 26-уул ирлээ. Манай хувцас засал сайхан шүү, харсан уу. Идээ, ундааны соёлын талаар дэлгэрэнгүй яриулах бол Монгол Улсад амьдраад олон жил болж байгаа судлаач Бүргэдтэй уулзаарай. Манай хүмүүс орой хаалтын тоглолтоор хошууд биелгээ үзүүлэх ёстой. Газар газрын монгол туургатан зоны урлагийн тоглолт олон байгаа болохоор багтаахгүй байж ч мэднэ. Гэсэн ч гомдох юмгүй ээ” гэх зэргээр уриалгахан ярьж байсан юм.

Түүний хэлснээр Монгол Уламжлал академийн эрдэм шинжилгээний ажилтан, яруу найрагч Балжийн Бүргэдийг олж уулзахад “Дээд монголчууд БНХАУ-ын Хөх нуур болон Гансу хэмээх хоёр мужийн нутаг дэвсгэрт тархан суурьшсан байдаг. Тус хоёр муж нийт есөн сая хүн амтай, түүний 100-гаад мянга нь л монголчууд, цөөн байгаа биз. Монголд өдгөө 15 өрхийн 60 гаруй дээд монгол аж төрдөг” хэмээн сонирхуулж ярьсан юм.

Дараа нь ОХУ-ын Тува улсаас ирсэн монгол туургатнуудын гэрт орвол яг л өнөөгийн бидний эдэлж хэрэглэдэг, айрагны хөхүүрээс авахуулаад бүхий л монгол эд хогшил байх аж. Тэнд байсан эд өлгийн зүйлээс уран дархчуудын ажлын хөөргө хэмээх хэрэгслийг төдийлөн танихгүй юм билээ.

ОХУ-ын Сахагийн Бүгд Найрамдах улсын зочдын байрлаж буй гэрт орвол хүнсний зориулалтын хусны үйсэн сав суулга хараа булаасан юм. Хувин л гэхэд хээ хуартай, бариул нь бат бөх юм. Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын буриадууд мөн яг ийм савнуудыг том, жижгээр нь хийдэг. Сахачуудын эдгээр бүтээгдэхүүн үзүүлэн төдий биш, айл бүр шахам хэрэглэдэг ердийн сав суулга юм байна. Хөрш орнуудаас ирсэн монгол туургатны төлөөллүүд ахуй, соёлын ямархуу бүтээл, бүтээгдэхүүнтэй ирснээс хальтхан дурдахад ийм байна.

Монгол Улсад, өлгий нутагтаа амьдран суугаа монголчууд гадаад орнуудаас ирсэн монгол ахан дүүстээ болон “Мөнх тэнгэр” наадмыг сонирхогч олон түмэнд мөн ховрын үзмэрүүд дэлгэсэн байв. Монгол туургатнуудын ч, гадаадын жуулчдын ч анхаарлыг гойд ихээр татаж байсан зүйл бол XVII зууны үеийн монгол гэр байлаа.

Хэнтий аймгийн төвд амьдран суудаг иргэн Д.Нэргүйн эзэмшлийн уг гэрийн мод, эсгий, оосор, дээс бүгд тухайн зууных гэнэ. Харин эсгий хаалга нь үрэгдсэн тул сүүлд модоор тааруулж хийсэн юм байна. Уг гэрийг нэгэн үе урд хөршид худалдсан байсныг Д.Нэргүй эргүүлж авчирсан түүхтэй ажээ. Дотор нь буй зарим модон хогшил, дах, дэгтий зэрэг нь мөн XVII зууных, харин торгон дээл зэргийг хожим XX зууны эхээр оёж нэгтгэсэн гэсэн мэдээллийг тайлбарлагч өгч байлаа.

Гоё гэгчийн буриад дээл олноор эгнүүлэн өлгөсөн эмэгтэй бол Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уран гартан Б.Доржпагма юм. Өдгөө 70 настай, сумынхаа дунд сургуулийн биологийн багшаар олон жил ажилласны эцэст тэтгэвэртээ гарч, завтай болоод оёж эхэлсэн тэрбээр одоо захиалгаа барахгүй ажилтай байдаг болжээ. Түүний хэрэглэгч, захиалагчдын олонх нь ОХУ-ын буриадууд аж.

Угсаатны зүйн гэр музейгээс элдэв хээтэй авдар, гал тогооны зэс, гуулин хэрэглэл тэргүүтэй монгол ахуйн эд өлгийн зүйл дэлгэсэн нь онц сонирхолтой.

XVII зууны гэр, угсаатны зүйн музейн үзмэр бүхий гэрт хүмүүс шаваастай. Гадаадын жуулчид зураг дараад, ёстой нэг “нар нь гарч” байх шиг байна лээ.

Талбайн гэрүүд дунд нааш, цааш явж байхад үдэш болох наадмын хаалтын тоглолтод бэлтгэж буй монгол туургатнууд хэсэг хэсгээрээ зөрж өнгөрөх ахуйд түрүүн уулзсан дээд монгол найзын хэлснээр “Ийм наадам зохион байгуулсан нь болжээ” гэж бодогдож байлаа. Түүхийн явц, цаг үе, хувь заяаны эрхээр хилийн наана, цаана, өөр өөр улсад харьяалагдан зуун зууныг элээн амьдарч ирсэн монгол туургатнууд ёс заншил, хэл соёл, ахуй байдлаар өнөө хэр ялгарах юмгүй. Үр, үндэс, угсаа, гарвал нэг улсын зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл ч адил юм.

Монгол туургатны соёл урлагийн “Мөнх тэнгэр” анхдугаар наадмыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр нийслэлийн ЗДТГ, түүний харьяа нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгууллаа.

Уг наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд Найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгч, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай