Хоёрхон сард ихийг сурахаар мэрийж явна, оюутан цэргүүд

Охидоос ялгарахгүй шахам ааш зантай, хүний үг битгий хэл хүндхэн зүйл ч өргөж даахгүй эрчүүд олширлоо гэх. Залуус шантрамтгай, “нялцгай” болж буйг цэргийн алба хаагаагүйтэй холбож шүүмжлэх нь ч бий. Хоёр, гурван жилийн алба хаасан эрчүүд сүүлийн үеийн нэг жилийн цэргийг “Цэцэрлэгийн хүүхдүүд” хэмээн шоолонгуй ханддаг.

2013 оноос Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2017 оноос сургалтын төв болгож, цэргийн алба хаах нэг хэлбэр болгон хуульчилсан билээ. Өнгөрсөн хугацаанд 4500 гаруй оюутан уг албыг хаажээ. Энэ жил Улаанбаатар болон хөдөө орон нутагт нийт 1000 гаруй оюутан алба хааж буй. Нэг жилийн цэргийг чамлаж байсан эрчүүд хоёр сарын албыг бүр үзэхгүй байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ дэмжиж буй нь ч бий.

Хүмүүсийн чамлаж, дургүйцээд буй хоёр сарын цэргүүдийн нэг өдрийг сурвалжлахаар Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн “Шархад” хээрийн сургалтын төвийг зорилоо.

“Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана уриатай” тус сургалтын төв Улаанбаатар хотын төвөөс 10 орчим километрт байрлах аж. Нам гүмхэн хуаранг тойроод харуул гарсан байх бөгөөд тэд нь ҮБХИС-ийн ахлагч нар аж. Шалган нэвтрүүлэхээр орохоос эхлээд цэрэгжилтийн дэг эхэллээ. Биднийг хаанаас, ямар ажилтайг лавлаж, станцаараа мэдүүлснээр дотогш нэвтрүүлсэн юм.

Оюутан цэргийн нэг өдрийг сурвалжлахад замчилсан хүн бол тэндхийн соёл хүмүүжлийн ажилтан, дэд хурандаа Б.Золзаяа. Хуаранд байрласан 800 шахам хүний ажил, үүргийг тайлбарласнаар тэдний ажил эхэллээ. Хоёр давхар улаан байшинг тойрсон нэлээд олон майхан харагдана. Энэ жилийн улсын төсвөөр 600 сая төгрөг баталж, хуарангийн майхныг байшингаар сольж буй аж. Одоогоор гурван байшин бариад байгаа бөгөөд хоёрт нь IV ротын цэргүүдийг, нэгд нь сэтгэл зүйн төв байрлуулжээ.

05.30 цаг. “Сэрээд, сэрээд, сэрээд…. бос...” гэх намуухан бөгөөд эрс шийдэмгий, тод дуунаар 650 цэрэг нэг зэрэг босон хувцаслана. Саяхан нам гүмхэн байсан хуаран яарсан цэргүүдээр дүүрлээ. Оюутан цэргүүдийн нэг өдөр эхэлж буй нь тэр. Бүрээн дуутай зэрэгцэж, шинэхэн амьдралтайгаа хөл нийлүүлэн алхаж буй оюутнуудын бас нэгэн өдөр ирж буйн дохио.

Тэдний босох, суух, нүүр, гараа угаах, хооллох гээд бараг хөдөлгөөн бүхэн нь цаг, минутаар хэмжигдэнэ. Үүрийн таван жингээр боссон тэд цагтаа амжих гэж хэрэндээ л шаламгай хувцаслан гарч, өглөөний дасгалаа хийхээр гүйлээ. Тэднийг 05.30 цагт сэрээхийн тулд жагсаалын дарга, салааны захирагчийн орлогч нар 10 минутын өмнө босож, бэлтгэлээ хэдийнэ базаасан байв.

Хуарангийн урдхан байрлах гол руу гүйж өглөөний дасгал, нүүр гараа угаах, ор, дэрээ хураах, орчноо цэвэрлэх ажилд яаравчиллаа. Таван ротын 25 салаа цэргийн амрах байр болох 25 майхан бүгд үүдэндээ нэг, нэг ээлжтэнтэй. Ээлжтэн гэдэг нь 24 цагаар жижүүрлэж, цэргүүдийг албаа гүйцэтгэх хугацаанд байрыг хянах, орчны цэвэр байдалд анхаарах ёстой цэрэг юм.

07.00 цаг. Бүрээ дуугарч, байлдагч нар жагсаалын талбайд салаа, салаагаараа жагслаа. Энэ бол хоолны цаг. Тэд өдөрт гурван удаа хооллоно. Бүгд жагсаалын талбайд харуул томилон буугаа орхиж, хооллох майхан руу нэгэн дуугаар алхацгаав. Өглөөний хоолонд гурилтай шөл, таван зүсэм талхтай идээд ажилдаа орохоор алхлаа.

08.10 цаг. Өглөөний хоолоо зооглож, жагсаалын талбайд жагссан тэд Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа залах ёслол эхэллээ. Ёстой л эх орны төлөө зүтгэхэд хэзээд бэлхэн байгаа нь харагдаж, дотор огшоож байсан юм.

08.30 цаг. Төрийн далбаагаа мандуулсан тэд одоо хичээл, хичээл рүүгээ гүйцгээв. Өдөрт таван төрлийн хичээл рот, ротоороо ээлжлэн, цагийн хуваарийн дагуу орох аж. Цэргийн биеийн тамир, тактик, жагсаалын бэлтгэл гээд тэдэнд энэ завсар ганц минут ч суух эрх байхгүй.

Тэднийг хичээлдээ идэвхийлэн шамдаж байх зуур дэд хурандаа Б.Золзаяатай ярилцав. “Манай хүүхдүүд алхаа нь жигдрээд хөөрхөн болсон байгаа биз” хэмээн ярих түүний нүд дөнгөж хөлд орж буй хүүхдээ өхөөрдөн, хайрлах эхийнх шиг гэрэлтэж байсан юм. Оюутан залуус байлдагч болоод 15 хоножээ. Энэ хугацаанд шантрах, гэрээ санах зэрэг бэрхшээл тулгарч байсан ч одоо хэдийнэ дассан тухай дэд хурандаа үргэлжлүүлэн ярилаа.

Армид 24 жил алба хааж буй тэрбээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт гурав дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. “Эхний гурван хоногт бүх хүүхэд шантарч, гэрээ санадаг. Зарим нь ч бүр “Би юу хийчих вэ” гэсэн шиг, “Гэртээ харьж болох уу” ч гэж асуудаг. Тэр бүрт нь хүүхдүүдээ зоригжуулаад гаргана. Бүгдийнх нь ааш араншин өөр тул түүнд нь тааруулж аргадах, тайлбарлах зэрэг олон аргаар ярилцдаг” гэлээ.

13.40 цаг. Дахиад л бүрээн дуу. Энэ бол өдрийн хоолны дохио. Байлдагч нар журам ёсоор жагсаалын талбайд нэгдэж, буугаа орхицгооно. Сайтар ажвал тэдний нэг нь туг барьж, нэлээд хэд нь бууныхаа үзүүрт улаан даавуу зангидсан харагдлаа. Учрыг асуухад, Тэргүүний салаагаа долоо хоногоор ээлжлэн шалгаруулж, шилжин явах туг гардуулдаг аж.

Хамгийн олон удаа шалгарсан салааныхан халагдах өдрөө бүрмөсөн хадгалдаг уламжлалтай. Энэ удаагийн тэргүүний салаагаар III ротын I салаа шалгарч, шилжин явах тугаа өргөж яваа нь тэр байж. Харин бууны үзүүр дэх улаан даавуу бол “Онц буудагч”-ийн тэмдэг гэнэ. Буудлагын хичээлээр хэн сайн буудаж буй нь уг “цол”-ыг авдаг.

Нэг жилийн цэрэгт хэд хэдэн удаагийн буудлагаар шалгаруулдаг бол тэнд хугацаа давчуу, хоног цөөхөн тул нэг удаагийн хичээлээр шалгаруулжээ. Энэ хуаранд 62 онц буудагч төрсөн аж. Тэдний бууны үзүүр дэх жижигхэн улаан даавууг гардан аваад хэрхэн баярлаж байсныг дэд хурандаа Б.Золзаяа хуучиллаа. Гэртээ харих дээрээ тулж, шантарч байсан тэд онц буудагчийн тэмдэг, тэргүүний салааныхаа туг авснаар сэтгэл санаа нь өөрчлөгдөж, улам бүр хичээх хандлага нэмэгджээ.

Хуарангийн дунд байрлах хоёр давхар улаан байшин бол гал тогоо. Тэрүүхэндээ л том харагдах уг байшинд тогооч, бэлтгэгч, угаагч гээд 30 гаруй хүн ажиллаж байна. 650 байлдагч, 100 гаруй офицер, ахлагчийн хоол хийх гэж үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ажиллана. Өдрийн гурван хоол бэлтгэхийн дээр, 10.00, 16.00 цагт байлдагч нарын манеркийг “цэнэглэх” даалгаврыг цаг тухайд нь биелүүлнэ.

Гал тогоонд тасгийн дарга, тогооч, бэлтгэгч, угаагч, зөөгч гээд үндсэн 14 хүн ажилладаг. Үүн дээр энэ жил ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль төгссөн 19 дэд ахлагч сургуулийн захирлын тушаалаар нэмэлт хүч болон үүрэг гүйцэтгэж байгаа аж. Тэд мод хагалах, гал түлэх гээд гал тогоонд хүч хаана дутагдаж байна тэр бүрт ажиллаж байв.

15.00 цаг. Хичээлийн цаг дуусаагүй тул байлдагч нар хоолоо идэж дуусаад тус тусын хичээл рүүгээ гүйцгээв. Энэ удаад таван цэгт тарж хичээллэж буй байлдагч нарын сургалттай танилцав. Тэдний хамгийн дуртай нь дэд хурандаа Б.Бат-Эрдэнийн заадаг “Тактик”-ийн хичээл гэнэ. Яг л байлдаж буй мэт “ЗиЛ 131” машин дээр гүйн гарч, араас ирэх нэгнээ буугаараа татаж, газарт наалдах шахам байрлуулсан торон доогуур буу болон биеэ хүргэхгүйгээр мөлхөх нь тэдний сонирхлыг ихээхэн татдаг гэнэ.

Нэг л байлдагч биеийн хэсэг болон буугаа торонд хүргэвэл салаагаараа шийтгүүлэх хатуу “хуультай”. Энэ нь нэг баг болон хамтарч ажиллах чадварыг нэмэгдүүлэх хэлбэр гэж дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ тайлбарласан. Харин биеийн тамирын хичээлдээ дургүй залуус цөөнгүй байсан гэнэ. Учир нь эхний хичээл дээрээ л 10 километр гүйсэн нь “зүрхэнд нь хүрсэн” бололтой. Арга ч үгүй биз. Энгийн амьдралд 10 километр газар гүйх нь битгий хэл алхах нь ховор байсан байх.

Харин тус хичээлийг удирдан явуулдаг дэслэгч Б.Батболд “10 километр газар гүйлгэх нь гүйх чадварыг сайжруулж буй зүйл огт биш. Энэ бол тэсвэр, хатуужил, сэтгэлийн тэнхээг шалгах, нэмэгдүүлэх нэг хэлбэр. “Яанаа, яаж ийм хол газар гүйнэ ээ” гээд нэг л удаа бодчихвол уг замыг туулахад бэрх. Эндээс тэсвэр, сэтгэлийн тэвчээр харагддаг” гэлээ.

Жагсаалын бэлтгэлийг ротын захирагч нар өөрсдөө удирддаг аж. Жагсаалын талбайг тойруулж алхуулан, нэг хүн шиг хөл, гараа нийлүүлэн алхахад чамгүй зүтгэл шаардана. Энэ мэт 27 хэмийн халуунд өдөржин бэлтгэл хийж буй тэднийг харахад “Цэцэрлэгийн хүүхдүүд ч арай биш юм” гэсэн бодол төрж байсан юм.

“Оюутан цэрэг” сургалтын төв сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн аж. Оюутнуудын сэтгэл гутрал, шантралыг сэтгэл заслаар эмчилж, урам зоригтой албаа хааж дуусахад нь дэмжлэг үзүүлдэг. Шинэхэн “бахиал” өмссөн тэдний хөл холгох нь энүүхэнд. Үүнээс эхлээд сэтгэлээр унаж, гэртээ харих бодол төрдөг хэмээн тэд хэллээ.

18.10 цаг. Одоо л нэг хэсэгхэн амарч авах боломж. Гэхдээ амралтын цаг биш ээ. Энэ бол соёл хүмүүжил, олон нийтийн ажил эхэлж буй. Уг хичээлийг дэд хурандаа Б.Золзаяа өөрөө удирддаг аж. Өдөр бүр эх орны сэдэвтэй хоёр дуу заах төлөвлөгөөтэй. Энэ удаад тэдэнд “Баярын жагсаал”, “Цэрэг эрс” нэртэй дуу заалаа. Дэд хурандаа үгийг нь мөр мөрөөр уншиж өгч, дуулуулж байсан юм.

Эгнэн жагссан 650 байлдагч дундаас нэг ротын дуу тодоос тод, бусдаас илүүтэй сонсогдоно. “Энэ дууг мэдэх үү” гэх дэд хурандаагийн асуултад тэд л нэгэн зэрэг “Тийм” гэж хариулж байв. Тэр бол III рот бөгөөд захирагч нь энэ дууг нь тэдэнд түрүүлээд зааж өгсөн гэнэ. Тус ротын захирагч 2016 оны “Оюутан цэрэг” сургалтын “Тэргүүний рот”-ын захирагч ахлах дэслэгч Б.Мөнхтулга.

Тухайн үед хариуцсан ротоо амжилттай сургасан тул “Тэргүүний рот”-ын тугийг үүрд хадгалсан тэрээр энэ жил мөн ротын захирагчаар томилогдон ажиллаж буй. Удирдан зохион байгуулах чадвартай, хүний төлөө гэсэн сэтгэлээрээ бусдаасаа онцгойрч чадсан тэрбээр ҮБХИС-ийн Сонсогчийн батальоны салааны захирагчаар ажилладаг аж. Өдгөө дөнгөж 26 настай, энэ жилийн сургалт эхлэнгүүт л өөрийн ротын нэг салааг “Тэргүүний салаа” цолоор шагнуулаад амжсан байна.

Соёл хүмүүжлийн цагт зөвхөн дуу заагаад зогсохгүй сэдэвчилсэн яриа өрнүүлж, байлдагч нарт сэтгэлийн дэм өгдөг. Биднийг очихоос хэдхэн хоногийн өмнө “Хайр” гэсэн сэдвээр яриа өрнүүлсэн аж. “Тэдэнд эхийн хайр хэчнээн үнэ цэнэтэйг ойлгуулж, цаашдаа эцэг, эх, эх орондоо ямар хэрэгтэй хүн, тэднийхээ төлөө юу хийж чадахыг нь ойлгуулах зорилготой эхлүүлсэн лекц сонирхолтой болжээ.

Лекцийн үеэр сэтгэлээ нээж ярьсан нэг байлдагч “Би дүүдээ л санаа зовж байна” гэж. Гэтэл дүү нь хамт алба хашиж байжээ. Түүний санаа зовсон шалтгаан нь “Энд ирсэн хэд хоногт надад хэцүү үе байсан. Гэхдээ дүү минь ч гэсэн адилхан л байгаа учраас би “Надад хэцүү санагдахгүй байна” хэмээн ярьсан нь бүгдийг гайхашруулж, нэгхэн насны зөрүүтэй ах, дүүс ч хүний ах гэдэг илүү тэвчээртэй байхыг ойлгуулж чаджээ.

Мөн бүгд л ээжийгээ ярьж нулимс дуслуулан суусан тэдэнд одоо түүнийхээ төлөө илүү их хичээх ёстойг бага ч болов ойлгуулсан байх” хэмээн дэд хурандаа Б.Золзаяа ярьсан.

18.50-19.20 Нэгэн дуугаар хоолой нийлүүлэн дуулж байсан цэргүүдийн 30 минутын амралтын цаг эхэллээ. Энэ хооронд тэд гутлаа тослох, захны даавуугаа хадах гээд ажил мундахгүй. Байлдагч нарыг бэлтгэлээ базааж байх зуур тэдэнтэй ярилцах хэсэгхэн ч гэсэн хором гарсанд бид ч олзуурхаж байсан юм. Гутлаа тослоод завгүй сууж байсан II ротын III салааны байлдагч Г.Чинтулгатай ярилцахаар очлоо.

Тээврийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан тэрбээр “Би цэрэгт ирээд ор хурааж, юм оёж сурсан. Ах, эгч хоёртой учраас айлын эрх хүүхэд байсан гэх үү дээ. Ээжийнхээ өвөрт унтдаг байсан тул бараг унтсан ороо ч хурааж үзээгүй. Харин энд ирээд ороо шоо шиг хэлбэртэй болгож, толийтол татаж хураагаад, захны даавуугаа хадаж сурлаа. Энд ирсэн эхний хоёр шөнө ээжийгээ зүүдэлсэн. Зүүдэндээ ээжтэйгээ банштай, борцтой цай хийж ууж байсан. Ээжийгээ л санаж байна. Хэлсэн үг бүр нь бодогдож, “Үнэхээр үнэн үг хэлж байж” гэдгийг ойлгож байна. Мөн тэсвэр хатуужил сууж, ядаж л бороонд норж үзэж буй” гэлээ.

“Зохиомж” дээд сургуулийн Кино драмын ангийн хоёрдугаар дамжааны оюутан Баярмагнай “Надад бол гүйх их хэцүү байсан. Анх ирэхдээ 89 кг жинтэй байсан учраас амьсгаадаж, ядарсан. Харин одоо жин хасаад хувцас суларч, бие хөнгөрөөд их сайхан байна. Урьд нь турах гэж олон удаа оролдсон ч амжилтад хүрэхгүй, улам бүр нэмдэг байсан. Жүжигчин мэргэжлээр сурч буй учраас том туршлага боллоо. Хэзээ нэгэн цагт цэргийн дүрд тоглох болвол надад биеэр мэдэрсэн дүрийн судалгаа бэлэн байна гэсэн үг” хэмээн их л баяртай ярилаа.

20.30 цаг. Ийнхүү их ажлын ард гарч, тэдний алба хаах нэг өдөр өндөрлөх дөхөж байна. Байлдагч нар оройн хоолноосоо тарцгаалаа. Одоо тэд оройн тоондоо жагсахдаа бэлдэх үлдэв. Энэ үеэр тэргүүний салаа болох III ротын I салаагаар оров. Тэд майхандаа бужигналдаж байлаа.

“Өнөөдөр хэрхэн өнгөрөв” гэх асуултад нэгэн зэрэг “Гоё” гэж хариулсан юм. Үүнээс хойш тэд анх ирэхдээ тохиолдсон хөгжилтэй явдлууд болон тэргүүний салаа болсон дурсамжтай түүхүүдээ ээлж дараалан ярьцгаалаа. Юутай ч тэд 15-хан хоногт хөгжилдөн ярих дурсамжтай болжээ. Харин салаан дарга “Майхнаасаа түр гарсан хойгуур цэргүүд минь “Бид нар салаан даргыгаа дандаа уурлуулж байна. Уурлуулахгүйгээр бөөнөөрөө үүргээ сайн биелүүлж суръя” гэх яриаг нь сонсоод их баярласан.

Холын гүйлтэндээ ч бие биенийгээ чирч, амь нэгтэй болсон нь тэргүүний салаа болох нэг шалтгаан байх. Хэдий урт хугацаа өнгөрөөгүй ч биедээ ижил дасал болсон цэргүүдээ харах урамтай” гэлээ.

21.00 цаг. Оройн зугаалга. Энэ нэр байлдагч нарын анх ирээд харсан хамгийн гоё үг байж. Учир нь тэд уул хадаар зугаалах талаар төсөөлж л дээ. Гэвч арми бол арми. Энд зугаацах цаг байхгүй. Тэд анги нэгдэж талбайдаа жагсдагаараа жагсаж, өдөрт сурсан дуугаа дуулж, хөл нийлүүлэн алхахыг ийнхүү буруу ойлгосон байж.

Хуарангаа тойрч, 20 орчим минут дуулж алхах энэ зугаалга дууссаны дараа оройн тооны жагсаал эхэлнэ. Бүгд тооллогоо дуусгаж, Төрийн дууллаа эгшиглүүлэн далбаагаа буулгах ёслолын ажиллагаа өндөрлөснөөр майхан руугаа амрахаар явлаа. Үүрийн 05.30 цагаас хойш цаг завгүй өрнөсөн оюутан цэргүүдийн нэг өдөр 21.30 цагт Төрийн дуулал, цэргүүдийн алхах чимээнээр өндөрлөж, өглөө бидний ирсэн шиг нам гүмхэн орчинд хормын зуурт шилжсэн юм.

Хоёр сар хэдий богино хугацаа мэт боловч тэдний сурсан, үзсэн, туулсан нь аав, ээжээсээ холдож үзээгүй, айлын эрх танхи хүүхдүүдийн хувьд багадаагүй юм шиг санагдсан. Шүд зуун мэрийж яваа дайчдыг харах үнэхээр бахархам санагдаж байсан юм. Мөн 650 оюутныг цэргийн алба хаалгах гэж өөрсдийн сурсан мэдсэнээ зааж, тэдэнтэй л адил даарахдаа даарч, хөрөхдөө хөрч яваа ҮБХИС-ийн 100 гаруй алба хаагчийн хүч хөдөлмөрийг үнэлээд баршгүй.

Зүүдлэн нойрсох эдгээр эрчүүд ээж, аавтайгаа энэ сарын 13-нд уулзалдах цаг мөч бүрийг тэсэн ядан хүлээж буй гэсэн. Иргэний үүргээ ухамсарлан, эх орныхоо төлөө тангараг өргөх дайчдынхаа албанд нь амжилт хүсье. Эх орны минь тэнгэр цэлмэг байг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай