“Түүхэн” уулзалт түүх бүтээхгүй

2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж буй Нэгдсэн Улсын тагнуулын албаны нэр бүхий түшмэдийн байр суурийг Сенатын танхим дахь Тагнуулын асуудал эрхэлсэн байнгын хороо өнгөрөгч долоо хоногт анх удаа хамгаалан, тэдний талд орлоо. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Брюссель хотноо НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараахан буюу ирэх 16-ны өдөр Финландын нийслэл Хельсинки хотод Оросын төрийн тэргүүнтэй уулзах билээ.

Мөн үед Цагаан ордны тэргүүний Оросын Ерөнхийлөгчтэй хийх уулзалт олон талаар хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, одоогийн засаг төрийн бодлогыг дэмжигчид Д.Трампын Кремлийн тэргүүнтэй тогтоосон хувийн харилцаа хоёр орны харилцааг хэрхэн шинэ түвшинд гаргах талаар ам уралдан ярих нь дамжиггүй.

Гэхдээ Ерөнхийлөгч Д.Трамп эдүгээ XXI зуунд үгүйлэгдэж буй хүчирхэг удирдагчийн төрх байдалтай нь үнэн ч, оросууд өөрийг нь ялалтад хүргэсэн гэх яриа хэдий өөрт нь ашигтай мэт байгаа нь ортой ч, гадаад харилцааны бүх л хэрэг явдалд Барак Обамагаас өөр байхыг хичээдэг нь илэрхий ч эдгээрийн аль нь ч түүний Владимир Путинтэй ойр шадар байхыг эрхэмлэгч бодлогод бүрэн тайлбар болж чадахгүй юм. Зарим ажиглагч түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн “тэрслүү” Ерөнхийлөгч болох дүр байдлаа тодотгоход Оросын удирдагчтай тогтоосон харилцаагаа ашиглаж байна гэж үзэж буй.

Хэдий тийм ч улс орны эрх ашиг хувь хүмүүсийн харилцаанаас чухал тул айсуй уулзалт ямар нэг саадгүй болох учиртай. В.Путин, Д.Трамп нар геополитикийн хэд хэдэн асуудалд санал нэг байгаа нь эхний сайн мэдээ. Талууд Сирийн хэрэг явдалд америкчууд аль болох оролцох хэрэггүй, НАТО-гийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны суурь үнэхээр аюулгүй байдлын тусын тулд байж чадаж байна уу, Ойрх Дорнодод энхтайван тогтооход олон улсын хамтын ажиллагаа нэн чухал зэрэг олон чухал хэрэгт нэгдмэл нэг байр суурьтай байгаа. Мөн хоёр удирдагчийн хэн хэн нь Оросыг Их наймын бүлэгт буцаан элсүүлэх хүсэлтэй байгаа билээ.

Гэвч түүхэн гэгдэж буй хоёр удирдагчийн уулзалт онцгой түүх бүтээж чадахгүй л болов уу. Д.Трамп Кремлийн тэргүүнээс ялгаатай нь одоо ч Вашингтоны далд эрх мэдэлтнүүдээс, түүний дотор хэвлэл мэдээллийнхэн хийгээд Бүгд найрамдах намынхнаасаа хараат байгаа тул ярьж хэлж байгаа шигээ Оростой ойртож, нөхөрлөхгүй нь тодорхой юм.

Оросын хувьд ч Хятад орон Америкаас илүү чухал, үнэ цэнтэй, стратегийн тал дээр ч илүү хүндрэл бэрхшээл дагуулахаар тул В.Путин Д.Трампыг тэгтэл ойшоож үзэхгүй гэсэн таамаг ажиглагчдын дунд давамгайлж байна. Иймд Хельсинкид болох уулзалтыг хаа ч болдог ердийн нэг дипломат хэлэлцээ гэж тооцохоос бус Орос, Америкийг ойртуулах, эсвээс хагаралдуулах түүхэн явдал гэж үзэх нь өрөөсгөл болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай