“Оюутолгой”-н эрчим хүчний ээдрээ

“Оюутолгой” хэмээх газрын хэвлийн 1000 метрийн гүнээс алт, зэс, мөнгө олборлох 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай аварга төслийн эрчим хүчний хангамжийн асуудал ээдрээтэй хэвээр байна. “Ээдрээтэй” гэж хэтэрхий сүржин хэллэг хэрэглэх нь өрөөсгөл байж мэдэх ч шийдэл нь тодорхойгүй байгаа тул ингэж дүгнэх нь зүйтэй болов уу.

“Оюутолгой”-н уурхайг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг хаана барих вэ гэдэг асуултад өдгөө хэн ч шулуухан хариулт өгч чадахгүй байгаа. Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчээр хангах гурван сонголтыг тусгасан байдаг.

Тодруулбал, төслийг хэрэгжүүлэгч компани өөрөө санхүүжилтээ босгоод станцаа барих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын Монголд байгуулсан эх үүсвэрээс цахилгаан авах, эсвэл төвийн бүсийн эрчим хүчний сүлжээтэй холбогдох гэсэн гурван сонголт бий. Гэхдээ алийг нь сонгох нь өдгөө тодорхойгүй. “Оюутолгой” компанийнхан Засгийн газрын амыг харж байгаа бол гүйцэтгэх засаглалынханд бэлэн хариулт алга.

“Оюутолгой”-н эрчим хүчтэй холбоотой эхлүүлсэн ажлын түүхийг эргэн сөхвөл ээдрээний гогцоо илүү тод харагдах нь дамжиггүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсныг монголчууд мэднэ. Энэ гэрээнд “Оюутолгой” төсөлд шаардагдах эрчим хүчийг богино хугацаанд импортын цахилгаанаар, цаашдаа үйлдвэрлэл эхэлснээс буюу 2013 оны есдүгээр сараас хойш дөрвөн жилийн дотор дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангахаар тусгасан. Өвөрмонголоос эрчим хүчээ авч буй “Оюутолгой” компани гэрээний дагуу бол өнгөрсөн оны есдүгээр сараас өмнө Монголд барьсан цахилгаан станцад холбогдох ёстой байлаа.

Тохиролцсон хугацаандаа дотоодоос цахилгаан авахын тулд “Оюутолгой” компани төслийн талбай дээрээ өөрсдийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барих сонголт хийсэн. Эл шийдвэрийг нь 2011 оны наймдугаар сарын 24-ний Засгийн газрын тогтоолоор зөвшөөрсөн байдаг.

Улмаар 2012 оны дөрөвдүгээр сард төслийнхөө талбайд цахилгаан станц барих инженер техникийн болон барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгох шийдвэрийг “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан юм. Үүнээс хоёрхон сарын дараа буюу 2012 оны зургадугаар сард тэднийх эрчим хүчний барилга барих тусгай зөвшөөрөл авсан удаатай. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцаа барихад бэлэн болсон гэсэн үг.

Харин жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 7-нд Засгийн газрын 80 дугаар тогтоол гарч, Тавантолгойн ордыг түшиглэн, олон улсын хөрөнгө оруулалттай цахилгаан станц барьж “Оюутолгой” төслийг эрчим хүчээр хангахаар шийдвэрлэсэн билээ.

Тухайн оныхоо тавдугаар сард “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжтэй “Оюутолгой”-нхон хамтран ажиллах гэрээг байгуулсан баримт бий. Төслийн нэгжийнхэн жил орчим ажиллаад 2014 оны эхээр цахилгаан станц барих сонирхолтой хөрөнгө оруулагчдыг шигших уулзалтаа хийсэн.

Энэ үеэр хөрөнгө оруулагчид Монгол Улсад анх удаа хувийн санхүүжилтээр томоохон цахилгаан станц барих гэж байгаа учраас илүү хугацаа шаардлагатай гээд “2017 оны есдүгээр сараас өмнө Тавантолгой цахилгаан станцыг ашиглалтад оруулах боломжгүй” гэж хэлсэн гэдэг. Ингээд Засгийн газраас гаргасан шийдвэрээс шалтгаалж, “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн хэрэг.

Үүргээ зөрчиж болзошгүй нөхцөлийг өөрсдийн гараар “Рио тинто”-д тулгасан Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14-нд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг “Оюутолгой” компанитай байгуулсан юм. Уг гэрээгээр Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад ортол дотоодын эх үүсвэрээс цахилгаан авахгүй байхад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчөөгүй гэж үзэх гол тохиролцоог хийсэн.

Нөгөөтэйгүүр Засгийн газар Тавантолгой ордыг цогц байдлаар ашиглах бодлогоо хамгаалж үлдсэн хэрэг. Энэ үед Засгийн газар, “Рио тинто” компанийн хооронд дэгдсэн, хөрөнгө оруулалтын маргаан ид өрнөж байв. Үүнтэй зэрэгцэн олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхгүйн тулд нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхээс татгалзах болсон юм. Энэ мэт шалтгаанаар Тавантолгой цахилгаан станцад хөрөнгө оруулах, санхүүжилт хийх сонирхолтой байгууллагын тоо цөөрсөн. Эцэст нь ганц “Марубени корпорац” тунаж үлдсэн билээ.

Цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлсэн зээлдэгчид “Тавантолгой”-гоос тодорхой тарифын дагуу байнга цахилгаан худалдаж авах баталгаа гаргахыг “Рио тинто”-гоос шаардсан. Зээлдэгчид Засгийн газартай хийх гэрээний улс төрийн эрсдэлийг “Рио тинто”-д үүрүүлэхийг шаардсан нь арай л хатуу нөхцөл байсан гэдэг.

Хоёр тал удаан хэлэлцэж, санал хүсэлтээ солилцсон ч үндсэндээ тохиролцоонд хүрээгүй. Ингээд өнгөрсөн онд санхүүжилтийн гацаанд орсон “Марубени корпорац” Тавантолгой цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээс татгалзлаа. Тэднийх “тоглоом”-оос гарснаар Засгийн газар Тавантолгойд цахилгаан станц бариулж чадах, эсэх нь тодорхойгүй болов.

Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчгүй болсноос хойш хагас жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 20-нд Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэн Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалж буйгаа гэнэт мэдэгдсэн.

Ингэснээр “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлээ эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд дотоодоос эрчим хүчээ авах “тоолуур” дахин минут секундээр гүйж эхэллээ. Гэрээ цуцлагдсан учраас “Оюутолгой” компани 2022 оны хоёрдугаар сарын 20-ноос өмнө дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ авах “нигууртай”.

Учир мэдэх хүмүүс Ц.Даваасүрэн сайдын шийдвэрийг нэгэнт Тавантолгойн цахилгаан станц баригдах, эсэх нь тодорхойгүй болсон учраас “Оюутолгой”-г төслийн талбай дээрээ барь гэсэн агуулгатай үйлдэл боллоо гэж дүгнэж байгаа. Гэвч Засгийн газар албан ёсоор төслийн талбай дээрээ цахилгаан станцаа барь гэж хэлээгүй нь асуудлыг ээдрээтэй хэвээр орхиж буй юм.

Хэрэв “Танайх төслийн талбай дээрээ цахилгаан станц бариад гэрээний үүргээ биелүүл” гээд Засгийн газрын тэргүүн хэлчихвэл  “Оюутолгой”-нхон уухайнтас хүлээж авах бололтой. Гүйцэтгэх захирал Армандо Торесынх нь “Монголын эдийн засгийн чуулган”-д хэлсэн үг, гадаадын хэвлэлүүдээр гарч буй “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл цахилгаан станц барих судалгааны ажлаа дуусгах төсвийг батлах нь гэх мэт мэдээлэл тэдний сонирхлыг бэлхнээ илтгэж байгаа.

Тэднийхэн ч өөрсдөө төслийнхөө талбайд цахилгаан станц баривал гэрээгээр хүлээсэн хугацаанд амжина гэж гадаадын хэвлэлүүдэд ярьсан байна лээ.

Гүний уурхайн олборлолт эхэлбэл зогсоож болдоггүй технологитойг өмнө нь сонсож байв. Тоног төхөөрөмжүүдээ зогсолтгүй ажиллуулахын тулд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах учиртай гэсэн. Дотоодоос эрчим хүчээ авах нь уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэж тус компанийнхан үздэг юм билээ. Гүний уурхайн олборлолт нь 2020 оноос эхэлнэ.

Тэгэхээр эрчим хүчээ дотоодоос авах нь “Оюутолгой”-д зөвхөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй биш, аюулгүй байдлаа хангаж байгаа хэрэг аж. Яарах шалтгаантай “Оюутолгой”-нхон Засгийн газар ямар нэг шийдвэр гаргах, болж өгвөл төслийн талбайдаа цахилгаан станц барих саналаа дэмжүүлэхийг хүлээж суугаа нь эргэлзээгүй биз.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай