Ундаанд яагаад татвар ногдуулах ёстой гээч

ДЭМБ халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд (2013-2020 он) нэн хортой бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулах зөвлөмжийг бүх улс оронд хүргүүлсэн. Үүнд чихэрлэг ундаа ч багтсан байдаг. Орой бүр шахам бид гэр бүлээрээ хоолны “даруулга” болгон хийжүүлсэн ундаа уудаг зуршилтай болсон.

Монголд худалдаж буй 500 мл савлагаатай хийжүүлсэн ундаанд дунджаар 12 цайны халбага буюу 60 грамм элсэн чихэр агуулагддаг гээд бод доо. Хийжүүлээгүй, энгийн жимсний ундаандаа ч манай үйлдвэрлэгчид ийм хэмжээний элсэн чихэр хийдэг. Тэгэхээр бидэнд ямархуу орц найрлагатай “хор” савлаж барьдаг нь илэрхий. 100 мл ундаанд наймаас дээш грамм элсэн чихэр орсон бол эрүүл мэндэд хөнөөлтэй гэж дэлхий дахинд үздэгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Захын нэг дэлгүүрт зарж буй ундааны шошгыг уншаад үзээрэй. “Zero” гэх мэт ганц нэгхэнийг л эс тооцвол 500 мл ундаанд багадаа 55 грамм элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд байгаа.

Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестирины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний шууд эх үүсвэр болдог учраас чихэрлэг ундааг нэн хортой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад ДЭМБ оруулсан. Манай улс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай 2015 оноос ярьж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас өнгөрсөн жил Сангийн яам руу 1а/1651 тоот албан бичиг хүргүүлжээ.

Татварын ерөнхий газарт ч энэхүү албан бичгийн нэг хувийг хүргүүлсэн боловч өдий болтол аль алинаас нь хариу ирээгүй байгаа аж. Чихэрлэг ундааны борлуулалтаас 20 хувийн онцгой албан татвар авдаг болсноор улсын татварын орлого жилд 98.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой хэмээн судалгааны багийнхан тооцоолсон аж.

Энэ мөнгө Монголын хамгийн эмзэг, тарчиг салбар гэгдэх Эрүүл мэндийн яамны жилийн нийт орлогыг 50.9 хувиар (2016 оны байдлаар 193.2 тэрбум төгрөг), Эрүүл мэндийг дэмжих сангийн орлогыг бүр 576 хувиар (2016 оны байдлаар 17 тэрбум) нэмэгдүүлэх юм билээ.

Эдийн засгийн ийм үр өгөөжөөс гадна хэдэн тэрбумаар ч үнэлж баршгүй нийгмийн ач тус цаана нь байдаг учраас улс орнууд чихэрлэг ундааны хэрэглээг багасгах оновчтой шийдлийн нэг бол татвар гэж үздэг байна. Чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой албан татвар ногдуулснаар монголчуудын жилийн хэрэглээг 28 хувиар бууруулах боломжтойг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны багийнхан тогтоожээ.

Тодруулбал, нэг хүнд ногдох жилийн хэрэглээ 22.8 литрээр буурч, чихэрлэг ундаанаас хоногт авах илчлэг ч багасна гэсэн үг. Ингэснээр энэ зууны тахал гэгдэх таргалалт, илүүдэл жингийн асуудлаас эхлээд хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт алгуур боловч сайжрах нь дамжиггүй.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн докторант М.Ундрам “Манай улсын насанд хүрэгчид төдийгүй хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалт, илүүдэл жингийн үзүүлэлт хэт өндөр түвшинд хүрснийг 2016 оны судалгаа харуулсан. Жишээ нь, 2010 онтой харьцуулахад 6-11 насны хүүхдүүдийн таргалалт долоо дахин нэмэгдсэн.

Мөн хот суурин газарт амьдарч буй таван хүүхэд тутмын нэг нь өдөр бүр ойролцоогоор 0.5 л чихэрлэг ундаа ууж байна. Ийм нөхцөлд бусад хоол хүнснээс илүү чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж чадвал хүүхэд, өсвөр үеийнхнийг илүүдэл жин, таргалалт, цаашлаад II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн ярьсан.

Халдварт бус өвчний тархалтаар Номхон далайн бүсийн орнуудаас VII байрт ордог, зүрх судасны өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээнд жил бүр дунджаар 57 тэрбум төгрөг зарцуулдаг Монголын хувьд чихэрлэг ундаанд татвар ногдуулах асуудлыг улстөржүүлэлгүй, бодитоор үнэлж, шийдвэр гаргах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Өөрөөр хэлбэл, “Татвар нэмж, иргэдийн нуруун дээр илүү ачаа үүрүүлэхгүй” гэсэн Засгийн газрын бодлого, амлалтаас энэ бол огт өөр утгатай зүйл гэдгийг нийгэмд зөв ойлгуулах явдал хамгийн чухал байна. Үүн дээр улс төрийн тоглолт хийж болохгүй гэсэн үг. Ялангуяа чихэрлэг ундаанд татвар ногдуулах тухай яриа гарангуут үйлдвэрлэгчид хүчтэй эсэргүүцэж, “Ард түмний халаасыг хоослох гэж байна” гэх зэргээр турхирдаг аж.

Тиймээс үйлдвэрлэгчдийн “урхинд” оролгүй, татварын тухай ярихдаа үр өгөөжийг нь эхлээд нийгэмд сайтар ойлгуулсны үндсэн дээр олон талын оролцоотой бодлого боловсруулж, бүх нийтийг хамарсан кампанит ажил өрнүүлэх хэрэгтэйг НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан зөвлөх анхааруулсан.

Манайд чихэрлэг ундааны борлуулалтад үндэсний үйлдвэрүүд давамгайлдаг. Сүүлийн таван жилд энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Монголд 30 хувиар нэмэгджээ. Өдгөө нэг монгол хүнд хоногт 330 мл-ээс дээш чихрийн агууламжтай ундаа ногдож байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй дээгүүр үзүүлэлт юм байна.

Тиймээс одоо бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, ундааныхаа найрлага дахь элсэн чихрийг багасгах, хэрэглэгчдэд өөр шинэ нэр төрлийн бараа бүтээгдэхүүн санал болгох хэрэгтэй гэдгийг ч холбогдох албаныхан зөвлөв.

Бага орлоготой айл өрх, эсвэл чихэрлэг ундааг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэн үнийн өсөлтөөс ихээхэн хамааралтай байдаг тул татварын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь эрс буурдгийг олон орны жишээ харуулдаг аж.

Гэхдээ үйлдвэрлэгчид “2500 төгрөгөөр зарж буй ундаанд маань 20 хувийн татвар ногдуулснаар үнэ нь 3000 төгрөг болбол хэрэглэгчдийн тоо буурчихна” гэж эмээхийн оронд эрүүл бус хүнсийг орлох өөр ямар бүтээгдэхүүн зах зээлд борлуулж болох вэ гэдгээ бодолцох хэрэгтэй гэнэ.

Тухайлбал, Монголынхоо байгалийн цэвэр жимс, ногоо, цагаан идээг ашиглан янз бүрийн ундаа, шүүс хийгээд, түүнийгээ 2500 төгрөгөөр зарвал хэрэглэгчид эдийн засгаа ч, эрүүл мэндээ ч бодолцоод зөв сонголт хийдэг болно гэсэн нь ортой биз.

Чихэрлэг ундааны хэрэглээ хэдий чинээ буурна, өөр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төдий хэмжээгээр нэмэгдсэн жишээ олон гэдэг. Тийм ч учраас богино хугацаанд Британи (100 мл бүтээгдэхүүнд найман граммаас дээш элсэн чихэр орсон бол литр тутамд 24 пенни), Норвеги (нэг кг элсэн чихэр тутамд 7.66 крон), Франц (100 литр тутамд 7.53 евро), Чили (100 мл ундаанд 6.25 граммаас дээш элсэн чихэр агуулсан бол 18 хувь), Өмнөд Солонгос (10 хувь), Бангладеш (25 хувь), Өмнөд Африк (20 хувь), Финланд, Дани, Тайланд, Филиппин зэрэг 28 улс чихэрлэг ундааны борлуулалтад онцгой албан татвар ногдуулдаг аж.

Мексик улс гэхэд 2014 онд литр тутамд нь нэг пессогийн татвар ногдуулснаар хоёрхон жилийн дараа чихэрлэг ундааны хэрэглээг 9.7 хувиар бууруулжээ. Энэ нь тамхины татвараас ч илүү үр дүнтэй байсан бөгөөд нэмэлт орлогоо тэд ундны усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулж, улсынхаа бүх сургуульд цэвэр усны цорго суурилуулсан гэнэ.

Улс орнууд эдийн засгийн чадавхдаа үндэслэн онцгой албан татварын хувь хэмжээг тогтоодог байна. Манай улсын хувьд чихэрлэг ундаанд 20 хувийн татвар ногдуулбал боломжийн үр өгөөжтэй гэсэн тооцоолол гарчээ. Үйлдвэрлэгчдээс гэнэт 20 хувийн татвар нэхэхээс эмээж байгаа бол хэний ээлжинд 10 хувиар тогтоогоод, хэсэг хугацааны дараа нэмж болох юм.

Ямартай ч ундааны борлуулалтаас татвар авдаг болсноор улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, цаашлаад нийгэмд авчрах эерэг үр дүнгийн тухай судалгаа, тооцооллоо мэргэжлийн байгууллагууд хийчихлээ. Одоо үүнийг цааш нь ажил хэрэг болгох уу, эсвэл хав дараад, амаа хамхиад өнгөрүүлэх үү гэдэг нь Монголын төр, засгийн түшээдийн чадал чансаа, эр зориг мэдэх хэрэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай