Ц.ХУЛАН: Бүгчим, золбин муур олонтой Төрийн ордонд жил болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулантай ярилцлаа.

-Тав дахь Ерөнхийлөгч тангараг өргөж, та бас шинэ алба хаших болсноор нэг жил өнгөрлөө. Ярилцлагын маань ерөнхий сэдэв ч цаг үе, ажил албаны тань тухай. Нэлээд ил тод ярилцаж чадах хүний нэг гэж үзэж Таныг урьсан юм?

-За баярлалаа, нээрэн л бүтэн жил харвасан сум шиг өнгөрчээ. Бүгчим, эндхийн эгэл ажилчдын яриагаар бол дээврийн хонгилоор нь золбин муурнууд орж ирээд байдаг Төрийн ордонд сууж ажиллаад жил болжээ, миний хувьд. Төрийн ордны улс төрийн агаар, муур багш лугаа адил дээдэс “оршин суугчдыг” ч давхар хэлж байгаа юм шүү (инээв).

Ялалтын баярыг бахардал бардамнал болгочихгүй, ард олонд “өрөө төлөх” цаг хугацааг бид хэрхэн ашигласныг дүгнэх эрх сонгогчдод бий. Ганцхан жилийн өмнө яг энэ зуны халуун өдрүүдэд хуруу дарж тоолмоор хэдүүлхнээ, гүтгэлэг нэгжлэг, нус нулимс, унал гутрал дундаас олж авсан сонгуулийн ялалт бол үзэл бодлоо эрх мэдлийн аянганаас айж цочилгүй, зүсэр бороо шиг асгарсан их мөнгөөр худалдалгүй авч гарсан ард түмний өмч юм. Энэ өмчийг баялаг болгож түгээх амлалтаа авсан Ерөнхийлөгч өөрөө ч хэн гэдгээ марталгүй, хэлсэн ярьснаа баллахгүй чармайн биелүүлж явааг та бүхэн харж байгаа байх.

-Ерөнхийлөгч авлигатай тэмцэж, оффшор 30 гэр бүлийн хөрөнгийг ил болгож, ядуусын өрийг тэглэх тухай ярьж гарч ирсэн. Энэ амлалтаа биелүүлэх боломж харагдаж байна уу?

-Та нар бод л доо, эрх, үүрэг нь хязгаарлагдмал ганцхан Ерөнхийлөгч яаж ч хүсэж, мэрийгээд 30 жилийн уналтаас улс орныг сэвхийтэл гаргаад ирж чадахгүй. УИХ, Засгийн газартайгаа хүч нэгдэе гэхээр Крыловын ёгт үлгэрийн цурхай, хавч, хун гурав шиг тал тал тийшээ чангаагаад байгаа улс төрийн хүлээс Монголыг боомилж байна. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгчийн болон түүнд дэмжлэг үзүүлдэг шударга олонхын ачаар оффшорын хяналтад ахиц гарч, хоёр ч Ерөнхий сайдаа хорьж, улсын цөөн ч атугай дансанд оффшорын мөнгө гадаадаас орлоо.

Салхи нэвтэрдэггүй АТГ-ын даргын суудлын асуудал эрчтэй сөхөгдөн, одоо ч олон түмний анхааралд хэвээр байгаа. Олон жилийн буглаа хагарч эхэлсэн. Ерөнхийлөгч болон түүний Тамгын газар урьд нь төрийн түвшинд эл дол болж, нам дарагдсаар ирсэн аймшигтай мэдээллүүдийг олон түмэндээ ил гаргаж, хүүхдийн хүчирхийлэл л гэхэд ямар түвшинд очсоныг мэдэхтэйгээ боллоо.

Жилд 120 гаруй хүүхэд амиа хорлодог гэсэн зүрх өвдүүлсэн баримтыг прокурорын албан хэрэгцээний сэтгүүлээс татан авч ил гаргаж, хуульчдыг уриаллаа. Хууль, эрх зүйгээ даруйхан шинэчлэх өчнөөн ажил хүлээгдэж байна. Үүний төлөө хэн шаналж, хэн явж байна. Өнөө л Ерөнхийлөгч хэдхэн зөвлөхтэйгөө. МИАТ, Хөрөнгийн биржийг яаж хувьчилж, хувааж авахаа хэлэлцэх завшаан гаргачихдаг одоогийн УИХ нь улс орноо аварч эрүүлжүүлэх энэ мэт асуудлыг ярих сэтгэлгүй юм бол тарвал таарна шүү дээ.

-Та Соёл, шашны бодлого хариуцдаг зөвлөх. Энэ салбарын ажлыг ойлгож, шийдвэрлэхэд арай амар хялбар байх, тийм үү?

-Юу ярина вэ. Соёл, шашин хамгийн хэцүүдсэн салбар болоод байна. Юун уул уурхай. Хүний өөрийнгүй ойлго. Энэ бол гүн, өргөний хэмжээсээр адилтгашгүй нандин агуу салбар. Улс үндэстэн соёл, шашнаа алдчих л юм бол буутай цэргээр хилээ мануулаад байх ч шаардлагагүй мэт. Одоо бол бид үндсэндээ алдчихаад байна шүү. Соёл, шашин бол зүгээр нэг тайз, сүм хийд биш юм. Энэ бол монгол хүний дотоод шүншиг, мөн чанар.

Үүгээрээ л бид хүн төрөлхтнөөс ялгардаг мөнхийн дардас. Эцэг Хүннүгээс эхэлсэн төр улсын гол шүтээн бол монгол хүн байсан. Тэгвэл бид хүнээ хөсөр хаяж, халтар мөнгө шүтсэн нийгэмд аж төрж сууна. Мөнгө л олж байвал язгуур угсаа, түүх соёл хамаа алга. Ингэхийг маань ч гадаадынхан хүлээж байсан байна. Тэд санасандаа хүрчээ. Хятад иргэнд охиноо худалддаг монгол ээж байгаа цагт, буган чулуун хөшөөгөөр гүүр хийгээд дээгүүр нь хэнэггүй харайгаад байгаа цагт соёл, шашин байтугай тусгаар тогтнолын тухай ярих хэрэггүй.

Яагаад ийм болчихов оо. Бид зөвхөн ажилгүйдэл, ядуурлаас боллоо гэж өөрсдийгөө цагаатгах уу. Хамгийн ядуу үедээ ч монгол хүн монголоороо байсан биз дээ. Ардчилсан хувьсгалын эхэн үеэс л монгол хүний сэтгэл сэтгэлгээнд орохгүй, томьёологдохгүй гадаад хуулиудыг бүх салбартаа хуулбарлан, бүх салбартаа гадаадын улс төр, шашны хор агуулсан есөн шидийн сангийн ивээл, тэтгэлэг горьдож, 30 жил элийрлээ. Харц ард төлж, хаад ноёд халаасалсан өр, зээлтэй боллоо.

Үр дүнд нь монгол шашин шүтлэг, соёлын оронд харийн шашин, соёл хүч түрэн ирж, эцэстээ монголчууд юм бүхэнд эв нэгдэлгүй болсныг яалтай вэ. Энэ бол дээр үед ард түмэн үгээ хэлүүлдэг хэдхэн хүнээ нохой хуцахын дайтай тоогоогүйн ч балаг. “Хэл, хил, мал гурав” гэж Зундуйн Дорж гуай маань дуугаа чангалж, согтуу хашхираад ч хэн сонссон юм бэ. Төр өөрөө оюуны хөгжлийн бэрхшээлтэй байсан юм бол авьяастнууд, эрдэмтэн мэргэд, эх орончдоо сонсохгүй яасан юм.

Тэгсэн бол арай ч иймдээ тулахгүй байсан даа. Эх орныг тархи, зүрхнээс нь эхэлж амийг нь тасалдаг юм байна. Эх түүхээ залгаж авч явах, эх хэлээ эзэмшиж, төрөө засах монгол ухааны ундаргаа, монгол хүн гэдэг удам язгуураа ширгээх, мөхөөх аюул нүүрлэчихсэнийг эдүгээ ч цөөхөн хүн олж харж байна. Тэгсэн хэрнээ уул уурхайн орлогоо л булаалдаад байх юм. Ийм нөхцөлд угаасаа эрх зүй дулимаг, мөнгөгүй ажил явуулах амар биш байна.

-Монгол дээлээ өмсөх, гоёл зүүсгэлээ зүүх гэх мэтээр гаднаа бол монголчууд монголоороо л байна. Гэвч монгол үндэсний язгуур соёл гэж чухам юу юм бэ?

-Би жаахан холоос эхэлье. Ажлаа хүлээж аваад хэдхэн хоногийн дараа хэлмэгдүүлэлтийн 8О жилийг тэмдэглэхэд юу бодогдсон гээч. Бид яасан өөдгүй, новшийн улс вэ. Хэлмэгдүүлэлтийн үйл явцын нэгээхэн хэсгийг нөхөн сэргээж, өнөө үеийнхэнд мэдрүүлэхээр урлаг соёлынхонтойгоо, лам нартайгаа очиж байсан Хамбын овоо л гэхэд тэрчигтээ буудуулагсдын шарилын яс.

Лам, харгүй хэлмэгдэж, тарчилсан өвөг дээдсийнхээ ясан дээр бид юу ч болоогүй мэт “бүжиглэж” амьдарсан 80 жилийн гутамшиг Монголыг өөдлүүлэхгүй юм байна гэж бодогдсон. Монголын тархи буудуулж, язгуур угсаа алдагдаж, зөвхөн орос цоожны нүхээр орчлонг хардаг эрдэмтэд амьдрал сайхан байгааг тулган хүлээн зөвшөөрүүлсээр ирээ биз дээ. Энэ цаазлагдсан хүмүүс бол дорнын их, бага арван ухааны мэргэд байсныг төр нь хүлээн зөвшөөрч, үлдээсэн ном судрыг нь эргүүлж тойруулдаг болсон цагт л төр өөдөлнө.

Урд хөрш үнэхээр агуу нь Си Зиньпин хэлэх үгэндээ Күнз, Чингис хаан, Марксын сургаалийг заавал эшэлж оруулдаг. Өнгөрсөн түүхээсээ суралцаж байгаа тулдаа хөгжөөд байна. Гэтэл манайхан ухаарах нь бүү хэл, айл бүр шахам хэн нэгнийхээ халуун амийг таслуулчихаад өртөгт нь цагаатгалын нөхөн олговор булаалдсан үйл явц л үргэлжилж байна. Төрөөс энэ олон жилд ядаж ганц ч удаа зардал гаргаж хэлмэгдэгсдээ дурссан баримтат кино хийгээгүй, хаа байсан Конрад Аденауэрын сан ивээж 25 минутын нэвтрүүлэг хийсэн байсан.

Аль ч нам үүнийг олж харж, тоогоогүй. Явж явж бид эндээс л ажлаа эхэлнэ. Цаашид дээдсийн түүхийг, бүтээсэн ном судрыг нь орчин үеийн шинжлэх ухаантай харгалдуулан буулгаж, энэ талаарх эрдэмтдийнхээ судалгааг олон нийтэд олон мянган хувиар, олон давталттай цацаж байж энэ үеийнхэн, хүүхэд залуус монгол хүний үнэ цэнэ, монгол ухааны царааг мэдэрдэг болно. Эх орон, тусгаар тогтнол гэж юу болохын үнэ цэнийг ч эндээс л ухаарч эхлэх байх. Оюуны баялаг гэж юу болох, соёл болон шашныхаа агууг мэддэг болох байх.

Дашрамд хэлэхэд, НҮБ-ын Хүний эрхийн тунхаглалын хүний шарил амьд сэрүүн үеийнхтэйгээ адил хүндэтгэлтэй орших эрхтэй гэсэн заалт Монголд л лав хэрэгжихгүй байгаа. Аллага болсон хэдэн амыг зад нэгжээд, овоолгоотойгоо мөнхөжсөн дээдсээ хүний ёсоор оршуулж байж л улс эв гавандаа орно. Ёс билгэ дээ, ядаж. Үүний эхлэл болгож миний бие “Анхны 14”-ийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн мэргэжлийн байгууллагаар малтлага хийлгэхэд шарилууд гарч ирээгүй, ажил зогссон. Манай Тамгын газар зардал хомс, тус ажил ч хүйтнээс өрсөх гээд шахуу байсан тул цалингаа цувуулж өгч санхүүжүүлснийг археологчид маань мэднэ. Энэ мэтээр хийх юм их байна.

-Ерөнхийлөгч бол эв нэгдлийн билгэ тэмдэг. Энэ үг төрийн үйл ажиллагаа, бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Ерөнхийлөгч тусч, юм гуйгаад ирсэн хүнд “Үгүй”гэж хэлэхээс халгадаг хачин зуршилтайг нь эгэл иргэн байхаас нь олон хүн мэднэ. Аль нам эвсэл нь хамаагүй, хүн л бол хүн. Эв нэгдлийн билгэ тэмдэг гэдгийг Ерөнхийлөгчид хуулиар, хиймлээр суулгаад байх шаардлагагүй. Харин улс төрд бусдын зүгээс эв нэгдэл гэдэг зүйл шалны арчуур, хогийн туужууны хэмжээнд хэрэглэгдэхгүй байна даа.

Ерөнхийлөгч “Монголчууд бид яагаад тойрч суугаад төрийнхөө ажлыг хэлэлцэж, хэлэлцсэнээ хэрэгжүүлж чадахаа болио вэ. Бүр Манжийн үеэс улбаатай юм байна. Дан хов ярьж төрийн ажлыг хийхгүй ээ” гэж нэг хэлж байсан юм. Энэ маш үнэн үг. Нээрэн л, наашаа харж одон гуйчихаад, цаашаа харж салаавч өгдөг УИХ-ын гишүүдтэй баймааргүй байна. Бүгд ч тийм биш л дээ.

Хаан боловч малгайтай, хатиг боловч толгойтой байхад манай монголчууд дээр дооргүй салж бутраад байлгүй Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлмээр байна. Нам, улс төрөө хаяад энэ улс орноо бодох ухаан энэ хэдээс, амралтаа аваад алга болсон МАН-ынхнаас гараасай билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг наадмын дараа унагаах сураг морины хүүхдийн гийнгооноос хурдан тархаж буйг сонсоод намаржин улстөржсөөр өвлийг зудтай нь угтамгүй санагдаж сууна.

-Танаас энэ асуултыг асуухаас “айж” л байна. М.Энхболдыг та яагаад шүүмжлэхээ больчихов оо. Мөн Ц.Элбэгдоржид “зусардаж” байснаа буучихаар нь муу хэллээ гэх мэт үгс олон нийтийн сүлжээгээр их явж, хүмүүс талцаад байсан?

-Элбэгээг биш ардчиллыг дэмжсэнийг мэдмээр сэн дээ. Дэмжээгүй бол МАН, МАН-ын угшилтай хаан нь заан болж ард олныг гишгэчих аюултай үед түрүүлж дуугарсан минь гай болоогүй л байх. Харин хэлсэн ярьснаараа байлгүй, уул уурхайд оосорлогдож, баячуудын зарлага болсон гэх цагт нь мөн л түрүүлж хэлснээрээ нийгэм нүдээ нээсэн юм шүү. Бэхээр бичиж үлдээснийг балтаар цохивч балардаггүй юм. Ерөнхийлөгч намайг ажилд авахдаа улстөржихгүй байхыг сануулсан.

Үүнийг биелүүлж, мөн хэвтэж байгаа хүний дээрээс дэвсдэггүйн ёсоор М.Энхболдыг дахин дахин матарлах ёс зүй алга. Явж явж бид л өөрсдөө муу, сайн бүхнээ тээж төрүүлсэн, тахин шүтэж давраасан. Мангасыг гаднаас биш, дотроосоо олж дараач ээ л гэмээр байдаг юм. Энд бас нэг юм хэлчихье. Нэгнээ тэр чигээр нь тас харлуулах хэрэггүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч соёлын салбарт цөөнгүй хэдэн сайн зүйл санаачилж, ажил болгосныг боломжоороо цааш нь аваад явна.

Тамгын газрын дарга асан П.Цагаанд ч энэ тухай би хэлж байсан. Жишээлбэл, хадны зургаараа байгалийн хосгүй галерей гэгддэг Монгол Улсын уулсыг олон улсын эрдэмтэн, судлаачдын анхааралд өртүүлж, алсдаа аялал жуулчлалын уртраг, өргөрөгт тэмдэглэж оруулах зорилгоор хэдхэн хоногийн өмнө нэрт археологч Д.Цэвээндорж гуай, найруулагч Д.Баяр, соёлын өв судлаач Ч.Нацагням бид хэд Өмнөговийн Жавхлант хайрхан руу яваад ирлээ. Эрт зууны хадан дээр өнөөгийн антенн тэмтрүүлтэй сансрын хүмүүсийг дүрсэлсэн гэмээр зургууд гайхшрал төрүүлж байна.

“Оюутолгой” компанийн Соёлын хөтөлбөр хариуцлагатай уул уурхайн жишиг болох тал дээр нь очиж тандахад, тэнд ажил явж байна аа. “Оюутолгой” овойсон ашиг олж байгаа нь үнэн юм чинь, оюунаа тордож нутгаа хөгжүүлэх татварыг нь төрөөс товойтол өндөрсгөх ёстой шүү. Тийм учир хүссэн ч, эс хүссэн ч бид “Оюутолгой”-н эздийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг шахах болно. Сайн үйлсийг нь талархан дэмжинэ. Говьд барааг нь харахсан гэж догдолж очоод харамсалтай санагдсан ганц зүйл бол Дэмчигийн хийд.

Хайран чиг Равжаа хутагт минь. Ингэж их мөнгөөр боссон гэх, ингэж орхигдон сүйтгэгдсэн ариун дагшин хийд, хийдийн туурь үзээгүй юм сан даа. Ламбугай нар нь эзгүй үе ч таарсан. Хийд, хийдийн туурин дээр мөнгө олох гэсэн хэдэн шавар байшин, гуя хас нь ил гарсан тайлбарлагч охиноос өөр эзэн савдаг энд алга уу гэж харагдсан. Тахилч нь л лав ажлаа хийдэггүй, сүү цагааны исэлтэй хэдэн цөгц хөглөрч, хятад туужууны иш хойморт нь сэрийсэн нь

“Зүг зүгийн хуурамчууд бүгдээрээ

Зүдэг орчлонгоос тонилох болтугай” хэмээн хоосон чанарын хорвоог онож Равжаа хутагтын айлдсаныг санагдуулж байна лээ.

-Ерөнхийлөгчийн дэргэд байдаг хүмүүс түүнийг “вакуумжуулаад” байна гэж хаа нэг бичих боллоо. Энэ хэр үнэний ортой вэ?

-Түрүүн Равжаа хутагтыг дурсаж байсных, шүлэг нь санаанд орж ирээд байна.

“Энэ цагийн алаглагч ноёд

Идэгч түшмэл

Хариу бодогч өглөгийн эзэд

Тэмцэлдэгч ардаас эхлэн” төрийн болоод шашны үйлс цалгардсаар ирсэн нь дээр суугаа улс суудалдаа хэт тухалж, ард олноосоо тасарч ямбалсных юм. Манай хүн заяа нь ингэхгүй. Гарал язгуур, чиг зорилгоо мэдэж ирсэн хүн. Агуу хүн ашдын хүүхэд гэж үг харин бий. Их зүйлийг санаж сэдэж, хэрэгжүүлэх гэж яваад өчүүхэн бага дээр хальтирчих вий л гэж хувьхандаа айдаг. Ер нь ийм улс бол, хүн таних тал дээр авралгүй муу шүү дээ. (Инээв) Амандаа шар тостой ч ардаа хутгатай цөөн хэдэн хүний зөвлөх биш ховлох үгээр ороод байвал юу болох вэ.

Түүнийг хамгийн ойлгодог цөөн хэдэн улс өрөөгөөр нь хүртэл аль болох цөөн орж, харин даалгасан ажлыг нь салбар салбартаа хэл амгүйхэн хийгээд явчихыг л хичээдэг, би ч тийм. Энэ Ерөнхийлөгчийг л бид “эвдэж” болохгүй, “урьдын хийсэн хилэнцээс хор уусан мэт хашир” гэгчээр, ямар ч нам, тэр бүү хэл түүнийг дэвшүүлсэн АН хүртэл Төрийн тэргүүнийг өмчлөх ёсгүй. Нэг их өмчлөөд байхгүй л дээ уг нь, зүгээр л жишээ авахад.

(Инээв) Урьдын андлал ургаа мод лугаа адил үр жимсээ өгсөн, эсэхээр л хүнийг шинжиж нөхөрлөхөөс бус буруу зүйлд нэр хамссан хүнээс, явуургүй үйл рүү сэм түлхсээр буй нөхөр хэмээгчдэд хаан хүн нүүр өгч болохгүйг дарга маань мэдэх байх аа. Тэртэй тэргүй бүгчим, бүх давхартаа “вакуум” цонхоор нь сэвэлзсэн салхигүй Төрийн ордонд Ерөнхийлөгч хүртэл “вакуумжаад” эхэлбэл би мэт нь ажлаа өгчихсөн нь шулуухан даа.

-Та албан ажлын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Үнэн хэрэгтээ би өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоос хэтрэхгүй байгаа. Ном, концерт, сүм, хийд юу л нээнэ, тэнд очиж үг хэлдэг ажилтай болсон. Ажил бүтээлийг нь хөрөнгө санхүүгээр дэмжээд өгдөггүй юм гэхэд өгсөн номыг нь уншчихдаг, хэлсэн үг хийсэн бүтээлийг нь ойлгоод гурван сайхан үг эвлүүлээд хэлчих хүн юм даа гэж манайхан ч намайгаа урихдаа дуртай байдаг. (Инээв) Гэвч энэ бол цаг аргацаасан ч гэмээр ажил юм. Илүү өргөн хүрээнд дорвитой ажиллах сан.

Ерөнхий сайд болон түүний зөвлөхүүдтэй чиг үүргийн дагуу хамтарч ажиллах алхмууд уг нь хийгдээд л явж байна. Хотын дарга Су.Батболд, Ерөнхий менежер Т.Гантөмөр нар Ерөнхийлөгчийн Эх хэлний зарлигийг дэмжиж монгол бичгийн гэрлэн чимэглэл хийж, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг ойд нь зориулан сүндэрлүүлэхээр ажиллаж байгаад нь талархаж байна. Ийм л бай л даа.

ЕТГ болон УИХ Соёлын болон шашны хуулиудын төсөлд саналаа нэгтгэх нь чухал байна. Улс төрийн шатрын өрөг өөрчлөгдөх 2020 оныг салбараа таньж мэдчихсэн, бэлэн хуулийн төслүүдтэй угтмаар байна. Гадаадын Элчин сайдуудтай, олон улсын байгууллагынхантай уулзалт хийж, салбарынхаа алдсан доголдсоныг засаж залруулах, монголчууд бидэнд жинхэнээсээ туслах болохоос барьцаалаад авчихгүй гадаад бодлогын түншүүд эрэлхийлж байна. Шашны тал дээр энэ хэдэн лам нартаа эв эеийг сануулахаас өөр юу байх билээ. Хуулиараа ч тусгаар юм чинь.

Монголдоо соёл, шашнаа буцааж олж авна гэвэл ядаж эхний ээлжинд боловсролын салбартаа хамтад нь өөрчлөлт хийх ёстой. Сурах бичигт манайхан дүн шинжилгээ хийхэд монгол хэлний сурах бичигт “Аавын малгай” гэж бичиж болох юман дээр “Авралын зар” гэж , харьяалахын тийн ялгалын нөхцлийн жишээ өгдөг багш нартай, ийм сурах бичиг хэвлэснийг зөвшөөрдөг үе үеийн сайдтай болсон байна.

Сүнс сүүдэр өрөөнд орж ирсэн тухай хоёрдугаар ангийнхны тооны бодлого, хөөрхөн монгол хурга, ишигний биш муурын зулзаганы зураг 28 удаа орсон сурах бичигтэй байна. “Сарны гэрэлд тачаадан гийнаж...” гэдэг өгүүлбэртэй бага насныхны “шүлэг” байна. Хэл бузарлахыг, хэлээ дагасан сэтгэхүйг устгахыг зорьж ирж байсан Соросын сангийнхан мэтийнхний балаг яасан хол үсрэнэ вэ. Соёл, шашны асуудал бол ҮАБЗ-өөр байнга хэлэлцэж байх эмзэг асуудал болоод байна.

Амаргүй байна гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Ийм байхад ч ажлаа ч хийнэ, шүлгээ ч бичнээ. За тэгээд, хүссэнээр тань ил тод ярьж чадаагүй л болов уу. Монгол наадам хаяанд ирлээ. Уг нь энэ жил бөхийн цол, морины цол, сурын уухайг жинхэнэ ардын авьяастнуудаар нь төв цэнгэлдэхэд дуудуулж, монгол эх хэл, соёлоо дөгөөсөн наадмаа хийе гэж санаад бүтсэнгүй ээ.

Хойтон жил болно доо болно. Андашгүй авьяастай монгол залуус маань эх орноо гэрэл гэгээтэй болгож байдаг болохоор ирээдүй сайхан шүү. Сөүлд болсон олон улсын балетын уралдаанаас Анужин охин алтан медаль авч, алдарт жүжигчин Ю.Оюуны амжилтыг 35 жилийн дараа давтлаа гэсэн сайхан мэдээгээр ярилцлагаа өндөрлөе. Та нар минь сайхан наадаарай.


Бэлтгэсэн: А.Амина

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

Илгээх

Энэ тухай