“Новичок” Британийг дахин айлгаж байна

Зургадугаар сарын 30-нд Эймсбери хотод Британийн хоёр иргэн ухаангүй байдалтай олдсон. Цагдаагийн эхлээд героин, кокаинд хордсон байж болзошгүй хэмээн үзэж энэ чиглэлийн шинжилгээ хийсэн ч ямар нэгэн ул мөр олоогүй. Гэтэл байдал ноцтой болох нь өнөөдөр тодорхой боллоо. Скотланд Ярдын Терроризмын эсрэг албаны дарга Нил Баз болсон үйл явдлын талаар мэдээлэл хийхдээ “Британийн хоёр иргэн “Новичок” бодисноос хордсон нь тогтоогдлоо” хэмээн мэдэгдэв. Энэ бол өнөөх “Новичок”, Скрипалийг хордуулсан дуулиант хор. 30-ны хэрэг гарсан Эймсбери хот нь Скрипалийн хэргээр дэлхийд танигдсан Солсбери хотоос 10 км-ын зайд оршдог. Хууль сахиулагчид Эймсберид өндөржүүлсэн байдалд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ талаараа хотын иргэдэд мэдэгдээд байна. “Новичок”-т хордсон иргэд Чарли Роули, Дон Стёржес хэмээх 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар Нил Баз мэдээлэв.

Хордсон иргэдийн найзын ярьснаар Стёржесийн бие нэгэнт мууджээ. Амьсгаа нь давчидаж хоолой нь боож эхэлсэн тул түргэн тусламж дуудсан ч эмнэлэгт хүргэгдээд комд орсон байна. Үүнээс дөрвөн цагийн дараа Роулигийн бие эвгүйрхэж, удалгүй нүд нь улайж зомби мэт хачин дуу авиа гаргажээ. Хамгийн сонирхолтой нь тэд Скрипалийн хэрэг гарсан гэх ресторанаас 300 метрийн зайд оршдог хоног төрүүлэх газар амьдарч байсан төдийгүй 6-р сарын 29-ний өдөр Скрипалийн хэрэг гарсан газрын орчим явж байсныг Английн хэвлэлүүд олж мэджээ. Хэвлэлүүдийн дэвшүүлж буй таамгаар Роули, Стёржес нар“Новичок” бодис эсвэл түүнтэй холбоотой эд зүйлийг тээвэрлэсэн контейнерийг олж, түүнээс халдвар авсан байж магадгүй гэнэ. Учир нь тус бодис энгийн орчинд идэвхтэй байж, тэсвэрт чанараа урт хугацаанд хадгалдаг юм байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд 66 настай Сергей болон түүний охин 33 настай Юлия нарыг хордуулсан хэрэг мандаж дэлхий нийтийг шуугиулсан билээ. Тэд Английн Солсбери хотын итали ресторанд хооллосон бөгөөд түүнээс хэдэн цагийн дараа The Maltings  худалдааны төвийн сандал дээр ухаан алдаж унасан байна. Орос иргэдийг ямар нэгэн химийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг Цагдаагийн газар тухайн үед өгч байв. Удалгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт хүч болгон 180 цэргийн албан хаагч, химийн аюулаас сэргийлэхэд мэргэшсэн 40 тэнгисийн явган цэрэг, Хатан хааны агаарын цэргийн хүчний 20 офицерийг татан оролцуулсан.  Өргөн хүрээнд явагдсан тус мөрдөх ажиллагааны дүнд аав, охин Скрипалийг цэрэг дайны зориулалттай А-234 зэрэглэлийн “Новичок” хэмээх бодисоор хордуулсан болохыг тогтоосон бөгөөд уг бодис хуучны ЗХУ-д  бүтээгдэж, хэрэглэддэг байсныг тогтоожээ.

Харин ОХУ-ын зүгээс “Энэ бодис зөвхөн Орост бус бусад цөөнгүй улсад боловсруулагдаж байгаа”  гэсэн мэдэгдлийг хийж байсан. Гэсэн хэдий ч Британийн тал Скрипалийг хордуулах ажиллагаанд ОХУ-ыг хардаж, ОХУ нь АНУ, Британийн тусгай албыг сэрдсэнээр нөхцөл байдал улс төрийн хямралын хэмжээнд хүрсэн юм. Улмаар хоёр улс дипломат ажилчдаа татаж, бие биедээ тодорхой хориг арга хэмжээнүүдийг авсан юм. Тухайлбал, Британи ОХУ дахь 23 дипломат ажилтнаа танан авсаны дараагаар Европын холбооны олонх улс, АНУ, Канад, Австрали мөн ийм шийдвэрийг гаргасан.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай