Хэнтий аймагт сонгуулийн хороо байгууллаа

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, өнгөрөгч сарын 24-нд болсон ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар тус хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарын мэдээллийг сонссон байна.

11 аймгийн 30 сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн хүрээнд аймгийн хоёр, сумын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үүний дийлэнх олонх буюу 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр, сумын ИТХ-д МАН-аас 21, АН-аас есөн нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16, АН-аас хоёр, МАХН-аас нэг нэр дэвшигч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Түүнчлэн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ. Үүнд сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнээс гадна 42 дугаар тойрогт явуулах сонгуулийг зохион байгуулахтай холбоотой ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргажээ.

Цаашлаад уг сонгуультай холбоотойгоор Хэнтий аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны уг тогтоолд тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, холбогдох хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай