Таван томчууд, гурван багачууд

Улс төрийн нөлөө орж, хээл хахуулийн асуудалд өртсөн энэ удаагийн ДАШТ-ийг “Хамгийн муу” болно хэмээн Барууны хэвлэлүүд бүтэн жилийн турш цоллосон. Гэтэл байдал эсрэгээрээ өрнөж анхны гэх цөөнгүй тодотголыг үүрч, хамгийн хэмээх олон рекордтой сайхан тэмцээнийг оросууд зохион байгуулж байна.Тухайлбал, анхны видео хянах шүүгч, анхны дөрөв дэх сэлгээ зэрэг шинэ шийдлүүд Оросын тэмцээнд туршигдлаа. Хамгийн олон торгуулийн цохилт, хамгийн ахмад хөлбөмбөгчин, хамгийн олон автогоол гээд олон дээд амжилт бүртгэгдлээ. Дээр нь тэмцээн сонирхолтой, тэмцэлтэй өрнөж байгаа нь “World cup-2018”-ын өнгийг улам тодруулж байна. Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээний шөвгийн найман баг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ тодорлоо.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байсан шилдэг багуудаас Франц, Бразил, Урувай, Англи, Бельги л аянаа үргэлжлүүлж, бусад аварга Герман, Аргентин, Испани, Португал хөтлөлцөөд гэртээ харив. Тэдний орон зайг нөхсөн улс бол Хорват, ОХУ, Швед. Өөрөөр хэлбэл, дуулианы эзэд. Бүгдээрээ нэг бүсийнх. Өөр хоорондоо тоглоно гэсэн үг.Тэгэхээр Англи л зогсоодоггүй юм бол Хорват, ОХУ, Шведийн аль нэг нь ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглож мэднэ. Англи ч өөрөө нэг сенсаац байх болно. Нэр, сүр томтой л болохоос шувтаргад 52 жил шалгараагүй баг шүү дээ.

Оросууд ингэж өндөрт гарна гэж таамагласан үзмэрчид байгаагүй. Хэсгээсээ гарахгүй л гэж байсан. Шведийн нэр бол огт дурдагдаагүй. Герман, Мексик гээд цол гуншинтай, туршлагатай баг хэсэгт нь байлаа. Тэгээд ч супер од Ибрахимовичоо орхисон баг хол явахгүй гэсэн шүүмжлэлийг Нэвилл, Линекер нарын Английн том мэргэжилтнүүд хэлж байв.

Хорватын хувьд дээрх хоёрыг бодвол од олонтой. Бүгдээрээ шахуу топ лигүүдийн том багт тоглодог. Тиймээс хэсгээсээ гарах нь анхнаасаа тодорхой байсан. Гэхдээ олонхын таамагласнаар тэд хасагдах шатанд гарангуутаа хүчирхэг Францын аманд очоод ялагдах ёстой байв. Гэтэл энэ таамгийг Аргентин будлиулж орхисноор Хорват хэсгээсээ нэгээр шалгарч хүчээр тааруу Данийг хасагдах шатанд хожлоо. Ирээдүйн учраа нь Бразил, Бельги, Франц биш, харин Орос. Тоглолтын арга барил, хувийн ур чадварын хувьд тэд өрсөлдөгчөөсөө илүү. Тактик, хувилбараар ч өвч зэвсэглэсэн. Ялангуяа Данийн эсрэг тоглохдоо байдгаа үзүүлж, чаддагаа харуулсан. Гагцхүү аз нь дутаж асуудал пенальт цохих хүртэл хойшлогдсон болохоос. Харин Оросын шигшээтэй өрсөлдөхөд сэтгэл зүй л хорватуудад дутаж магадгүй юм.

Оросууд аймаар эрч хүчтэй байгаа шүү. “Ард Москва байгаа” гэсэн сэтгэл зүйгээр учраа бүртэйгээ дайтаж, хаалгаа хамаг чадлаараа хамгаалж ирлээ. Тиймдээ ч дасгалжуулагч Черчесов багийнхаа биеийн ерөнхий бэлтгэлийг байж болох дээд хэмжээнд хийсэн.

Энэ бүсийн нөгөө хос бол Англи, Швед. Хүчтэй бүрэлдэхүүнтэй англичуудын хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн. Аз нь дайраад, од нь гийвэл Шведийг хожоод хагас шигшээд, Орос, эсвэл Хорватыг ялаад финалд үлдчих боломжтой. Учир нь хамаг томчууд нь нөгөө бүсэд шамбааралдаж Бразил Бельгитэй, Франц Уругвайтайгаа алалцах гэж байна.

Дээрх дөрвөн багийн хувьд яван чангарч ирсэн. Хамгийн чухал үед багаа формдуулах нь өндөр зорилт тавьсан том багуудын барьдаг үндсэн барил. Учир нь хэсгийн тоглолтуудыг ур чадварын ялгаа, туршлагын зөрүүдээ тулгуурлаж аваад гарчихна гэж тооцдог. Энэ тооцоог Герман, Испани буруу хэмжээд л хасагдсан бол Бразил, Бельги, Франц, Уругвайн төлөвлөгөө сайн хэрэгжсэн гэж жигтэйхэн. Ялангуяа Бразилын дасгалжуулагч Титегийн сэтгэл өндөр байгаа. Баг нь эхлээд тэнцсэн, дараа нь хүнд тоглолтоос хожил авлаа, удалгүй илт давамгай ялалт байгуулсан гээд хамаг ажил нь босоо шугамаар өрнөж буй. Одоо хөдөлмөрийнхээ үр дүнг Бельгиэр шалгуулна.

Бельгийн хувьд хэсгийн тоглолтыг ногоон гэрлээр туулсан. Бараг “Ирээдүйн аваргууд” хэмээн цоллогдож байв. Гэтэл нөхдийг япончууд байранд нь тавилаа. Хамгаалалт нь бол ярвигтай л байна лээ. Нэр сүртэй хамгаалагчид нь гүйгээд хүнээ гүйцэхгүй, гулгаад бөмбөгөө таслахгүй байгаа нь Бельгийг баллах дөхсөн. Ахлагч нь ирээд ч нүх сүвийг арилгаж бараагүй. Тиймээс дасгалжуулагч Мартинес төвийн хамгаалалтаа даруй цэгцэлж авахгүй бол Тите хэмээх учраа нь Неймар, Жесус нарын шаламгай тоглогчоо тэр нүхээр нь шургуулчихаж мэдэхээр л байна.

Франц Уругвайн тухайд, олонх мэргэжилтэн Францыг илүүтэй үнэлж буй. Английн нэрт хөлбөмбөгчин Гарри Линекер гэхэд бүрэлдэхүүнийх нь хүч чадалд итгэхээсээ илүү дасгалжуулагч Дешамын туршлагад найдаж байна. Түүний үзэж буйгаар тоглолтын явцад Дешам багийнхаа тактикийг дөрвөн өөр хувилбарт шилжүүлж байгаа нь “Францын гол давуу чанар” ажээ. Дуулиант дасгалжуулагч Жозе Моуриньо болохоор Погба, Канте, Гризманны гурвалыг онцолж байна. Яах аргагүй энэ гурвалжин Францын ялалтын цөм болж байгаа. Айлын оддыг тоглолтоос гаргах давхар үүргээ ч сайн гүйцэтгэж буй. Тиймээс үүнийгээ ашиглаж чадваас илүү өндөрт гарах боломж Францын шигшээд бий. Испани шиг “бааварлаж” байгаад л хожигдчихгүй бол.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай