Дуулах л гэж төрсөн Аида

“Аз жаргалтай мөчүүд. Мэргэжилдээ дуртай. Дуулах дуртай. Дуурьт бүр дуртай. Сонсогчид, шүтэн бишрэгчдэдээ хайртай”. Дэлхийн дуурийн шинэ од Аида Графуллина өнгөрсөн оны төгсгөлд ХБНГУ-ын Хамбург хотод болсон сонгодог хөгжмийн “Echo klassik” наадмын “Бие даасан цомог, Дуурийн дуу” төрөлд тэргүүлэхдээ ийнхүү хэлжээ.

Зохиогчид, хувь уран бүтээлчид, дуу бичигчид, цомог үйлдвэрлэгчдийн эрх, эрх ашгийг хуулийн хүрээнд сайтар хамгаалдгаараа дэлхийд тэргүүлдэг тус улсад олон улсын наадамд манлайлах нь өндөр хариуцлага, нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм.

“Одод” буландаа онцолж буй Аида Графуллина эдүгээ ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий онцлох, чамин нандин шигтгээ болсон уран бүтээлч юм. Тэрбээр Кремлийн ордноос ДАШТ-д зориулж зохион байгуулсан дуурийн урлагийн оддын гала тоглолтын салхийг хагалж дуулсан.

Мөн тэмцээний талбай дахь албан ёсны нээлтийн урлагийн тоглолтыг ч түүний алтан гургалдайн мэт дуу хоолойгоор эхлүүлсэн юм. Цасан цагаан даашинзтай, гоо төрх, хайр татам аалиараа хөгжөөн дэмжигчдийн харааг булааж явахыг нь харах сэтгэл хөдлөм.

...Аида Графуллина хувийн амьдралаа нууцалдаг. Тэрбээр нэгэн үе “Дурлалын бурхан”-аараа алдарт теннисчин Марат Сафиныг сонгосон нь олонд ил болсон ч удалгүй өөр өөрийн мөрийг хөөсөн түүхтэй. Аида 2016 онд охин төрүүлсэн ч эцэг нь хэн болох талаар юу ч ярьдаггүй...

Аида 1987 онд ОХУ-ын Казань хотод төрсөн, татар үндэстэн. Ээжтэйгээ өссөн, аавынхаа тухай ярьдаггүй. Тэрбээр багаасаа ээжийнхээ хөтөлснөөр их урлагийн замаар амжилттай замнаж буй уран бүтээлч. Ээж Ляйля Иль даровна Гарифуллина нь Казаньд найрал дууны удирдаачаар ажилладаг бөгөөд охиноо дуурийн дуучин болгоход бага наснаас нь санаа тавьж, энэ талын боловсролыг шат алгасалгүй олгожээ.

Ингэснээр Аида дэлхийн дуурийн урлагийн од Пласидо Домингогийн “шавь” болтлоо өсч хөгжсөн байна. Дуучин өдгөө Венийн дуурийн театрын гоцлооч, дэлхийгээр аялан тоглогч болсон. Алдарт теннисчин Марат Са  финтай нэгэн үе хайр дурлалын холбоотой болж, тэр үедээ олны анхаарлаас хол байж охин төрүүлсэн. Гэхдээ хүүхдийнх нь эцэг хэн болох талаар ам огт нээлгүй хоёр жил болж байна.

Оросын төдийгүй дэлхийн дуурийн урлагийн талбарт од болон гялалзаж буй энэ бүсгүй 13 настайдаа Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн концертын танхимд “Татарстаны авьяаслаг хүүхдүүд” хөтөлбөрийн хүрээнд анхОросын ард түмний өмнө дуулжээ.

Түүнээс хойш жилийн дараа Ф.И.Шаляпиний нэрэмжит сангийн шагналтан болсон байна. 2005 онд Казань хотын дарга түүнд ХБНГУ-д суралцах тэтгэлэг олгосноор Нюренберг хотын Хөгжмийн сургуульд элсэв. Тэр жилдээ Казань хот байгуулагдсаны 1000 жилийн ойн хүндэтгэлийн, гадаадын зочид болон ОХУ-ын удирдлага хүрэлцэн ирсэн тоглолтод дуулснаар олон нийтийн болон нөлөө бүхий хүмүүсийн анхааралд өртөж эхэлжээ.

2007 онд тэрбээр Венийн Хөгжмийн болон гүйцэтгэх урлагийн их сургуульд элсэж, улмаар хоёр жилийн дараа тус сургуулийн оюутнуудын хүчээр тавьсан В.А.Моцартын “Бүгд л ингэдэг” дуурийн Деспиний дүрд дуулсан нь амжилттай болов. Хойтон жил нь тэрбээр Муслим Магомаевын нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүллээ.

2011 онд Дэлхийн оюутны XXVI их наадмын хаалтын ёслолд тус наадмын элчийн хувиар дуулсан бол, дараа жил нь Италийн Верона хотын “Арена” эртний задгай театрт “Ромео, Жульетта” дуурьт тоглов. Энэ үед домогт Пласидо Доминготой танилцлаа. 2012 онд Лондонд болсон зуны XXX олимпын “Оросын гэр”-ийн үүдийг нээж дуулахдаа алдарт удирдаач, Санкт-Петербургийн Мариинский театрын уран сайхны удирдагч В.Гергиевтэй танилцав.

Үүнээс хойш жилийн дараа удирдаач түүнийг театртаа В.А.Моцартын “Фигарогийн хурим” дуурийн Сюзанны дүрд тоглууллаа. Удалгүй тэрбээр уг тайзнаа Ж.Вердийн “Риголетто” дуурийн Жильда, Г.Доницеттийн “Хайрын ундаа” дуурийн Адины дүрд хувирсан байна.

Аида 2013 онд Италийн “Арена” задгай театрын тайзнаа дахин гарчээ. Энэ удаа тэрбээр Пласидо Домингогийн зохион байгуулдаг, олон орны дуурийн залуу дуучдыг өрсөлдүүлдэг, шилдгийг тодруулж урамшуулдаг “Опералии” уралдааны оролцогчийн хувиар дуулж, тэргүүлсэн. Ингээд залуу дуучин бүсгүй домогт тенор Пласидо Доминготой нэгэн тайзнаа дуулах эрхтэй болж, Бээжинд хамтарсан тоглолт хийсэн.

Аида Графуллина тухайн оны аравдугаар сард Татарстан улсын Гавьяат жүжигчин боллоо. Тэр өвлөө Торонто хотноо “Дэвид Фостер ба түүний найзууд” хандивын тоглолтод Италийн алдарт тенор Андреа Бочеллитэй хослон дуулсан нь их урлагийн ертөнц дэх бас нэгэн дуулиан болсон юм. Андреа Бочелли бол хараагүй, дуурийн од гэдгийг ушигчид мэдэх байх.

Дараа жилийн өвөл нь мөн дуурийн урлагийн од Хосе Карерас болон Пласидо Доминго нарын Оросын Их театрт хамтран зохион байгуулсан сайн санааны тоглолтод Доминготой суут Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, Виолетта нарын хоршлыг дуулсан байна. Үүний дараахан Оросын болон дэлхийн дуурийн од Дмитрий Хворостовский агсантай хамтарч цуврал хоёр тоглолтод оролцлоо.

Аидагийн дараалсан амжилтууд түүнийг мөдхөн Венийн дуурийн театрын гоцлол дуучин болгосон юм. Театрт тогтмол ажилтай болсон ч дэлхийн хэмжээний аялан тоглолт, төслүүдэд байнга оролцож, авьяас, мэдлэг, ур чадвараа сорьсоор яваа залуу дуучны уран бүтээлийн замналын тухай товч өгүүлэхэд ийм.

Уншигчид хэрвээ анзаарсан бол Аида Графуллина манай алдартай дуучин Э.Амартүвшингээс нэг насаар дүү, харин Г.Ариунбаатараас нэг насаар ах уран бүтээлч юм. Дуурийн гоцлооч Э.Амартүвшин Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын уралдаанд Аидагаас өмнө тэргүүлж байж. Харин Ф.Шаляпины нэрэмжит олон улсын уралдаанд Г.Ариунбаатар түрүүлэхийн өмнөх жил Аида энэхүү уралдаанд аваргалж байжээ.

Аида Графуллина хувийн амьдралаа нууцалдаг. Тэрбээр нэгэн үе “Дурлалын бурхан”-аараа алдарт теннисчин Марат Сафиныг сонгосон нь олонд ил болсон ч удалгүй өөр өөрийн мөрийг хөөсөн түүхтэй. Аида 2016 онд охин төрүүлсэн ч эцэг нь хэн болох талаар юу ч ярьдаггүй.

Дуурийн залуу одод сэтгэл алдарсан, магадгүй дуучин бүсгүйн зүрхийг шархлуулсан Марат Сафин 1980 онд Москвад төрсөн, мөн татар үндэстэн. ОХУ-ын Гавьяат тамирчин тэрбээр дэлхийн номер нэг теннисчин алдрыг есөн долоо хоногийн турш хадгалж байсан, Төрийн Думын депутат (2011-2017) , өндөр зэрэглэлийн теннисчид хүч сорьдог “Их дуулга” тэмцээний ганцаарчилсан төрлийн хоёр удаагийн ялагч юм.

Тэрбээр гэрлээгүй. Үе үе театр, киноны болон шоу бизнесийн од бүсгүйчүүдтэй зугаалж яваад хэвлэлийнхний дуранд өртдөг. Валерия Якубовская хэмээх, “хэвлэлийн од” бүсгүй түүний охиныг төрүүлсэн нь өдгөө 12 настай. Төрсөн эцэг нь охиноо өсгөлцөөгүй, хүмүүжүүлээгүй ч, хэрэгцээний мөнгөөр тасалдаггүй гэдэг.

Охин Ева нь Оросын элитүүдийн сургуульд сурдаг бөгөөд хувийн онгоц, Rolls-Royce тэрэг хөлөглөн, дэлхийн брэндүүдээр гангарч, загвар өмсөгч шиг амьдардаг байна. Харин түүний ээж Валерия Якубовская Оросын цуутай баян Якубовскийн 13 дахь гэргий болж, нижгэр хурим хийж олныг гайхашруулж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай