Наадмаараа жуулчдыг татсан зургаан орон

Монголын үндэсний их баяр наадам айсуй. Гайхамшигт соёл, ёс заншлын маань илэрхийлэл болсон наадмаа бид өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Тэгвэл бусад улс үндэстнүүд хэрхэн нааддаг талаар сонирхоцгооё.   

 

Италийн Венец хот жил бүр зохион байгуулдаг Карнавал багт наадмаараа алдартай. Наадмын үеэр хотын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид баг, нөмрөг, янз бүрийн чимэглэлтэй малгай зэргийг өмсөн гудамжаар алхдаг байна. Хотын гудамж тэр чигтээ дуу бүжиг, хөгжөөн цэнгээнд автдаг. Наадмын гол онцлол бол гоёмсог хийц бүхий багнууд юм.

Бразилийн Рио-Де-Жанейро хотын гудамж талбайд самба бүжгийн алдарт Карнавал наадам Хоёрдугаар сарын эхний баасан гаригт эхэлдэг.  Нүцгэн шахам бүсгүйчүүд бүжихийг харан цэнгэлддэг наадам олон зууны уламжлалтай. Рио-Де-Жанейрогийн самбо бүжгийн “Маркиз де Сапукаи” цэнгэлдэх хүрээлэнд шилдэг оролцогчдыг тодруулах мөч хүртэл наадам гудамж, талбайд үргэлжилдэг. Католик шашинтнуудын улаан өндөгний баярт зориулсан энэхүү наадамд бүсгүйчүүд 80 кг жинтэй гоёл зүүн явах нь ч бий. 

Франц үндэсний баяр наадмаа долдугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Зарим тохиолдолд хоёр өдөр дамнан тэмдэглэх нь ч бий. Наадмын өдөр хүндэтгэлийн цэргийн парад алхаж, орон даяар дуулан бүжиглэдэг. Орой нь харин галын наадам хийж, бэлтгэсэн идээ ундаагаа зооглодог байна. 

Энэтхэгийн үндэсний наадам нэгдүгээр сарын 16-нд болдог. Цэргийн парад тугаа мандуулан ёсолсны дараа тэд хоёр минут чимээгүй зогсдог. Энэ нь Жавахарлал Неру тэргүүтэй өмнөх үеийн баатруудаа дурсаж байгаа хүндэтгэл юм. Харин үлдсэн хугацаанд хот даяараа дуулж бүжиглэн цэнгэдэг байна. 

“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Монгол наадмаар эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог.

БНХАУ-ын үндэсний наадам аравдугаар сарын 1-нд тохиодог. Тус наадмын хамгийн үзүүштэй ёслол бол салют буудуулах юм. Энэхүү арга хэмжээ үд хэвийхэд болдог тул хятадууд тэсэн ядан хүлээдэг гэнэ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай