Д.Сарангэрэл: Эмч нар ажил хаяхгүй гэдэгт итгэж байна

Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаад багагүй хугацаа өнгөрч буй. Шаардлага нь ажил хэрэг болохгүй байгаа тул энэ сарын 5-наас хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулав.

-Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэн. Салбарын яамнаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаях тухай мэдэгдлээ Эрүүл мэндийн яаманд өгөөгүй байна. Ёс зүйн талаасаа тангараг өргөсөн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаях боломжгүй.

Тийм ч учраас эмч нар маань ажил хаях асуудлыг Эрүүл мэндийн яаманд тавиагүй байх гэж бодож байна.

-Цалингаа нэмүүлэх шаардлагыг нь шийдвэрлэх боломжтой юу?

-Цалин нэмүүлэх, хөдөлмөрөө бодитойгоор үнэлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн яам, тэр дундаа Эрүүл мэндийн сайдын хувьд би дэмжиж байгаа. Үнэхээр манай салбарынхны үүрч байгаа ачаалал, түүнээ үнэлүүлж буй үнэлэмж хоёр дүйцдэггүй. Үүнийг засаж залруулах шаардлагатай.

Тиймээс ХНХЯ, ЭМЯ хамтарч ажлын ачаалалд нийцсэн цалин хөлс олгох журам боловсруулаад дууссан. Цалин нэмэгдүүлэх нь цаг хугацааны асуудал. ОУВС-гийн төлөөлөгчид энэ сард ирнэ. Сангийн сайд тэр үеэр хүүхдийн мөнгө, цалин нэмэх асуудлаар хэлэлцээрт орно гэж ойлгосон. Үүний үр дүнд аравдугаар сард цалин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн итгэлтэй хүлээж байна.

Боломж нь байсаар атал цалин нэмэхгүй, эрүүл мэндийн салбарынхны тавьж буй асуудлыг үл тоомсорлосон хандлагыг Эрүүл мэндийн яам, Засгийн газар, УИХ гаргаагүй. Улс орны бодит нөхцөл байдал ямар байгаа билээ. Гадаад өр зээлээ төлөхгүй бол улс орны эдийн засгийн тусгаар байдалд хүндрэл учрахаар болсныг та бүхэн мэдэж байгаа.

Гэхдээ ийм байлаа гээд эрүүл мэндийн салбарынхныхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг орхиж болохгүй гэдэгт санал нэгдэж буй учраас Эрүүл мэндийн яамныхан боломжийнхоо хэрээр арга хэмжээ авч байна. Сангийн сайдын 47 дугаар тушаал гарсан. Эрүүл мэндийн байгууллага дотоод нөөц бололцоогоо ашиглан нэмэлт орлогоороо цалин, урамшуулал, нийгмийн асуудлаа шийдээд явах бүрэн боломж бүрдүүлсэн. Төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь өгсөн.

Түүнээс гадна аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, амралтын өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үүнээсээ олсон орлогоо 100 хувь дотооддоо ашиглах боломжтой. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх төсөвт эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг шингээсэн. Өмнө нь зөвхөн оношлуур, эмнэлгийн хэрэгслийн мөнгийг төсөвлөөд, тэнд ажиллаж буй хүмүүсийн тусламж, үйлчилгээний зардлыг шингээдэггүй байсан юм билээ.

Энэ мэтчилэн албан ёсоор цалин нэмэгдтэл дотоод нөөц бололцоогоо ашиглан эмч, эмнэлгийн ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Хүн ардын эрүүл энхийг сахин хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн эмч нар ажил хаяж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах нөхцөл байдал үүсгэхгүй гэдэгт би итгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай