“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийдэг тогтолцоогоо өөрчилмөөр байна”

Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. XXI зууны монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. Бидний бахархал, үнэт зүйл яг юу юм бэ гэх мэт асуултын хариуг “Өнөөдөр” сонин эрэлхийлж, “national identity” буюу үндэсний ижилслийн эрэлд гарсан билээ. “Бид хэн бэ” хэмээх сэдвийн хүрээнд өнгөрсөн найман сарын хугацаанд бид 13 цуврал бэлтгэхдээ гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, багш, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгэлзүйч, үндэсний баялаг бүтээгч, ажил олгогч, оюутан залуус, эгэл жирийн хүмүүсийн төлөөлөл болсон 50 шахам хүний үзэл бодол, санал сэтгэгдлийг уншигчдадаа хүргэлээ. Ингэх явцад нийтлэлийн баатрууд маань “Монгол Улс хэдэн жилийн дараа яг хаана хүрэх вэ гэдэг хөгжлийн нэг том концепцтэй болох хэрэгтэй” гэдэг гол санаа дэвшүүлсэн юм.

Тиймээс Монголын хөгжлийн 10, 20, магадгүй 30 жилийн дараах өндөрлөгт хүрэх цэгийг багцаалдахад чиглээсэй гэж зорьсны үндсэн дээр “Бид хэн бэ” цувралаа дүгнэн, төгсгөлд нь “Редакцын уулзалт” хийж байна. Бид редакцдаа БСШУСЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Б.Сэргэлэн, Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр, Гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв, “Эдмон” группийн ерөнхийлөгч Р.Энхбат нарыг урьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.


-Бидний урилгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Монголчууд бид урьд нь хэн байсан бэ, одоо хэн болчихоод байна вэ гэдэг ерөнхий асуултаар ярилцлагаа эхлүүлье. Энэ талаар та бүхэн өөрсдийн байр сууриа илэрхийлэхгүй юү?

Д.Дашпүрэв: -Бид хэн байсан бэ гэдэгт XX зуунаас хойших монголчуудыг хамаатуулж ярих нь зүйтэй байх. Амьдралынхаа нэлээд хугацааг өнгөрүүлсний хувьд ХХ зууны монголчуудын тухай би мэдэх юм. 1950-иад он гэхэд бид ХХ зууныхаасаа огт өөр монголчууд болсон. Чингисийн угсааныхнаас эхлээд язгууртнуудаа, мөн уламжлалт сэхээтнүүд, соён гэгээрүүлэгчдээ, гэвшээс дээших цол хэргэмтэй лам нарыг буудсаныг бүгд мэдэж байгаа.

Шинэ нийгмийн үзэл санааг дэлгэрүүлж, цогцлооход нь саад болно гээд ийн “их цэвэрлэгээ” хийснээр монголчууд түүх, соёл уламжлалаа үгүйсгэдэг болсон. “Гавьтай түүхгүй, хийж бүтээсэн зүйлгүй, сөнөж мөхөх гэж байсан үндэстнийг коммунист большевикууд аварч, хүн төрөлхтний замтай хөл нийлүүлсэн” гэдэг итгэл үнэмшил суулгасан. Бид коммунизм гэдэг сайхан нийгмийг байгуулчихна гэсэн нэгдмэл зорилгын дор нийтээрээ зүтгэж байв. Үүнийг эсэргүүцэж, өөрөөр сэтгэж, шүүмжилбэл ялтай. Насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь Дотоод яамны мэдээлэгч байлаа.

Ингээд 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэн. Үүнээс хойш өөрчлөгдөх гэж манай улс их “зовж” байгаа. Яагаад гэвэл нөгөө хуучин итгэл үнэмшилтэй хүмүүсээ бид буудаж устгаагүй, хөөж гаргаагүй. Зориудаар суулгасан итгэл үнэмшлээсээ өнөөг хүртэл салж чадахгүй яваа өчнөөн хүн бий. Гэтэл дээр үеийнх шиг Дотоод яамны хяналт одоо байхгүй учраас адаглаад хэн дуртай нь олон нийтийн сүлжээгээр юу хүссэнээ хийж, таалагдаагүй юм бүхнийг зоргоороо харааж зүхдэг. Тэрийг нь сонирхож үздэг, түгээн дэлгэрүүлдэг тодорхой бүлгүүд бас бий. Манай сургууль Социологийн хүрээлэнтэй учраас энэ талаар судалгаа хийдэг л дээ.


Ж.Должинсүрэн: -Миний хувьд нөгөө талаас нь яримаар байна. Аливаа улс орны хөгжлийн тухай ярихад нэг чухал үзүүлэлт нь эдийн засгийн чадавх. Нийгмээрээ тодорхой нэг зорилгын доор хүчээ нэгтгэж чадсан учраас ХХ зууны сүүлийн хагаст монголчууд эдийн засгийн хувьд нэлээд цэгцэрсэн. Зорилго нь зөв байсан уу, үгүй юү гэдэг бол өөр асуудал. Тухайлбал, 1960-1990 он хүртэлх хугацаанд Монголын эдийн засаг найм дахин өссөн байдаг. Гэтэл 1990-2018 оны хооронд ердөө 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Адилхан 30-аад жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт яагаад ийм хол зөрүүтэй байгааг дүгнээд үзэхээр улс орон, төр, засаг нь ард түмнээ тодорхой нэг зорилгын дор нэгтгэн чиглүүлж, зөв зохион байгуулаад явбал бүтээмжийг бий болгодог юм байна.

Хэдийгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо цаашаа явах орон зай нь хумигдаж, гажуудалд орсон ч энэ бол зохион байгуулалт, зохицуулалт гэдэг зүйл ямар чухал болохыг харуулж байгаа хэрэг. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бид “Үл үзэгдэх гар нь бүхнийг зохицуулдаг юм гэсэн. Хэн чадаж байгаа нь амьдардаг” гэсэн ойлголттой өдий хүрсэн. Хөлгүй далайд шидэгдээд хаашаа явах, яаж сэлэхээ төр, засаг нь ч, ард түмэн ч мэдэхгүй, бусдыг дагасаар нэлээд цаг хугацаа алдсанаа одоо ойлгоцгоож байна. Бидэнтэй адилхан нэг гараанаас хөдөлсөн ч өдгөө их амжилттай хөгжиж буй бусад орны жишгээс үзэхэд тодорхой зохицуулалт, зохион байгуулалттай явж ирснийх нь үр дүн харагддаг.


Р.Энхбат: -Өнгөрсөн нийгмээ шүтэх, эсвэл муулах нь сайн юм биш. Бид социализмыг бодитойгоор үнэлэх ёстой. Өнөөгийн нийгмээ ч бас бодитоор нь үнэлэх хэрэгтэй. Тэгж байж хөгжлийн тухай бодит яриа үүснэ. Харамсалтай нь, өнөөдөр үнэнтэй, бодит байдалтай нүүр тулахаас хүмүүс залхаад байна. Үнэн гэдэг гашуун учраас хүмүүсийн санаа сэтгэлд нийцүүлэн гоё сайхан юм ярихыг чухалчилдаг болж. Үнэндээ 1921 оноос хойш л манайд үндэсний кино урлаг, театр, боловсрол, эрүүл мэндийн систем бий болсныг хэн ч үгүйсгэх аргагүй.

Өөрөөр хэлбэл, энэ үеэс манай улс систем болсон хэрэг. Социализм гэдэг бүтээлгийг муулаад, ширээн дээрээс хуу татаад үзвэл цаанаас нь мухар сүсэг л гарч ирнэ. Манайхны ярьдаг шиг соёл, уламжлал гарч ирэхгүй дээ. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд Монголын уламжлалт соёл, зан заншлыг өнөө цагт хэрхэн хөгжүүлэх вэ гээд явахаар үнэн бодитоор нь мэддэг хүнийг олоход хэцүү юм билээ.


Б.Сэргэлэн: -Монгол гэдэг үндэстний бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ гэсэн энэ чухал сэдвийг барьж аваад, багагүй цаг хугацааг зарцуулсан “Өнөөдөр” сониныхонд юуны өмнө талархал илэрхийлье. Багаасаа хөгжмийн боловсролоор хүмүүжсэн миний хувьд 1970-аад оны эхнээс хойших Монголын нийгмээс юу мэдэрснээ ярьж болох юм. Тухайн үед зөвхөн эдийн засаг гэлтгүй, бүх зүйлийг төлөвлөгөөтэй хийдэг байсан.

Хэдийгээр урлагийнхан нийгмээсээ хэдэн алхам түрүүлж явах ёстой гэдэг ч урьдчилан баталж өгсөн төлөвлөгөөний дагуу явах ёстой учраас хүн болгон хүссэн уран бүтээлээ хийж чадахгүй байх нь бишгүй. Үүнд сайн тал ч бий. Муу тал ч бий. Хэдийгээр тухайн үед тодорхой сэдэвт баригдаж захиалга, төлөвлөгөөний дагуу хийсэн ч олон шатны шалгуур цензурээр шүүгдэж гарсан бүтээлүүд нь өнөөг хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөсөөр байна.

Одоо бид Улсын баяр наадмаар хүмүүст юу үзүүлэх вэ гэдгээ ярилцаж байна. Наадам бол бидний ярьж буй сэдэв, монголчуудын бусдаас ялгарах онцлог юу вэ гэдгийг харуулахад оршдог. Тиймээс Төрийн соёрхол хүртсэн уран бүтээлүүдийг түмэн олонд хүргэж, Монгол гэдгээрээ омогшуулах контент бэлтгэж байна. Мэдээллийн асар хурдтай эрин зуунд амьдарч байгаа бид өнөөдөр хэн болчихоод байна вэ гэдгээ бодоод үзэхээр олон хүчин зүйлийн нөлөө байх шиг. Ялангуяа хэт олон мэдээллийн дунд төөрөлдөөд, өөрсдөдөө хэрэгтэй гол зүйлээ ялгаж харахгүй, мэдээллийн эриндээ чирэгдэж амьдарч байна уу гэж анзаардаг.


Д.Гантөмөр: -Монголын түүх, үе үеийн монголчуудын талаарх мэдлэг, мэдээлэл бидэнд уламжлагдан ирэхдээ их харьцангуй байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдал, үзэл суртлын нөлөөгөөр эрдэмтдийн бичсэн түүхэнд бид яаж хандах вэ гэдгээ бодолцох учиртай. Аливаа улс орны хувьд түүхээ үнэн бодитоор бичиж үлдээх явдал нь шинжлэх ухааны судалгаанд ч, олон нийтэд ч их чухал.

Монголчууд ямар үед мандан дэвжиж, хэдийд уруудан доройтов, түүнд нь юу нөлөөлөв, бидний алдаа, оноо юу байв гэх мэт өнгөрсөн түүхээ бодитоор нь үнэлж дүгнэмээр санагддаг. Үеийн үед ажиглагдаж ирсэн, түүхийн нэг баримт бол монголчуудыг монгол гэдэг онцлог, тэрхүү давуу талаас нь холдуулах гэсэн санаархал гадаад ертөнцөд байсан. Өнөөдөр ч энэ санаархал “зүсээ хувилган” амь бөхтэй оршсоор байна гэж боддог. Тиймээс нэгдүгээрт, манай улс хэзээ, хаана, яаж хүрэх вэ гэсэн зорилгоо илүү том бөгөөд тодорхой болгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, бид одоо үнэнтэйгээ зоригтой нүүр тулах цаг нь ирсэн.

1996 ОНООС ХОЙШ ГУРВАН УДАА АЛСЫН ХАРААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ГАРГАСАН Ч НЭМЭР АЛГА

-Хүн хэдийгээр байгалийн амьтан ч гэлээ бас нийгмийн бүтээгдэхүүн. Социализмын үед хүмүүс нийтээрээ зорих хөгжлийн тэмүүлэлтэй, ёс суртахууны тодорхой хэм хэмжүүртэй байсан гэдэг. Тэгвэл ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манайхан энэ нийгэмдээ дасан зохицож амьдрах чадвартай хүмүүсийг бэлтгэж чадсан уу?

Д.Д: -Философийн үүднээс яривал хүнийг зөвхөн нийгмийн бүтээгдэхүүн гэж үздэггүй. Хүн байгалийн, нийгмийн, бас уламжлалын бүтээгдэхүүн. Мөн шалтгааныг нь шинжлэх ухаан тайлж чадаагүй нууцлаг хүчин зүйлсийн ч нөлөөлөл бий. Бөө, удган, энерги гээд манайхан их ярьдаг даа. Ардчилсан нийгэмд тохирсон бие хүнийг бүтээж чадсан уу, үгүй юү гэдэг ойлголтыг өрөөсгөл гэж би хэлэх гээд байна. Тэрийг бүтээх боломжгүй.

Ж.Д: -Миний хувьд энэ тал дээр төр, засгийн үүрэг оролцоо зайлшгүй байх ёстой гэж боддог. Төр, засаг ард түмнээ нэг зүгт чиглүүлэн манлайлж, хааш нь аваачих вэ гэдгээ тодорхойлж, тийшээ яаж очих вэ гэдэг зураглалаа зөв гаргах хэрэгтэй. Түүнээс биш хүн болгоны саналыг сонсоно гэвэл гурван сая санал ч гарч мэднэ. Тэгэхээр Монгол Улс хаашаа явах ёстой вэ гэдэг хөгжлийн зөв замаа тодорхойлохын тулд эрдэмтэн, судлаачдынхаа санал бодлыг сонсоод, үүний дагуу ард түмнээ чирэх ёстой юм. Гэтэл ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манайхан төрийн манлайлал, үүрэг оролцоог хойш тавиад, үгүйсгэсэн.

Үүний уршгаар 1996 оноос хойш монголчууд гурван ч удаа алсын харааны бодлогын баримт бичиг гаргасан хэрнээ аль алиныг нь ямар ч үнэ цэнэгүй болгочихсон. Бүр тодруулбал, манай улс алсын харааны зорилгоо өнөө хэр зөв томьёолж чаддаггүй. Дээрээс нь нэмээд хэлэхэд томьёолсон зорилгодоо яаж хүрэх вэ гэдэг замын зураглалаа ч гаргадаггүй. Зураглалыг нь гаргаад өгөх дотоодын нөөц байдаг боловч тэднийг цуглуулж, нэгтгэж, хөдөлгөх төрийн манлайлал дутагддаг.

-Энэ бол танай Үндэсний хөгжлийн газрынхны хийх ёстой ажил, үүрэг байх, тийм үү. Улс орны хөгжлийн стратегийг боловсруулах учиртай газар шүү дээ?

Ж.Д: -Хүмүүс манайхыг тэгж хардаг. Гэвч тийм боломж бидэнд үнэхээр алга. 2016 онд шинээр байгуулагдсан Засгийн газар анх бүтцээ гаргахдаа хэн нь үүнийг зурсан юм бол гэдгийг их гайхдаг. Нуулгүй хэлэхэд, энэ газрыг нэр төдий л байгуулсан юм байна гэж би ойлгодог. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд тэр нь мэдэгдээд байгаа юм. Манай улс энэ зорилгод хүрэхийн тулд ийм ийм ажил хийнэ, үүнд хэн нь ямар үүрэгтэй байх вэ гэдгээ огт тодорхойлоогүй байж хөгжил ярихаар ямар ч үр өгөөжгүй, хий хоосон зүйл шиг ойлгогддог.

Р.Э: -Нийгмээрээ, нийтээрээ зорих нэгдсэн зорилго бидэнд байна уу гээд ярихаар “Социализмын үеийн хоцрогдсон юм ярилаа” гэж буруу тийш нь мушгиж ойлгох хүн өнөөдөр олон болсон. Ардчилал, эрх чөлөө гэх хийрхэл газар авсан өнөө цагт монголчуудыг талцуулдаг гол зүйл нь энэ. Олон ургалч үзэл гэдэг зүйл эрчимтэй газар авснаар монголчуудыг нэг нэгнийх нь эсрэг болгосон гэж боддог.

Энэ дэлхий дээрх бүх хүнтэй адил бид байгалийн ч, нийгмийн ч бүтээгдэхүүн. Гэхдээ монголчуудын онцлог бол байгалийн эрхшээлд олон зуун жил амьдарсан. Өөрөөр хэлбэл, малчин хүний, нүүдэлчдийн “Засгийн газар” нь байгаль. Гэтэл нөгөө талд хүн төрөлхтний суурин соёл иргэншил олон зууны тэртээд бий болж, нийгмийн дэг журам, ёс горимд тохируулан амьдарч ирсэн. Хот суурин газарт амьдрагсдын тоо жилээс жилд өсөж буйн адил монголчууд ч хот руу хошуурах болов.

Тиймээс бид хүн төрөлхтний туулсан замналаас сургамж, санаа аваад, өөрсдийнхөө онцлогт тохируулсан хөгжлийн концепц гаргаж болох л байсан. Гэвч бид энд тэндхийн өөр өөр юмны цуглуулгад ороод, толгой нь эргэчихсэн. Миний анзаарч байгаагаар Монголын төр, засгийн түшээд хөгжлийн концепц гаргах гэхээр мэдлэг боловсрол, ур чадвар нь дутагддаг юм байна. Тийм ч учраас сонгуулийн дараа сайд, даргаар томилогдоод жигтэйхэн эрч хүчтэй байснаа удалгүй хулхи нь бууж, ирэх сонгуулийн “нүхээ малтаж” эхэлдэг.

Өнөөдөр бид ёс заншил, өв уламжлал ярих нь зөв. Гэхдээ үүнийг зүгээр л бусдад гайхуулах, бахархах, хадгалах, хамгаалах зүйл гэж ойлговол өрөөсгөл. Орчин цагт үүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг хаана хаанаа заавал ярьж байх нь чухал. Өв соёл, уламжлалыг зүгээр л хав дараад байлгүй, өөрсдөдөө тулгамдсан асуудлыг шийдэхэд ашигладаг, идэвхтэй оролцуулдаг байх ёстой.

-Та бүхний яриад байгаа нэгдмэл зорилгыг хаанаас хайж, хэрхэн бий болгох вэ?

Б.С: -“National identity” буюу үндэстний ижилсэл, бусдаас ялгарах онцлог бол соёлоор дамжин илэрхийлэгддэг зүйл. Тиймээс зарим зүйл дээр би Энхбат гуайтай санал нийлэхгүй байна. Улс оронд зарим тохиолдолд хиймлээр ч хамаагүй урагшлуулж, хөгжүүлдэг салбарууд байдаг. Бас заримыг нь хөгжлийн замд нь тоормослоод, хадгалж, хамгаалдаг тохиолдол бий. Энэ бол соёлын өв.

Өнөөдөр манайхан яагаад нэгдэхгүй, хөгжлийн нэгдсэн бодлого, зорилтоо одоо хүртэл гаргаж ирж чадахгүй байна вэ гэдгийг би монголчууд зүрх сэтгэлээрээ нэгдэхгүй байгаатай холбоотой гэж боддог. Хүмүүсийг сэтгэл зүрхээр нь нэгтгэж, нэг зүг рүү харуулдаг гол зүйл бол соёлын өвийн боловсрол. Гэтэл Монголд соёлын өвийн боловсрол гэдэг зүйл бүх шатанд байхгүй учраас бид хаашаа явах вэ гэдэг салаа замын уулзварт ирчихээд эргэлзэж тээнэгэлзээд зогсчихсон.

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн дээд хэмжээний уулзалт болон Ази, Европын Соёлын сайд нарын уулзалтаас ажиглаж байхад улс үндэстнүүдийг бусдаас ялгаруулах, бусдыг хүлээн зөвшөөрч зэрэгцэн хөгжих тогтвортой хөгжлийн үндэс нь соёл юм байна гэдгийг бүгд дуу нэгтэй дэмжиж байна. Өнөөдөр дэлхий нийт эдийн засгийн өсөлтийг ярихдаа хүн, байгалийн харилцан шүтэлцээнд суурилсан тогтвортой хөгжлийг чухалчлан авч үздэг болсон. Тэр нь улс үндэстнүүдийн уугуул соёлоор дамжин илэрдэг учраас бидний нэгдмэл зорилго ч үүнд чиглэх нь зүйтэй болов уу.

Р.Э: -Уламжлалт соёлыг өнөөтэй яаж холбож хөгжүүлэхээ бодох ёстой гэдгийг л би хэлээд байгаа юм. 200 жилийн өмнөх уламжлалыг өнөөдөр яг тэр чигээр нь хэрэглэж болохгүй биз дээ. Тиймээс соёлын салбарын бодлого нь уламжлалаа хөгжүүлж, өнөөдөртэй холбон, шинэ концепц гаргаж ирмээр байна. Хамгийн гол нь зорилго нь тодорхой, арай бүтээлч хандлагаар илрүүлэх ёстой юм. Манай сайд, дарга нар “Одоо бид ингэнэ, тэгнэ” гэж 30-аад жил ярилаа. Хийвэл хийж болох эрх чөлөө нь бидний гарт аль 1990 онд ороод ирсэн шүү дээ. Ийм алгуур, назгай байж болохгүй.

Д.Г: -Бүх асуудалд бүтээлчээр хандах нь зөв л дөө. Бид 1990 оноос олон эшт үзлээр хүн хүний санааг дэмжин, нааш цааш үсчсэн. Уг нь үүнийгээ үндэстний нэгдмэл том зорилго доор зангидах учиртай. Сэргэлэн даргатай би 100 хувь санал нэг байна. Улс орны хөгжлийн тухай асуудал явсаар эцэстээ хүний тухай яриа руу хөтөлдөг. Харин хүний өөрийнх нь үндсэн мөн чанар, зүрх сэтгэлийн боловсрол нь соёлын өвөөр илэрхийлэгддэг.

Тиймээс өнөөдрийн материаллаг хөгжил дэвшлийг улс орнуудын уламжлалт соёлууд дэмжиж, загвар нь болж чадаж байна уу гэдэг нь их чухал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын цаашдын хөгжлийн загвар нь юу юм, түүнд тохирох эдийн засгийн бодлого, соёл, уламжлалын шинэчлэл, өөрчлөлтүүд, нийгмийн үнэлэмж, үнэ цэнэ юу байх вэ гэдгийг хүн бүр мэддэг, мэдэрдэг байх ёстой. Үүнд шашны үүрэг, оролцоо ч чухал. Гагцхүү өнөөдрийн монголчуудын хүсэл тэмүүлэл, нэгдмэл зорилгыг хангахуйц шашин манайд байна уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй.

Ж.Д: -Миний бодлоор монголчууд асуудлынхаа гүн рүү ордоггүй, өөр өөрсдийнхөөрөө, тал талаас нь ярьсаар байдаг. Уг нь энэ бүгдийн зөв шийдлийг олох механизмаа яримаар байгаа юм. Тухайлбал, тогтвортой хөгжлийн төв нь хүн юм байна гэдэг концепц хүчтэй түгэн дэлгэрч буй XXI зуунд Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулсан ямар зорилт гаргаж ирэх вэ гэдгээ том зургаар нь ярих учиртай.

Тогтвортой хөгжлийн цөм болсон, дэлхийн хэмжээний хүнийг бэлтгэхийн тулд үндэснийхээ онцлогийг шингээсэн мэдлэг боловсролтой, соёл, зан суртахуун, эрүүл мэндийн хувьд өв тэгш, мөн эдийн засгийн чадамжтай байх гээд олон талаас цогцоор нь авч үзсэн бодлого хэрэгтэй. Гэтэл манайд одоо тийм бодлого алга. Бид ямар Монгол орныг бий болгох гэж буй, ямар монгол хүнийг төлөвшүүлэх гэж байгаа, үүний тулд аль салбарынхан нь юу хийх хэрэгтэй вэ гэдгээ эхлээд цэгцэлмээр байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ БҮТЭН ЗУРГААР НЬ ДАХИАД ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

-Эхлээд монгол хүн гэж хэн бэ гэдгийг тодорхойлчихоод, дараа нь улс орны хөгжлийг эдийн засаг, соёлын хувьд ямар байх ёстойг загварчилна гэж ойлгож болох уу. Үүнийг хийхэд одоо бидэнд юу саад болж байна вэ?

Ж.Д: -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийдэг тогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна гэж би ажигласан. Тогтолцоогоо зөв бүрдүүлснээр хөгжлийн бодлого, төлөвлөлтөө гаргаж, хэрэгжүүлэх байгууллага, институцийн чиг үүргүүд тодорхой болно. Одоогийн тогтолцоо болохгүй байгаа учраас ор нэр төдий байгууллагууд нь асуудлынхаа гүн рүү орохгүй, гарц, шийдлийг эрэлхийлэхгүй, нэг нэгэндээ найдаад ажил цалгардуулдаг. Тиймээс бид одоо Засгийн газрын бүтцийг бүтэн зургаар нь дахиад өөрчлөх ёстой гэж боддог.

Р.Э: -Хөгжлийн концепцыг бид бүх шатандаа ярих нь зүйтэй. Тухайлбал, хувь хүн дээр яг юуг нь өөрчлөх юм, сургуулийн өмнөх насанд ямар байх, сургуульд орсных нь дараа ямар хүн болгож төлөвшүүлэх вэ, тэгээд хожим амьдралд хэнийг бэлтгэж гаргах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Үүнийг нь ард түмэн мэдэж байх хэрэгтэй. Гэтэл одоо манайд нэг сайд гарч ирээд л нэг юм ярьдаг. Дээд түвшиндээ л баахан баримт бичиг цаас гаргаснаас биш, энгийн иргэд түүнийг нь мэддэггүй. Боловсролын салбарт ямар бодлого баримталж байгааг, цаашлаад Монголын хөгжлийн зураглал юу вэ гэдгийг хүн бүр ойлгож байж илүү итгэл үнэмшилтэй хандана.

Г.Д: -Тогтолцооны хоёр л хэлбэр байгаа. Нэг нь төвлөрсөн тогтолцоо. Яг л Хятад, Казахстан шиг. Манайх либерал мөртлөө систем нь муу байгаад хамаг учир оршино. Баруун Европын орнууд болон АНУ гэхэд либерал системтэй. Тэр тогтолцоо нь нэгэнт бэхэжчихсэн. Хэрэв монголчууд эргээд төвлөрсөн тогтолцоог сонгоно гэвэл Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Эсвэл бүр өөрчлөөд Хятад маягийн тогтолцоотой болж ч болно.

Ж.Д: -Монголын систем судлаач нэг залуу зурагтаар ярихыг сонссон юм. Монгол ардчилсан нийгэмд шилжингүүтээ хүний эрх, эрх чөлөө гэдгийг АНУ-ынхаас шууд хуулбарласан. Гэхдээ АНУ-д хүний эрх, эрх чөлөөг хуулийн системээр хязгаарладаг. Ингэж байж ардчилал, хүний эрх гэдэг зүйл цогцоороо оршин тогтнодог. Гэтэл манайх хууль, эрх зүйн орчин нь бүрэн тогтворжоогүй хэрнээ хүмүүсийг хэт эрх чөлөөний амтанд оруулчихсан нь эргээд цэгцлэх боломжгүйд хүргэсэн тухай ярьж байсан. Энэ их ортой.

Р.Э: -Өөрөөр хэлбэл, монголчуудын энгэр задгай байна гэсэн үг. Нөгөө үндэстний дархлаа чинь энд л яригдах ёстой байхгүй юү. Ялангуяа манайхан байгалийн аясаар амьдарч ирсэн болохоор, эрх чөлөөнд дуртай учраас үүнийг их баярлаж хүлээж авсан. Гэтэл нийгмийн эрх чөлөө гэдэг чинь шал ондоо зүйл. Энэ янзаараа байвал хаанахын ч юм ямар нэг “гар” орж ирээд, хамаг юмыг нь авах боломжтой. Тэгэхээр эрх чөлөө, либерал үзэл гээд яриад байгаа нь эцэстээ зөв байсан, эсэхийг ярих ёстой.

-Хүмүүсийг өв соёлоор нь дамжуулан нэгтгэдэг тухай Сэргэлэн дарга түрүүн хэлсэн. Манайд энэ талын бодлого нь ямархуу түвшинд байна вэ?

Б.С: -Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль байна. Үүний хүрээнд бид ажиллана. Сүүлийн 30 жилийг аваад үзье л дээ. “Яг ийм сэдэвтэй, ийм жүжиг, уран бүтээл хий” гэдэг тогтолцоо алгуурхнаар юм шиг мөртлөө маш хурдан алга болсон. Өнөөдөр ямар ч хүнд хүссэн уран бүтээлээ туурвих эрх нь нээлттэй. Бид ардчилал, эрх чөлөөг хүсээд л байсан.

Гэхдээ манай уран бүтээлчид энэ эрх чөлөөнд бэлэн байсан уу гэдэг асуулт өнөөдөр зайлшгүй урган гарч ирлээ. Олон 10 жилээр ард түмний зүрх сэтгэлд хоногших чанартай уран бүтээл эндээс хэд төрөн гарч байна вэ гээд бодохоор бас л сонин. Нэгдээд юм хийе гэхээр соёл, урлагийнхан нийлдэггүй. Олонх нь үүнийг зах зээлийнхээ зарчмаар ажлаа хийж байна л гэж тайлбарладаг. Магадгүй энэ бидний шилжилтийн үедээ туулах зам байсан ч юм бил үү. Үүнийг хэн ч урьдчилан харж, тооцоолох аргагүй байх.

Ж.Д: -Соёл урлаг бол ард түмнийг чирэгч хүч гэж боддог. 1960-1970-аад онд аливаа ажлыг зохион байгуулалттай хийж байсан. Хүн гэдэг байгалийн амьтан учраас сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг. Тэр тэмүүллийг нь өдөөж, сэрээж, ухуулга хийж байсан учраас тухайн үед хүмүүсээр том том бүтээн байгуулалтын ажил хийлгэж чадаж байсан.

Б.С: -Бидний сэтгэлд хоногшсон Оросын сайхан дуунууд гэхэд олонх нь дайны жилүүдэд зохиогдсон байдаг шүү дээ. Хүмүүсийн эв нэгдэл, эх оронч сэтгэлгээ гээд бидний өнөөдөр яриад байгаа зүйл чинь тэр байхгүй юу.

Д.Г: -Дайн байлдаан, ямар нэг зовлон бэрхшээл, эсвэл баяр ёслолууд аливаа үндэстний нийтлэг чанарыг хүчтэй гаргаж ирдэг шиг байгаа юм. Монголчууд тийм айхтар зовлон туулж үзсэн, эсэхийг мэдэхгүй байна. Хэлмэгдүүлэлтийн үе л гэж ярьдаг. Гэхдээ энэ бол биднийг сэтгэл зүрхээр нь нэгтгэх хүч болж чаддаггүй. Уламжлалт өв соёлоор нь дамжуулан ард түмнийг нэгтгэж болох ч соёл нь эдийн засгаас ямагт хараат байдаг юм байна.

Тиймээс эдийн засгийн дархлаагаа тогтоосон цагт соёлын дархлаа сайжирдаг гэж олон судлаач үздэг. Ийм нөхцөлд төр, засгийн ямар ч шийдвэрт монгол түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Наад зах нь, Орос, Хятад гэсэн хоёр том хөршийн дунд байгаа монголчууд эдийн засгийн ямар ямар салбарыг “барьж”, түүнийгээ нэгдмэл зорилгоор хөгжүүлж болох вэ гэдгээ ойлгомжтой болгох хэрэгтэй.

Филиппин одоо манайхтай адил агаарын тээврийн компанийг хувьчлах гэж байна. Гэхдээ филиппин хүний байгуулсан авиа компани бөгөөд тэр нь үндэснийх нь эрх ашигт нийцэж байвал хувьчлахгүй гэж байгаа юм. Бутанчууд гэхэд л аялал жуулчлалаа хөгжүүлэхдээ ДНБ зэрэг эдийн засгийн, хол хөндий үзүүлэлт ярихгүй, харин бутан хүний аз жаргалын хэмжүүрийг нэгдүгээрт тавина гэсэн байна билээ. Бид ийм л баймаар байна.

Монголд чинээлэг дундаж давхарга байхгүй учраас нийтийг хамарсан эх оронч мэдрэмж төрнө гэдэгт би итгэхгүй. Ядуурал, хэт баярхал гэсэн хоёр өөр хэмжүүр рүү оччихож байгаа юм. Үүний тодорхой илрэл нь Монгол бахархлын өдөр. Тэр өдөр нэг хүн Чингисийн одон авна, бөх барилдуулна, тэгээд л дуусаа. Үүний оронд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, бодитой хэрэглээ бий болгох кампанит ажил өрнүүлдэг ч юм уу, хүмүүсийн эх оронч сэтгэлгээг өдөөсөн үр өгөөжтэй байдлаар тэмдэглэдэг байж яагаад болохгүй гэж.

Халловений баярыг манайд хүртэл яагаад өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг болчихов гэхээр янз бүрийн чихэр, багт наадам гэх мэт томоохон шоу бизнес ард нь байгаа учраас тэр. Бид ядаж Монгол бахархлын өдрөөрөө хүүхэд багачууд, хүн ардынхаа эх оронч үзэл, боловсрол, хүмүүжил рүү чиглэсэн ажлууд хийх ёстой.

Р.Э: -Эх оронч үзэл гэхээр зарим хүнд хуучинсаг сонсогдож магадгүй л дээ. Жишээлбэл, БСШУСЯ-ныхан эх оронч үзлийн талаар сургалтын хөтөлбөрт оруулахаар хэлэлцүүлэг өрнүүллээ гэж бодоход тэнд нь цэргийн дарга нар очоод суучихдаг иймэрхүү дүр зураг манайд бишгүй. Энэ бол эх оронч хүмүүжлийг социалист хэлбэрээр суулгах гэж ядсан хэрэг. Эсвэл ямар нэг спортын арга хэмжээ зохион байгуулна.

Угтаа бид өдөр тутмынхаа амьдралаас, нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа бүх юмнаас эх оронч үзэл, хандлага үнэртүүлж, тэрийг мэдэрч баймаар байна. Тиймээс юуг эх оронч үзэл гэх юм, түүнийг юугаар бүрдүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлж гаргаж ирэх асуудал бас бий. Монголчууд эх оронч биш гэдэгтэй би санал нийлэхгүй. Хүн бүрийн дотор тийм зан чанар бий. Гагцхүү түүнийг нь зөв сэрээх л хэрэгтэй.

ДЭЭД ТҮВШИНДЭЭ Л БААХАН БАРИМТ БИЧИГ ГАРГАСНААС БИШ, ЭНГИЙН ИРГЭД ТҮҮНИЙГ НЬ МЭДДЭГГҮЙ

-Бид Монголын хөгжлийн асуудлаарх өнгөрсөн болоод одоо цагийн тухай нэлээд ярилаа. Тэгвэл ирээдүйд бид ямархуу өндөрлөгт хүрч болох тухай зураглах гээд үзэх үү?

Ж.Д: -Энэ зууны хөгжил асар хурдацтай байгаа учраас жижиг буурай улс, орнууд оршин тогтнохын тулд илүү их ухаалаг байхыг шаардаж байна. Тэд том гүрнүүдийн хөгжлийн загвараар явна гэвэл 12 настай охидыг Аргентины хөлбөмбөгийн шигшээтэй тоглуулж байгаатай адил харьцангуй зүйл гэдгийг гадаадын судлаач бичсэн байсан. Тэгэхээр аливаа улс орон үндэснийхээ онцлог, нөөц боломжоо зөв тодорхойлж, түүнд тохируулан хүнээ бэлтгэх нь зүйтэй.

Г.Д: -Бид ерөнхийдөө санал нэгдэх шиг боллоо. Барууны хөгжилтэй улсууд манайх шиг буурай орнуудын хөгжлийг царцанги байлгах сонирхолтой байдаг. Тэгж байж ард түмэн нь баян тансаг амьдарч байгаа юм чинь аргагүй. Тэгэхээр бид хүнээ эхлээд хөгжүүлэх, ажил, амьдралыг нь өөд татахад анхаарах учиртай. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлийг ирээдүй хойчдоо суулгахын тулд бүх шатны боловсролын байгууллага, эцэг, эхчүүд анхаармаар байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа богино хугацаанд өсөж өндийсөн Японы туршлагаас суралцах зүйл бидэнд их. Өөрөөр хэлбэл, адаглаад үндэсний бүтээгдэхүүнээ сонгоод хэрэглэдэг эх оронч үзлийг бүх нийтийн оюун санаанд суулгамаар байна. Ингэхгүй бол Монгол том гүрнүүдийн хоол болоход ойрхон.

Р.Э: -Монгол бол нэг айл. Энэ айл эзэнтэй байх ёстой. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд амин хувиа хичээж муу арга хэрэглэдэггүй, ард түмнээ боддог байх хэрэгтэй. Өнөөдрийн манай төр, засгийн бүх үйл ажиллагаа муу аргаар л явж байна гэхэд хилсдэхгүй.

Б.С: -Монгол хүн бусдаас ялгарах зан, чанар олонтой. Хаана ч байдаггүй зүрх сэтгэл, байгальтай харьцах чадвар, дасан зохицох амьдралын ухаан гээд бий. Монгол хүн соёлын дахин давтагдашгүй өвөө тээдэг. Эх оронч мөрөөдлийг хэн бүтээх юм бэ, бид өөрсдөө л бүтээнэ. Тэгэхээр өөрчлөлтийг бүгд өөрөөсөө эхлэх ёстой. Хүн бүр ийм ухамсар, үзэл, бодол, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Түүнээс биш ухаантай, соёлтой, боловсролтой мундаг хүн гарч ирээд биднийг удирдаад эзэнтэй болно гэж байхгүй.

Р.Э: -Өөрөөсөө эхлэх хүсэл, тэмүүлэл нь бас дэмжигдэх ёстой. Тэгэхээр хоёр талаасаа нэгнийгээ дэмжих загвар хэрэгтэй. Гэхдээ нэг зорилгын төлөө нэгдээсэй.

Ж.Д: -Нийгэмд олон сөрөг үзэгдэл гарахад монголчууд нэгдэж чаддаггүй. Харин бусад орныхон чаддаг. Өнөөдөр надад л энэ асуудал тулгараагүй бол яах вэ гээд өнгөрдөг. Тэгэхээр олон нийтийг ийм хандлагад уриалан ухуулах хэрэгтэй гэж боддог. Төлөвлөлттэй, цэгцтэй байж хөгждөг юм байна гэдгийг ард түмэнд ойлгуулж, соён гэгээрүүлж, нөлөөлөх ажил хиймээр байна.

Д.Г: -Хүн хүмүүжүүлэх тал дээр монголчуудын эртнээс баримталж ирсэн гэрийн хүмүүжил маш чухал байжээ гэж ажиглагддаг. Гэтэл өнөөгийн бид юунд зорьж байгаагаа ч мэдэхгүй хэрнээ орон гэртээ байх завгүй зүтгэж байна. Эмээ, өвөөгийн үлгэр дуурайл хэмээх бахархалт сайхан зүйлийг өвлүүлэн уламжлуулмаар санагддаг.

Эцэст нь улс орны хөгжлийн тухайд нэг зүйл хэлэхийг хүсэж байна. Бид дэлхийн улс орнуудын хөгжлийн загварын хэлбэрүүдийг харж, уламжлал ёс заншлыг барилга, байшин шиг засаж, сайжруулж, механик өөрчлөлт хийж болдог, эсэхийг харах хэрэгтэй болов уу. Тэгээд эцэст нь бүх нийтийг хамруулсан хөгжлийн нэгдсэн концепцоо гаргах хэрэгтэй байна. Тэр нь төр, засгийн түшээдэд ч, эгэл жирийн албан хаагчдад ч, бизнес эрхлэгчид, айл өрхүүдэд ч ойлгомжтой, энгийн байх ёстой.

Үүний тулд хүн бүрийг тасралтгүй шүүмжлээд, олон тийш үсчих хэрэггүй болов уу. Ингэснээрээ бид цаг хугацаа л алдана. Дэлхийн бусад орон тэртэй тэргүй олон зүйлийг биднээс түрүүлээд маш сайн хийдэг болчихсон. Тэгэхээр бид чадах чадахгүй зүйлээрээ тэдэнтэй өрсөлдөх гэхийн оронд өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурласан цөөн хэдэн зүйлээ л барьж авах хэрэгтэй.


Бэлтгэсэн: Л.Ганчимэг, Б.Баярцэцэг

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай